Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/001201

 

 

Э.С нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00096 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 721 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Э.С нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Б холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг, алдангийн төлбөрт 84 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч Н.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунзаяа, нарийн бичгийн даргаар Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Н.Б-тай зээлийн гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэтэл одоог хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байгаа тул зээлийн гэрээний үндсэн үүрэг 50 000 000 төгрөг, зээлийн хүү 6 000 000 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй алданги 28 000 000 төгрөг, нийт 84 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Э.С гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хэргийн бодит байдлыг илтэд мушгин гуйвуулсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

Э.С зүгээс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээний барьцаа байхгүй тул барьцаа хөрөнгө өгөхийг Н.Б-гаас шаардсаны дагуу 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээ байгуулах болоход Э.С-д нь Н.Б-гийн өмчлөлийн Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, Мойлтын хүр гудамж 289 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд худалдах-худалдан авах гэрээ хийхийг шаардсан. Уг худалдах-худалдан авах гэрээнд талуудын хүсэл зориг илэрхийлэгдээгүй. Энэ гэрээг хийхэд Н.Б уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байгаагүй. Иймээс 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Н.Б нь зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлээ төлөөгүй тул Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Мойлтын хүр гудамж, 289 тоот хаягт байршилтай, дуусаагүй барилгын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлэн авсан. Зээлээ төлчихвөл энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр Н.Б-тай тохиролцсон гэжээ.         

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00096 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний төлбөрт 50 000 000 төгрөг, алдангийн төлбөрт 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөгийг хариуцагч Н.Б-гаас гаргуулж, нэхэмжлэгч Э.С-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх тул тус гэрээнээс хууль зүйн үр дагавар үүсэхгүй болохыг тогтоон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 532 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэгчээс 174 950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 721 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ...нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж заасан. Иргэн Б.Б би зээлийн төлбөрт нийтдээ 10 000 000 гаруй сая төгрөгийг төлж байсан. Гэтэл үүний 4 000 000 төгрөг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсоор байхад анхан болон давж заалдах шатны шүүх 2 000 000 төгрөгийг төлсөн мэтээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь намайг 2 000 000 төгрөг бэлнээр өгсөн болохыг хүлээн зөвшөөрдөг. Мөн дансны хуулганы баримтаар 2 000 000 төгрөг өгсөн болох нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн биет төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад 2 000 000 төгрөгийг бэлнээр авсныг зөвшөөрсөөр байхад төлөгдсөн мөнгийг дахин гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд Тогтоох нь хэсгийн 1 дэх хэсэгт “75 000 000” гэснийг “72 000 000” гэж/ өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.С-д нь хариуцагч Н.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн 50 000 000 төгрөг, хүү 6 000 000 төгрөг, алданги 28 000 000 төгрөг, нийт 84 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Н.Б шаардлагыг эс зөвшөөрч, зээлийн төлбөрт 10 гаруй сая төгрөг төлсөн гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Тухайлбал, нэхэмжлэгчийн банк дахь дансны хуулга, энэ дансанд орсон зарим төлбөрийн баримтын хуулбар, төлбөр шилжүүлсэн дансны эзэмшигч зэргийг бодитоор дүгнэж, хариуцагч Н.Б-г зээлийн төлбөрөөс 10 гаруй сая төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан шаардлагад нийцжээ. Нэхэмжлэгч тал Н.Б-г зээлийн төлбөрт 2 000 000 төгрөг төлсөн гэж тайлбарласныг шүүх хүлээн авч, хариуцагчид ногдуулах төлбөрөөс хасч тооцсон нь зөв болжээ. Хариуцагч нэхэмжлэгчид бэлнээр 2 000 000, дансаар 2 000 000 төгрөг төлсөн гэдгээ нотлоогүй учир төлбөрөөс 4 000 000 төгрөг хасах үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч хариуцагчийг 2 000 000 төлсөн гэж хүлээн зөвшөөрсөн учир шүүх “Баярмаагаас зээлийн хүү” гэх гүйлгээний утгатай банкны шилжүүлгийг хариуцагчийн төлбөр гэж үзсэнийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Хоёр шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн хугацааг ойлгомжгүй тодорхойлсон байдлыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1., 198.2.-т зааснаар тайлбарлаж дүгнэсэн нь зөв болжээ. Шүүх гэрээний тодорхой заалтыг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарч, хугацааны талаарх нөхцлийн утга нь ойлгомжгүй байсан тул түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлсон байна. Тухайлбал, зохигчийн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 1 дэх заалтад “50 000 000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл сарын 4 хувийн хүүтэй” зээлдүүлэх талаар заасан боловч 2 дахь заалтад “ямар ч тохиолдолд зээлсэн мөнгийг 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлж дуусгасан байна” гэж зээлдэгчийн үүргийг тодорхойлсныг үндэслэн зээлийн гэрээний хугацааг 1 сар гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Зохигч нь 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг шүүх дүр үзүүлсэн хуурамч, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, улмаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан шаардлагад нийцсэн байна. Талууд энэхүү гэрээг эд хөрөнгө худалдах-худалдан авах зорилгоор бус харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу барьцааны агуулгаар байгуулсан нь зохигчийн хэн алины тайлбараар тогтоогджээ.

Шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 000 000 төгрөг, алдангид 25 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 232 дугаар зүйлийн 232.4.-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/00096 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 721 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН