Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 120/ШШ2022/0019

 

 

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Хариуцагч: Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч *******, Л.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.*******,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч *******, Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. ******* ХХК нь тус шүүхэд хандан Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.*******, ******* нарын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-******* тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэргийн үйл баримт, процессын талаар:

2.1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.*******, ******* нар Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон ******* тоот томилолтын дагуу татварын хяналт шалгалт хийсэн.

2.2. Татварын хяналт шалгалтаар ******* ХХК-д холбогдуулан НА-******* дугаартай татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай Татварын улсын байцаагчийн акт гаргасан.

2.3. Маргаж буй татварын улсын байцаагчийн НА-******* дугаар актаар нэхэмжлэгч ******* ХХК-ийг:

2.3.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2017 онд 3,195,000 төгрөг, 2018 онд 241,012,892 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардал тусгасан зөрчил нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1. "Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж заасныг зөрчсөн;

2.3.2. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2019 онд 4,177,500 төгрөгийн урсгал засварын зардлыг илүү тооцож татвар ногдох орлогоос хасаж тооцсон зөрчил нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд: ...12.2 Энэ хуулийн 12.1.6-д заасан албан татвар ногдох орлогоос хасаж тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцно гэж заасныг зөрчсөн;

2.3.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 461,085,100 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг хасаж тооцсон зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл. 13.1.Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; гэж заасныг зөрчсөн;

2.3.4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2020 онд 1,046,328,509.05 төгрөгийн борлуулалтын орлого, 91,689,090.91 төгрөгийн худалдан авалтыг тайлагнаагүй, 954,639,418 төгрөгийн татвар ногдуулах орлогыг дутуу тайлагнаж ногдуулаагүй, төлөөгүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ 7.1.Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж заасныг зөрчсөн;

2.3.5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2018 онд ******* ХХК-аас *******,, төгрөгийн худалдан авалт хийсэн боловч хий бичилттэй нь тогтоогдсон тул тус худалдан авалтыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дугаар зүйл. 14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй. гэж заасныг зөрчсөн;

2.3.6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2018 онд 811,915 төгрөг, 2019 онд 3,887,159 төгрөг, 2020 онд 1,132,122 төгрөгийн ажиллагсдын болон хувийн хэрэгцээний зардлыг худалдан авалтад тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйл. 14.6. Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:, 14.6.2. хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ; гэж заасныг зөрчсөн;

2.3.7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2019 онд 161,962,197.25 төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэх болон худалдан авсан зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон зөрчил нь Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.5 үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэж заасныг зөрчсөн;

2.3.8. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2020 онд 17,,727 төгрөгийн суудлын авто машин худалдан авсан зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14-р зүйл. "14.6. Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:, 14.6.1. суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг; гэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын 136,697,826.5 төгрөгийн нөхөн татвар ногдуулснаас 2020 оны 12 сарын 31-ний өдрийн буцаан авах дүн 14,962,398.16 төгрөгөөс 14,962,398.16 төгрөгийг суутган тооцож үлдэгдлийг 0 төгрөгөөр баталгаажуулах заалтыг тус тус зөрчсөн гэж төлбөр, торгууль, алданги ногдуулжээ.

2.4. Маргаж буй НА-******* дугаартай татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* ХХК-иас Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

2.5. Тус гомдлыг Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн.

2.6. Улмаар нэхэмжлэгч ******* ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдал татварын хяналт хийж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Нөхөн ногдуулалтын НА-******* дугаар актаар 207,640,375.7 төгрөгийн нөхөн татвар, 62,292,113.5 төгрөгийн торгууль, 32,224,023 төгрөгийн алданги, нийт 302,156,152.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Дээрх актыг эс зөвшөөрч Өмнөговь аймаг дахь Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч гомдлыг хангалгүй шийдвэрлэсэн.

Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй буюу хяналт шалгалтын үйл ажиллагаандаа Татварын ерөнхий хууль, Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалын 01 дүгээр хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг баримтлаагүй, татвар төлөгчийн эдлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж ажиллахгүйгээр нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн. Тодруулбал, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасны дагуу хамгийн эхний шат болох хяналт шалгалт явуулах тухай томилолтоо танилцуулж тэмдэглэл үйлдээгүй.

Нөхөн ногдуулалтын актад хяналт шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн гэх боловч энэ хооронд татвар төлөгчийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд огт оролцуулаагүй. Татвар төлөгчөөс актад дурдагдсан зөрчилтэй холбоотой тайлбар огт аваагүй буюу эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, төлөөлүүлэх, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах эрхийг хангаагүй.

Мөн хяналт шалгалтын явцад цуглуулсан холбогдох баримт бичигт үндэслэн хяналт шалгалтыг хийж илэрсэн зөрчил бүрд дэлгэрэнгүй жагсаалт, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай баримт бичгийг хувилан авах, тайлбар тодруулга гаргуулах зэргээр зөрчлийг баримтжуулах, хяналт шалгалтад хамрагдсан татварын төрөл тус бүрийн ногдуулалт, төсөвт төлсөн, суутган тооцсон татварын дүнг үндсэн баримтаар нь хянан шалгаж илүү, дутуу төлөлтийн тооцоог тулган баталгаажуулах, хяналт шалгалтын явцад зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээллийг нотлох зорилгоор гол харилцагч татвар төлөгчдийн талаар тайлбар, тодруулга, мэдээлэл, лавлагааг бусад татварын албанд хүсэлт хүргүүлэн авах, хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах, хяналт шалгалтын хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох хүмүүстэй ярилцлага хийж, тухай бүр ярилцлагын тэмдэглэл хөтлөөгүй.

Актын тэмдэглэх хэсгийн 1-д Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2017 онд 3,195,000.0 төгрөгийн, 2018 онд 241,012,892.00 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардал тусгасан зөрчил нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1 Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно гэж заасныг зөрсөн.

Актын тэмдэглэх хэсгийн 3-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 461,085,100.0 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардал тусгасан зөрчил нь Монгол Улсын аж ахуй орлогын албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно. 13.1.3 зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх гэж заасныг зөрчсөн гэжээ.

Манай компани нягтлан бодох бүртгэлийг хуулийн дагуу хөтөлж анхан шатны баримтыг үндэслэн зардлаа бүртгэдэг бөгөөд 2018, 2020 онд зардалд тусгасан бүх зардал баримтаар нотлогдох бөгөөд татварын байцаагч нар дээрх 2 төрлийн зөрчлийн талаар тайлбар, тодруулга аваагүй нь татвар төлөгчийн эрхийг зөрчигдөж байна гэж үзэж байна.

Актын тэмдэглэх хэсгийн 4-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2020 онд 1,046,328,509.05 төгрөгийн борлуулалтын орлого, 91,680,090.90 төгрөгийн худалдан авалтыг тайлагнаагүй 954,639,418.00 төгрөгийн татвар ногдуулах орлогыг дутуу тайлагнаж ногдуулаагүй, төлөөгүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүр төрлийн бараа, ажил, үйлчилгээ гэж заасныг зөрсөн гэжээ.

Манай компанийн нягтлан бодогч нь е-баримтад 4 сард эцсийн хэрэглэгчээр биечлэн 362,498,870.00 төгрөгийн үнийн дүнтэй борлуулалтын орлогыг 6 сард 363,846,363.64 /362,498,870.00+1,347,493.64/ төгрөгийн цэвэр дүнгээр тооцож давхардуулан бичиж алдаа гарсан байсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно гэж заасны дагуу залруулах хүсэлт өгч болох талаар холбогдох татварын албанаас тодруулахад хяналт шалгалт хийх томилолт үүссэн тохиолдолд тайлан залруулах боломжгүй гэсэн хариу өгч хуулиар олгогдсон эрхийг хязгаарласны улмаас Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн орлогоо зөв тайлагнах боломжгүй байсан. Иймд дээрх 954,639,418.00 төгрөгийн борлуулалтын орлогоос 362,498.870.00 төгрөгийн борлуулалтын орлогыг хасаж тооцох үндэслэлтэй байна.

Актын тэмдэглэх хэсгийн 7-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2019 онд 161,962,197.25 төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэх болон худалдан авсан зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д Үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэж заасныг зөрчсөн гэж төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй байна.

Актын тэмдэглэх хэсгийн 5-д Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2018 онд ******* ХХК-аас *******,, төгрөгийн худалдан авалт хийсэн боловч хийсэн бичилттэй нь холбогдуулан тус худалдан авалтыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж заасныг зөрчсөн гэжээ. Манай компани нь бетон зуурмаг худалдан борлуулахад гурвалжингийн гүүрэн дээрх барилгын материалын захаас цемент худалдан авсан. Худалдан авалт хийхтэй холбоотой төлбөрийг 3 хувааж төлсөн.

Худалдан авалттай холбоотой е-баримт системд Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичигдсэн. Гэтэл татварын улсын байцаагч нар хий бичилттэй нь тогтоогдсон тул хасалт хийсэн гэж төлбөр ногдуулсан, хий бичилттэй гэдгийг ямар үндэслэл, нотлох баримтаар нотолж байгаагаа хяналт шалгалтын актад тодорхой дурдаагүй зэрэг шалтгааны улмаас үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.*******, ******* нарын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан НА-******* дугаар Нөхөн ногдуулалтын акт нь Татварын ерөнхий хууль, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хуульд үндэслэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг зөрчсөн байх тул хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч *******, Л.******* болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нар нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

...2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр захирал Ч.Баянтөр болон санхүүгийн асуудал хариуцсан Б.Жүгдэрнамжил нар баримт материалаа өөрийн биеэр Татварын хэлтсийн байранд ирүүлсэн бөгөөд Б.Жүгдэрнамжил нь захирал машиндаа байгаа гээд материалаа оруулж өгсөн тул материалыг хүлээн авч татварын хяналт шалгалтын томилолт, удирдамжийг танилцуулан ярилцлагыг Б.Жүгдэрнамжилтай хийсэн. Татварын хяналт шалгалтын ажлыг эхлүүлэн ирүүлсэн материалыг шалгаж нэмэлт материал шаардаж утсаар ярьж мөн и-мэйл хаягаар хүргүүлсэн боловч хариуг ирүүлэхгүй удаа дараа утас нь холбогдохгүй, утсаа авахгүй, мессеж явуулахад асуудалтай байна эргээд холбогдоно гээд олон удаа шаардсаны үр дүнд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Б.Жүгдэрнамжил Улаанбаатар хотоос ирсэн тул татварын хяналт шалгалтаар илэрч буй зөрчлийн талаар танилцуулан нэмэлт материал өгөх талаар мэдэгдэхэд өөр нэмэлт материал байхгүй гэсэн. Б.Жүгдэрнамжил нь татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг захиралтайгаа утсаар ярьж мэдэгдэхэд зөвшөөрөхгүй гэсэн тул Татварын удирдлагын нэгдсэн системд илрүүлсэн зөрчлийг зөвшөөрөөгүй төлөвөөр бүртгэн Нөхөн ногдуулалтын актыг Татварын ерөнхий хууль, хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу гарган баталгаат шуудангаар хүргүүлсэн болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2017 онд 3,195,000 төгрөг, 2018 онд 241,012,892 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардал тусгасан зөрчил нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 461,085,100 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг хасаж тооцсон зөрчил нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.3-д заасныг тус тус зөрчсөн.

Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д Доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэж заасан боловч тус байгууллага нь 461,085,100 төгрөгийн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтгүй худалдан авалт, үйлчилгээг авсан нь татварын тайлан болон ерөнхий журнал, гүйлгээ балансаар нотлогдож байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2020 онд 1,046,328,509.05 төгрөгийн борлуулалтын орлого, 91,689,090.91 төгрөгийн худалдан авалтыг тайлагнаагүйгээс 954,639,418 төгрөгийн татвар ногдуулах орлогыг дутуу тайлагнаж ногдуулаагүй, төлөөгүй зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх заалтуудыг зөрчсөн.

2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн борлуулалтын орлого нь тус байгууллагын дансны хуулга болон ерөнхий журнал гүйлгээ баланс, аудитын тайлангаар нотлогдож байгаа болно. Аж ахуйн нэгжийн тайлангаарх орлогоос Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдсан орлого 2020 оны 06 дугаар сард 846,054,554.5 төгрөгийн борлуулалтын орлогыг мэдээ хэсэгт татсан боловч ТТ-03 тайланд гараар бичиж өгөөгүй, 12 дугаар сард 108,584,863.64 төгрөгийн татвар ногдуулах орлоготой тайланг хадгалсан боловч илгээгээгүй байгаагаас шалтгаалан орлогоо дутуу тусгасан нь татварын удирдлагын нэгдсэн систем, байгууллагын дансны хуулга болон ерөнхий журнал, гүйлгээ балансын нийт дүнгээр нотлогдож байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй гэж заасан тул татвар төлөгчид татварын хяналт шалгалтад хийхийг мэдэгдсэн тул тайланд засвар хийх хууль эрх зүйн үндэслэл байхгүй болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2019 онд 161,962,197.25 төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэх болон худалдан авсан зардлыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг зөрчсөн. ******* ХХК нь үндсэн хөрөнгө импортоор оруулсан, мөн БСБ компьютер-аас компьютер, Азийн мөнгөн булаг ХХК-иас хөрөнгө худалдан авч үндсэн хөрөнгөнд бүртгэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалтыг хийсэн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, ерөнхий журнал гүйлгээ балансаар нотлогдож байна. Иймд дээрх худалдан авалтыг хасаж тооцохгүй гэх зөрчил илрүүлж акт тогтоосныг хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2018 онд ******* ХХК-иас *******,, төгрөгийн худалдан авалт хийсэн боловч хий бичилттэй нь тогтоогдсон тул тус худалдан авалтыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон зөрчил нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. ******* ХХК-иас бараа худалдан авсан анхан шатны санхүүгийн баримт байхгүй, хий бичилттэй падаан болох нь хууль хяналтын байгууллагаар нотлогдсон. Тус худалдан авалттай холбоотой анхан шатны баримт материал ирүүлээгүй бөгөөд татвар төлөгчид утсаар мэдэгдэн нэмэлт материал ирүүлэх талаар и-мэйл хүргүүлсэн боловч холбогдох материал байхгүй учраас хариу ирүүлээгүй нь хүргүүлсэн и-мэйл болон ирүүлсэн баримт материалаар нотлогдож байна.

Иймд Татварын улсын байцаагч Л.*******, ******* нарын ногдуулсан НА-******* дугаар нөхөн ногдуулалтын акт нь хууль эрх зүйн үндэслэлтэй тул актыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

3.3. Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...******* ХХК-ийн оффис Улаанбаатар хотод байрладаг учраас утсаар болон цахим хаягаар холбогдох баримт материалыг авч, баримт бичгийн хүсэлтийг явуулан утсаар холбогдож хяналт шалгалт, зөрчил болон нэмэлт тодруулах зүйлийн талаар тодруулга авч байсан.

******* ХХК-тай холбоотой гарсан зөрчлүүд нь нэгдүгээрт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2017 онд 3,195,000 төгрөг, 2018 онд 241,012,892 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардал тусгасан. Энэ нь нотлох баримтад өгсөнчлөн 2017 онд ямар ч баримт материал байхгүй. Мөн баримт материалыг хүрээлгэж өгөхдөө 2017 оны ямар ч баримт материал ирүүлээгүй. 2017, 2018 оны нотлогдохгүй байгаа зардлуудын баримтуудыг цахим хаягаар ирүүлнэ үү гэсэн мэдэгдэл явуулахад мэдэгдлийн дагуу нотлох баримтаа өгсөн. 2020 онд дээр 461,085,100 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг хассан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно. Татварын ерөнхий хуулийн 28.5-д дахин татах дугааргүй, төлбөрийн баримт, импортын бараанд татвар барагдуулж, гаалийн байгууллага төлсөн тухай баримтаар баталгаажсан байх ёстой гэж заасны дагуу 461,085,100 төгрөг нь е-баримтаар нотлогдоогүй зардал.

Мөн нотлох баримтаар тухайн компанийн 2020 онд хэдэн төгрөгийн худалдан авалт е-баримттай байгааг хавсаргасан. 2020 оны 461,085,100 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардал нь хувь хүнээс түүхий эд материал худалдан авч, машин, техник хэрэгсэл түрээслээд ачаа тээврийн үйлчилгээ авсан боловч хувь хүнээс е-баримт аваагүй. Тухайн компанийн ерөнхий журнал дээр тухайн хүмүүсийн нэр байсан боловч холбогдох регистрийн дугаар, мэдээлэл байхгүй. Е-баримт тухайн хүмүүсээс гаргуулаагүй учраас татвар төлөхөөс зайлсхийх үндэслэлийг бүрдүүлж байна. Нэмэгдэн өртгийн албан татварын тайлангаар 2020 онд 1,460,328,509 төгрөгийн борлуулалтын орлого, 91,689,1090 төгрөгийн худалдан авалтыг тайлагнаагүй. Энэ зөрчил нь 2020 он дээр тухайн аж ахуйн нэгжийн ерөнхий журнал болон баталгаажсан санхүүгийн тайлан дээр зөрчилд илрүүлсэн дүнтэй таарч байгаа учраас 1,460,328,509 төгрөгийн борлуулалтын орлого нь хүлээн зөвшөөрөгдөөд дансны хуулга дээр харагддаг.

Мөн нягтлан бодогч н.Жүгдэрнамжилтай холбоо бариад энэ асуудлаар тодруулахад энэ тайланг өөр нягтлан гаргасан, тэр хүнээсээ тодруулъя гээд аж ахуйн нэгжийн тайлан, ерөнхий журнал, тухайн компанийн явуулсан санхүүгийн тайлангууд бүгд нийт дүнгээрээ 2 тэрбумтай байсан. Энэ дүнгүүд бүгд таарч байгаа учраас 1,460,328,509 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй нь хууль эрх зүйн үндэслэлтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2019 онд 161,962,197 төгрөгийн үндсэн хөрөнгийг бэлтгэх болон худалдан авсан зардлыг хасаж тооцсон. Энэ зөрчил нь 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн. Тухайн компани нь үндсэн хөрөнгө, импортоор оруулсан болон БСБ компьютерээс компьютер, Азийн мөнгөн булаг ХХК-аас хөрөнгө худалдаж авснаа санхүүгийн тайландаа үндсэн хөрөнгөөр бүртгээд нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалтаа хийсэн. Энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь хэсэгт үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг хасахгүй гэсэн заалтыг зөрчсөн. Татварын ерөнхий газраас ******* ХХК-аас хий бичилттэй падаан авсан байна. Үүнийгээ засварлах шаардлагатай гэсэн албан бичиг ирсний дагуу засварламаар байна гээд манай татвар хураалтын тасаг руу ярьсан боловч томилолт үүссэн учраас засвар оруулах ямар ч боломжгүй байсан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-******* тоот актыг хууль, эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

3.4. Хариуцагч Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны ******* ХХК-аас *******,,1727 төгрөгийн баримтыг хий бичилттэй гэж үзэж байгаа. Хуучин цаасан баримтаар Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг бичдэг байсан. 2016 онд е-баримт руу шилжсэн. ******* ХХК-ийн хувьд худалдан авалт гэж бүртгээд, худалдан авалтаа төлсөн гээд мөнгөн дүнгийнхээ 10 хувиар буюу *******,,1727 төгрөгийнхөө,10 хувь гэж 22,727, төгрөгөөр төлөх ёстой дүнгээ бууруулсан. ******* ХХК нь худалдан авалтдаа тусгаад, ******* ХХК нь борлуулалтдаа тусгах, мөн анхан шатны төлсөн гэх нь баримтаар нотлогдож байж Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хүчин төгөлдөр болдог. Гэтэл энэ падааны хувьд төлөлт нь хагас сар ч гараагүй. Мөн харилцах данснаас ч гараагүй. Түүнийгээ нотолж өгөөгүй. Тиймээс хий бичилттэй падаан бичигдсэн гэж үзсэн. ******* ХХК нь 2018 оны хий бичилттэй баримт олгосон газруудын нэрсийн жагсаалтад орсныг нотлох баримтад хавсаргаж өгсөн. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.*******, ******* нарын гаргасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шүүхэд маргаан бүхий актыг эс зөвшөөрч маргасан.

2.1. Хариуцагч нар нөхөн ногдуулалтын акт гаргахдаа төлбөрийн тооцооллыг нэхэмжлэгчид танилцуулаагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, тайлбар аваагүй, татварын актыг хуульд заасан журмаар гаргаагүй.

2.2. Татварын хяналт, шалгалт хийх ажиллагааны журам зөрчсөнөөс актаар тавигдсан татварын нөхөн ногдуулалт, торгууль, алданги бүхэлдээ хууль бус, буруу тогтоогдсон гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд татварын зөрчил тус бүрд үндэслэл бүхий няцаалт, тайлбар гаргах боломжгүй, татварын улсын байцаагч нар алдаагаа залруулж, заавал татварын хяналт шалгалтыг шинээр хийж, татвар төлөгчид боломж олгох ёстой гэж тайлбарлан, татварын зөрчлийн талаар мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

3.Хэрэгт авагдсан нотлох баримтаар маргаан бүхий акт хууль бус болох үндэслэл тогтоогдсонгүй, уг актад тусгагдсан зөрчлүүд нь 2017-2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн журналын бичилт, ерөнхий данс, татварын программын татварын тооцооллын жагсаалт зэрэг баримтаар татварын хяналт шалгалтын явцад тогтоогдсон гэж үзэхээр байна.

3.1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т  албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;, 12 дугаар зүйлийн 12.2-т Энэ хуулийн 12.1.6-д заасан албан татвар ногдох орлогоос хасаж тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцно., Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:, 13.1.3-д зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2017 онд 3 195 000 төгрөгийн, 2018 онд 241 012 892 төгрөгийн, 2020 онд 461 085 100 төгрөгийн баримтаар нотлогдоогүй болон зардлыг илүү тооцож, татвар ногдох орлогоос хасаж тооцсон зөрчил гаргасан нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байна.

3.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, 7.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;, 14 дүгээр зүйлийн 14.3-д Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ., 14.4-д Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ., 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй. гэж хуульчилжээ.

3.2.1. Хуулийн зохицуулалтаас үзэхэд хий бичилттэй падааныг үндэслэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 4058580419 дугаартай падаанаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК-иас *******,, төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тайландаа тусгасан болох нь цахим системээс хэвлэсэн тайлангаар нотлогдож байна.

Гэвч бодит байдал дээр ******* ХХК нь ******* ХХК-иас бодит худалдан авалт хийгээгүй, хий бичилттэй болох нь Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын ******* ХХК -ийн 2017 оны 01 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны татварын албаны цахим мэдээллийн бааз дахь мэдээлэлд тулгуурлан нягтлан шалгах ажиллагаа явуулсан тухай 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн танилцуулга, цахим татварын систем /etax.mta.mn/-д нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хий бичилт үйлдэж, хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон татвар төлөгчийн жагсаалтад зарлагдсан баримт болон хариуцагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нар тус худалдан авалттай холбоотой анхан шатны баримт ирүүлээгүй, 2016 оноос е-баримтын системд шилжсэнтэй холбогдуулан ******* ХХК худалдан авалтдаа тусган, ******* ХХК нь борлуулалтдаа тусгаснаар нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хүчин төгөлдөр болох тул аль аль нь энэ талаар тусгаагүй байгаа нь бодит худалдан авалт хийгээгүйг нотолж байна гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

3.2.2. ******* ХХК нь 2019 онд 2 өрмийн машин, 1 компрессор, бетон зуурагч төхөөрөмж импортоор оруулсан, компьютер болон хөрөнгө худалдан авч үндсэн хөрөнгөд бүртгэн, нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийсэн нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тогтоогддог.

Хариуцагчаас импортоор оруулсан бараа үйлчилгээ болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй гэж хуульд заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

3.2.3. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй. гэж хуульчилсан тул маргаан бүхий актын дөрөвдүгээрт ...нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2020 онд 1,046,328,509.05 төгрөгийн борлуулалтын орлого, 91,689,090.91 төгрөгийн худалдан авалтыг тайлагнаагүй, 954,639,418 төгрөгийн татвар ногдох орлогыг дутуу тайлагнаж ногдуулаагүй зөрчил... тогтоогдсон гэж үзсэн гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй.

Учир нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно. гэж заасан боловч залруулах боломжгүй нөхцөл үүссэн нь дараах байдлаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* ХХК-д татварын хяналт шалгалт хийх томилолт 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан байх ба нэхэмжлэгчийн зүгээс Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолд ...санхүүгийн тайлангаа залруулахаар холбогдоход хяналт шалгалт хийх томилолт үүссэн тул залруулах боломжгүй гэж хариу өгсөн... гэж дурдсан, хариуцагчаас ...2020 оны аж ахуйн нэгжийн тайлангийн орлогоос нэмэгдсэн өртгийн орлогын албан татварын тайланд дутуу тусгагдсаныг нягтлан үзэхэд 2020 оны 06 дугаар сард 846,054,554.5 төгрөгийн борлуулалтын орлогыг мэдээ хэсэгт татсан боловч ТТ-03 тайланд гараар бичиж өгөөгүй, 12 сард 108,584,863.64 төгрөгийн татвар ногдох орлоготой тайланг хадгалсан боловч илгээгээгүй байгаагаас шалтгаалан орлогоо дутуу тусгасан, томилолт үүссэний дараа тайланд залруулга хийх хүсэлт гаргасан тул хүлээж авах боломжгүй байсан... гэх тайлбараар татварын хяналт шалгалт хийх тухай татвар төлөгчид мэдэгдсэнээс хойно татварын тайланд залруулга хийх талаар хүсэлт гаргаж байжээ.

 

4. Нэхэмжлэгчийн 2017-2019 оны татварын зөрчил нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны / үйлчлэлд хамаарах бөгөөд хариуцагч нараас Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүрээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно, Татварын ерөнхий хуулийн /2008 оны / 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна гэж тус тус заасныг хэрэглэсэн бөгөөд ингэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна.

Учир нь Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 73 дугаар зүйлийн 73.1.1-д татвар төлөгчийн хугацаандаа төлөөгүй татварт тооцох алдангийн хэмжээг Монгол банкнаас зарласан арилжааны банкнуудын зээлийн хүүгийн жилийн жигнэсэн дунджаас 20 хувиар илүү байхаар, 73.2.1-д татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор алданги тооцохоор тус тус зохицуулсан байна.

 

5. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно, 5.1.1-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага гэж, 3.4-д Энэ хуулийн 3.1.3, 3.1.4-д заасан харилцааг тухайлсан хуулиар, бусад захиргааны үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж тус тус зааснаар татварын байгууллага нь захиргааны байгууллагад хамаарах ба шийдвэр гаргах үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 24-32 дугаар зүйлд заасан журмаар явагдахаар байна.

6. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн 2.2.9-д Хяналт шалгалт хийх хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, тодруулах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, хяналт шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, мэдээллийн сангийн мэдээллийг үнэн зөв эсэхийг нотлох зорилгоор татвар төлөгч болон холбогдох этгээдтэй ярилцлага хийж, тухай бүр ярилцлагын тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулна, 3.4-д Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн жагсаалт, татварын илүү, дутуу төлөлт, хугацаанд нь төлөөгүй татварт алданги, торгууль ногдуулсан тооцоо, ярилцлагын тэмдэглэл, татварын актыг гардуулсан тухай тэмдэглэл зэрэг ...хяналт шалгалтын маягтыг татвар төлөгчид танилцуулж тамга, тэмдэг дарж гарын үсэг зуруулна гэж татварын төлөгчийг сонсох, тайлбар авах ажиллагааг журамласан байна.

Татварын хяналт шалгалтын материал болон хариуцагч нараас шүүхэд ирүүлсэн баримтаас харахад татварын хяналт шалгалтын явцын ярилцлагын тэмдэглэл, татварын улсын байцаагчийн өдөр тутмын тэмдэглэлийг шүүхэд ирүүлсэн бөгөөд хяналт шалгалтаар томилогдсон улсын байцаагч солигдсон талаарх баримт, сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг баримт байхгүй байна.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, татварын хяналт шалгалттай холбогдох тайлбар гаргуулаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байх хэдий ч энэхүү процесс ажиллагаа зөрчигдсөн нь татварын зөрчлийг үгүйсгэх, татварын улсын байцаагчийн актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

7. Иймд дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 302,156,512.2 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.



Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 12 дугаар зүйлийн 12.2, 13 дугаар зүйлийн 13.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн Өмнөговь аймгийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.*******, ******* нарт холбогдуулан гаргасан 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА