Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2021/00931

 

 

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2021/00931

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: Т.Б-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: А төв (9132473) холбогдох,

А төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 155/2021/00768/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхболд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, гэрч Л.Знар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би А төвд 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр жолоочоор ажилд орж байсан. 2020 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс няравын ажилд томилогдон ажиллаж байгаад 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халагдсан. Нярваар ажиллаж байх хугацаанд манай байгууллагын дарга солигдож шинэ дарга ажил үүргээ хүлээж аваад удаагүй байхдаа ажлаас халах тушаал гаргасан. Шүүх хуралдаанд би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж оролцож байна. Надад урьдчилж мэдэгдэлгүйгээр халагдах тушаал бэлдсэн байсан. Хуучин даргын ажилтан, хүн гэх утгаар ажлаас халсан гэж бодож байна. Байгууллагын эд хөрөнгийг үрэгдүүлсэн, завшсан, алга болгосон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэлгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Бямбадоржийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. ...Би бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй. ...Би ажиллаж байх хугацаандаа мэргэжлээ ахиулж сургалтад хамрагдаж сертификаттай болсон. Халагдах үедээ мөн суралцаж төгссөн одоогоор бичиг баримтаа авч чадаагүй байгаа.

...Хавтаст хэрэгт авагдсан баримтад намайг зурагтыг зарсан гэх нотлох баримт байхгүй. ...Тухайн үед байгууллагын дарга Бы зөвшөөрлөөр хувцас, цагаан хэрэглэлийг хүлээж авсан. Ковид цар тахалтай холбоотойгоор манай байгууллагын зарим ажилчид байхгүй байсан учраас би хүлээж аваад даргад орж танилцуулсан. ...Тэр өдөр өөрсдөөр нь шаардах бичүүлж, даргаар гарын үсэг зуруулан тамга дараад хүлээлгэж өгсөн. Уг баримт нь байгууллагын архивт хадгалагдаж байгаа. ...Тэр үед М.Сарангэрэл дарга ажлаа хүлээж аваад бүх бичиг баримтаа цэгцэл гэж хэлсэн. Ажлаас гарсан болон тэтгэвэрт гарсан хүмүүсийн нэр дээр байсан эд хөрөнгийг ажиллаж байгаа хүний нэр дээр хариуцуулж өгөөд картал гэж хэлсэн. Би карталж бэлэн болгоод эд зүйлийг нь хүлээлгэж өгч чадалгүй ажлаас халагдсан.

...2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халах тушаал гаргаад 2021 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ажлаас халагдсан. ...Би няравын ажилд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр томилогдсон. ...Намайг няраваар томилохдоо ажиллаж байх хугацаандаа дахин суралцаж мэргэжил эзэмшээрэй гэж хэлсэн....гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М.Сарангэрэл шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:А төвийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч М.Сарангэрэл нь Т.Бийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсгүүдэд заасны дагуу ажил үүргээс нь чөлөөлсөн байдаг. Үүнтэй холбоотой итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.Б нь А төвд 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр жолоочоор ажилд орж, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тус төвийн нярваар томилогдон ажиллаж эхэлсэн. Т.Б нь нярваар томилогдсоноосоо хойш өөрийн ажлын байрны тодорхойлолтыг судалж ажиллах чиг үүрэг, ажлын байранд тавигдах шаардлагыг өөрөө мэдэж хэрэгжүүлэх ёстой байсан боловч нэхэмжлэлийн шаардлагадаа ажил олгогчийн зүгээс ажлын байрны тодорхойлолт гаргаж танилцуулаагүй. Ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байсан гэх зүйлийг дурдсан байсан. Ажлын болон албан тушаалын тодорхойлолтыг боловсруулах журамд тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд шийдвэр гаргаж албан тушаал тус бүрээр баталж байгууллагын хүний нөөц хариуцсан ажилтан тухайн ажлын байрны тодорхойлолтыг албан тушаалд томилогдож буй этгээдэд танилцуулах үүрэгтэй бөгөөд танилцсан тухай баримтад гарын үсэг зуруулж ажилтны хувийн хэрэгт хавсаргах ёстой байдаг. Дээрх байдлаас үзэхэд тухайн үед ажил олгогч, ажилтан ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан этгээд ажил үүргийн хувьд хариуцлагагүй, хайхрамжгүй хандсан байгаа нь харагдаж байна. Хэрэгт гаргаж өгсөн баримтаас харахад он сарын зөрүүтэй нэг ижил баримтыг гаргаж өгсөн байна. Манай байгууллагаас гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт нь 2019 оны баримт байгаа. Харин нэхэмжлэгчийн гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт нь 2021 онд үйлдэгдсэн хүний нөөцийн ажилтны гарын үсгээр баталгаажаагүй ажлын байрны тодорхойлолт байдаг. Мөн аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн дарга М.Сарангэрэл нь үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоныхоо маргааш нь ажлын байрны тодорхойлолтыг шаардсан. М.Сарангэрэл дарга нь 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ажлаа хүлээн авч 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс байгууллагын бүх ажилчдадаа шаардлага тавьж эхэлсэн. Шаардлага тавихдаа ажилтны ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад нийцээгүй тул төвийн дарга түүнийг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй, цаашид ажиллах боломжгүй байгаа талаар хэлж түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь байгууллагын нярав нь санхүү, эдийн засагч мэргэжилтэй, дээд боловсролтой хүн байх ёстой байтал Т.Бийн хувьд дээд боловсролгүй, эзэмшсэн мэргэжилгүй, няравын ажил албан тушаалыг гүйцэтгэх боломжгүй хүн байгаа юм. Хэрэгт гаргаж өгсөн баримтаас харахад Бизкон аудит сургалтын төвөөс авсан сертификатаар хүний мэргэжил боловсролын үнэлэх боломжгүй тул тус байгууллагын няравын ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн.

...Няравын ажил үүрэгт тохирсон санхүү эдийн засгийн мэргэжилтэй байх ёстой гэх шаардлагыг хангахгүй байгаа гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. ...Нэхэмжлэгч ажлын туршлага чадвар муу байдал нь 1-рт: Байгууллагын нэр дээр дансалсан зурагтыг асруулагч н.Батчулуунд 750,000 төгрөгөөр худалдан борлуулсан.

2-рт: Сүлд бумбат ХХК-иас тендерийн 17,500,000 төгрөгийн хувцас, цагаан хэрэглэлийг тооллогын комиссын бусад гишүүдийг оролцуулахгүйгээр, өөрөө ажлын бус өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан.

3-рт: Тендерээр ирсэн эд хогшлыг үйлчилгээний ажилтан н.Нямгэрэл, харуул хамгаалалтын ажилтан Л.Золбообаатар, тэтгэвэрт гарсан н.Цэрэнчимэг, н.Алтанчимэг нарт 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгөөгүй мөртлөө хүлээлгэн өгсөн гэж акт үйлдэгдсэн. Энэ талаар тухайн хүмүүс мэддэггүй.

4-рт: 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр асрагч н.Оюунгэрэлийн нэр дээр тоос сорогч дансалсан байдаг. Гэвч асрагч н.Оюунгэрэлд хүлээлгэж өгөөгүй, дансалсан картад гарын үсэг зурж баталгаажуулаагүй байдаг. Энэ талаар 65 хуудас баримтыг өмнөх шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Эдгээр зөрчлийг гаргасан учир ажлын чадвар, туршлага муу гэж үзсэн. ...Контракт байгуулаагүй. ...Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсан. ...2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч нь няравын ажилд томилогдсон. ...Хавтаст хэрэгт байгаа хоёр ажлын байрны тодорхойлолтод ялгаа байхгүй. Нэг ялгаатай зүйл нь боловсруулсан хүний гарын үсэг байдаг нөгөөх дээр нь танилцсан хүний гарын үсэг байдаг. Үүгээрээ ялгаатай. ...Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Б нь А төвд холбогдуулан А төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь А төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаа А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Бямбадоржийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах гэж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагаа урьд эрхэлж байсан няравын ажилд эгүүлэн тогтоолгох гэж тус тус тодруулав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

М.Сарангэрэлийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/15 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо. /хх-ийн 33-34 дүгээр тал/

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тухай А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Бямбадоржийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш эс зөвшөөрч ...ажлын байрны тодорхойлолтод зааснаар байгууллагын нярав нь санхүү, эдийн засагч мэргэжилтэй, дээд боловсролтой хүн байх ёстой байтал Т.Бийн хувьд дээд боловсролгүй, эзэмшсэн мэргэжилгүй, няравын ажил албан тушаалыг гүйцэтгэх боломжгүй, нэхэмжлэгч ажлын туршлага чадвар муу байдал нь 1-рт. Байгууллагын нэр дээр дансалсан зурагтыг асруулагч н.Батчулуунд 750,000 төгрөгөөр худалдан борлуулсан. 2-рт. Сүлд бумбат ХХК-иас тендерийн 17,500,000 төгрөгийн хувцас, цагаан хэрэглэлийг тооллогын комиссын бусад гишүүдийг оролцуулахгүйгээр, өөрөө ажлын бус өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан. 3-рт. Тендерээр ирсэн эд хогшлыг үйлчилгээний ажилтан н.Нямгэрэл, харуул хамгаалалтын ажилтан Л.Золбообаатар, тэтгэвэрт гарсан н.Цэрэнчимэг, н.Алтанчимэг нарт 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр өгөөгүй мөртлөө хүлээлгэн өгсөн гэж акт үйлдэгдсэн. Энэ талаар тухайн хүмүүс мэддэггүй. 4-рт. 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр асрагч н.Оюунгэрэлийн нэр дээр тоос сорогч дансалсан байдаг. Гэвч асрагч н.Оюунгэрэлд хүлээлгэж өгөөгүй, дансалсан картад гарын үсэг зурж баталгаажуулаагүй байдаг. ...Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан болно.

Нэхэмжлэгч Т.Б нь А төвд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн няраваар ажиллаж байсан болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн даргын 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/08 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдов. /хх-ийн 6 дугаар тал/

Т.Бийг А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Бямбадоржийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар ажлын байрны тодорхойлолтонд зааснаар дээд боловсрол эзэмшээгүй, ажлын туршлага чадвар муу гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Бямбадоржийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 7 дугаар тал/

Ажил олгогчийн нэхэмжлэгчтэй няравын албан тушаалд байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь 2021 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдов.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн ...Мэдэгдээгүй. 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тушаалаа гардаж авсан... гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Албан ёсоор мэдэгдээгүй... гэх тайлбараар тогтоогдлоо.

А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Бямбадоржийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэх заалтыг зөрчжээ.

Тодруулбал, ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа нэхэмжлэгчид нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байтал мэдэгдэлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасантай нийцээгүй байна.

А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 32 дугаартай тушаал гаргаж, нэхэмжлэгчийг 2021 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Т.Бтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41.1.4 дэх заалтуудыг үндэслэжээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалын 1 дэх заалтад ажлын байрны тодорхойлолтонд зааснаар дээд боловсрол эзэмшээгүй, ажлын туршлага чадвар муу байдлыг харгалзан гэх үндэслэлийг заасан байна.

Нэхэмжлэгч нь дээд боловсролтой гэх няравын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангаагүй болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх боловч ажлын байранд тавигдах шаардлагыг тухайн ажилтан хангаж байгаа эсэхийг ажил олгогч түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилд авах үед шалган тогтоох үүрэгтэй бөгөөд ажилтныг тухайн ажилд авч, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсний дараа дээрх шаардлагыг ажилтныг ажлаас халах үндэслэл болгох нь буруу юм.

Хавтаст хэргийн 8-11 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн тус шүүхэд гарган өгсөн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр баталсан Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн няравын ажлын байрны тодорхойлолт, хавтаст хэргийн 44-45 дугаар хуудсанд авагдсан хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхэд гарган өгсөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Ахмадын асрамж үйлчилгээний төвийн няравын ажлын байрны тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нь ижил байгааг дурдав.

Мөн нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заасан болзлыг хангуулахаар суралцах нөхцөл боломжоор ажил олгогч нь хангахгүйгээр ажлаас чөлөөлсөн нь буруу болжээ.

Ажил олгогч нь ажилтныг ажлын туршлага чадвар муу гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг үндэслэлийг 4 үндэслэл зааж маргасан болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй.

Ажилтны ийнхүү гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй байдал нь энэ талаар үнэлэлт өгөх эрх бүхий салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон байх учиртай.

Харин хөдөлмөрийн гэрээ байгуулахад ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэх эсэх талаар дүгнэлт хийгээгүй ажил олгогчийн зөрчил дутагдал хамаарахгүй юм.

Эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэрт үндэслээгүй нэхэмжлэгчийг няравын ажлаас ажлын байрны тодорхойлолтонд зааснаар дээд боловсрол эзэмшээгүй, ажлын туршлага чадвар муу байдлыг харгалзан гэх үндэслэлээр чөлөөлсөн А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Бямбадоржийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь үндэслэлгүй байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй контракт байгуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх заалтад шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ажил олгогч нь энэ хуулийн ... 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохоор хуульчилсан.

Гэтэл А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Бямбадоржийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалд энэ талаар тусгаагүй нь ажил олгогч нь дээрх заалтыг зөрчсөн байна.

Мөн ажил олгогч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоожуг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг зөрчжээ.

Иймд А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Бямбадоржийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг А төвийн няравын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөглөгддөг болохыг дурьдаж, ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл буюу гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 46-51 дүгээр хуудсанд авагдсан 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №02 дугаартай Ахмадын асрамж үйлчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар нь хэрэгт хамааралгүй, бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 68-74 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар А төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Бямбадоржийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Хөхнүүд овогт Төрсайханы Бямбадоржийг А төвийн няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Бийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч А төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ