Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2018/00096

 

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2018/00096

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Б даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Б-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг, алдангийн төлбөрт 84,000,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шарадлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2016 оны 01 сарын 26-ны өдөр иргэн Н.Бтай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Гэтэл одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөлгүй иргэн намайг хохироож байна. Н.Б болон түүний нөхөр Н.Мнь одоохон мөнгөтэй болно, удахгүй төлнө гэсээр одоо утсаа ч авахаа болин уулзахаас зугтаадаг болсон. Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэг 50,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй алданги 28,000,000 төгрөг, нийт 84,000,000 төгрөгийг хариуцагч Н.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Э.Сийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. хэргийн бодит байдлыг илтэд мушгин гуйвуулсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн Н.Б болон Э.С нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 50,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр 1 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр тохиролцож зээлийн гэрээг бичгээр хийсэн. Э.Сийн зүгээс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний барьцаа байхгүй байгаа тул барьцаа хөрөнгө өгөхийг Н.Бгаас шаардсан байдаг.

Ингээд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээ байгуулах болоход Э.С нь Н.Бгийн өмчлөлийн Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж 289 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд худалдах худалдан авах гэрээ хийхийг шаардсан. Уг худалдах, худалдан авах гэрээнд талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй. Энэ гэрээг хийхэд Н.Бд уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байгаагүй. Э.Сэд ч мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байгаагүйн дээр дээрх худалдах худалдан авах гэрээний дагуу мөнгөн төлбөр шилжээгүй. Иймээс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад өгсөн хариу тайлбартаа: Миний бие Н.Бд холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Н.Б нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөөгүй тул Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Мойлтын хүр /12607/ гудамж, 289 тоот хаягт байршилтай дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан. Хэрвээ зээлээ төлчихвөл энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр Н.Бтай тохиролцсон болно гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үүрэгт 50,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 6,000,000 төгрөг, алдангийн үүрэгт 28,000,000 төгрөг, нийт 84,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шарадлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, Талуудын хооронд 50,000,000 төгрөгийг, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлэх зээлийн гэрээ байгуулагдсан. Үүнээс хариуцагч 10,000,000 гаруй төгрөгийг төлж барагдуулсан. Энэ нь нэхэмжлэгчийн дансанд Б-аас гэсэн утгаар төлөгдсөн гүйлгээний мэдээллээр тогтоогдоно. Түүнчлэн алдангийг хуульд заасан журмаар тохиролцоогүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн татгалзлыг эс зөвшөөрч, Нэхэмжлэгч Э.Сийн дансанд хийгдсэн Б-гаас гэх утга бүхий гүйлгээнүүд хариуцагч Н.Бгийнх бус, харин нэхэмжлэгчийн байрыг түрээсэлж суудаг Х.Б-аас орж ирсэн түрээсийн төлбөр юм. Хариуцагч Н.Б нь нэг л удаа 2,000,000 төгрөг төлсөн байх . Өөрөөр аливаа төлбөр төлөөгүй гэж маргаж байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад тогтоогдсон дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1. Талууд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 50,000,000 төгрөгийг, нэг сард 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан үйл баримтын талаар харилцан маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч Э.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 50,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сар бүр 4 хувийн хүү тооцохоор гэрээ байгуулсан бөгөөд энэ нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 дэх хэсэг, мөн зээлдэгч Н.Бгийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих тухай яриа 5 дугаар сараас эхлэн өрнөсөн нөхцөл байдлаар нотлогдоно гэжээ. Нөгөө талаас хариуцагч Н.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, талуудын хооронд зээлийн гэрээ 1 сарын хугацаатай байгуулагдсан бөгөөд энэ нь зээлийн гэрээний 2 дахь заалтаар нотлогдоно гэж маргаж байна.

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 1 дэх хэсэгт ...50,000,000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ... гэж хугацааг заасан бол мөн гэрээний 2 дахь хэсэгт ...ямар ч тохиолдолд зээлсэн мөнгийг гэрээнд тохиролцсон 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлж дуусгасан байна. ... гэж заажээ. Гэрээний нэг дэх хэсгийг нэхэмжлэгч иш үндэс болгохдоо мөн гэрээний 2 дахь хэсэгт техникийн алдаа гарсан гэж тайлбарладаг бол хариуцагч 2 дахь хэсгийг иш үндэс болгож 1 дэх хэсэгт алдаа гарсан гэж маргаж байна.

Шүүх гэрээ 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацаатай байгуулсан болохыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн татгазлыг хангалттай үгүйсгэж чадаагүй гэж үзлээ. Харин нэхэмжлэгч гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан гэж тайлбарласан үйл баримтын хүрээнд уг гэрээг нэг сараар байгуулсан байх үйл баримт багтаж байх буюу хамгийн багадаа талууд зээлийн гэрээг 1 сар хүртэлх хугацаагаар хүүтэй байгуулсан талаар санал нэгдсэн гэж үзэж энэ нөхцлөөр гэрээний хугацааг тогтоох нь зүйтэй байна.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдаж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасны дагуу 1 сарын хугацаанд 4 хувийн хүү тогтоож гэрээг бичгээр байгуулжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

2. Хариуцагч зээлийн гэрээний хариу төлбөрт нийт 10,000,000 гаруй төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байгаа бол нэхэмжлэгч 2,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч татгалзлаа нотолж нэхэмжлэгчийн дансны дэлгэрэнгүй хуулгаар харагдаж буй Баярмаагаас гэх утга бүхий төлбөрийн дүнг үндэслэл болгож байна.

Нэхэмжлэгчийн Хаан банкны 5130015150 тоот дансны 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны гүйлгээний хуулгаас үзвэл Баярмаагаас гэх утга бүхий 21 гүйлгээ хийгдсэн байх ба үүнээс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хийсэн 2,000,000 төгрөгийн гүйлгээ ...зээлийн хүү гэсэн нэмэлт тайлбартай байна. Түүнчлэн энэ гүйлгээг нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Н.Бгаас хийсэн зээлийн хүүгийн төлбөр болохыг зөвшөөрч байна.

Бусад 20 гүйлгээнээс хариуцагчийн төлөөлөгч дансны хуулганы 13, 98, 107, 166, 403, 942, 1039, 1143, 1270, 1274, 1360, 1415, 1505, 1560, 1622 дугаартай гүйлгээг өөрийн хийсэн гүйлгээ гэж маргаж байгаа. /хх-ийн 80 дугаар тал/

Гэвч эдгээр гүйлгээнээс 942, 1039, 1143, 1270, 1274, 1360, 1415, 1505, 1561, 1621 тоот гүйлгээнүүдийг Хаан банкны 5032666057 тоот данснаас шилжүүлсэн байх ба уг данс нь ХА61081768 гэх регистрийн дугаартай Халзангийн Баярмаагийн данс болох нь Хаан банкнаас ирүүлсэн тодорхойлолт, лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 118 дугаар тал/.

Харин үлдэх 13, 98, 107, 166, 403 тоот гүйлгээнүүдийн хувьд, 13 тоот гүйлгээ Баярмаа гэх харилцагчтай холбоо хамааралгүй байхын зэрэгцээ ийм харилцагчтай хамааралтай боловч хариуцагч дурдаагүй 16 тоот гүйлгээний хувьд Х.Б гэх хүн гарын үсэг зурж, 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий дансанд орлого хийсэн баримт хавтаст хэргийн 119 дүгээр талд авагджээ. Хариуцагчийн маргаж буй дараагийн гүйлгээ болох 98 тоот гүйлгээгээр 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 200,000 төгрөгийн орлогыг мөн 16 тоот гүйлгээний баримттай ижил гарын үсэг бүхий Б гэх хүнээс хийсэн байна. Уг гүйлгээний баримтад тэмдэглэсэнтэй ижил утасны дугаарыг Х.Баас хийсэн гүйлгээний бусад баримтууд дээр мөн адил бичсэн болох нь хэрэгт авагдсан орлогын баримтуудаар тогтоогдож байна. Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгчийн өөрийн төлбөр гэж мэтгэлцэж буй 166, 403 тоот гүйлгээг 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр тус тус хийсэн байх ба эдгээр гүйлгээний орлогын баримтаас үзвэл уг орлогыг Х.Б хийсэн болох нь харагдаж байна. /хх-ийн 122, 124 дүгээр тал/

Харин нэхэмжлэгч 107 тоот гүйлгээ буюу 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хийсэн 2,000,000 төгрөгийн гүйлгээг хариуцагч Н.Б хийсэн болохыг зөвшөөрч байх ба хэрэгт авагдсан анхан шатны орлогын баримтаас үзвэл Х.Бгийн гарын үсгээс ялгаатай гарын үсэг бүхий гүйлгээ болох нь харагдаж байна. /хх-ийн 121 дүгээр тал/

Дээрх нотлох баримтаас үзвэл 50,000,000 төгрөгийн үндсэн төлбөр, нэг сарын 4 хувийн хүүгийн төлбөрөөс хариуцагч Н.Б нь зээлийн хүүгийн төлбөрт нийт 2,000,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэстэй байна. /хх-ийн 44 дүгээр талын арын нүүр, 121, дүгээр талууд/

3. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3-т гэрээний үүргээ хугацаандаа төлөөгүйн улмаас буруутай этгээдээс төлбөл зохих алдангийн хувь хэмжээг тохирчээ. Хариуцагч Н.Б зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлөх хугацаа 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон байх ба уг үүргээ биелүүлээгүй явдалд тэрээр буруугүй болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байна. Иймд 50,000,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, гэрээний 3-т заасны дагуу алдангийн төлбөрийн шаардлагаас 25,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангах хууль зүйн үндэстэй байна.

Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч Э.Сэд холбогдуулан талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрч, талууд дээрх гэрээг байгуулахдаа маргаан бүхий зээлийн гэрээний төлбөрийг буцаан төлөх баталгаа болгож байгуулсан бөгөөд хэрэв зээлийн төлбөрөө бүрэн төлбөл уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэрээс Н.Бгийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ. Учир нь талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тухай яриа болж, энэ тухай гэрээ байгуулахаар тохирсон боловч гэрээг бодитой байгуулах үед Э.Сийн зүгээс худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг шаардаж улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан талаар талууд маргахгүй байна. Түүнчлэн уг 10,000,000 төгрөгийг хэн аль нь шаардаагүй, төлөөгүй, шаардах болон төлөх хүсэл зориггүй болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдож байна.

Иймд уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэлд хамаарах юм. Тодруулбал, талуудын аль аль нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу Налайх дүүргийн 1-р хороо, Мойлтын хүр /12607гудамж 289 тоот хаягт байрлах 270 м2 талбайтай заслангийн сууцны зориулалттай, гараж, мансардтай 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг 10,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах хүсэл зориг байгаагүй, ийнхүү худалдаж худалдан авсан мэт дүр үзүүлсэн гэх үндэслэл талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дээр дурдсан хууль зүйн үндэслэл, үйл баримтад тулгуурлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, алдангийн төлбөрт 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг хариуцагч Н.Бгаас гаргуулж нэхэмжлэгч Э.Сэд олгон, 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 532,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчээс 174,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу зээлийн гэрээний төлбөрт 50,000,000 төгрөг, алдангийн төлбөрт 25,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөгийг хариуцагч Н.Бгаас гаргуулж, нэхэмжлэгч Э.Сэд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх тул тус гэрээнээс хууль зүйн үр дагавар үүсэхгүй болохыг тогтоосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 532,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчээс 174,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.  Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.Б