Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00539

 

 

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00539

 

 

 

                                         С.Эийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  1 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/00068 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Эийн хариуцагч ШГТХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Орон сууц захиалахаар ШГТХХК-ийн Г.Хгэж борлуулалтын менежертэй уулзахад туслан гүйцэтгэгч компанидаа зуучлаад Н.Бгэж хүний дансыг гэрээндээ бичиж төлбөрөө төлбөл гэрээ хүчин төгөлдөр болно гэж хэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, 39.03 м.кв талбайтай 2 өрөө байрыг захиалсан. Уг орон сууц ашиглалтад орох үед ШГТХХК-ийн захирал нь компанийн дансанд мөнгөө хийгээгүй, туслан гүйцэтгэгч компанитай маргаантай байгаа гэж хэлээд байрыг өгөөгүй. Цагдаагийн байгууллагаар явж, байрны түлхүүрийг авсан. Байрны бичиг баримтыг 2 компанийн асуудал шийдэгдээгүй гээд  өгөхгүй байгаа.

Гэрээнд заасан төлбөрийг тодорхой үе шаттайгаар төлөөд дуусгасан учраас ШГТХХК байрыг хүлээлгэж өгөх үүрэгтэй. ШГТХХК С.Эийн өмнө бүрэн хариуцлага хүлээнэ. Гэрээний 3.3 дахь хэсэгт захиалагч нь төлбөрийг хаан банк дахь н.Баттулгын нэр дээрх 5059202549 тоот дансанд шилжүүлнэ. Уг дансанд төлбөр орсноор төлбөрийг төлсөн тооцно гэж заасан. Иймд дээрх үндэслэлээр ...орон сууны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн компанийг төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Эгэж хүн байдаг. Харин Г.Хгэх хүнд аливаа этгээдтэй гэрээ байгуулах эрх байхгүй. Компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан нь хууль зөрчиж байна. Мөн компанийн данс руу мөнгө ороогүй. Компанийн захиралтай гэрээ байгуулсан бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх байсан. С.Э байрны төлбөрийг гуравдагч этгээдийн данс руу шилжүүлэхгүй харин компанийн данс руу шилжүүлнэ гэж хэлэх боломжтой байсан. С.Э, Г.Хнарын хооронд хуйвалдаан байна. Хэрэв С.Э мөнгө шилжүүлсэн хүнээсээ мөнгөө буцааж аваад хариуцагч компанийн данс руу шилжүүлбэл байрыг өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар ...орон сууны өмчлөгчөөр С.Эийг тогтоож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 улсын орлогод үлдээж, хариуцагч ШГТХХК-аас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүхийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгааг шүүх хууль зүйн талаас нь үгүйсгэж чадаагүй. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь ЭТБТ-ийн захиалгын гэрээний дагуу УБЕГ-т бүртгэлтэй байгаа бөгөөд уг компанийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөж байна. Хуульд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Гэтэл шүүх хариуцагчийн өмчлөлд байхгүй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч ШГТХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн 7-9 дүгээр талд 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч ШГТХХК-ийг төлөөлж борлуулалтын менежер Г.Х, захиалагч талыг төлөөлж нэхэмжлэгч С.Э нарын гарын үсэг зурж компанийн тэмдгээр баталгаажуулсан ... 2 өрөө орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байна. Гэрээнд орон сууцны төлбөр 37 400 000 төгрөг, үүний 30 000 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 7 400 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр н.Баттулгын Хаан банкны 5059202549 тоот дансанд шилжүүлэх, дансанд төлбөр орсноор төлбөр төлсөнд тооцохоор тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн нэрлэн заасан н.Бын эзэмшлийн Хаан банкны ... тоот дансанд орон сууцны төлбөр 37 400 000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон.  /хх 10, 11/

Хариуцагчийн “нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан, ШГТХХК-ийн захирал Д.Экомпанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан бол хүчин төгөлдөр болох байсан, компанийн дансанд төлбөр орж ирээгүй” гэх татгалзал үндэслэлгүй. Гэрээнд гарын үсэг зурсан Г.Хнь тус компанид борлуулалтын менежерээр ажилладаг байх ба компанийг төлөөлж харилцагч нартай стандарт гэрээг байгуулах эрхтэй талаар хариуцагч анхан шатны шүүх хуралдааны явцад тайлбарлажээ. /хх66/ Хариуцагч нь газар дээр шийдвэрлэгдэх боломжтой гэрээг борлуулалтын менежер байгуулдаг, дамжих болон бусад гэрээг компанийн захирал байгуулдаг гэх тайлбараа баримтаар нотлоогүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан “Г.Хангайтай гэрээ хийхээр очих үед н.Энхбаяр нэг өрөөнд хамт байсан” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул компанийн захирал уг гэрээ байгуулагдаж байгааг мэдэж байсан, гэрээ байгуулахыг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. /хх67/

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд гэрээ ШГТХХК, иргэн С.Э нарын хооронд хийгдсэн, Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт .., хэлцлийн шинж чанараас шалтгаалан хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих хэлцлээс бусад хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг хариуцагчийн нэрлэн заасан этгээдэд шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасантай нийцэж байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.  

Шүүх Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Да хүрээ гудамж 55а байрны 33 тоотын 39.3 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч С.Эийг тогтоосон нь зөв болжээ.

ЭТБТ-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хариуцагчийн хүсэлтийг  шүүх хуульд заасан журмын дагуу өөрийн дотоод итгэлийн үндсэн дээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй. /хх70-71/

Хариуцагчийн “компанийн өмчлөлд байхгүй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй. Хэдийгээр хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг ЭТБТ-ийн ажлын хөлсөнд шилжүүлэн өгөхөөр гэрээгээр тохиролцсон боловч нэхэмжлэгч орон сууцны үнэ 37 400 000 төгрөгийг хариуцагчийн нэрлэн зааснаар ЭТБТ-ийн төлөөлөх эрхий бүхий этгээдийн дансанд  шилжүүлэн өгсөн байхын зэрэгцээ маргааны зүйлийг дээрх компанийн өмчлөлд нь шилжүүлсэн баримтгүй байна.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  1 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/00068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА

                  ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                                            А.МӨНХЗУЛ