Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 223/МА2020/00015

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Г.Болормаа, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 30-ны өдрийн 151/ШШ2020/00891 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч*******д холбогдох,

68 бог, 2 бод мал гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бид 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр манайд 2 ч удаа ирсэн Баагий гэх малын ченж залуутай 2 адууны наймаа хийж, оронд нь түүнээс 1,100,000 төгрөг авахаар тохиролцсон. 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдөр пологийн наадам болж тэр өдөр ченж гэх Баагий нь бидэнд халтар хээр даага авч ирж өгсөн. Түүнээс хэд хоногийн дараа Баагий гэх залуу манай хоёр адууны зөрүүнд “Бор морь” авч ирж өгсөн. Энэ бор морийг 3 хоног бид гаднаа аргамжиж байгаад 4 дэх хоног дээрээ банкны өр өгөх гээд нядалсан.

Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр******* гэх хүн Төв аймгийн Эрдэнэсант сумын цагдаа Эрдэнэбаярын хамт манайд ирээд******* нь “миний бор морьд танайд байгаа гэсэн танайхаар төлүүлнэ” гэхэд Эрдэнэбаяр цагдаа “бичиг баримт нь ирэхээр таныг дуудна” гэсэн. Манай энд сүлжээ барихгүй тул саахалт айлын утсыг өгсөн. Мөн биднийг ямар ч хууль хяналтын байгууллагаас дуудаж мэдүүлэг тайлбар аваагүй байхад 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр******* нь өөрийн хүүтэй жижиг машинтай ирж биднийг загнаж дарамталж, уг бор морийг 6,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэж хэлээд одоо төл, ямаагаа самнасан бол ноолуур өг, ноолуурыг чинь 100,000 төгрөгт бодож авъя. Мөнгө болох юу ч хамаагүй өг гээд тулган шаардаад байсан.

Манай нөхөр бид хоёр”явуулын хүнтэй наймаа хийсэн, хугацаа өгөөч. Уг бор морийг хэнийхийг нь тухайн үед мэдээгүй Баагий гэж хүн бидний өрөнд орхиод

явсан” гэж гуйхад үгүй одоо төл, төлөхгүй бол шорондоо яв, шүүх хуулийн байгууллагаар наад асуудал чинь шийдэгдсэн гээд учир зүггүй загнаад биднийг айлган дарамталсан. Бид юмны учрыг сайн олдоггүй хөдөөний хүмүүс явуулын хүнтэй наймаа хийсэн. Мөн шүүх цагдаа дуудах юм байх гээд айгаад энэ хүний юмыг бид төлөх ёстой юм байх гэж бодоод 6 сая төгрөгийн мал өгсөн. Гэтэл бидний өгсөн малыг******* нь үнэгүйдүүлж өөрөө зах зээлийн үнээс доогуур үнэлж өгсөн. 68 бог, 2 бод нийт 70 толгой малыг 5,200,000 төгрөгт бодож үлдсэн 700,000 төгрөгийг өгнө гэж одоо гарын үсэг зур гэж бас дарамталсан. Бид үгүй гээд гарын үсэг зурж өгөөгүй.

Манайх малаа:

Хонь 9, хурга 9, үүнийг 150,000 төгрөгөөр,

  1. Ямаа 10, ишиг 10, үүнийг 130,000 төгрөгөөр,
  2. Төлөг 10 толгой үүнийг 90,000 төгрөгөөр,
  3. Эр ямаа 20 толгой, үүнийг 150,000 төгрөгөөр,
  4. Үнээ 1 толгой 800,000 төгрөг, бяруугаа 500,000 төгрөгөөр үнэлж байна. Манай үнэлгээ нь 7,850,000 төгрөг болж байгаа.

Бор морийг биднээс юм нэхэж ирээд байгаа*******гээс гардаж огт аваагүй. Бид одоо сураг сонсоход манайд өгсөн тэр морийг хулгайд алдсан морь гэж сонссон. Энэ талаар биднээс ямар ч хуулийн байгууллагаас нэг ч хүн ирж мэдүүлэг, тайлбар авч биднийг төл гэсэн ямар нэгэн хууль, хяналтын байгууллагаас шийдвэр захирамж гараагүй байхад******* нь өөрийн малыг гардан хулгайлсан хүнээсээ энэ хохирлыг авах ёстой байтал биднээс хохирлыг шууд гаргуулахаар шаардаж, асуудлыг хууль, хяналтын шийдвэрлэдэг газар байсаар байтал түүнд хандаж өргөдөл гомдлоо гаргахгүй бүтэн 10 жил өнгөрсний дараа хууль бусаар хүний өмчид шунан хууль бус аргаар хөдөөний бидний хууль мэдэхгүй байдлыг далимдуулан цагдаа авч ирж биднийг айлган, шорондоо яв, шоронд явуулна гэж хүчээр дарамтлан бидний хотыг харлуулж үндэслэлгүй хөрөнгөжиж байна.

... Иймд 68 бог, 2 бодийг*******гээс гаргуулан буцаан олгуулж, бидний зөрчигдсөн эрх ашгийг сэргээн хамгаалж өгнө үү” гэжээ.

Хариуцагч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “Миний бие 2010 оны 8 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө өөрийн бэлчээрт явсан уядаг хурдан морьд, хурдан удмын угшил сайтай уналга эдэлгээний, уургын морьд нийлсэн нийт 17 тооны адуугаа хулгайд алдсан бөгөөд тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан юм.

Миний адуунуудын хохирол тухайн үед нийт 73,500,000 төгрөг болж үнэлгээний байгууллага тогтоосон ба 2016 онд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат 7,350,000 төгрөг болгож уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байсныг сүүлд мэдэж хянуулахаар Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргасны дагуу Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат хянаад 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт ажиллагаа болгож, хэргийг даалгаварын хамт тус аймгийн прокурорын газарт буцаан хүргүүлсэн тухай надад 4/2763 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн юм.

Үүний дагуу уг хэргийг Төв аймгийн Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгч а/д Ө.Эрдэнэбаяр одоо шалгаж байгаа юм.

Дээрхи адуунуудыг тус сумын 1 дүгээр багийн иргэн Төрмөнх, Дархан-Уул аймгийн харьяат махны ченж Баагий гэгчтэй хамтран хулгай хийсэн тухайгаа мэдүүлсэн бөгөөд Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн иргэн Миеэгийн Баяраа /нэхэмжлэгч И. Мөнхтөгсийн нөхөр/ нь багийн даргаас гарал үүслийн бичиг хуурамчаар бичүүлж өгч, хурдан бор морийг нь авч үлдээд 3 хоногийн дараа махалсан талаараа надад тодорхой ярьсан юм.

Миний адуунуудыг 2020 оны 03 дугаар сарын 02-нд Төв аймгийн үнэлгээчин дахин үнэлгээг 2010 оны байдлаар хийж 59,616,000 төгрөг болгож бууруулсан. Ингэж үнэлэхдээ Миеэгийн Баяраагийн авч үлдсэн бор морийг 6.000.000 төгрөгөөр үнэлсэн ба Баяраатай өөрийн биеэр очиж уулзахад дээрхи байдлаа үнэнээр нь хэлж 6,000,000 төгрөгт 68 бог, 2 бод надад өгч, үлдэх 700,000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцон өгсөн.

Миеэгийн Баяраа нь мал хулгай хийсэн хүмүүстэй үгсэн хуйвалдаж гарал үүслийн худал бичиг хийлгэн өгч адуунуудыг нутгаас гаргаж гадагшаа тууварлаж явуулах нөхцөл боломжоор хангаж хулгайн хэрэгт хамтран оролцчихоод, эхнэрээрээ шүүхэд нэхэмжлэл гаргуулж, итгэмжлэгдсэн төлөөлөгч авч хохирлоо төлүүлж, өөртөө тусалсан намайг буруутгаж эрүү, иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг замхруулах гэж байгааг гайхаж байна.

  1. Хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд байхад хохирогчдыг басамжлах, шүүхээр далайлгах эрх тэдэнд байхгүй.
  2. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч хулгай хийсэн хэрэгтнүүд хохирлоо төлөхгүй, хохирол нь ч бас хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж, хулгайч нар завшиж, хохирсон хүмүүс хохироод үлддэг хууль гэж байх уу.

3. Миний бие *******гийн өгсөн хаврын турж эцсэн бог, бод малуудыг зохих хэмжээнд нь орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлж авсан, одоо тоо ёсоороо байгаа ба хуулийн байгууллагын эцсийн шийдвэр гартал, бүх шатны шүүх, прокурорын шийдвэр гартал хүлээлгэж өгөхгүй гэдгээ илэрхийлье.

4. Уядаг сайхан адуунуудаа хулгайч нарын гарт алдсанаасаа хойш миний хурдан морь уях сонирхол байхгүй болж, морь уях ажлаас бүрмөсөн гарч эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирч өнөөдрийг хүрсэн, би хулгай хийсэн этгээдүүдээс 10 жилийн турш олон аймгийн нутаг дэвсгэрээр явж гарсан зардал, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлээгүй бөгөөд дээрхи нэр бүхий хүмүүс иймэрхүү зан гаргаад байвал бүх хохирлыг нэхэмжлэх болно.

5  ******* нь өөрт учирсан хохирлоо хулгайч нар болох Мөнхтөр, Баагий нараас нэхэмжлэх боломжтой.

Би Шүүхийн шийдвэрийг шударга үнэн гарна гэдэгт итгэж байна.

Хохирсон иргэн хохирч үлдэж, хулгайч нар хуулиас хол хөндий байна гэдэгт үл итгэж энэхүү тайлбарыг гаргав. Шударга бусын төлөө миний бие бүх чадлаараа тэмцэх болно” гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч*******гээс 68 тооны бог, 2 тооны бод малыг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гээс 140,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,

Тус шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 151/ШЗ2020/01744 дугаар шүүгчийн захирамж нь энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: “... Нэг. Шүүх Иргэний хзрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж хууль буруу хэрэг Гухайлбал, И.Мөнхтөгсийн нэхэмжлэлийг шүүхэд хүлээн авахаас эхлэн “мордохын хазгай” гэгчийн үлгэрийг үзүүлсэн. Зүй нь ИХШХШТ хуулийн 65 дугаар зүйлийн  65.1.8-д заасан “уг нэхэмжлэлтэй хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" гэсэн үндэслэлээр хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн бүрэн үндэслэлтэй байсан. Гэтэл хуулийн холбогдох заалтыг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэнд гомдолтой.

Хоёр. Хариуцагчийн өмгөөлөгч миний бие И.Мөчхтөгс /Миеэгийн Баяраагийн эхнэр/-ийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4-д заасан   "эрүүгийн ...хэрэг   хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан  шийдвэрлэх боломжгүй” гэсзн  үндэслэлээр иргэн  И.Мөнхтөгсийн нэхэмжлэлтэй хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзсан нь хуульд нийцээгүй.

Гурав. Анхан шатны шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугар зүйлийн 1 17.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Я.Авгаанцэрэнд холбогдох ******* /нэхэмжлэгчийг сольсон/-гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгох тухай бидний саналыг хүлээн аваагүй нь хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн гэх үндэслэл болно. Учир нь ИХШХШТ хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт: "Энэ хуулийн ...65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно." гэж, ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д "уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" бол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар шүүгч захирамж, шүүх тогтоол гарган хэргийг хэрэгсэхгүй болгоно" гэж тус тус заасныг анхан шатны шүүх зөрчсөн.

Учир нь 2020 оны 08 дугаар сарын 22-нд Төв аймгийн Эрдэнсант сумаас иргэн Я.Авгаанцэрэнгийн 17 тооны адуу хулгайд алдагдсан нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар батлагдсан гэх үндэслэлээр Цагдаагийн газрын мөрдөгчийн 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор 201219000537 дугаартай эзэнгүй эрүүгийн хэрэг үүсгэгдсэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байгаа билээ. Тухайн хэргийг шалгах шатанд Я.Авгаанцэрэнгийн 17 тооны адууг Эрдэнэсант сумын 1 дүгээр багийн иргэн Л.Төрмөнх, Дархан-Уул сумын харьяат Б.Батмөнх /Баагий/ нар хулгайлан авч явах үед тэдгээр адуунаас хохирогч Я.Авгаанцэрэнгийн уг маргааны зүйл болох 6 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий хурдан бор морийг нэхэмжлэгч Мөнхтөгсийн нөхөр Миеэгийн Баяраа тэднээс авч үлдэж, нядалж борлуулсан нь М. Баяраагийн өөрийнх нь болон гэрч Л.Төрмөнх, Б.Батмөнх /Баагий/ нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар тогтоогддог. /хариуцагч энэ талаар хангалттай нотлох баримт шүүхэд өгсөн/ Үүнд:

1. Цагдаагийн хэрэг бүртгэлтэд байгаа 201219000537 дугаартай эрүүгийн хэргийн 95 дугаар хуудсанд гэрч Л.Төрмөнхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн мэдүүлэгт: 2010 онд Дарханаас Баагий гэж залуу ирсэн. Би ...17 адуугхөөж Баагийд аваачиж өгсөн. ...Адуунаас бор загал морийг Баяраа авч үлдсэн. ...Баагий Баяраад бор морийг өгсөн." гэж авагдсан. Харамсалтай нь, шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 151/Ш32020/02231 дугаартай захирамжид "...201219000537 дугаартай хэргээс ...Миеэгийн Баяраагийн үйлдэл холбогдлын талаар мэдүүлсэн Лхагвасүрэнгийн Төрмөнхийн мэдүүлэгийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан 2020 оны 6 дугаар сарын 01-ний дотор шүүхэд ирүүлэхийг Төв аймгийн Цагдаагийн газарт даалгасан" боловч Шүүгчийн захирамжийн энэхүү заалт хэрэгжсэнгүй.

2.Хариуцагч Я.Авгаанцэрэн 2020 оны 4 дүгээр сард гэрч иргэн Нямдоржийн Нандинцэцэгийн зөвшөөрлөөр түүнтэй хийсэн ярилцлагын сиди бичлэгт: "Манайд Мэндээгийн найз Баагий ирээд Мэндээ Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум явсны дараа Баагийг  Чи манайхаас яв гэж би хөөсөн. Баагий хамаг юмаа аваад Баяраагийнд очсон. Тэр шөнө гэртээ унтаж байхад Төрмөнх орж ирээд: Хөлдөж үхэх нь ээ, Мэндээ ахын хүрэмийг өгөөч гэсэн. Харанхуй шөнө хаагуур яваад ирэв гэхэд Төрмөнх: Холдсонгүй ээ, "Сүүлийн ар" ороод ирлээ гэсэн. /Энэ нь тэр шөнө хохирогч Авгаанцэрэнгийн адуу алдагдсан газар/ Маргааш өглөө нь *******, Энхтөгс нар орж ирээд Сумын төв явлаа. Баагийд малын гарал үүслийн бичигавч өгье гэсэн. ...Баагий Баяраагийн 2-3 хоносон" гэж ярьсан байдаг. Харамсалтай нь "...хохирогч Я.Авгаанцэрэнгээс мөрдөгч, а/д Ө.Энхбаярт өгсөн Н.Нандинцэцэгийн ярианы сиди бичлэгийг авч шинжлэн судлах" -ыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан болно.

З.Цагдаагийн хэрэг бүртгэлтэлтэд буй 201219000537 дугаартай хэргээс шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан Миеэгийн Баяраагийн мэдүүлэгт: "...Баагий ...манай сумын Төрмөнх гэдэг залуутай хамт манайд ирээд ...ямар ч гэсэн нэг бор зүсмийн морь надад өгчихөөд явсан. Тухай бор адууг би гэрийнхээ ойролцоо 3 хоног аргамжчихаад мөнгөний хэрэг болохоор нь махлаад Улаанбаатар хотод зарж байсан юм. ...Баагийгаас авсан бор морийг хулгайн адуу болохыг би мэдээгүй...Баагий ...надад авчирч өгөхдөө Төрмөнхтэй хамт манайхаар ирж байсан...Чихэндээ ямар нэг имгүй, засмал дэлтэй, бор зүсмийн адуу байсан ....Тухайн үед ...наймаанд хүнээс авсан юмаа гэж хэлж байсан болохоор нь ...тоогоогүй юм." гэжээ. Шүүх хуралдаан дээр гэрч Төрмөнх: Баагий гэгч *******д бор морь өгснийг үгүйсгээгүй.

Ийнхүү Миеэгийн Баяраа нь Авгаанцэрэнгийн алдсан 17 адуунаас түүний хурдан бор морийг Б.Батмөнх /Баагий/ гэгчээр дамжуулан авч үлдсэн, махалж борлуулан ашиг шимийг нь хүртсэн нь тогтоогдсон бөгөөд Баяраа нь гэмт хэргийн журмаар олсон эсэхийг шалгах ажиллагаа үргэлжилж, Батмөнх /Баагий/ гэгч этгээдийг олж тогтоогүй, түүнээс мэдүүлэг авч амжаагүй байхад шүүх маргааны зүйл буюу эх сурвалж болох бор морины үнэ өлтөгтэй холбоотой иргэн Я.Авгаанцэрэн ******* нарын хиймэгц биелэсэн хэлцэл тохиролцоог үгүйсгэн Я.Авгаанцэрэнг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй. Зүй нь шүүх тухайн хэрэг бүртгэлтийн хэрэг шийдвэрлэгдсний дараа ******* гэм буруугүй нь тогтоогдвол бор морины үнэ өлтөгт өгсөн 68 бог, 2 бод малаа нэхэмжлэх эрх түүнд үүсэх байсан. Гэтэл шүүх Иргэний болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтойгоор зөрчин нэг талыг барьж хариуцагч талын хүсэлт, тайлбарыг үгүйсгэн, зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар тухайн маргааныг яаран сандран шийдвэрлэсэнд гомдолтой байна. Үүнээс болж хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй болсон.

Анх эзэнгүй үүсгэсэн эрүүгийн хэрэгт заавал сэжигтний нэрийг тогтоолд заах боломжгүй, хэрэг бүртгэлт дуусах үед тодорхой болж дараагийн шатны байцаан шийтгэх ажиллагаа үргэлжилдэг. Гэтэл Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч *******г Я.Авгаанцэрэнгийн адууг хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулан сэжигтэн, яллагдагч...аар шалгаж байгаа тухай баримт хэрэгт авагдаагүй." гэж дээрхи баримтуудыг үгүйсгэн дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Дөрөв. Хэргийн зүйлчлэл буруу болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоогүй тухайн тохиолдолд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар биш, мөн хуулийн 492.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байсан. Учир нь Миеэгийн Баяраа нь хохирогч Я.Авгаанцэрэнгийн загал бор морийг махалж банкны зээл дарснаа хохирогчид өөрөө хүлээж 6 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн морины оронд 68 бог, 2 бод өгсөн байдаг. Иймд Я.Авгаанцэрэнг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй. Хэрэг бүртгэлтийн шатанд талууд тохиролцон хохирол нөхөн төлөх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практик байдаг. Тухайн хулгайн хэрэг гүйцэд шалгагдаагүй, хэрэг бүртгэлтэд буй хэргийг "Я.Авгаанцэрэнгийн бор морийг ******* авсан нь нотлогдоогүй" гэж дүгнэх, тухайн маргааныг харьяалал зөрчин шийдвэрлэх эрх аль ч шатны шүүхэд байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг шударгаар авсан этгээдийг иргэний хариуцагчаар татаж хохирлыг нөхөн төлүүлэх, сэжигтэн, хохирогч хохирлоотохиролцон арилгах тохиолдол цөөнгүй байдаг. Болсон нөхцөл байдал нь түүний нэг жишээ болохоос Я.Авгаанцэрэн нь *******д хүч хэрэглэсэн, дарамталсан гэх, бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн гэх үндэслэлүүд огт тогтоогдоогүй.

Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5-д: "Үүрэг гүйцэтгэхээр бус харин хүч хэрэглэсэн буюу заналхийлсэн үйлдлийн үндсэн дээр хэн нэгэн этгээд нөгөө этгээдэд хөрөнгө шилжүүлсэн бол хөрөнгө олж авсан этгээд өөрийн эзэмшилд байлгахаас бусад тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь түүнийг буцаан шаардах эрхтэй. " гэсэн заалтыг эс хайхран нэхэмжлэгчид ашигтай шийдвэр гаргасан.

Тав. Хариуцагч Я.Авгаанцэрэнтэй хийсэн хэлцэл тохиролцооноосоо буцсан, шүүхэд мэтгэлцэхээс бултсан нэхэмжлэгч *******гтүүний эхнэр И.Мөнхтөгсөөр төлөөлүүлэх, "шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******г оролцуулах"-ыг хүссэн хариуцагчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалцах зэргээр шүүх талуудад тэгш бус, хэт нэг талыг барьж туйлширсан.

Зургаа. Бор морины төлбөрт тохиролцож авсан малаа хариуцагч буцааж өглөө гэхэд Баяраа нь тухайн үед Авгаанцэрэнгийн хурдан бор морийг Батмөнх/Баагий/ гэгчээр дамжуулан авч борлуулсан нь нэгэнт тогтоогдож буй учраас хэрэг бүртгэлтийн хэрэг шийдвэрлэгдсний дараа хариуцагч Авгаанцэрэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар мориныхоо үнэ өлтөгийг нэхэмжлэх эрх үүснэ. Нөгөөтэйгүүр гэм хор учруулснаас үүсэх үүрэг *******д үүсэхгүй тохиолдолд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг заасан "Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу эзэмших эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан төлөх үүрэг хүлээнэ" гэж зааснаар *******д иргэний хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ гэдэгт шүүх анхаарал хандуулж дүгнэлт хийгээгүйд гомдолтой.

Долоо. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад ******* нарын нэхэмжлэлийг шүүх хууль зөрчин шийдвэрлэснээс хариуцагчийн нотлох баримтаа өөрөө бүрдүүлэх боломж алдагдаж, эрүүгийн хэргээс холбогдох материалыг шүүхэд хүсэлт тавьж цуглуулахаас өөр боломжгүй нөхцөлд хүрч хариуцагч талын энэ талаар тавьсан хүсэлтүүд хангагдаагүй нь хэргийг зөв шийдвэрлэхэд илтэд сөргөөр нөлөөлсөн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт " Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд *******гийн махалж зарсан бор морийг Я.Авгаанцэрэнгийн хурдан бор морь мөн болохыг нотлоогүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргаагүй байна." гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй болсон. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараахан мөрдөгч Авгаанцэрэнгийн 17 адууг хулгайлсан Батбүрэнгийн Батмөнх /Баагий /гэгчээс мөрдөгч а/д Ө.Эрдэнэбаяр гэрчээр байцаалт авсан, Б.Батмөнх бор морийг Баяраад өгсөн талаар мэдүүлэг өгсөн тул гэрч Батбүрэнгийн Батмөнхийн мэдүүлэгийгтухайн иргэний хэрэгт нотлох баримтаар шинжлэн судлуулах, шүүх хуралдаанд Батмөнх гэгчийг оролцуулах шаардлагатай нөхцөл байдал үүссэнийг тэмдэглэх нь нь зүйтэй гэж үзэв.

Иймд миний гомдолд тэмдэглэсэн эдгээр үндэслэл, нөхцөл байдлуудыг харгалзан Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2020/00891 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, *******гийн 68 бог, 2 бод мал гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг /эсхүл нэхэмжлэлийг/ хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцоно.” гэжээ.

Хариуцагч******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Би 2010.08.22-ноос 23-нд шилжих шөнө уядаг сайхан хурдан хүлэг, хурдан удмын адуунууд, уналага эдэлгээнд сайн морьд бүгд 17 тооны адуугаа хулгайд алдсан юм.

201219000537 дугаар хэргийг нээсэн. Энэ хэрэг онц их хэмжээнии хохиролтой хэргийг Эрүүгийн хуулийн 145-ын 2-оор зүйлчилсэн. Хэрвээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-ын 4-өөр зүйлчилсэн байсан бол тэдгээр хүмүүс яллагдагчаар татагдаж, миний хохирол төлөгдөх боломжтой байсан. Уг хэргийн хойноос миний бие тасралтгүй 10 жил явсны эцэст 2019.07 05-нд Төв аймгийн Эрдэнэсант сумын 1-р багийн Хатан бүүвэй овогт Лхагвасүрэнгийн Төрмөнх: ...Танай адуу гэж мэдээгүй авчихсан... хэмээн хэргээ хүлээсэн билээ. Эрүугийн хэрэгт байхгуй хувийн архиваас товч дүрьдая.

Эрдэнэсант сумын иргэн Баточирын Энхболд хэлэхдээ: 2010.08.22-ноос 23-нд шилжих шөнө 02 цагийн орчимд "Эрээн"-ий ард "Уртын гол"-ын гарам дээр дан цамцтай 2 хүн зайдан морьтой явж байснаа машины гэрэл тусахаар нүүрээ нууж мориныхоо хөлд сууж байсан сэжиг бүхий хүмүүсийн тухай тэр үед ярьж байсан.

Тус сумын иргэн Н.Нандинцэцэг ярихдаа: 2010.08.22-ноос 23-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Л.Төрмөнх манайд орж ирээд яасан хүйтэн гичий вэ хөлдөж үхэх нь ээ Мэндээ ахын хүрэмийг өгөөч гэхэд нь чи хаа хүрээ вэ гэхэд холдсонгүй ээ энүүхэн "Сүүл"-ийн ар ороод ирлээ гэж байсан. Би дотроо Төрөө ч лав зүгээр яваагүй дээ гэж тэр үед бодсон Уг нь би мэдвэл мэдэх байсан юм байна лээ гэж тэрээр саяхан надад ярьсан.

Дээрхи газрын нэрүүд бол манай адууны бэлчээр нутаг юм. Дан цамцтай хоёр хүний нэг нь Л.Төрмөнх.нөгөө нь Б.Батмөнх байсан байж таарч байгаа юм.

2012 оны 07 сард манай хурдан бор морийг Миеэгийн Баяраа гаднаа байлгаж байгаад нядалсан гэдгийг мөн сонсож мэдсэн.

Эрдэнэсант сумын хэсгийн төлөөлөгч а/д Ө.Эрдэнэбаяр маш удаан хугацаанд маш муу ажилласан гэж миний хувьд бодож байна. Сэтгэл нь дутсан уу, чадвар нь дутсан уу, шуурхай бус байсан.

Миний бие 2020.03.27-ноос 28-ны өдрүүдэд Эрдэнэсант сум орж Дархан-Уул аймгийн харьяат Батбүрэнгийн Батмөнхтэй хамт хулгай хийсэн Хатанбүүвэй овогт Лхагвасүрэнгийн Төрмөнх, эцэг С.Лхагвасүрэн, эх Ц.Чанцалтай уулзаж хохирлоо барагдуулчих тэгвэл би гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн

Эх Ц.Чанцал нь бор морь аваад хэрэглэсэн *******гийнх энд байдаг, намайг очиж уулзахыг санал болгосон. Мөн ямар үнээр үнэлэгдсэн юм бэ хэдэн төгрөг ч гэсэн хасагдана шүү дээ гэж надад ойлгуулсан.

Сумын төв дээр манай ахын хашаанд 20 хонь, 3 гүү авчирч өгсөн. Хэлсэн үнээр нь аваад гарын үсэг зуралцаж ямаагаа самнаад ямаа өгье, адуугаа гайгүй нэгийг нь толгой салгаад авчирч өгье үхэр үхээд дуусч байна гэж хэлээд тохирсон 2020.04.03-наас 04-нд Эрдэнэсант сум орж 1-р багийн Авид овогт Миеэгийн Баяраагийнд /НФ74120515/ хэсгийн төлөөлөгч а/д Ө.Эрдэнбаярын хамт очсон. Сонсож суухад ******* бор морь авсан, банкны төлбөр төлөх гээд нядалж мөнгө болгосон хэргээ хүлээж байсан. Харин эхнэр И Мөнхтөгс ярианд хөндлөнгөөс оролцож а/д Ө.Эрдэнбаярт загнуулж бүх юм хууль ёсны дагуу явж байгаа баримттай гэдгийг сануулж байсан. Би түүнд хүнд нэр төр байдаг юм бол олон түмэн мэдэхээс өмнө учраа олохыг санал болгосон.

2020.04.04-нд а/д Ө.Эрдэнбаярыг хохирол авахад хамт байлцахыг хүсэхэд бид тийм юманд явахгүй гэсэн учир өөрөө очиж *******г дуудаж машиндаа суулгаж байгаад хэсэг ярилцсан. Баяраа хэлэхдээ:

1. Авгай хүүхдийн дэргэд Батмөнхийг /Баагий/ гэртээ орогнуулсан гэж битгий яриарай. Ярьж болох болохгүй юм гэж байна шүү ойлгоорой гэсэн.

2. Бор морийг янзлах зав олдохгүй 2-3 хоног гадаа байлгаж байгаад нядалсан.

3. Бага морь байсан соёолон юмуу хавчиг морь гэсэн. /тур үед 6 настай байсан/

4. Яах ч аргагүй гарал үүслийн бичиг хийлгээд өгсөн гэдгээ хүлээсэн.

5. Дэмий юмнуудаас хэрэггүй адуу авлаа гэх мэт ярилцсан.

Би дэмий юм дэмий шүү дээ. Хулгайн хэрэгт холбогдчихсон болохоор одоо хохирол барагдуул мөнгө байвал өг, ноолуур ч болно, олон дахин явах надад хэцүү байна гээд өнөөдөр барагдуулахыг шаардсан. Харин ******* хонь, ямаа. бяруутай үнээ өгөхөөр тохирсон юм.

Энэ үедээ төрсөн 2 ах нь ирсэн тул учир байдлыг тайлбарласан Авгай хүүхдүүд байсан, олон машин ирсэн, ямар хүмүүс ирээд явж байгааг мэдээгүй

Хүргэн дүү О.Батмөнхийг айлын залуу Бүрээгийн хамт машинтай ирж хонь мал ачуулахаар утсаар дуудаж ирүүлсэн. Дээрхи хүмүүсийг бүгдийг байлцуулж байгаад аймгийн төвд суугаа суурингийн хүн үнэ ханш яаж мэдэх билээ та нар ярилцаад тохиролц гэдгээ хэлсэн. ******* нь хаврын хамгийн туранхай малнаасаа надад өгсөн тул 5 км явалгүй үхсэн мал бий. Үүнийг авахгүй буцаая гэж би хэлээгүй барьж өгсөн болгоныг дуугүй л авсан даа. Орой бүрэнхий болчихоор нь маргааш дуусгая гээд явсан. Маргааш өглөө нь тэр хүмүүс шал өөр зан гаргасан би дахиж харьцаагүй орхиод явсан. Бодвол хуулийн ямар нэг хүнээс зөвөлгөө авсан байх л даа.

2020.04.20 ноос миний бие хохирогч биш хариуцагч болж хувирсан даа Шүүх үнэн мөнийг олоод өгөх байх даа буруу зөрүүг ялгаж салгаж өгнө дөө гэж бодож санаа амар явлаа. 2020.06.30-нд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргиин анхан  шатны   шүүхийн   151/ШШ2020/00891   дугаартай   шийдвэр  намайг  хүнд цохилтод оруулсан, хүн их өөр болдог юм байна лээ нэг хэсэг дуу ч гарахаа больсон жаал тайвширч байгаад их бодлоо. Тэгээд нилээд дүгнэлт хийлээ.

1. Би одоо 50 гаруй наслахдаа өөрийн нутгаас олон түмэнд танигдсан хурдан гэдэг нь нотлогдсон морьдоо нэг дор ийм олноор нь хулгайд алдагдсан түүх сонсоогүй.

2. Хулгайч нартай холбогдсон ******* өөрөө шүүх хуралдаанд анхнаасаа ирээгүй. хуралдаанд оролцож болохгүй байх зүйл заалт танилцуулаад л өнгөрсөн

3. Хамгийн харамсалтай нь шүүхэд итгэх итгэл минь уналаа. Нутгийн олон түмэн иргэд харж л байгаа сонсож л байгаа. Уг нь шүүх хараа нь хурц. бодит үнэн байдлыг тогтоож, дүгнэж, цэгнэж ялгах чадвартай шүү дээ

4. Би 10 жил хохироод дээр нь хэдэн туранхай үхсэн мал төлж нэмж хохирох болж байна уу

5. Дээр нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хариуцагч гэдгээр цоллуулж байна

6.*******гийн морь гэдэг нь тогтоогдоогүй,*******гээс өөрөөс нь аваагүй гэх юм. /холбогдох баримт нотолгоонууд авагдаад байхад.../

7. Монгол улс хууль цаазтай гэдэгт итгэдэг гэтэл ийм хөнгөн хуумгай, хийсвэр, шийдвэр гаргаж бодит байдлыг тогтоогоогүйд маш их харамсаж байна.

8. Хулгайд алдсан юмаа эргүүлж авах, хохирлоо төлүүлэх, барагдуулах, орлуулж авах асуудал ямар ч үед амьдрал практикт тохиолддог ердийн зүйл шүү дээ.

9. *******гийн эхнэр И.Мөнхтөгс нь харилцан тохиролцож хонь малаа өөрсдөө ялгаж өгчихөөд дарамталсан, хөдөөний юу ч мэдэхгүйг далимдуулсан гэх мэт юм яриад сууж байдаг.

10.Эрхбиш авсанаа хүлээсэн, өөрөө малаа ялгаж барьж өгсөн ******* нь шүүх хуралд оролцвол улаан нүүрээ харалцаж байгаад худлаа хэлэхгүй байсан байлгүи дээ.

11. Шүүхэд ямар нүүрээрээ гомдол гаргаад байгааг би ойлгохгүй байна

12.Шүүх хуралдаан дээр шүүгч худлаа ярьж болохгүйг анхааруулаад хуулийн заалт танилцуулаад байхад Л.Төрмөнх худлаа мэдүүлээд зогсож байсан.

13.Шүүх хуралдааны дараа Төв аймгийн Цагдаагийн дэд дарга бөгөөд эрүүгийн тасгийн дарга х/ч Г.Жанчив, Л.Төрмөнхийг байцаагаад чи яагаад шүүхэд үнэнээ хэлэхгүй байсан бэ гэхэд би сандраад тэгж хэлсэн гэсэн.

14.Цагдан хориогүй нөхцөлд хулгайч нарт худлаа мэдүүлэг өгөх нь ердийн зүйл шиг басамжилж байгаа дүр төрхийг би шүүх хуралдаанаас харлаа.

15.Цаашид үнэн мөнөө олтол бүх шатны хуулийн байгууллага, хэвлэл мэдээлэлд

хандахаа илэрхийлж байна.

Энэ маргаантай асуудлыг үнэн мөнөөр шийдвэрлэж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсч байна.” гэжээ.

                                                     ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Нэхэмжлэгч ******* нь*******д холбогдуулан айлган сүрдүүлж, дарамтлан хууль бусаар хөрөнгөнд халдаж авсан,  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 68 бог, 2 бод гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гарсныг, хариуцагч эс зөвшөөрч хулгайд алдсан “бор морь”-ийг малын ченж Баагий  гэгчээс авч  нядалж борлуулснаа хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч *******тай тохиролцсоны дагуу тэрээр бор морины төлбөрт 68 бог, 2 бод малаа өгсөн гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хэргийн нөхцөл байдал нь тодорхой бус,хэргийн бодит байдал хангалттай тогтоогдоогүй, хэргийн оролцогчдын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг дутуу бүрдүүлсэн, хариуцагчаас  нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргасан байхад үндэслэлгүйгээр хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч ******* малын ченж Баагий гэгч этгээдээс өрөндөө авч нядалж борлуулан банкны төлбөрт төлсөн гэх бор морь нь хариуцагч*******гийн хулгайд алдсан гэх Хэнтий Гал шар угшилтай бор морь мөн  эсэх, уг  морины  өмчлөгч мөн эсэхийг тогтоох нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 Үүнтэй холбогдуулан хариуцагчийн өмгөөлөгчөөс “...хохирогч Агваанцэрэнгээс мөрдөгч а/д Ө.Энхбаярт өгсөн Нандинцэцэгийн ярианы сиди бичлэг-ийг авч шинжлэн судлуулах “ нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэн үндэслэлээ тодорхойлж, уг нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүйн улмаас шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргасан байхад шүүх “...сиди бичлэгт үзлэг хийлгэх хүсэлт ойлгомжгүй тодорхой бус “ гэсэн  дүгнэлт хийж хангахаас татгалзсаны нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн, хариуцагчийг “...*******гийн махалж зарсан бор морийг*******гийн хурдан бор морь мөн болохыг нотлоогүй “ гэж буруутгаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ ...Баагий гэх малын ченж залуутай 2 адууны наймаа хийж оронд нь түүнээс   1100 000 төгрөг авахаар тохиролцсон.... тэр өдөр ченж гэх Баагий бидэнд халтар хээр даага авч ирж өгсөн.Түүнээс хэд хоногийн дараа Баагий  гэх залуу манай хоёр адууны зөрүүнд “Бор морь” авч ирж өгсөн “ гэж, дурдсанаас үзвэл нэхэмжлэгч  ******* нь малын ченж гэх Баагийд 2 адуу 1 100 000 төгрөгөөр зарчхаад ямар учраас  мөнгө биш морь авсан  нь эргэлзээтэй, энэ талаар нэхэмжлэгч  болон гэрч нараас  тодруулж асуугаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ”...Төрмөнх гэдэг залуутай хамт ирээд ...нэг бор зүсмийн адуу надад өгчхөөд явсан....мөнгөний хэрэг болохоор махлаад Улаанбаатар хотод очоод зарсан...Харин энэ бор морийг миний морь байсан байна намайг  хулгайн хэргийн хамсаатан байна гээд Агваанцэрэн гэх хүн ирж уулзаж байсан.Миний хувьд гэвэл Баагий гэдэг залуугаас авч байсан бор адууг хулгайн адуу болохыг нь би мэдээгүй байсан юм” гэж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...бор морь хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Агваанцэрэнгийн хурдан бор морь мөн эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэрчүүд нь гэрчлэх байх “ гэсэн тайлбар,  гэрч Төрмөнх “...Баагий гэгч хүн намайг*******гийн 17 адууг Эрдэнэт рүү хүргээд өгөөч гэсэн. ...Баяраад нэг адуу үлдээсэн” гэж тус тус мэдүүлсэн байна.

Үүнээс үзвэл малын ченж Баагий гэгч этгээд нь*******гийн хурдан бор морийг хулгайлж, өмнө нь 2 адуу худалдан авсан  өрөндөө *******д өгсөн эсэх талаар тодорхой бус байгаагийн дээр нэхэмжлэгч ******* ямар арга замаар бор морийг өмчлөлдөө олж авсан талаараа нотлох ёстой.

Гэтэл шүүх нэхэмжлэгч *******д*******гийн Хэнтий Гал шар угшилтай бор морийг малын ченж Баагий гэгч нь хулгайлж, өрөндөө  өгсөн эсэх, *******  ямар арга замаар бор морийг өмчлөлдөө авсан болох,  түүнийг  “бор морь”-ны өмчлөгч гэж тооцогдох эсэх, шударга болон шударга бус эзэмшигчийн аль нь болохыг  тодорхойлон дүгнэлт өгөөгүй  байна.

            Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* 68 бод, 2 бог малаа хариуцагч*******д өгөх болсон бодит нөхцөл юу болох, хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоох, нотлох баримтуудыг бүрдүүлсний үндсэн дээр шүүх эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох Иргэний хуулийн 91 дүгээр зүйл, шударга болон шударга бус эзэмшигчийн эрх, үүргийн талаарх мөн хуулийн 94, 95 дугаар зүйлийн зохицуулалтыг хэрэглэн  *******гийн өрөндөө авч нядалж борлуулсан “бор морь-“ны эзэмшлийн талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжих зохицуулалтын хүрээнд хариуцагчийг буруутгасан нь  үндэслэл муутай болжээ.

Иймээс хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШШ2020/00891 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн  хариуцагч*******гийн 140 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ӨРНӨНДЭЛГЭР

            ШҮҮГЧИД                                             Г.БОЛОРМАА

                                                                         Т.ЭНХМАА