Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 133/ШШ2020/00577

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь cум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Д.С-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Г.Д холбогдох,

охин Д.Г, Д.М нарыг өөрийн асрамжид авч, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох, 27-54 ГАҮ улсын дугаартай автомашинаас ногдох 5.000.000 төгрөг гаргуулах, тэмээ 8, адуу 8, үхэр 9, хонь 60, ямаа 85, нийт 170 толгой малны үнэнд 29.200.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

охин Д.Г, Д.М нарыг өөрийн асрамжинд авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, түүний өмгөөлөгч Н.А /ШТЭҮ-3926/ /онлайнаар/, хариуцагч Г.Д, түүний өмгөөлөгч Ж.М /ШТЭҮ-1623/, гэрч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч 2019-09-06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Д 2010 онд албан ёсоор гэр бүл болж, түүнээс хойш гэрлэлтээ бүртгүүлэх талаар удаа дараа ярьж байсан ч бүртгүүлэхгүй явсаар өдийг хүрсэн. Бидний дундаас 2011 онд охин Д.Г,  2014 онд охин Д.М нар төрсөн. Г.Д нь намайг удаа дараа зодож ажил хийлгэхгүй, хэл амаар доромжилж сэтгэл санааны дарамтад байсаар ирсэн. Эцэсдээ 2019 оны 5 сард гурван өдөр дараалан зодож 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн. Энэ мэтчилэн миний эрх, эрх чөлөө болоод хүүхдүүдийн маань оюун санаа хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байдалтай байна. Миний бие махбод болоод сэтгэл зүй маш их дарамтад байгаа бөгөөд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Д.Г,  Д.М нарыг өөрийн асрамжид авч, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэжээ /хх-1/.

2019-09-19-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Г.Д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар нэмэгдүүлж байна. 2010 онд Г.Д хуримаа хийж гэр бүл болохдоо 40 толгой бог малтай очсон. 2010 оны мал тоологоор манай гэр бүл 57 тооны мал тоолуулсан бөгөөд 2010-2018 оны хооронд бидний 57 тооны мал 339 толгой мал болтлоо өссөн. Уг мал нь бидний хамтын хөдөлмөр хичээл зүтгэлийн хүрээнд бий болсон хөрөнгө учраас 339 толгой малнаас өөрт ногдох 29.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 170 толгой малыг гаргуулж өгнө үү. Үүнд тэмээ 2017 оны төл буюу ботго 2х250.000=500.000 төгрөг, 2 настай эр тором 1х400.000 төгрөг, 3 настай эр шилбэ 1х550.000 төгрөг, 4 настай эр тайлаг 1х750.000 төгрөг, нас гүйцсэн ат 1х1.000.000 төгрөг, нас гүйцсэн ингэ 2х1.600.000 төгрөг нийт 8 толгой тэмээ 4.800.000 төгрөг,

Адуу унага эр 1х250.000 төгрөг, даага эр 1х350.000 төгрөг, шүдлэн эр 1х500.000 төгрөг, хязаалан эр 1х650.000 төгрөг, эм 1х600.000 төгрөг, соёолон эм 3х700.000 төгрөг=2.100.000 төгрөг, нийт 8 толгой адуу 4.450.000 төгрөг,

Үхэр тугал эр 1х250.000 төгрөг, бяруу эр 1х450.000 төгрөг, шүдлэн эр 1х650.000 төгрөг, эм 1х650.000 төгрөг, хязаалан эр 2х850.000 төгрөг, эм 3х800.000 төгрөг=2.400.000 төгрөг, нийт 9 толгой үхэр 6.100.000 төгрөг,

Хонь төлөг эр 5х80.000төгрөг =400.000 төгрөг, эм 5х80.000 төгрөг=400.000 төгрөг, нас гүйцсэн хонь эр 20х150.000 төгрөг=3.000.000 төгрөг, эм 30х150.000 төгрөг =3.000.000 төгрөг, нийт 60 толгой хонь 6.800.000 төгрөг,

Ямаа борлон эр 15х60.000=900.000 төгрөг, эм 10х60.000=600.000 төгрөг, нас гүйцсэн ямаа эр 25х110,000=2.750.000 төгрөг, эм 35х80.000 төгрөг=2.800.000 төгрөг нийт 85 толгой ямаа 7.050.000 төгрөг, нийт 170 толгой мал 29.200.000 төгрөгөөр үнэлж байна.

Бид 2015 онд ачааны автомашин авахаар 8.700.000 төгрөгийн цалингийн зээл авч Бонго пронтер маркийн автомашиныг 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд цалингийн зээлээ би өөрөө төлж барагдуулсан. Уг автомашин нь одоо нөхөр Г.Д нэр дээр байдаг тул энэ машиныг 10.000.000 төгрөгөөр үнэлж өөрт ногдох 5.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Иймд дээрх хөрөнгийг хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон дундын өмч хөрөнгө болохыг тогтоож, надад ногдох хэсгүүдийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ /хх-23-24/.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд тогоочийн багшаар 13 дахь жилдээ ажиллахдаа хоёр удаа тэтгэмжийн мөнгө авсан, цалингийн зээл авсан. Эхлээд хүний ганц хүүтэй суусан гээд ая талыг нь хараад аль болох амьдралаа бүрэн бүтэн болгоё гээд хичээсэн боловч миний хэлсэн үгэнд итгэдэггүй. Сум руу ажлаар яваад ирэх болгонд тэгж банзалдсан гээд хэл амаар доромжилж, сургуулиас зохион байгуулж байгаа сургалтад тэр бүр явах эрхгүй байсан. Би нүүрээ будаагүй бол нүүр чинь будаггүй байна, шинэ хувцас авсан бол хаанаас авсан гээд бүх зүйлээ энэ хүнд хэлдэг байдалтай явсаар өдийг хүрсэн. Би эхнэр нь учир бүх л зүйлийг зохицуулаад явж байхад бүх мөнгөнд тооцоо хийдэг. Сүүлийн үед аргаа бараад хамт амьдрахаас аймаар, дүү нь надтай хамт нэг байгууллагад ажиллаж байхад харьцуулалт хийдэг, би албан байгууллагын нийллэгэнд 9-10 цаг хүртэл сууж үзээгүй. Би хөдөө явлаа чи миний хувцсыг бэлд гэхээр нь би гүйж очиж хувцсыг нь бэлдээд буцаад очдог. Сүүлийн үед камертай болсон гарч ороход хэцүү байсан. Би ажил хийхээ болъё, чи ажил хий гэж хэлдэг. Би зуны гурван сар хөдөө байхад надад маш амар байсан. Намайг жирэмсэн байхад миний хамар амнаас цус гартал намайг зодож байсан. Орилохоор ам бариад авдаг. 2018 оны 05 дугаар сарын 24-нд Алтай сум руу ажлаар яваад 10 хоноод ирсэн. Тэгэхэд намайг бүтэн 3 өдөр дараалан зодсон тул би эрүү шүүлтэнд ороод байсан тул цагдаад өгөхгүй бол аминд хүрэх аюултай байна гэж бодсон. Тийм аймаар байдалд хүргэчихээд байнгын хэл амаар доромжилно. Миний хувьд гэртээ хүүхэд гаргасан нь үнэн. Би нэг хүүхэд гаргасан нөхөргүй, гэнэт явж байгаад энэ хүнтэй суугаад ийм аймаар байдаг юм байх гэж бодоод эхний хэдэн жил хэнд ч хэлэлгүй тэвчсэн.

Бидний амьдарч байсан нэг өрөө байр бидний нэр дээр байхгүй. Бид хоёр тохирч байгаад тавилгуудаа авч байсан. Тиймээс хоёр охиндоо тэтгэмж төлүүлэх, малаа малаар нь авахгүй. Наад хүн чинь надаас салсан цагаас эхлээд малаа зарсан. Ноолуурын мөнгөө өөрөө авсан, протер маркийн машиныг төрсөн дүүгийнх нь хүүхдэд зарсан гэж байгаа. 2019 оны 09 дүгээр сард тухайн машиныг зараагүй байсан. 10 дугаар сард мөн зараагүй байсан. Тухайн үед мөнгө төгрөгийг нь бэлэн аваагүй. Зун ноолуур гарахаар авъя гэж ярьж байсан. Хамт амьдарч байхдаа 8 сая төгрөгөөр зараад 8 сая төгрөгийг авч идсэн гэж байсан. Тухайн үед надад тийм зүйл байхгүй. 2018 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд очоод 15 хоноход энэ надаас салаад явихлаа гээд ганц ч яриагүй. Өөрөө хотод очоод зугаалаад хамраа засуулж янзлуулаад явж байсан. Дараа нь хоёр охинтой уулзуулахгүй байна гэхээр нь уулзуулаад хамт амьдаръя гэхэд тэр зан нь засагдаагүй. Хардаад уулзах бүртээ байнгын утас шалгана, тэгээд энэ хүний зан засагдахгүй юм байна гэдгийг ойлгосон учраас би хамт амьдрахыг хүсэхгүй байна.

Малынхаа тоог бэлэн мөнгөөр гаргуулж авна. Хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, зарагдсан пронтер машины 5 сая төгрөг, 2019 оны жилийн эцсийн мал тооллогын 339 толгой малыг зах зээлийн ханшид үржүүлж 29.200.000 төгрөг нэхэмжилж байна. 170 толгой бог малын үнэнэд 29.200.000 төгрөгийг бэлэн мөнгөөр нь авна. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлэн гаргасан шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч 2019-10-11-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оноос өдийг хүртэл хугацаанд Д.С амьдарч охин Д.Г,  Д.М нар төрсөн. Манай эхнэр Д.С, нь хуримаа хийгээд маргаашнаас нь эхлээд өөр хүнтэй утсаар ярьдаг байсан. Тэгээд би сална гээд гэрийнх нь гадаа буулгаж байсан. Тэгэхэд уйлаад дахин ийм зүйл гаргахгүй гэж гуйгаад ирж байсан. Энэ талаар ярихад уурлаад миний үгэнд ордоггүй. Намайг 2 залуу утсаар ярьж дарамталдаг байсан. Энэ хоёр залуугийн нэг нь надаас өмнө С-тэй хамт амьдарч байсан хүн байсан. Хамтран амьдрах хугацаанд бидний хооронд энэ байдлаас болж хэрүүл маргаан гардаг байсан. Түүнээс би архи ууж ар гэртээ агсам согтуу тавьж үзээгүй. Бидний хооронд гарсан хэрүүлээс болж манай эхнэр намайг зайл гэж хөөж хүүхдүүдтэй минь уулзуулахгүй хүүхдүүдэд намайг буруугаар ойлгуулж хүүхдүүдийг минь миний эсрэг өсгөж байгаа. Миний хүүхдүүд эхэндээ уулзахад намайг маш их санасан уйлаад юм ярьж чадахгүй байдаг байсан. Одоо болохоор зугтаад байдаг болсон. Манай эхнэр надаас салаад Солонгос улс руу 5 жилийн гэрээгээр явахаар материалаа бүрдүүлсэн гэж найз нь ярьж байгаа. Иймд миний бие хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авах хүсэлттэй байна. Манай эхнэр хоёр охиныг минь аваад ч хойшид өсгөөд явж чадахгүй, би хоёр охиноо хойт аавын гар харуулан амьдруулж чадахгүй. Д.С, нь надтай сууж хуримаа хийгээд 2013 онд 32 бог малтай ирж байсан. Хөдөө нэг удаа хонинд явж үзээгүй байж надаас ичихгүй олон мал нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машины тухайд бид хоёр уг машиныг 2018 онд 8.000.000 төгрөгөөр зараад тухайн үедээ хамт амьдарч байхдаа мөнгийг нь үрээд дуусгасан, энэ талаар машин авсан хүнийг шүүх хуралд гэрчээр оролцуулах болно гэжээ /хх-90/.

Хариуцагч 2019-10-22-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2010 онд Д.С хуримаа хийж хамтран амьдарч эхэлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2011 онд охин Д.Г,  2014 онд Д.М нар төрсөн. Манай эхнэр Д.С, нь 2019 оны 5-р сарын 24-25-ны хооронд ажлаар Алтай сум явж ирээд өөр хүнтэй унтсан талаараа надад ярьсан. Үүнээс үүдэн гэрийн дотор хэрүүл маргаан гарах болж, намайг хэлэх хэлэхгүйгээр хэлж, хоёр охинтой минь уулзуулахгүй, зугтаалган, салах шалтгаанаа үүнтэй холбон хэрүүл хийж хоёр охиныг минь цэцэрлэг, сургуулиас нь гаргаж Улаанбаатар хот явсан байгаа. Д.С, өөрөө солонгос улс руу явна гэж ажлаасаа гараад УБ хотод очсон, одоо хаана амьдарч байгаа, хоёр охиныг минь ямар цэцэрлэг сургуульд өгсөн талаар чамд хамаагүй гээд хэлдэггүй. Надтай хоёр охиныг минь уулзуулахгүй гэж ярих болсон. Бид тус тусдаа амьдарсан ч гэсэн миний бие хоёр охиноо өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Манай эхнэр одоо надаас салаад өөр хүнтэй амьдраад явна, тиймээс хоёр охиноо хойт эцгийн гар харуулж амьдруулмааргүй байна гэв /хх-91/.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Саранцэцг нь худал яриад байна. Бид 2010 онд хуримаа хийсэн, ингэж хурим хийхээр юмаа бэлдэж эхэлсэн үеэс л ер нь аймаар байсан. Би энэ хүнтэй танилцаад 1 сар болоод суусан. Хурим болохоос 10 гаруй хоногийн өмнө хот руу яваад 4 хоног утсаа унтраагаад алга болсон. Гэтэл ирэхдээ 4 хоног хүнтэй унтаж байгаад ирсэн дахиж тэгэхгүй гээд уйлаад ирж байсан. Хуримаа хийсний маргааш нь машин дотор утсаар яриад байхаар нь чи хэнтэй яриад байгаа юм гэхэд шууд утсаа салгаж, дугаарыг нь устгасан. Бидний амьдрал ингэж л эхэлсэн. Ингээд бид хуримаа хийж С-н ажлын газрынхан болох сургуулийн багш нарыг цайлах гэж байхад С-н амьдарч байсан айлын хүн нь ирж надтай зодоон хийхэд С зугтаагаад явж байсан. С бид хоёрыг зах дээр явж байхад нөгөө амьдарч байсан айлын эхнэр, нөхөр хоёр намайг зодож, нөхөр нь С-г миний хоёр дахь гэргий гэж хэлээд над руу дайрч байсан. С-г ажил төрөл, хамт олны зугаалга, нийллэгэнд нь дурдтай үед нь явуулж байсан. С-н ажлын газрынханд би мал гаргаж өгдөг байсан. С-г амьдарч байсан айлын хүн нь намайг ална гэж занаад, С-г өдөр шөнөгүй утсаар дууддаг, бас Хөхморьт сумын нэг залуу утасдаад салдаггүй байсан. Би орой гэрлэсэн учир хоёр охиндоо хайртай, охидууддаа гар хүрч байгаагүй. Би эхнэртээ ч гэсэн хайртай байсан. Энэ мэтчилэнгийн маргаанаас болж би шөнө унтаж чадахгүй байсан. Энэ хүн өөрийн жаргалаа бодоод явсан учир хоёр охиноо өөрийн асрамжид авмаар байна. Хоёр хүүхэд энд сургууль, цэцэрлэгт сурч байхад гаргаж аваад явсан. Хотод сургууль, цэцэрлэгт сургасан юм байхгүй, гэр нь түгжээд үлдээдэг. Тэр дэнжийн мянгын гэсэн байранд нь хүүхэд амьдрах нөхцөлгүй газар байсан. Би өвөл идэш хүргэж өгөөд очиж үзээд хүүхдүүдээ өрөвдөөд уйлахад дуугүй бол гэж намайг загнаж байсан, гэтэл энэ хүний дүү нь бидний суулгахгүй гээд байдаг. С одоо Чухал амжилт гэдэг газарт ажиллахгүй байгаа. Өглөө 5 цагт босоод явдаг, хоёр хүүхэд түгжээтэй хаалганы цаана үлддэг. Бага охин 1-р ангид сурна, гэтэл хичээл сургуульд нь зөөх хүн байхгүй, ядаж бага охиноо авч Алтайд сургуульд оруулж өөрөө зөөж баймаар байна. Өнгөрсөн хугацаанд би энэ хүнийг зөндөө гуйсан.

Бидний салах шалтгаан болсон нь Алтай сум руу явж ирээд өөр хүнтэй унтсан талаараа ярьсан, түүнийг нь сонсоод уур хүрч гар хүрсэн. Гэтэл хээр дарж байгаад ам руу нь архи цутгасан гэж цагдаад өгсөн байсан. Үнэн учир нь хөдөө явж байгаад архи уумаар байна гэхээр нь дэлгүүрээс архи авч өгөхөд 2-3 залгилахаар нь би архийг нь аваад бөглөөд хээр шидсэн юм. Гэтэл шал өөр зүйл яриад ялан дээр чинь ял нэмнэ шүү гэж хэлэхэд нь их айсан. Ноднин сургуулиасаа охидууд авчирч унтаатах би дүнг нь аргалаад, чамайг хэрэгт хийхгүй гэж хэлдэг байсан. Би муудалцахдаа энэ бүхнийг нь хэлэхэд өдөр бүр дарамталдаг гэж чамайг цагдаад өгнө гэж хэлдэг. Одоо 20-30 сая төгрөгийн хэрэг байна гээд намайг хөдөөний мал гээд байдаг тул нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин хоёр хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.С, нь хариуцагч Г.Д холбогдуулан 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, охин Гэгээнээ, 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, охин М нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгө болох 339 толгой малнаас өөрт ногдох 8 толгой тэмээ, 8 толгой адуу, 9 толгой үхэр, 60 толгой хонь, 85 толгой ямаа нийт 170 толгой малны үнэнд 29.200.000 төгрөг, 27-54 ГАҮ улсын дугаартай, Бонго пронтер маркийн автомашинаас өөрт ногдох хэсэгт 5.000.000 төгрөгийг тус тус гаргуулах /хх-1, 23-24/,

хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч Д.С холбогдуулан 2011 оны 06 дугаар сарын 24-нд төрсөн, охин Гэгээнээ, 2014 оны 07 дугаар сарын 02-нд төрсөн, охин Маргад нарыг өөрийн асрамжид авахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага /хх-91/ тус тус гаргажээ.

Хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн тухайд

Г.Д, Д.С, нар зан заншлын дагуу 2010-08-09-ний өдөр хурим найраа хийсэн талаар тайлбарлаж байх боловч гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож, хамтын амьдралтай байх хугацаанд 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин Г, 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр охин М нар төрж, Г.Д-р овоглогдсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 0000520641 Г№209, 8201000234 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбараар нотлогдож байна.

Зохигчид хамт амьдрах хугацаандаа өөр хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ хүндэтгэдэггүй байдал, хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч Д.С-н бие эрх чөлөөнд халддаг талаар нэхэмжлэгч тайлбарлаж, нэхэмжлэгч Д.С гэр бүлээс гадуур өөр бусадтай харилцаа холбоо тогтоож гэр бүлийн маргаан гардаг талаар хариуцагч тус тус тайлбарласан.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019-08-01-ний өдрийн 2019/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцагч Г.Д-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна /хх-10-16/.

Ингэж хариуцагч Г.Д шүүхээс торгуулийн ял шийтгэл ногдуулсан нөхцөл байдлаас шалтгаалан зохигчид тусдаа амьдарч, тэдгээрийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Д.Г,  Д.М нар эх Д.С болон түүний хамаатан, төрөл садангийн хүмүүсийн асрамжид Улаанбаатар хот болон Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд байсан болохыг хариуцагч тайлбарлаж, нэхэмжлэгч үгүйсгэж няцаагаагүй.

Нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сараас хойш Улаанбаатар хотод амьдарч Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайт 36-р гудамж, 556А тоотод хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгэсэн талаар тайлбарлаж 2019-10-14-ний өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-118/ гэх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргасан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын асуултад хариулахдаа Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг Офицеруудын ордоны орчимд түрээсийн байранд амьдарч байгаа талаар тайлбарласан.

Уг хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгаа талаар зарлан мэдэгдэж, шүүх хуралдааны ирц, шүүх хуралдаанд оролцогч нарын биеийн байцаалтыг шалгахад нэхэмжлэгч Д.С, нь Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайт 36-р гудамж, 556А тоот хаягийн талаар мэдүүлсэн бөгөөд зохигчдын мэтгэлцээний явцад дээрх хаягийг бүртгэлтэй хаяг гээд Баянзүрх дүүрэгт түрээсийн байранд амьдарч байгаа талаар зөрүүтэй мэдүүлсэн.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан хэргийн материалаар нэхэмжлэгч Д.С, нь хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод ямар хаягт оршин сууж, амьдарч байгаа нь тодорхойгүй, түрээсийн байр нь ямар хугацаатай, нэхэмжлэгч ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авч байгаа болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Харин Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2019-11-08-ны өдрийн 157 дугаартай албан бичгээр Даваацэрэнгийн Гэгээнээ нь 2019-2020 оны хичээлийн жилд 3В ангид суралцаж байгааг /хх-116/,

Чингэлтэй дүүргийн 258 дугаар цэцэрлэгийн эрхлэгч 2019-11-01-ний өдрийн 38 дугаар албан бичгээр бэлтгэл Б бүлэгт Д.М шинээр элсэж хамрагдаж байгаа /хх-117/ болохыг тус тус тодорхойлсон байхад Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Г хүүхдээс 2019-11-04-ний өдөр саналыг авахад хотод сургуульд ороогүй, эндээс очихоор намайг сургуульд оруулна гэж хэлсэн талаар тайлбарласан /хх-102-103/.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй гэж, хуулийн 5.3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж,

мөн хуулийн 10.1-д хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах, хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчилгээнд хамруулах, хүүхдийн нэр төр, эрүүл мэнд, хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож, шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж, төлөвшихэд нь дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах үүрэг хүлээнэ гэж, хуулийн 10.2-т эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг дээрх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан.

Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, хүүхдийн эцэг эх тусдаа амьдарсан ч эцэг, эх байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах учир насанд хүрээгүй Д.Г,  Д.М нарыг эцэг Г.Д асрамжид үлдээж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хүүхдийн бие махбодь, оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдал, харилцаанд гарч байгаа ахиц өөрчлөлтийг хүүхдийн хөгжил гэж үзэх бөгөөд хүүхэд нь бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмших, төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших, оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэх, чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх, хөгжих эрхээ амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, хөгжлийн төв, ордонд суралцах зэрэг хэлбэрээр эрхээ эдэлнэ гэж заасан.

Мөн хариуцагч талын хүсэлтээр шүүгчийн 2019-11-12-ны өдрийн 133/ШЗ2019/01607 дугаар захирамжаар зохигчдын хүүхдүүдийн асрамжийн талаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн /хх-129-133/ байх бөгөөд шинжээчийн дүгнэлт 2020-06-18-ны өдөр шүүхэд ирсэн /хх-143-157/ байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн хүүхдүүдтэй шинжээчийн баг биечлэн уулзалт ярилцлага хийсэн байх бөгөөд хариуцагч Г.Д-г хүүхэддээ маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа, анхаарал зарцуулдаг бөгөөд хүүхдээ хүмүүжүүлэх нь энэ хүний хувьд гол ажил нь болсон байна. Хүүхдийнхээ ямар ч хэрэгцээг шүүмжлэлгүй хэт хангахаар тэмүүлдэг гэж /хх-146-147/, нэхэмжлэгч Д.С гэр бүл дэх үүргийн харилцаа, эхийн хүүхдэдээ хандах сэтгэл хөдлөлийн холбоо, хүүхдээс холдсон сэтгэл хөдлөлийн харилцаа, хүүхдэд хэт төвлөрөл зэрэг үзүүлэлт нь дунд зэргийн, сэтгэл гутрал, түгшүүр, зовнил, дасан зохицох чадвар, донтох эрсдэл байгаа эсэхийг тодорхойлоход түр зуурын нөхцөл байдлаас шалтгаалсан сэтгэлийн түгшүүр, бие хүний суурь түгшүүрийн түвшин дунд зэргийн амьдралын итгэл үнэмшил, дасан зохицох чадвар өндөр түвшинтэй гарсан гэж дүгнэсэн байна /хх-148-151/.

Тиймээс зохигчийн дундаас төрсөн насанд хүрээгүй гишүүд болох Д.Г,  Д.М нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах, өсөж торних, сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг буюу офицеруудын ордоны орчим түрээсийн байранд амьдарч, Чингэлтэй дүүрэг буюу 32-ын тойрог гэх газарт байрлах сургуульд очиж сурахад хүндрэлтэй, 2020-2021 оны хичээлийн жилд хаана аль сургуульд хамрагдах эсэх нь тодорхойгүй, 2014-07-02-ны өдөр төрсөн, охин Д.М нь 2020-2021 оны хичээлийн жилд 1-р ангид суралцахаар байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.С, хоёр ажил эрхэлдэг талаар шүүх хуралдаанд тайлбарлаж, цаашид хүүхдүүдийг сургуульд суралцах боломж нөхцөлийг хангах үүргийг 2020 оны 10-р сард цэргээс халагдаж ирэх дүүгээрээ хийлгэнэ гэж тайлбарлаж байх боловч Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийг тэжээн тэтгэх, өсгөж хүмүүжүүлэх, асран хамгаалах үүрэг зөвхөн хүүхдийн эцэг, эхэд байдаг тул нэхэмжлэгч Д.С хүүхдүүдийг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхэлж байгааг нотлохоор гаргасан Чухал амжилт ХХК-ийн ерөнхий захирал Н.А-н 2019-10-16-ны өдрийн 03/120 дугаартай тушаалд Д.С 2019-10-11-ний өдрөөс туршилтын 1 сарын хугацаатай ажилд томилж, үндсэн цалинг 1.000.000 гэж тодорхойлсон /хх-142/ байхад 2019-12-18-ны өдрийн 30 дугаартай захирал М.Э-О-н тодорхойлолтод Д.С, нь Косо салбарын тогоочийн багшийн албан тушаалд 1.200.000 төгрөгийн цалинтай 2019 оны 10-р сараас эхлэн ажиллаж айгаа /хх-141/ талаар тодорхойлсон байх боловч нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг дээрх байгууллагад үндсэн ажилтанаар томилсон, дээрх тодорхойлолтод заасан цалин хөлс авдаг эсэхийг нотлох нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Эцэг, эх, үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг тул хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хөгжих эрхээ хэрэгжүүлэхээр амралт, чөлөөт цагаараа тоглож наадах, хүүхдийн зуслан, сувилалд амарч сувилуулах, өөрийн хүсэл сонирхлын дагуу уралдаан тэмцээн, хөгжлийн хөтөлбөр, дугуйлан секц, бүлэг, клубт хамрагдах, суралцах зэрэг өөр бусад асуудал болон нэмэлт зардлын талаар хариуцагч нь нэхэмжлэл гаргах эрхтэй.

Харин нэхэмжлэгч Д.С, нь хүүхдийн амьдрах, сурч боловсрох, хөгжих эрхээ хэрэгжүүлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсний дараа хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах шаардлагын тухайд

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана гэж заасан тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дэмжсэн хамт амьдрах хугацаанд өсөж үржсэн 339 толгой малнаас өөрт ногдох 170 толгой малны үнэнд 29.200.000 төгрөг, цалингийн зээлээр авч бусдад худалдсан 27-54 ГАҮ улсын дугаартай автомашинаас өөрт ногдох 5.000.000 төгрөгийг тус тус шаардсан шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч хамтын амьдралтай байх хугацаанд өөрийн 40 толгой бог малыг хариуцагчийн малд нийлүүлсэн тул 2018 оны жилийн эцсийн мал тооллогын 339 толгой малнаас өөрт ногдох 8 толгой тэмээ, 8 толгой адуу, 9 толгой үхэр, 60 толгой хонь, 85 толгой ямаа, нийт 170 толгой малны үнэнд 29.200.000 төгрөгийг,

өөрийн цалингийн зээлээр 27-54 ГАҮ улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашин худалдан авсан тул уг автомашинаас өөрт ногдох хэсэгт 5.000.000 төгрөгийг тус тус хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон дундын хөрөнгө гэж шаардсан.

Үүнийг хариуцагч Г.Д би малчин, миний маланд Д.С 32 толгой бог мал болох хонь, ямаа 2013 оны 6-р сард нийлүүлсэн, хамт амьдарч байх хугацаандаа 27-54 ГАҮ улсын дугаартай автомашиныг Б.Н-д зарж, мөнгийг нь цувуулан авч хэрэглэж дуусгасан талаар тайлбарлаж, зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал, гэрлэгчдээс төлбөр гаргуулахад тэдгээрийн хуваарьт эд хөрөнгө хүрэлцэхгүй бол, гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал, гэр бүлийн гишүүн нас барснаар өв нээгдсэн тохиолдолд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох зохицуулалт нь гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж, баталгаажуулсан гэрлэгчид хамаарах зохицуулалт.

Харин хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон дундын хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах маргааныг шүүх тодорхой этгээдүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 108, 119 дүгээр зүйлд заасан зохицуулалтаар шийдвэрлэх учиртай.

Нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох 27-54 ГАҮ улсын дугаартай автомашиныг хамтын амьдралтай байх хугацаандаа иргэн Б.Н-д худалдсан болох нь зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2019-09-19-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагад хавсаргаж ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа гэх баримтаар 27-54ГАҮ улсын дугаартай автомашины өмчлөгч нь Г.Д гэж бүртгэгдсэн байна /хх-83/.

Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн өнөөдөр буюу 2020-08-14-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгчийн гэрчээр Б.Н-н оролцуулах тухай хүсэлтэд хавсаргаж ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа баримтаар 27-54 ГАҮ улсын дугаартай автомашины өмчлөгч нь Б.Н гэж бүртгэгдсэн байна /хх-233/.

Дээрх үйл баримтаар зохигчийн дундын хөрөнгө гэх 27-54 ГАҮ улсын дугаартай автомашин нь гуравдагч этгээдийн буюу шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Нямгэрэлийн өмчлөлд шилжиж бүртгэгдсэн байх тул гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн хөдлөх хөрөнгийг зохигчийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл хамтран өмчлөх дундын хөрөнгийг зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн үйл баримтын талаар нэхэмжлэгч шаардлага гаргаснаар, эсхүл тухайн хөдлөх хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд буцаан шилжсэний дараа хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон дундын эд хөрөнгө хэрхэн нийлж холилдсон асуудал хэлэлцэгдэх учиртай. Иймд гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн хөдлөх хөрөнгийг зохигчдын хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй тул 27-54 ГАҮ улсын дугаартай Бонго пронтер маркийн автомашинаас ногдох хэсэгт 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.С, өөрийн өмчлөлийн 40 толгой бог малыг хариуцагчийн малд нийлүүлсэн талаар тайлбарлаж, хариуцагч нь 32 толгой бог мал 2013 оны 6-р сард өөрийн малд нийлүүлсэн талаар тус тус тайлбарласан.

Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд тайлбар, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтаар гаргасан Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн лавлагаанд хариуцагч Г.Д 5 хошуу мал болох тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа нь нийт 280 толгой гэж 2013 онд тоологдсон байна /хх-31/.

Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т ...бий болсон эд хөрөнгийг өмчлөх эрхийн талаар маргаан гарвал эд хөрөнгө нийлэх, холилдохоос өмнө гол, эсхүл ихэнх хэсгийг өмчилж байсан этгээд шинээр бий болсон эд хөрөнгийн өмчлөгч байх бөгөөд нөгөө этгээд өөрт учирсан хохирлыг арилгуулах эрхтэй боловч эд хөрөнгийг анхны байдалд буцаан оруулахыг шаардах эрхгүй гэж заасан.

Зохигчийн хэрэгт нотлох баримтаар гаргасан хариуцагч Г.Д мал тооллогын талаарх баримтаас үзэхэд

2013 онд адуу-5, тэмээ-15, үхэр-5, хонь-125, ямаа-130,

2014 онд адуу-11, тэмээ-15, үхэр-6, хонь-125, ямаа-135,

2015 онд адуу-10, тэмээ-13, үхэр-4, хонь-110, ямаа-100

2016 онд адуу-15, тэмээ-15, үхэр-15, хонь-1205, ямаа-110,

2017 онд адуу-17, тэмээ-15, үхэр-17, хонь-130, ямаа-170,

2018 онд адуу-17, тэмээ-15, үхэр-17, хонь-120, ямаа-170,

2019 оны эхний хагас жилд адуу-5, тэмээ-0, үхэр-5, хонь-50, ямаа-80 гэж тус тус тоологдсон байна /хх-31-44, 46-56, 59-69, 193, 216-231/.

Дээрх мал тооллогын баримтаар хариуцагч Г.Д нэр дээр 5 хошуу мал тоологдсон байх бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчийн малд нийлүүлсэн мал нь бог буюу хонь, ямаа болохыг зохигчид тайлбарлаж, нэхэмжлэгч маргаагүй тул Д.С, нь хариуцагч Г.Д нэр дээр тоологдсон адуу, үхэр, тэмээ зэрэг малнаас ногдох хэсгийг шаардах эрхгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн өмчлөлийн хонь, ямааг 2013 оны 6-р сард нийлүүлснээс хойш хонь, ямааны тоо толгой өссөн дүнгүй, Д.С нийлүүлсэн хонь, ямаа нь хичнээн болох нь, хэд хичнээн үржиж өссөн, хорогдсон болох нь тодорхойгүй, хамт амьдрах хугацаанд дээрх малнаас хүнсэндээ хэрэглэж байсан талаар зохигчид тайлбарлаж, 2019 оны 7 дугаар сараас тусдаа амьдарсан байна.

Иймд 2019 оны хагас жилийн мал тооллогын бүртгэлийг үндэслэн, нэхэмжлэгч зөвхөн өөрт ногдох хэсгийг шаардсан тул 12 ширхэг хонь, 20 ширхэг ямааг хариуцагч Г.Д гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх ба 2019 оны хагас жилийн мал тооллогоор ямаа нь 40 төл, 40 ширхэг нь 2 настай эм ямаа гэж тоологдсон байна.

Нэхэмжлэгч тал 2019-09-19-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа эр, эм хонийг 150.000 төгрөгөөр, эм ямааг 80.000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд хариуцагч уг үнэлгээг үгүйсгэж няцаасан талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаагүй, нэхэмжлэгч өөрт ногдох малыг мөнгөөр тооцож гаргуулахаар шаардсан тул 12 ширхэг хонины үнэнд 1.800.000 төгрөг, 20 ширхэг эм ямааны үнэнд 1.600.000 төгрөг, нийт 32 толгой хонь, ямааны үнэнд 3.400.000 төгрөгийг хариуцагч Г.Д гаргуулж нэхэмжлэгч Д.С олгохоор шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 51.564+70.200+258.750+70.200=450.714 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

үндсэн нэхэмжлэлийн хангасан 3.400.000 төгрөгийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 69.350 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг нэхэмжлэлийн хангасан шаардлага болох Д.Г,  Д.М нарыг эцгийн асрамжид үлдээсэн нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Д.Г, Д.М нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн Д.С нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан Д.Г, Д.М нарыг эцэг Г.Д-н асрамжид үлдээсүгэй.

3. Хариуцагч Г.Д нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг,

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар Д.Г,  Д.М нарт тэтгэлэг тогтоолгох, хүүхдүүдийн хэрэгцээнд гарсан нэмэлт зардлын талаар Д.С холбогдуулан нэхэмжлэл гаргах,

Д.С, нь хүүхдүүдийн асрамжийг өөрчлүүлэхээр Г.Д холбогдуулан тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Д.С, хариуцагч Г.Д нарт үүрэг болгосугай.

5. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 108.8, 119 дүгээр зүйлийн 119.3-т заасныг баримтлан хариуцагч Г.Д-с 32 толгой хонь, ямааны үнэнд 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138 толгой малны үнэнд шаардсан 25.800.000 төгрөгийг, 27-54 ГАҮ улсын дугаартай автомашины ногдох хэсэгт шаардсан 5.000.000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С урьдчилан төлсөн 450.714 төгрөгийг, хариуцагч Г.Д сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

үндсэн нэхэмжлэлийн хангасан шаардлага 3.400.000 төгрөгт ногдох 69.350 /жаран есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг хариуцагч Г.Д гаргуулж нэхэмжлэгч Д.С-т,

сөрөг нэхэмжлэлийн хангасан шаардлага Д.Г, Д.М нарыг эцгийн асрамжид үлдээсэн шаардлагад ногдох 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Д.С гаргуулж хариуцагч Г.Д тус тус олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ