Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 215/МА2020/00032

 

                                   

Д.С-ийн нэхэмжлэлтэй

                                       иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2020/00577 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч- Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, Яргайтын 36-р гудамж, 556А тоотод оршин суух, Л овогт Д.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч- Говь-Алтай аймгийн Жаргалан сум, 1-р баг, Бүрэн гэх газарт оршин суух, Б овогт Г.Д-д холбогдох,

 

Охин Д.Г, Д.М нарыг өөрийн асрамжид авч, хүүхдүүдэд тэтгэлэг тогтоолгох, 27-54 ГАҮ улсын дугаартай автомашинаас ногдох 5.000.000 төгрөг гаргуулах, тэмээ 8, адуу 8, үхэр 9, хонь 60, ямаа 85, нийт 170 толгой малны үнэнд 29.200.000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

охин Д.Г, Д.М нарыг өөрийн асрамжинд авахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Г.Д, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.       

 

Нэхэмжлэгч 2019-09-06-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Д-тэй 2010 онд албан ёсоор гэр бүл болж, түүнээс хойш гэрлэлтээ бүртгүүлэх талаар удаа дараа ярьж байсан ч бүртгүүлэхгүй явсаар өдийг хүрсэн. Бидний дундаас 2011 онд охин Д.Г, 2014 онд охин Д.М нар төрсөн. Г.Д нь намайг удаа дараа зодож ажил хийлгэхгүй, хэл амаар доромжилж сэтгэл санааны дарамтад байлгасаар ирсэн. Эцэстээ 2019 оны 5 сард гурван өдөр дараалан зодож 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 84 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн. Энэ мэтчилэн миний эрх, эрх чөлөө болоод хүүхдүүдийн маань оюун санаа хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байдалтай байна. Миний бие махбодь болоод сэтгэл зүй маш их дарамтад байгаа бөгөөд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй болсон тул охин Д.Г, Д.М нарыг өөрийн асрамжид авч, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэжээ /хх-1/.

2019-09-19-ний өдөр гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Г.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар нэмэгдүүлж байна. 2010 онд Г.Д-тэй хуримаа хийж гэр бүл болохдоо 40 толгой бог малтай очсон. 2010 оны мал тоологоор манай гэр бүл 57 тооны мал тоолуулсан бөгөөд 2010-2018 оны хооронд бидний 57 тооны мал 339 толгой мал болтлоо өссөн. Уг мал нь бидний хамтын хөдөлмөр хичээл зүтгэлийн хүрээнд бий болсон хөрөнгө учраас 339 толгой малнаас өөрт ногдох 29.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 170 толгой малыг гаргуулж өгнө үү. Үүнд тэмээ 2017 оны төл буюу ботго 2х250.000=500.000 төгрөг, 2 настай эр тором 1х400.000 төгрөг, 3 настай эр шилбэ 1х550.000 төгрөг, 4 настай эр тайлаг 1х750.000 төгрөг, нас гүйцсэн ат 1х1.000.000 төгрөг, нас гүйцсэн ингэ 2х1.600.000 төгрөг нийт 8 толгой тэмээ 4.800.000 төгрөг,

Адуу унага эр 1х250.000 төгрөг, даага эр 1х350.000 төгрөг, шүдлэн эр 1х500.000 төгрөг, хязаалан эр 1х650.000 төгрөг, эм 1х600.000 төгрөг, соёолон эм 3х700.000 төгрөг=2.100.000 төгрөг, нийт 8 толгой адуу 4.450.000 төгрөг,

Үхэр тугал эр 1х250.000 төгрөг, бяруу эр 1х450.000 төгрөг, шүдлэн эр 1х650.000 төгрөг, эм 1х650.000 төгрөг, хязаалан эр 2х850.000 төгрөг, эм 3х800.000 төгрөг=2.400.000 төгрөг, нийт 9 толгой үхэр 6.100.000 төгрөг,

Хонь төлөг эр 5х80.000төгрөг =400.000 төгрөг, эм 5х80.000 төгрөг=400.000 төгрөг, нас гүйцсэн хонь эр 20х150.000 төгрөг=3.000.000 төгрөг, эм 30х150.000 төгрөг =3.000.000 төгрөг, нийт 60 толгой хонь 6.800.000 төгрөг,

Ямаа борлон эр 15х60.000=900.000 төгрөг, эм 10х60.000=600.000 төгрөг, нас гүйцсэн ямаа эр 25х110,000=2.750.000 төгрөг, эм 35х80.000 төгрөг=2.800.000 төгрөг нийт 85 толгой ямаа 7.050.000 төгрөг, нийт 170 толгой мал 29.200.000 төгрөгөөр үнэлж байна.

Бид 2015 онд ачааны автомашин авахаар 8.700.000 төгрөгийн цалингийн зээл авч Бонго пронтер маркийн автомашиныг 13.500.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд цалингийн зээлээ би өөрөө төлж барагдуулсан. Уг автомашин нь одоо нөхөр Г.Д-гийн нэр дээр байдаг тул энэ машиныг 10.000.000 төгрөгөөр үнэлж өөрт ногдох 5.000.000 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Иймд дээрх хөрөнгийг хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон дундын өмч хөрөнгө болохыг тогтоож, надад ногдох хэсгүүдийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ /хх-23-24/.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Говь-Алтай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвд тогоочийн багшаар 13 дахь жилдээ ажиллахдаа хоёр удаа тэтгэмжийн мөнгө авсан, цалингийн зээл авсан. Эхлээд хүний ганц хүүтэй суусан гээд ая талыг нь хараад аль болох амьдралаа бүрэн бүтэн болгоё гээд хичээсэн боловч миний хэлсэн үгэнд итгэдэггүй. Сум руу ажлаар яваад ирэх болгонд тэгж банзалдсан гээд хэл амаар доромжилж, сургуулиас зохион байгуулж байгаа сургалтад тэр бүр явах эрхгүй байсан. Би нүүрээ будаагүй бол нүүр чинь будаггүй байна, шинэ хувцас авсан бол хаанаас авсан гээд бүх зүйлээ энэ хүнд хэлдэг байдалтай явсаар өдийг хүрсэн. Би эхнэр нь учир бүх л зүйлийг зохицуулаад явж байхад бүх мөнгөнд тооцоо хийдэг. Сүүлийн үед аргаа бараад хамт амьдрахаас аймаар, дүү нь надтай хамт нэг байгууллагад ажиллаж байхад харьцуулалт хийдэг, би албан байгууллагын нийллэгэнд 9-10 цаг хүртэл сууж үзээгүй. Би хөдөө явлаа чи миний хувцсыг бэлд гэхээр нь би гүйж очиж хувцсыг нь бэлдээд буцаад очдог. Сүүлийн үед камертай болсон гарч ороход хэцүү байсан. Би ажил хийхээ болъё, чи ажил хий гэж хэлдэг. Би зуны гурван сар хөдөө байхад надад маш амар байсан. Намайг жирэмсэн байхад миний хамар амнаас цус гартал намайг зодож байсан. Орилохоор ам бариад авдаг. 2018 оны 05 дугаар сарын 24-нд Алтай сум руу ажлаар яваад 10 хоноод ирсэн. Тэгэхэд намайг бүтэн 3 өдөр дараалан зодсон тул би эрүү шүүлтэнд ороод байсан тул цагдаад өгөхгүй бол аминд хүрэх аюултай байна гэж бодсон. Тийм аймаар байдалд хүргэчихээд байнгын хэл амаар доромжилно. Миний хувьд гэртээ хүүхэд гаргасан нь үнэн. Би нэг хүүхэд гаргасан нөхөргүй, гэнэт явж байгаад энэ хүнтэй суугаад ийм аймаар байдаг юм байх гэж бодоод эхний хэдэн жил хэнд ч хэлэлгүй тэвчсэн.

 

Бидний амьдарч байсан нэг өрөө байр бидний нэр дээр байхгүй. Бид хоёр тохирч байгаад тавилгуудаа авч байсан. Тиймээс хоёр охиндоо тэтгэмж төлүүлэх, малаа малаар нь авахгүй. Наад хүн чинь надаас салсан цагаас эхлээд малаа зарсан. Ноолуурын мөнгөө өөрөө авсан, протер маркийн машиныг төрсөн дүүгийнх нь хүүхдэд зарсан гэж байгаа. 2019 оны 09 дүгээр сард тухайн машиныг зараагүй байсан. 10 дугаар сард мөн зараагүй байсан. Тухайн үед мөнгө төгрөгийг нь бэлэн аваагүй. Зун ноолуур гарахаар авъя гэж ярьж байсан. Хамт амьдарч байхдаа 8 сая төгрөгөөр зараад 8 сая төгрөгийг авч идсэн гэж байсан. Тухайн үед надад тийм зүйл байхгүй. 2018 оны 06 дугаар сард Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд очоод 15 хоноход энэ надаас салаад явчихлаа гээд ганц ч яриагүй. Өөрөө хотод очоод зугаалаад хамраа засуулж янзлуулаад явж байсан. Дараа нь хоёр охинтой уулзуулахгүй байна гэхээр нь уулзуулаад хамт амьдаръя гэхэд тэр зан нь засраагүй. Хардаад уулзах бүртээ байнгын утас шалгана, тэгээд энэ хүний зан засрахгүй юм байна гэдгийг ойлгосон учраас би хамт амьдрахыг хүсэхгүй байна.

Малынхаа тоог бэлэн мөнгөөр гаргуулж авна. Хоёр хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, зарагдсан пронтер машины 5 сая төгрөг, 2019 оны жилийн эцсийн мал тооллогын 339 толгой малыг зах зээлийн ханшид үржүүлж 29.200.000 төгрөг нэхэмжилж байна. 170 толгой бог малын үнэнэд 29.200.000 төгрөгийг бэлэн мөнгөөр нь авна. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлэн гаргасан шаардлагыг дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч 2019-10-11-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оноос өдийг хүртэл хугацаанд Д.С-тэй амьдарч охин Д.Г, Д.М нар төрсөн. Манай эхнэр Д.С нь хуримаа хийгээд маргаашнаас нь эхлээд өөр хүнтэй утсаар ярьдаг байсан. Тэгээд би сална гээд гэрийнх нь гадаа буулгаж байсан. Тэгэхэд уйлаад дахин ийм зүйл гаргахгүй гэж гуйгаад ирж байсан. Энэ талаар ярихад уурлаад миний үгэнд ордоггүй. Намайг 2 залуу утсаар ярьж дарамталдаг байсан. Энэ хоёр залуугийн нэг нь надаас өмнө Д.С-тэй хамт амьдарч байсан хүн байсан. Хамтран амьдрах хугацаанд бидний хооронд энэ байдлаас болж хэрүүл маргаан гардаг байсан. Түүнээс би архи ууж ар гэртээ агсам согтуу тавьж үзээгүй. Бидний хооронд гарсан хэрүүлээс болж манай эхнэр намайг зайл гэж хөөж хүүхдүүдтэй минь уулзуулахгүй хүүхдүүдэд намайг буруугаар ойлгуулж хүүхдүүдийг минь миний эсрэг өсгөж байгаа. Миний хүүхдүүд эхэндээ уулзахад намайг маш их санасан уйлаад юм ярьж чадахгүй байдаг байсан. Одоо болохоор зугтаад байдаг болсон. Манай эхнэр надаас салаад Солонгос улс руу 5 жилийн гэрээгээр явахаар материалаа бүрдүүлсэн гэж найз нь ярьж байгаа. Иймд миний бие хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авах хүсэлттэй байна. Манай эхнэр хоёр охиныг минь аваад ч хойшид өсгөөд явж чадахгүй, би хоёр охиноо хойт аавын гар харуулан амьдруулж чадахгүй. Д.С нь надтай сууж хуримаа хийгээд 2013 онд 32 бог малтай ирж байсан. Хөдөө нэг удаа хонинд явж үзээгүй байж надаас ичихгүй олон мал нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Машины тухайд бид хоёр уг машиныг 2018 онд 8.000.000 төгрөгөөр зараад тухайн үедээ хамт амьдарч байхдаа мөнгийг нь үрээд дуусгасан, энэ талаар машин авсан хүнийг шүүх хуралд гэрчээр оролцуулах болно гэжээ /хх-90/.

Хариуцагч 2019-10-22-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие 2010 онд Д.С-тэй хуримаа хийж хамтран амьдарч эхэлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2011 онд охин Д.Г, 2014 онд Д.М нар төрсөн. Манай эхнэр Д.С нь 2019 оны 5-р сарын 24-25-ны хооронд ажлаар Алтай сум явж ирээд өөр хүнтэй унтсан талаараа надад ярьсан. Үүнээс үүдэн гэр дотор хэрүүл маргаан гарах болж, намайг хэлэх хэлэхгүйгээр хэлж, хоёр охинтой минь уулзуулахгүй, зугтаалган, салах шалтгаанаа үүнтэй холбон хэрүүл хийж хоёр охиныг минь цэцэрлэг, сургуулиас нь гаргаж Улаанбаатар хот явсан байгаа. Д.С өөрөө Солонгос улс руу явна гэж ажлаасаа гараад УБ хотод очсон, одоо хаана амьдарч байгаа, хоёр охиныг минь ямар цэцэрлэг сургуульд өгсөн талаар чамд хамаагүй гээд хэлдэггүй. Надтай хоёр охиныг минь уулзуулахгүй гэж ярих болсон. Бид тус тусдаа амьдарсан ч гэсэн миний бие хоёр охиноо өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Манай эхнэр одоо надаас салаад өөр хүнтэй амьдраад явна, тиймээс хоёр охиноо хойт эцгийн гар харуулж амьдруулмааргүй байна гэжээ /хх-91/.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С нь худал яриад байна. Бид 2010 онд хуримаа хийсэн, ингэж хурим хийхээр юмаа бэлдэж эхэлсэн үеэс л ер нь аймаар байсан. Би энэ хүнтэй танилцаад 1 сар болоод суусан. Хурим болохоос 10 гаруй хоногийн өмнө хот руу яваад 4 хоног утсаа унтраагаад алга болсон. Гэтэл ирэхдээ 4 хоног хүнтэй унтаж байгаад ирсэн дахиж тэгэхгүй гээд уйлаад ирж байсан. Хуримаа хийсний маргааш нь машин дотор утсаар яриад байхаар нь чи хэнтэй яриад байгаа юм гэхэд шууд утсаа салгаж, дугаарыг нь устгасан. Бидний амьдрал ингэж л эхэлсэн. Ингээд бид хуримаа хийж Д.С-ийн ажлын газрынхан болох сургуулийн багш нарыг цайлах гэж байхад Д.С-ийн амьдарч байсан айлын хүн нь ирж надтай зодоон хийхэд Д.С зугтаагаад явж байсан. Д.С бид хоёрыг зах дээр явж байхад нөгөө амьдарч байсан айлын эхнэр, нөхөр хоёр намайг зодож, нөхөр нь Д.С-ийг миний хоёр дахь гэргий гэж хэлээд над руу дайрч байсан. Д.С-ийг ажил төрөл, хамт олны зугаалга, нийллэгэнд нь дуртай үед нь явуулж байсан. Д.С-ийн ажлын газрынханд би мал гаргаж өгдөг байсан. Д.С-ийн амьдарч байсан айлын хүн нь намайг ална гэж занаад, Д.С-ийг өдөр шөнөгүй утсаар дууддаг, бас Хөхморьт сумын нэг залуу утасдаад салдаггүй байсан. Би орой гэрлэсэн учир хоёр охиндоо хайртай, охидууддаа гар хүрч байгаагүй. Би эхнэртээ ч гэсэн хайртай байсан. Энэ мэтчилэнгийн маргаанаас болж би шөнө унтаж чадахгүй байсан. Энэ хүн өөрийн жаргалаа бодоод явсан учир хоёр охиноо өөрийн асрамжид авмаар байна. Хоёр хүүхэд энд сургууль, цэцэрлэгт сурч байхад гаргаж аваад явсан. Хотод сургууль, цэцэрлэгт сургасан юм байхгүй, гэрт нь түгжээд үлдээдэг. Тэр Дэнжийн мянгын гэсэн байранд нь хүүхэд амьдрах нөхцөлгүй газар байсан. Би өвөл идэш хүргэж өгөөд очиж үзээд хүүхдүүдээ өрөвдөөд уйлахад дуугүй бол гэж намайг загнаж байсан, гэтэл энэ хүний дүү нь биднийг суулгахгүй гээд байдаг. Д.С одоо “Чухал амжилт” гэдэг газарт ажиллахгүй байгаа. Өглөө 5 цагт босоод явдаг, хоёр хүүхэд түгжээтэй хаалганы цаана үлддэг. Бага охин 1-р ангид сурна, гэтэл хичээл сургуульд нь зөөх хүн байхгүй, ядаж бага охиноо авч Алтайд сургуульд оруулж өөрөө зөөж баймаар байна. Өнгөрсөн хугацаанд би энэ хүнийг зөндөө гуйсан.

Бидний салах шалтгаан болсон нь Алтай сум руу явж ирээд өөр хүнтэй унтсан талаараа ярьсан, түүнийг нь сонсоод уур хүрч гар хүрсэн. Гэтэл хээр дарж байгаад ам руу нь архи цутгасан гэж цагдаад өгсөн байсан. Үнэн учир нь хөдөө явж байгаад архи уумаар байна гэхээр нь дэлгүүрээс архи авч өгөхөд 2-3 залгилахаар нь би архийг нь аваад бөглөөд хээр шидсэн юм. Гэтэл шал өөр зүйл яриад ял дээр чинь ял нэмнэ шүү гэж хэлэхэд нь их айсан. Ноднин сургуулиасаа охидууд авчирч унтаатах би дүнг нь аргалаад, чамайг хэрэгт хийхгүй гэж хэлдэг байсан. Би муудалцахдаа энэ бүхнийг нь хэлэхэд өдөр бүр дарамталдаг гэж чамайг цагдаад өгнө гэж хэлдэг. Одоо 20-30 сая төгрөгийн хэрэг байна гээд намайг хөдөөний мал гээд байдаг тул нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Харин хоёр хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, охин Д.Г, 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, охин Д.М нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн Д.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, охин Д.Г, 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, охин Д.М нарыг эцэг Б овогт Г.Д /ДЖ75082038/-н асрамжид үлдээж, хариуцагч Г.Д нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар Д.Г, Д.М нарт тэтгэлэг тогтоолгох, хүүхдүүдийн хэрэгцээнд гарсан нэмэлт зардлын талаар Д.С-т холбогдуулан нэхэмжлэл гаргах, Д.С нь хүүхдүүдийн асрамжийг өөрчлүүлэхээр Г.Д-д холбогдуулан тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Д.С, хариуцагч Г.Д нарт үүрэг болгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5, 108.8, 119 дүгээр зүйлийн 119.3-т заасныг баримтлан хариуцагч Б овогт Г. Д /ДЖ75082038/-ээс 32 толгой хонь, ямааны үнэнд 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л овогт Д.С /ДЛ83062002/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 138 толгой малны үнэнд шаардсан 25.800.000 төгрөгийг, 27-54 ГАҮ улсын дугаартай автомашины ногдох хэсэгт шаардсан 5.000.000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С-ээс урьдчилан төлсөн 450.714 төгрөгийг, хариуцагч Г.Д-гээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, үндсэн нэхэмжлэлийн хангасан шаардлага 3.400.000 төгрөгт ногдох 69.350 /жаран есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг хариуцагч Г.Д-гээс гаргуулж нэхэмжлэгч Д.С-т, сөрөг нэхэмжлэлийн хангасан шаардлага Д.Г, Д.М нарыг эцгийн асрамжид үлдээсэн шаардлагад ногдох 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Д.С-ээс гаргуулж хариуцагч Г.Д-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2020/00577 дугаар шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.Охин Д.Г, Д.М нарыг өөрийн асрамжид авч, эцэг Г.Д-гээс тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Д.С, хариуцагч Г.Д нар нь анх 2010 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болж, хурим найраа хийсэн бөгөөд түүнээс хойш 9 жилийн хугацаанд хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2011 оны 06 дугаар сарын 24-нд охин Д.Г, 2014 оны 07 дугаар сарын 02-нд охин Д.М нар төрсөн. Хариуцагч Г.Д нь 2019 оны 05 дугаар сард Д.С-ийг 3 өдөр дамнуулан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Г.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд торгуулийн ял оногдуулсан. Үүнээс хойш Д.С нөхрийн дарамт шахалт, харгис хэрцгий байдлаас өөрийгөө болон 3 хүүхдээ хамгаалах үүднээс Улаанбаатар хот руу шилжин тусдаа амьдарч байгаа бөгөөд одоо хүүхдүүд нь эх Д.С-ийн асрамжинд охин Д.Г нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуульд, охин Д.М нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн 258 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт тус тус суралцуулж айх аюулгүй, дутагдах зүйлгүй, амар амгалан байгаа. Харин нэхэмжлэгч Д.С нь өөрийн мэргэжлээрээ “Чухал амжилт” сургалтын төвд тогоочийн багшийн ажил эрхэлж, үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөж, хүмүүжүүлж байгаа. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Д.С нь үр хүүхдээ улсын сургууль, цэцэрлэгт өөрсдийн боломж нөхцөлөөр хамруулж, тэднийхээ төлөө ажиллаж, хөдөлмөрлөж байгаа болох нь хэрэгт авагдсан тодорхойлолт, ажилд томилсон тушаал, хүүхдүүдийн санал зэргээс тодорхой харагдаж байхад амьдралынхаа төлөө хичээл зүтгэл гаргадаггүй, үр хүүхдэдээ ямар нэгэн байдлаар санаа зовдоггүй, тэдэнтэй тогтмол уулздаггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, тусдаа амьдарснаас хойш хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон хөрөнгөө зарж үрсэн, өрх гэрээ авч явж чадахгүй байгаа эцэг Г.Д-гийн асрамжид охидуудыг нь үлдээж шийдвэрлэсэн нь бодит үнэнд огт нийцэхгүй шийдвэр болсон байна. Нэхэмжлэгч Д.С нь 2019 оны 05 дугаар сараас хойш нөхөр Г.Д-гээс хүүхдүүдийн хамт тусдаа амьдарсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүүхдүүддээ асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тусдаа амьдарч эхлэх үед байсан дундын хөрөнгөөсөө өөрт ноогдох хэсгүүдээ гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Уг хэрэг нь нэхэмжлэл анх гаргаснаас хойш бүтэн нэг жилийн хугацааны дараа шийдэгдэж байгаа бөгөөд анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг огт харгалзан үзэлгүйгээр хэтэрхий нэг талыг баримталсан үндэслэлгүй шийдвэрийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг хүлээн авахгүй хэрнээ, хариуцагчийн гаргасан худал, үнэн эсэх нь эргэлзээтэй тайлбарыг хүлээн авч шийдвэрийн үндэслэл болгон иш татан хэрэглэж байгаа нь хөндлөнгөөс тус шүүхийн шийдвэрийг гаргахад нөлөөлсөн байна гэж үзэж байна.

Мөн гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын гаргасан дүгнэлтэд охин Д.Г, Д.М нараас аав Г.Д рүү чиглэсэн мэдрэмж болон аав Г.Д-гээс охидруугаа чиглэсэн мэдрэмж бүгд сөрөг хандлагатай гэсэн байгаа бөгөөд энэхүү дүгнэлтээс охидууддаа Г.Д нь төдийлөн анхаарал халамж тавьдаггүй, охидууд цаашид аавынхаа асрамжид амьдрахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй, мөн охидуудыг ээж гэх хүн нь байсаар байхад тогтмол уулзаж, анхаарал халамж тавьдаггүй эцэг гэх Г.Д-гийн асрамжид үлдээж байгаа нь утгагүй зүйл юм. Г.Д нь охидуудаа эрүүл аюулгүй ямар орчинд амьдруулах, өсгөж торниулах, сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх нөхцөлийг огт бүрдүүлээгүй, мал хөрөнгөгүй, эрхэлсэн тодорхой ажил төрөлгүй гэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх огт харгалзан үзээгүй байна. Тийм учраас Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2020/00577 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Д.Г, Д.М нарыг Г.С-ийн асрамжид үлдээж, эцэг Г.Д-гээс охин Д.Г, Д.М нарт хуульд заасан журмын дагуу тэтгэлэг тогтоож, Г.Д-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Дундын хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Монгол Улсын Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт: “...Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн...” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч Г.Д, Д.С нар нь 2010 онд гэр бүл болохдоо жилийн эцсийн мал тооллогоор 57 толгой мал тоолуулсан бөгөөд үүнээс 40 толгой мал нь Д.С-ийн мал бөгөөд хариуцагч Г.Д нь уг малыг нэмэгдсэн талаар шүүхэд гаргасан тайлбартаа 32 мал ирсэн гэж дурдсан, мал нийлүүлсэн талаар хариуцагч тал огт маргаагүй байгаа. Гэвч Г.Д нь 2013 оны 06 сард хонь, ямаа нийлүүлсэн гэх боловч 2010, 2013 онд Г.Д-гийн малыг нийлүүлсэн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, зөвхөн хариуцагч тайлбарлаж байхад анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. 2013 онд Д.С-ийн малыг нийлүүлсэн байлаа гэхэд 2013 оноос хойш 2019 оныг хүртэл 6 жилийн хугацаанд Д.С-ийн нийлүүлсэн мал нь огт өсөөгүй, Д.С нь 3 хүүхдийн хамт тухайн малаа идэж уугаад барсан, харин Г.Д-гийн 57 мал өссөөр байгаад 339 толгой мал болж өссөн мэтээр анхан шатны шүүх утгагүй тайлбар хийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн тайлбарласан 32 толгой малын үнийг гаргаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна. Өрхийн тэргүүлэгч Г.Д-гийн нэр дээр тоологдсон 339 толгой мал нь ганцхан Г.Д-гийн өмчлөлийн мал биш бөгөөд анх гэр бүл болохдоо хоёр талаасаа нийлүүлсэн мал бөгөөд тухайн гэр бүлийн хамтын хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд бий болж өссөн учир Д.С нь өөрт ногдох малаа хувааж авах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн 2015 онд Д.С нь 8.700.000 төгрөгийн цалингийн зээл авч түүгээрээ Bongo frontier маркийн ачааны автомашин худалдан авч байсан бөгөөд уг ачааны автомашин нь 2019 оны 09 дүгээр сард анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед Г.Д-гийн нэр дээр нийт 339 толгой мал тоологдсон, мөн түүнд  Bongo frontier маркийн ачааны машин нь байсаар байсан. Гэвч анхан шатны шүүхэд анх нэхэмжлэл гаргах үед 339 толгой мал, Bongo frontier маркийн ачааны автомашин Г.Д-гийн өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байсан бөгөөд Г.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж, түдгэлзүүлэн, уг хугацаандаа тухайн эд хөрөнгөө бусдад зарж борлуулсан, бусдын өмчлөлд шилжүүлсэн байгаа нь үр хүүхэд, эхнэртээ ямар нэгэн анхаарал халамж тавьдаггүй, харин ч эсрэгээрээ тэдэнд юу ч өгөхийг хүсэхгүй байгаа нөхцөл байдлыг огт харгалзалгүйгээр тухайн хөрөнгийн үнийг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлыг харгалзан үзэж Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2020/00577 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.    

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.С-ийн өмгөөлөгч Н.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Д.Г, Д.М нарыг Г.С-ийн асрамжид үлдээж, эцэг Г.Д-гээс охин Д.Г, Д.М нарт хуульд заасан журмын дагуу тэтгэлэг тогтоож, Г.Д-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох,  дундын хөрөнгөнөөс өөрт ногдох малаа хувааж авах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх: Зохигчид хамтын амьдралтай байх хугацаанд хоорондын зан харьцааны таарамжгүй байдал, хариуцагч Г.Д нь нэхэмжлэгч Д.С-ийн биед халддаг талаар нэхэмжлэгч тайлбарлаж, нэхэмжлэгч Д.С гэр бүлээс гадуур харилцаа тогтоож гэр бүлийн маргаан гардаг талаар шүүхэд гаргасан талуудын тайлбарт үндэслэн маргааныг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.С хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотод оршин суудаг тодорхой хаяггүй, түрээсийн байранд амьдардаг гэх боловч уг байранд байрлах хугацаа тодорхойгүй байна.

Мөн талуудын мэтгэлцээн болон нотлох баримтаар нэхэмжлэгч Д.С нь байнгын тогтвортой орлогын эх үүсвэртэй эсэх нь тогтоогдоогүй. “Чухал амжилт” төвийн захирлын тушаалд  Д.С-ийг 2019-10-11-ний өдрөөс туршилтын нэг сарын хугацаагаар ажилд томилж, цалинг 1000000 гэж тодорхойлсон, мөн төвд “Косо” салбарын тогоочийн багшаар 1200000 төгрөгийн цалин авч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа болохыг тодорхойлжээ.

 

Шүүх зохигчдийн хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдал, амьдран суух нөхцөл, талуудын зан байдалд дүгнэлт хийж: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, охин Д. Г, 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, охин Д. М нарыг өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн Д.С-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, охин Д. Г, 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, охин Д. М нарыг эцэг Б овогт Г.Д /ДЖ75082038/-н асрамжид үлдээж, хариуцагч Г.Д нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар Д.Г, Д.М нарт тэтгэлэг тогтоолгох, хүүхдүүдийн хэрэгцээнд гарсан нэмэлт зардлын талаар Д.С-т холбогдуулан нэхэмжлэл гаргах, Д.С нь хүүхдүүдийн асрамжийг өөрчлүүлэхээр Г.Д-д холбогдуулан тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.С, хариуцагч Г.Д нар хамтын амьдралтай байсан, гэр бүлийн байдлаа эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй тохиолдолд эд хөрөнгийн маргааныг дундын өмчлөлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтын дагуу шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Д.С, Г.Д нар нь хамтран амьдарч эхлэх үед буюу 2013 онд Г.Д нь 280 толгой мал буюу үүнээс 255 толгой бог мал тоолуулж байсан ба 2013 онд Д.С нь 32 толгой бог мал нийлүүлж байсан талаар талууд маргаагүй, Д.С нь миний мал адилхан өссөн, уг малыг өсгөхөд адилхан оролцсон Г.Д нь дундын өмчийн малыг ганцаар захиран зарцуулж ихээр хорогдуулсан гэж байгааг Г.Д няцаагаагүй байна.

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Засаг даргын тодорхойлолтоор хариуцагч Г.Д 2019 онд хонь 50, ямаа 80  тоолуулсан байна. Тиймээс уг бог малын тал хувь болох хонь 25 /нэг бүрийн үнэлгээ 150000/, ямаа 40 /нэг бүрийн үнэлгээ 80000/ толгойг буюу 6950000 төгрөгийг нэхэмжлэгч Д.С-т олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Малын үнийг тооцохдоо хэргийн 24 дэх талд авагдсан нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн баримт, хэргийн 28 дахь тал дахь Говь-Алтай аймгийн статистикийн хэлтсийн судалгаа, орон нутгийн ханшийг үндэслэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2020/00577 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтад “32 толгой, хонь ямааны үнэнд 3400000” гэснийг “хонь 25, ямаа 40 буюу 6.950.000 төгрөг” гэж, 6 дахь заалтад “ 3400000 төгрөгт ногдох 69350” гэснийг “ 6950000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 126150” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.

              

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.С-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381370 төгрөгөөс 309620 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 71750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.Э

                                ШҮҮГЧИД                            Т.Ж

                                                                            Ш.Б