Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2020/00891

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 151/ШШ2020/00891

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......... гэх газар оршин суух .... овогт М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........... тоотод оршин суух .... овогт Я.А-д холбогдох,

68 бог, 2 бод мал гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхтөгс, түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч Я.Агваанцэрэн, түүний өмгөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Б.нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Бид 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манайд 2 ч удаа ирсэн Баагий гэх малын ченж залуутай 2 адууны наймаа хийж, оронд нь түүнээс 1,100,000 төгрөг авахаар тохиролцсон. 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр пологийн наадам болж тэр өдөр ченж гэх Баагий нь бидэнд халтар хээр даага авч ирж өгсөн. Түүнээс хэд хоногийн дараа Баагий гэх залуу манай хоёр адууны зөрүүнд Бор морь авч ирж өгсөн. Энэ бор морийг 3 хоног бид гаднаа аргамжиж байгаад 4 дэх хоног дээрээ банкны өр өгөх гээд нядалсан.

Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Я.Агэх хүн Төв аймгийн Эрдэнэсант сумын цагдаа Эрдэнэбаярын хамт манайд ирээд Я.Ань миний бор морьд танайд байгаа гэсэн танайхаар төлүүлнэ гэхэд Эрдэнэбаяр цагдаа бичиг баримт нь ирэхээр таныг дуудна гэсэн. Манай энд сүлжээ барихгүй тул саахалт айлын утсыг өгсөн. Мөн биднийг ямар ч хууль хяналтын байгууллагаас дуудаж мэдүүлэг тайлбар аваагүй байхад 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Я.Ань өөрийн хүүтэй жижиг машинтай ирж биднийг загнаж дарамталж, уг бор морийг 6,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэж хэлээд одоо төл, ямаагаа самнасан бол ноолуур өг, ноолуурыг чинь 100,000 төгрөгөнд бодож авъя. Мөнгө болох юу ч хамаагүй өг гээд тулган шаардаад байсан.

Манай нөхөр бид хоёрявуулын хүнтэй наймаа хийсэн, хугацаа өгөөч. Уг бор морийг хэнийхийг нь тухайн үед мэдээгүй Баагий гэж хүн бидний өрөнд орхиод

явсан гэж гуйхад үгүй одоо төл, төлөхгүй бол шорондоо яв, шүүх хуулийн байгууллагаар наад асуудал чинь шийдэгдсэн гээд учир зүггүй загнаад биднийг айлган дарамталсан. Бид юмны учрыг сайн олдоггүй хөдөөний хүмүүс явуулын хүнтэй наймаа хийсэн. Мөн шүүх цагдаа дуудах юм байх гээд айгаад энэ хүний юмыг бид төлөх ёстой юм байх гэж бодоод 6 сая төгрөгийн мал өгсөн. Гэтэл бидний өгсөн малыг Я.Ань үнэгүйдүүлж өөрөө зах зээлийн үнээс доогуур үнэлж өгсөн. 68 бог, 2 бод нийт 70 толгой малыг 5,200,000 төгрөгөнд бодож үлдсэн 700,000 төгрөгийг өгнө гэж одоо гарын үсэг зур гэж бас дарамталсан. Бид үгүй гээд гарын үсэг зурж өгөөгүй.

Манайх малаа:

Хонь 9, хурга 9, үүнийг 150,000 төгрөгөөр,

1.  Ямаа 10, ишиг 10, үүнийг 130,000 төгрөгөөр,

2.  Төлөг 10 толгой үүнийг 90,000 төгрөгөөр,

3.  Эр ямаа 20 толгой, үүнийг 150,000 төгрөгөөр,

4.  Үнээ 1 толгой 800,000 төгрөг, бяруугаа 500,000 төгрөгөөр үнэлж байна. Манай үнэлгээ нь 7,850,000 төгрөг болж байгаа.

Бор морийг биднээс юм нэхэж ирээд байгаа Я.Агваанцэрэнгээс гардаж огт аваагүй. Бид одоо сураг сонсоход манайд өгсөн тэр морийг хулгайд алдсан морь гэж сонссон. Энэ талаар биднээс ямар ч хуулийн байгууллагаас нэг ч хүн ирж мэдүүлэг, тайлбар авч биднийг төл гэсэн ямар нэгэн хууль, хяналтын байгууллагаас шийдвэр захирамж гараагүй байхад Я.Ань өөрийн малыг гардан хулгайлсан хүнээсээ энэ хохирлыг авах ёстой байтал биднээс хохирлыг шууд гаргуулахаар шаардаж, асуудлыг хууль, хяналтын шийдвэрлэдэг газар байсаар байтал түүнд хандаж өргөдөл гомдлоо гаргахгүй бүтэн 10 жил өнгөрсний дараа хууль бусаар хүний өмчид шунан хууль бус аргаар хөдөөний бидний хууль мэдэхгүй байдлыг далимдуулан цагдаа авч ирж биднийг айлган, шорондоо яв, шоронд явуулна гэж хүчээр дарамтлан бидний хотыг харлуулж үндэслэлгүй хөрөнгөжиж байна.

... Иймд 68 бог, 2 бодийг Я.Агваанцэрэнгээс гаргуулан буцаан олгуулж, бидний зөрчигдсөн эрх ашгийг сэргээн хамгаалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Ань шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2010 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө өөрийн бэлчээрт явсан уядаг хурдан морьд, хурдан удмын угшил сайтай уналга эдэлгээний, уургын морьд нийлсэн нийт 17 тооны адуугаа хулгайд алдсан бөгөөд тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан юм.

Миний адуунуудын хохирол тухайн үед нийт 73,500,000 төгрөг болж үнэлгээний байгууллага тогтоосон ба 2016 онд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат 7,350,000 төгрөг болгож уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байсныг сүүлд мэдэж хянуулахаар Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасны дагуу Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат хянаад 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт ажиллагаа болгож, хэргийг даалгаварын хамт тус аймгийн прокурорын газарт буцаан хүргүүлсэн тухай надад 4/2763 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн юм.

Үүний дагуу уг хэргийг Төв аймгийн Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгч а/д Ө.Эрдэнэбаяр одоо шалгаж байгаа юм.

Дээрхи адуунуудыг тус сумын 1 дүгээр багийн иргэн Төрмөнх, Дарханул аймгийн харьяат махны ченж Баагий гэгчтэй хамтран хулгай хийсэн тухайгаа мэдүүлсэн бөгөөд Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн иргэн Миеэгийн Баяраа /нэхэмжлэгч И. Мөнхтөгсийн нөхөр/ нь багийн даргаас гарал үүслийн бичиг хуурамчаар бичүүлж өгч, хурдан бор морийг нь авч үлдээд 3 хоногийн дараа махалсан талаараа надад тодорхой ярьсан юм.

Миний адуунуудыг 2020 оны 03 дугаар сарын 02-нд Төв аймгийн үнэлгээчин дахин үнэлгээг 2010 оны байдлаар хийж 59,616,000 төгрөг болгож бууруулсан. Ингэж үнэлэхдээ Миеэгийн Баяраагийн авч үлдсэн бор морийг 6.000.000 төгрөгөөр үнэлсэн ба Баяраатай өөрийн биеэр очиж уулзахад дээрхи байдлаа үнэнээр нь хэлж 6,000,000 төгрөгт 68 бог, 2 бод надад өгч, үлдэх 700,000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцон өгсөн.

Миеэгийн Баяраа нь мал хулгай хийсэн хүмүүстэй үгсэн хуйвалдаж гарал үүслийн худал бичиг хийлгэн өгч адуунуудыг нутгаас гаргаж гадагшаа тууварлаж явуулах нөхцөл боломжоор хангаж хулгайн хэрэгт хамтран оролцчихоод, эхнэрээрээ шүүхэд нэхэмжлэл гаргуулж, итгэмжлэгдсэн төлөөлөгч авч хохирлоо төлүүлж, өөртөө тусалсан намайг буруутгаж эрүү, иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг замхруулах гэж байгааг гайхаж байна.

1.  Хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байхад хохирогчдыг басамжлах, шүүхээр далайлгах эрх тэдэнд байхгүй.

2.  Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хулгай хийсэн хэрэгтнүүд хохирлоо төлөхгүй, хохирол нь ч бас хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж, хулгайч нар завшиж, хохирсон хүмүүс хохироод үлддэг хууль гэж байх уу.

3. Миний бие М.Б-ийн . өгсөн хаврын турж эцсэн бог, бод малуудыг зохих хэмжээнд нь орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлж авсан, одоо тоо ёсоороо байгаа ба хуулийн байгууллагын эцсийн шийдвэр гартал, бүх шатны шүүх, прокурорын шийдвэр гартал хүлээлгэж өгөхгүй гэдгээ илэрхийлье.

4. Уядаг сайхан адуунуудаа хулгайч нарын гарт алдсанаасаа хойш миний хурдан морь уях сонирхол байхгүй болж, морь уях ажлаас бүрмөсөн гарч эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч өнөөдрийг хүрсэн, би хулгай хийсэн этгээдүүдээс 10 жилийн турш олон аймгийн нутаг дэвсгэрээр явж гарсан зардал, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлээгүй бөгөөд дээрхи нэр бүхий хүмүүс иймэрхүү зан гаргаад байвал бүх хохирлыг нэхэмжлэх болно.

5 М.Б.нь өөрт учирсан хохирлоо хулгайч нар болох Мөнхтөр, Баагий нараас нэхэмжлэх боломжтой.

Би Шүүхийн шийдвэрийг шударга үнэн гарна гэдэгт итгэж байна.

Хохирсон иргэн хохирч үлдэж, хулгайч нар хуулиас хол хөндий байна гэдэгт үл итгэж энэхүү тайлбарыг гаргав. Шударга бусын төлөө миний бие бүх чадлаараа тэмцэх болно гэжээ. /хх-16-17/

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.Мөнхтөгс нь хариуцагч Я.Агваанцэрэнд холбогдуулан 68 бог, 2 бод мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1-3/

Нэхэмжлэгч И.Мөнхтөгс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жинхэнэ нэхэмжлэгчээр нөхөр М.Б-гсольжээ /хх-38-39/

Нэхэмжлэгч М.Б.нь хариуцагч Я.Агваанцэрэнгээс хулгайд алдсан бор морио 6,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн, шорондоо яв, шоронд явуулна гэж хүчээр дарамтлан, цагдаатай хамт ирж биднийг айлган, миний өмчлөлийн 68 бог, 2 бод, нийт 70 толгой малыг 5,200,000 төгрөгт тооцон авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бор морийг хулгайлсан хүнээс хохирлоо шаардаж гаргуулах эрхтэй учир 68 бог, 2 бод малыг буцаан гаргуулахаар шаардаж байна гэж,

хариуцагч Я.Ань М.Б.хулгай хийсэн хүмүүстэй үгсэн хуйвалдаж, багийн даргаас гарал үүслийн бичиг хуурамчаар бичүүлж, хурдан бор морийг авч үлдээд 3 хоногийн дараа махалсан, ...Баяраатай уулзахад дээрх байдлаа үнэнээр нь хэлж, 6,000,000 төгрөгт 68 бог, 2 бод надад өгч, үлдэх 700,000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцон өгсөн, өөрт учирсан хохирлоо барагдуулж авсан учраас буцаан өгөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Харин нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бор морийг өрөндөө Баагий гэх хүнээс авсан, махалж борлуулсан, тус морь нь Я.А-ийнхурдан бор морь мөн эсэх, хулгайлж авсан эсэхийг хуулийн байгууллага нотлон тогтоогоогүй байхад өмчлөх эрхэд халдаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжилж байна гэж,

хариуцагч тал нь Я.А-ийнхурдан бор морийг махалж борлуулсан, өөрөө хулгай хийсэн, эсхүл хийгээгүй байсан ч түүнийг хулгайн аргаар олж ирсэн гэдгийг мэдсээр байж морийг махалж ашигласан учраас хөрөнгийн үнэлгээчний үнэлгээгээр бор морины хохирлыг төлөх үүрэг үүссэн, хулгайн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тус тус тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д ... хувийн өмч байна, мөн зүйлийн 99.3-т хувийн өмч нь иргэний болон дундын гэсэн хэлбэртэй гэж заасан.

Зохигч талууд 68 бог мал, 2 бод малыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн дээр маргахгүй байх бөгөөд тухайн мал нь нэхэмжлэгч М.Б-ийн . гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө болох нь мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримт, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. /хх-23, 34-36/

2010 оны 8 дугаар сарын 22-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаас иргэн Я.А-ийн17 тооны адуу хулгайд алдагдсан нь хохирогч, гэрчийн өгсөн мэдүүлэг болон өөр бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул... гэх үндэслэлээр 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 201219000537 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулах тогтоол /хх-129/ үйлдсэнээс хойш хэрэг бүртгэлтийн ажиллагаа үргэлжилж байгаа болох нь Төв аймгийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1/901 дугаартай албан тоот, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 44/022-2272 дугаартай албан тоот зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-126-129, 132/

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно.

Нэхэмжлэгч М.Б-г Я.А-ийн адууг хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр шалгаж байгаа тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан Я.А-ийн17 тооны адуу хулгайд алдагдсан хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаатай холбоотой, түүнийг эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэхээс өмнө М.Б-ийн . өмчлөлийн 68 бог, 2 бод малыг Я.А-ээс буцаан гаргуулах тухай уг иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй. /хх-133-134/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд М.Б-ийн . махалж зарсан бор морийг Я.А-ийнхурдан бор морь мөн болохыг нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргаагүй байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж өмчлөгчийн халдашгүй эрхийг хуульчилсан тул М.Б-ийн . хувьд 68 бог, 2 бод малыг өмчлөх эрх, Я.А-ийнхувьд 17 адуу, тэр дундаа маргаж буй бор морийг өмчлөх эрх, түүнчлэн тухайн эрх зөрчигдвөл шаардах эрх хэн алинд нь хуулиар олгогдсон. Харин өмчлөх эрхийн зөрчил, маргааныг шийдвэрлэх эрх бүхий этгээд нь өөр өөр юм.

Нэхэмжлэгч М.Б , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхтөгс нь Я.Ань шорондоо яв, шоронд явуулна гэж дарамталж, айлган сүрдүүлж хөрөнгийг өмчлөлдөө авсан гэх үйл баримтыг нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд талууд үнийг харилцан тохиролцоогүй хэдий ч үнийн санал ярилцсан болох нь зохигч талуудын тайлбараар нотлогдож байна.

Гэвч, нэхэмжлэгч М.Б-ийн . өмчлөлийн 68 бог, 2 бод малыг Я.Агваанцэрэнд шилжүүлэх үүрэг хуульд зааснаар, эсвэл талуудын хооронд байгуулагдсан ямар нэг гэрээгээр үүссэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсонүүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэсэн 2 нөхцлийг заажээ.

Эдгээр нөхцлөөс үзэхэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд үндсэн 3 нөхцөл бүрдсэн байх шаардлагатай:

1.Эд хөрөнгө олдсон, эсхүл хадгалагдсан байх. Эд хөрөнгийг олж авсан этгээдийн хувьд өөрийнх нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх,

2. Эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх. Хохирч буй талын эд хөрөнгө түүнээс тодорхой хэсэг нь гарснаар эд хөрөнгийг олж буй этгээдийн эд хөрөнгө нэмэгдсэн,

3.Эд хөрөнгө олсон, хадгалсан явдал хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх. Эд хөрөнгө олж авах үед эрх зүйн үндэслэл байсан боловч хожим үгүй болсон.

Эдгээр нөхцлүүдэд нэг этгээдийн эзэмшил ашиглалтад байх ёстой хөрөнгө, бусдын эзэмшил ашиглалтад үндэслэлгүй шилжсэн, улмаар тухайн эд хөрөнгийг олж авсан этгээдэд ашиг, давуу байдал олгосон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд буцаан нэхэмжилж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Я.А-ийнхулгайд алдсан гэх 17 тооны адуунд ямар нас, зүсмийн адуу байсан, тэднийг хэн, хэзээ, хаанаас хулгайлсан үйлдэл холбогдлыг шалган тогтоох ажиллагаа явагдаж, тухайн гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа хэн буруутай этгээдээс хохирлыг шаардах эрх хуулийн дагуу хариуцагчид үүсэх бөгөөд одоогоор буруутай этгээдээс хохирлыг шаардах эрх үүсээгүй байх тул харилцан тооцох үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч М.Б.нь хариуцагч Я.А-д гэрээний болон гэрээний бус аливаа үүрэгт 6,000,000 төгрөг төлөх үүрэг үүссэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар өмчлөгч М.Б.нь өөрийнхөө өмчлөлийн 68 бог мал, 2 бод малыг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч Я.А-ээс М.Б-ийн . өмчлөлийн 68 бог мал, 2 бод малыг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.А-ээс 140,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Я.А-ээс 68 тооны бог, 2 тооны бод малыг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.А-ээс 140,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгосугай.

3. Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШЗ2020/01744 дугаар шүүгчийн захирамж нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Д.МӨНХБҮРЭН