Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 225/МА2021/00031

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 225/МА2021/00031

 

 

 

 

Т.Бямбадоржийн нэхэмжлэлтэй

хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2021/00931 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Бямбадоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвд холбогдох тус төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай маргаантай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Бямбадорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Бямбадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Т.Бямбадорж нь Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төв-ийн дарга Ц.Баярсайханы 2010 оны 09 дүгээр сарын 01-ний 54 дүгээр тушаалаар тус байгууллагын жолоочоор, мөн даргын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар байгууллагын нярвын ажилд тус тус томилогдон ажиллаж байгаад 2021 оны 05 дугаар сард тус байгууллагын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон М.Сарангэрэлийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай тушаалаар ... ажлын байрны тодорхойлолтод зааснаар дээд боловсрол эзэмшээгүй, ажлын туршлага, чадвар муу гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай туулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөллөө. Би дээрх шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Үүнд: 1.Намайг нярваар ажиллаж эхэлснээс хойш ажил олгогчийн зүгээс ажлын байрны тодорхойлолт гаргаж танилцуулаагүй, өөрөөр хэлбэл ажлын байрны тодорхойлолтгүй ажиллаж байсан. ...Байгууллагын архив, бичиг хэргийн ажилтан Ц.Саранчимэгээс лавлахад миний хувийн хэргийг шалгаад уг тодорхойлолт байхгүйг хэлээд интернетээс ажлын байрны тодорхойлолтын маягт татаж хэвлээд асуултын дагуу бөглөж өгснийг шууд М.Сарангэрэлд өгсөн. Гэтэл энэ тодорхойлолтод миний гүйцэтгэж байгаа байгууллагын нярвын ажилд тавигдах шаардлагад дээд боловсролтой, бакалавраас доошгүй зэрэгтэй гэж тусгагдсан байсан юм билээ. Энэ ажлын байрны тодорхойлолтыг хууль журамд зааснаар байгууллага өөрөө тодорхойлох ёстой байтал манай байгууллагад энэ журмаар ажлын байрны тодорхойлолт гаргаж мөрдөөгүй байсан. ...Мөн намайг энэ ажилд тэнцэхгүй тухай зохих байгууллагын дүгнэлт, эрүүл мэндийн байгууллагын шийдвэр гараагүй болно.

2.Үүрэг гүйцэтгэгч М.Сарангэрэл нь 32 дугаартай тушаалынхаа үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг дурдсан байна. Гэтэл би хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргах нь бүү хэл нэг ч удаа гаргаж байгаагүй. Мөн хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заагдсан ямар нэг зөрчил гаргаагүй болно.

Иймд "Ахмад настны асрамж үйлчилгээний төв"-ийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Сарангэрэлийн 2021.06.04-ний өдрийн 32 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг тус байгүуллагын нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төв шүүхэд гаргасан тайлбартаа ...Т.Бямбадорж нь 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс тус байгууллагад нярваар томилогдон ажиллаж эхэлсэн байдаг ба нярваар ажиллах хүний шаардлага болох дээд боловсролтой, бакалавраас доошгүй зэрэгтэй байх шаардлагыг хангаагүй. Т.Бямбадорж нь нярваар ажиллах мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй, түүгээр ч зогсохгүй байгууллагын эд хөрөнгийг асруулагчдад давхар зарж борлуулах, асруулагчдад төрөөс олгодог тендерийн хувцас, материалыг тооллогын комиссыг оролцуулахгүйгээр нийлүүлэгч байгууллагаас дур мэдэн хүлээн авч байгууллага болон асруулагч нарт хохирол учруулах зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргаж байсан нь асруулагчдын гаргаж байсан гомдол, дотоод хяналтын түр хорооны шалгалтаар тогтоогдсон. Т.Бямбадоржийн байгууллага, асруулагчдыг хохироосон хууль бус үйлдлийг нь шалгуулахаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад байна.

...өөрийнхөө гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Т.Бямбадоржийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Анхан шатны шүүх 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2021/00931 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаартай Бямбадоржийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Хөхнүүд овогт Төрсайханы Бямбадоржийг Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн няравын ажилд эгүүлэн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Бямбадоржийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш, өмгөөлөгч Б.Ганчимэг нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: ... Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч М.Сарангэрэл нь Т.Бямбадоржийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсгүүдэд заасны дагуу ажил үүргээс нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг.

Ажлаас чөлөөлөгдсөн Т.Бямбадорж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан.

...уг зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байсан тул Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвөөс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 23 тоот албан бичгээр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Тус төвөөс хүргүүлсэн албан тоотын дагуу холбогдох шалгалтыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг хийж, ...Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 213800171 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар хариуг ирүүлсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Бямбадоржид холбогдох асуудал нь гэмт хэргийн шинжтэй Эрүүгийн журмаар шалгаж байгааг орхигдуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байхад шүүх үүнийг харгалзан үзээгүй нь буруу шийдвэр гаргахад хүрлээ гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 155 /ШШ2021/00931 дугаар бүхий шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байгааг хүлээн авна уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж үзэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж үйлчилгээний төвийн даргын үүрэг гүйцэтгэгчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 32 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 41.1.4 дэх заалтуудыг үндэслэн ажлын байрны тодорхойлолтод зааснаар дээд боловсрол эзэмшээгүй, ажлын туршлага чадвар муу байдлыг харгалзан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Т.Бямбадоржийг нярвын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын дүгнэлт, шийдвэр гарсан байхыг шаарддаг. Ажилтан дээд боловсролгүй гэх шалтгаан нь ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш, өмгөөлөгч Б.Ганчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлын талаар:

1.Гомдол гаргагч нар ...ажлаас чөлөөлөгдсөн Т.Бямбадорж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан ... гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч ажилтныг ажлаас чөлөөлөх тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт болон дээрх үндэслэл тусгагдаагүй байх тул ажилтан уг зөрчлийг гаргасан эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй.

2.Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан тул ...нэхэмжлэгч Т.Бямбадоржид холбогдох асуудал нь гэмт хэргийн шинжтэй Эрүүгийн журмаар шалгаж байгааг орхигдуулсан, ... хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой байсан гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн энэ тохиолдолд уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь заалтыг хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм. Учир нь тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, зохигчийн хооронд үүссэн маргаантай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа, энэ ажиллагаа дуусах хүртэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй тохиолдолд л дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжтой.

Нэхэмжлэгч нь шүүхээр хянан шийдвэрлэх хөдөлмөрийн эрх зүйн маргаантай холбогдуулан нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш, өмгөөлөгч Б.Ганчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд төсвийн байгууллага хариуцагчаар оролцож гомдол гаргах нь дээрх заалтад хамаарах тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энэбиш, өмгөөлөгч Б.Ганчимэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШШ2021/00931 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧИД                                 Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ