Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/02071

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2018/02071

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Д ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СБД ЗДГхолбогдох,

195 326 731.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, түүний өмгөөлөгч М.Ө, Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шинжээч Т.М, аудитор М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар шинэчлэл ХХК нь Г.Днадад өр төлбөртэй. Энэхүү төлбөрийг хэрхэн төлөх талаар Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн захирал М.Түвдэндоржтой харилцан тохиролцож шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан юм. Улаанбаатар шинэчлэл ХХК нь 5183383 тоот регистрийн дугаартай, хуулийн этгээдийн бүртгэлийн 9011305038 тоот гэрчилгээтэй, 2007 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай Хог тээвэрлэх гэрээг бичгээр байгуулж, олон жил хамтран ажиллаж, хариуцсан хорооны айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хогийг ачиж цуглуулах, хуваарийг тарааж мэдээлэн, тухайн хариуцсан нутаг дэвсгэр дахь эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн ил задгай хог хаягдлыг зөөж тээвэрлэж батлагдсан хуваарь, маршрутын дагуу хогын төвлөрсөн цэгт хүргэж буулгах ажил үйлчилгээг үзүүлэх гэрээг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулж, гэрээний дагуу үйл ажиллагааг явуулж ирсэн.

Гэрээний захиалагч тал Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, ажил гүйцэтгэгч тал Улаанбаатар шинэчлэл ХХК бөгөөд Хог тээвэрлэх гэрээ, Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ гэсэн нэртэй гэрээнүүдийг байгуулж, Улаанбаатар шинэчлэл ХХК нь гэрээнд заагдсан ажлуудыг бүрэн гүйцэтгэж, хогийн төвлөрсөн цэгийн диспетчерийн бүртгэлийн баримт, жолоочийн замын хуудас, хуваарийн дагуу айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг ачиж цуглуулан, тээвэрлэсэн тухай хэсгийн ахлагчийн гарын үсэгтэй бүртгэл, хорооны Засаг даргын Хорооны ил задгай болон айл, өрх, байгууллага аж ахуйн хог хаягдал бүрэн ачиж, тээвэрлэсэн тухай тодорхойлолт, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлсэн үнэлгээ гэсэн Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээгээр тохирсон баримтуудыг цаг хугацаанд нь захиалагчид хүргэн өгч, улмаар тооцоог нийлж акт үйлдэж байсан. Хариуцагч нь 2014 онд байгуулсан Хог тээвэрлэх гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, 5.2.6 дахь хэсэг, 2016 оны Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн нэмэлт санхүүжилтийг тухайн сар бүр шилжүүлэх үүргийг хүлээсэн.

Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний 4.1-д Хог тээвэрлэгч байгууллагын санхүүжилт нь айл өрхийн хог хаягдлын хураамж буюу УБЦТС ХК-ний Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв, Орон сууцны конторууд Сууц өмчлөгчдийн холбоодоор дамжуулан орсон орлого, тухайн хорооны аж ахуйн нэгж, байгууллагуудын тээвэрлэгч байгууллагуудтай байгуулсан хог тээврийн гэрээний хураамжаар дүүргийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдэнэ гэж, гэрээний 4.2-т УБЦТС ХК-ний Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв, Орон сууцны конторууд Сууц өмчлөгчдийн холбоодоор дамжуулан орсон орлого тухайн хорооны аж ахуйн нэгж, байгууллагуудын хог тээврийн гэрээний хураамжийн орлогын санхүүжилтыг хариуцсан хороо бүрээр хог тээвэрлэгч байгууллагад сард 3 удаа /сар бүрийн 10, 20, 30-нд/ тооцоо нийлэн олгоно гэж, гэрээний 4.3-т Дүүргийн төсвөөр олгож байгаа нэмэлт санхүүжилтыг хариуцсан гэр хорооны айл өрх, хүн амын тоо, хог хаягдал үүсэх хэмжээ, хогын цэг хүртэлх зай, тээвэрлэсэн хогны тонн жин зэргийг харгалзан нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцож захиалагч талын холбогдох албан тушаалтнуудын баталгаажуулсан үнийн дүнгээр дараа сарын 5-нд олгоно гэж, гэрээний 3.1.7-д Хог хаягдлын үйлчилгээний сар тутмын ажлын гүйцэтгэлийг гэрээнд заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт болон тусгай шаардлага-ын дагуу дүгнэж санхүүжилтыг Хавсралт 3-ыг үндэслэн цаг хугацаанд нь шилжүүлнэ гэж, гэрээний 3.1.8-д Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгох хог тээврийн нэмэлт санхүүжилтын гүйцэтгэлийг НИТХТ-ийн 2015 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам-ын 8.8 дахь заалтын дагуу олгоно гэж, Мөн гэрээний 5.2.6-д Хог тээвэрлэлтийн зардлыг НИТХТ-ийн 2013 оны 12/45 дугаар Хог тээврийн тариф батлах тухай тогтоолын дагуу тооцсон байна гэж тус тус тохирсон.

Энэхүү гэрээнүүдийг захиалагчтай байгуулахдаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн хурлаас 2013 оны 9 сарын 26-ны өдөр батлагдсан 12/45 дугаар Хог тээврийн тариф батлах тухай тогтоолын дагуу хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн тонн хог хаягдлыг километрт тээвэрлэх зардлыг тогтоосон бөгөөд уг тогтоолоор 1 тонн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг тогтоосон бөгөөд дээрх гэрээнүүд энэхүү тогтоолд нийцүүлэн байгуулагдсан болно. Энэ гэрээнүүдэд оролцогч захиалагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс хөлс төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шудрагаар, гүйцэтгэхгүй Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасныг зөрчиж, Улаанбаатар шинэчлэл ХХК-ийг хохироосоор байна. Тухайлбал хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс 2013 оны сүүлийн хагас жилд 40 899 553 төгрөгийн, 2014 онд 44 681 956 төгрөгийн, 2015 онд 49 608 006 төгрөгийн, 2016 онд 26 365 718 төгрөгийн, 2017 онд 33 770 617 төгрөгийн, нийт 1 023 477 691 төгрөгийн нэмэлт санхүүжилтээс 939 332 772 төгрөгийн санхүүжилт олгож, нийт үлдэгдэл 195 325 850 төгрөгийг өнөөдрийг хүртэл захиалагч нь Улаанбаатар шинэчлэл ХХК-д олгоогүй өр, авлага үүссэн байгаа болно.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед буюу ажлын үр дүнг хүлээн авмагц захиалагч хөлс төлөх үүрэгтэй гэж заасан байдаг.

Гэтэл гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж, захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгч, улмаар гэрээнд заасны дагуу тайланг гаргаж, хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн байхад гүйцэтгэсэн ажлын хөлсөө хугацаанд нь өгөхгүй, тус дүүргийн 7, 9 дүгээр хорооны нутагт ажилласан ажлын хөлсөө төлөхгүй, өр төлбөр үүсгэж, гүйцэтгэгч нь төлбөрийн үлдэгдлээ тооцон дараа онд нь Нэхэмжлэл гэсэн баримтаар шаардаж, олгох ёстой хэмжээндээ санхүүжилт хийхийг шаардсаар ирсэн төдийгүй, хариуцсан албан тушаалтантай байнга биечлэн уулзаж гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч үр дүн гарсангүй, захиалагч талаас ямар нэг үндэслэлгүй шалтгаан зааж үлдэгдэл нэмэлт санхүүжилтээ олгохгүй байна.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын зүгээс гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас шалтгаалж Улаанбаатар шинэчлэл ХХК нь санхүүгийн хувьд ихээхэн алдагдалд орж ажилчдын цалин хөлс олголт болон хөрөнгөнд парк шинэчлэлт хийх, мөн нийгмийн олон асуудлаа шийдэж чадахгүйн улмаас банкнаас 2013 онд 60 000 000 төгрөг, 2014 онд 167 000 000 төгрөг, 2016 онд 15 000 000 төгрөг, 2017 онд 12 000 000 төгрөгийн нийт 254 000 000 төгрөгийн зээл авч, дээр нь банкны зээлийн хүүд 93.9 сая төгрөг төлж хохирсон.

Түүнчлэн Татварын улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 250012644 акт тавигдаж Улаанбаатар шинэчлэл ХХК-аар 28 670 619 төгрөгийн төлбөр төлүүлэх шийдвэр гарсан, уг актад 2013 онд 207 032 500 төгрөгийн, 2014 онд 85 439 924 төгрөгийн, 2015 онд 68 876 110 төгрөгийн гэрээнд заасны дагуу хог хаягдал тээвэрлэсний зардлын зөрүүг төсвөөс дутуу авсан орлого орлогыг нягтлан бодох бүртгэлд бүртгээгүй тайлагнаагүй албан татвар ногдуулаагүй зөрчил нь Монгол улсын Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно: 7.3.1-д үйл ажиллагааны орлого мөн энэ хуулийн 8-р зүйлийн 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ, ажил үйлчилгээний борлуулалтын орлого гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж нөхөн төлбөр, торгууль, алданги ногдуулсан болно.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн тавьсан актад заасан нэмэгдэл санхүүжилтийн дүн нь гэрээний талууд тооцоо нийлсэн актад заасан дүн зөрүүтэй байгаа учраас Си Эс Ай Аудит ХХК-тай гэрээ байгуулан 2013 оноос 2017 оны 5 сар хүртэл хугацааны санхүүгийн анхан шатны баримтад баримтын шалгалт хийлгэж дутуу авсан санхүүжилтийг 195 326 731,80 төгрөг болохыг аудитын дүгнэлтээр тогтоосон юм.

Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний үүрэгт нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 195 326 731,80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улаанбаатар шинэчлэл ХХК-тай дүүргийн Засаг даргын Тамгын газар нь нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй Хог тээвэрлэх гэрээ, Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээг байгуулан ажиллаж ирсэн. Гэрээний хугацаанд сар болгон гүйцэтгэлийг холбогдох журамд заасны дагуу хянан баталгаажуулан гарсан зардлыг тухай бүр өгч байсан.

Нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус санхүүжилтийн талаар хэдэн төгрөг сар болгон өгөх тал дээр гэрээнүүдэд мөнгөн дүнг шууд зааж тохиролцсон зүйл байхгүй.

Харин нэмэлт санхүүжилтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Журам батлах тухай 86 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг Тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаядлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож болно, 8.11 дэх хэсэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хянан, баталгаажуулан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу 2014, 2015 оны санхүүжилт манай байгууллагын төсөвт байдаггүй нийслэлийн Захирагчийн албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө юм.

Тус санхүүжилтийг хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор үндсэн хог хаягдлын санхүүжилт хүрэлцэхгүй тохиолдолд нийслэлээс гүйцэтгэлийн хувь, хэмжээг харгалзан холбогдох санхүүжилтийг дүүргийн төрийн санд дамжуулдаг.

Мөн нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/328 дугаар захирамжийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг хог хаягдлын үйлчилгээний нэмэлт санхүүжилтыг УБ хотын ЗАА дээр хянаж, санхүүжүүлнэ гэж заасны дагуу тус нэмэлт санхүүжилтийг олгож ирсэн. Дээр НИТХТ-ийн 2015 оны 86 дугаар тогтоолоор нэмэлт санхүүжилтийг өгч болох талаар сонголтын журмаар зохицуулсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 195 326 731.80 төгрөг буюу нэмэлт санхүүжилтийг нэхэмжилж байгаа нь гэрээгээр тохиролцоогүй мөнгийг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Днь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 195 326 731.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь Улаанбаатар шинэчлэл ХХК-тай байгуулсан гэрээнүүдэд нэмэлт санхүүжилтийн мөнгөн дүнг шууд зааж тохиролцоогүй, нэмэлт санхүүжилт нь дүүргийн Засаг даргын тамгын газрын төсөвт байдаггүй, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө бөгөөд нөгөө талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолд нэмэлт санхүүжилтийг өгч болно гэж заасан нь уг санхүүжилтийг олгох эсэх асуудлаар эрх олгосон заалт бөгөөд гэрээгээр тохиролцоогүй мөнгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэснийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн захирал М.Түвдэндорж, иргэн Г.Днарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай Улаанбаатар шинэчлэл ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуух үүргийг гүйцэтгүүлэхээр Улаанбаатар шинэчлэл ХХК нь өөрийн шаардах эрхийг иргэн Г.Г.Дд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасантай нийцсэн байна.

Тухайн гэрээгээр шилжүүлсэн шаардах эрхийн хэмжээ энэхүү гэрээнд зааснаар 2017 оны байдлаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 195 300 000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас авах авлагыг иргэн Г.Г.Дд Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн захирал М.Түвдэндорж шилжүүлсэн болох нь талуудын гэрээнд зааснаар тодорхойлогдож байна. /хх-ийн 4 дүгээр хуудас/

Улаанбаатар шинэчлэл ХХК болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нарын хооронд 2012 оны 03 сарын 07-ны өдөр Ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг тээвэрлэх гэрээ /хх-11-13 тал/, 2012 оны 10 сарын 31-ний өдөр 01-197 дугаартай Гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг тээвэрлэх, санхүүжүүлэх ажлын гэрээ /хх-7-10 тал/, 2014 оны 01 сарын 10-ны өдөр 15 дугаартай Хог тээвэрлэх гэрээ болон хавсралт /хх-14-19, 163-168 талуудад/, 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаартай Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ /хх-1-20-25, хх-2-59-69 талуудад/, мөн 2016 оны 01 сарын 15-ны өдөр Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ /хх-26-32, 148-157 талуудад/, 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 31 дугаартай Хог тээвэрлэх түр гэрээ /хх-33-34, 159-162 талуудад/, 2017 оны 03 сарын 01-ний өдрийн 77 дугаартай Хог тээвэрлэх түр гэрээ /хх-2-55-57 талд/ тус тус байгуулагдаж, уг гэрээнүүдээр Улаанбаатар шинэчлэл ХХК нь Сүхбаатар дүүргийн 7, 9 дүгээр хороодын болон 4-р бүсийн нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх, төвлөрсөн хогийн цэгт хүргэж, хариуцсан бүсийг хог хаягдалгүй цэвэр байлгах үүргийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, гэрээг дүгнэн дүүргийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого болон дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээр төлбөр тооцоог хийх үүргийг тус тус хүлээж, харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнүүдийн харилцаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дахь заалтад Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч буюу Улаанбаатар шинэчлэл ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч буюу Улаанбаатар шинэчлэл ХХК нь 2013 оны дутуу санхүүжилтийн үлдэгдэл 40 899 553 төгрөг, 2014 онд нийт 289 836 311 төгрөгийн ажил гүйцэтгэх нэхэмжилснээс нэмэлт санхүүжилт болон хогийн төвлөрүүлэн татсан орлогоос 245 154 355 төгрөг санхүүжигдэж, үлдэгдэл 44 681 956 төгрөг дутуу санхүүжигдсэн, 2015 оны нэмэлт санхүүжилтийн дутуу 44 260 062 төгрөг, 2016 онд 193 тонн хог тээвэрлэж, 260 158 111 төгрөгийг нэхэмжилснээс 210 549 824 төгрөг олгож, үлдэгдэл санхүүжилт 26 365 718 төгрөг, 2017 оны үлдэгдэл санхүүжилт 33 771 217,80 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг олгох байсан боловч олгогдоогүй ба нийт 195 326 731,80 төгрөгийн ажлын хөлс дутуу олгогдсон гэсэн тооцоолол /хх-33-38 тал/-ыг гаргаж өгсөн бөгөөд уг тооцоолол нь Хог тээвэрлэгч байгууллагуудын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас баталгаажуулсан баримтууд /хх-1-92-125 тал/ дахь Улаанбаатар шинэчлэл ХХК-д холбогдох дүнтэй тохирсон, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, олгогдсон болон дутуу олгосон гэх ажлын хөлсний тооцоололд маргаагүй байх тул нэхэмжлэгч буюу Улаанбаатар шинэчлэл ХХК-ийг гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын үр дүнг захиалагчид буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ хариуцагч нь Улаанбаатар шинэчлэл ХХК-тай байгуулсан гэрээнүүдэд нэмэлт санхүүжилтийн мөнгөн дүнг шууд зааж тохиролцоогүй гэж тайлбарлаж байх боловч талууд ажлын хөлс болон нэмэлт санхүүжилтийн хэмжээг тооцохдоо Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12/45 дугаартай тогтоол /хх-2-13-14 тал/-ын хавсралтаар батлагдсан 1 км-т 1 тонн хог тээвэрлэх тариф буюу 2700 төгрөгийн тарифийг баримтлан тооцож байсан болох нь зохигчдийн тайлбар, Хог тээвэрлэгч байгууллагуудын хог тээвэрлэлтийн гүйцэтгэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас баталгаажуулсан баримтуудаар тогтоогдож байх тул талууд ажлын хөлсийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дахь заалтад Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө гэж заасны дагуу тохиролцсон байна.

Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ нэмэлт санхүүжилт нь дүүргийн Засаг даргын тамгын газрын төсөвт байдаггүй, Нийслэлийн захирагчийн ажлын албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө гэж тайлбарладаг боловч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 86 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журам /хх-2-2-12 тал/-ын 8 дугаар зүйлийн 8.8.2, 8.8.3 дахь заалтуудад зааснаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлэн, дүүргийн санхүү, төрийн сангийн асуудал хариуцсан нэгж баталгаажсан гүйцэтгэлийн дагуу санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллагад олгохоор заасан байх тул нэмэлт санхүүжилттэй холбоотой шаардлагыг нэхэмжлэгч буюу Улаанбаатар шинэчлэл ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас нэхэмжилсэн нь үндэслэлтэй, уг нэмэлт санхүүжилтийг хог хаягдлын үйлчилгээний байгууллага болох Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн өмнө хариуцан шийдвэрлүүлэх этгээд нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар гэж үзнэ.

Хариуцагч нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолын хавсралт журмын 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтад Тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож болно гэж заасан, уг заалт нь санхүүжилтийг олгох эсэх асуудлаар эрх олгосон заалт тул нэмэлт санхүүжилт олгохгүй байж болно гэж тайлбарлах боловч дээрх заалт нь ажил гүйцэтгэх гэрээний талуудын хоорондын төлбөр тооцоотой холбоотой харилцааг зохицуулаагүй, харин дүүргийн орлого хог хаягдлын үйлчилгээний санхүүжилт хүрэлцэхгүй тохиолдолд хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан зохицуулалт байх ба журамд ийнхүү заасан нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалтад заасан гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч буюу Улаанбаатар шинэчлэл ХХК нь маргааны зүйл болсон ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн, гүйцэтгэлийг хүлээн авч баталгаажуулан олгогдсон санхүүжилт болон дутуу санхүүжилтийн талаар Си Эс Ай Аудит ХХК-аар 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 10/7 дугаартай хараат бус Аудиторын дүгнэлтийг гаргуулсан ба уг дүгнэлтэд: ...Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас авах хог тээврийн гүйцэтгэлээс нийт 195 326 731,80 төгрөг дутуу санхүүжүүлсэн нь баримтаар нотлогдож байна гэжээ./хх-1-35-74, 171-174 дүгээр талуудад/

Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргуулж нотлох баримтаар өгсөн аудитын дүгнэлтийг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй гэж марган, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх, шинжээчээс 5 асуултад хариулт авахаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргаснаар шүүх Дабль аксиом аудит ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч нь шүүгчийн захирамжид заасан хариуцагчийн гаргасан 5 асуултын хүрээнд шинжилгээг хийж, хариултыг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1801/03 дугаартай албан бичгээр шүүхэд ирүүлсэн байна. /хх-2-208-228 дугаар талд/

Тус шинжээчийн дүгнэлтийг Аудиторын гаргасан дээр дурьдсан дүгнэлтүүд болон шүүх хуралдаанд оролцсон шинжээч, аудитор нарын гаргасан тайлбарыг харьцуулан судлахад тэдгээрийн гаргасан дүгнэлт хооронд зөрүүтэй гэж үзэх боломжгүй ба шүүхээс томилогдсон шинжээч нь хариуцагчийн гаргасан 5 асуултын хүрээнд шинжилгээг хийснээрээ Аудитор М.Сэвжидмаагийн гаргасан дүгнэлтээс өөр хоорондоо ялгаатай байна гэж дүгнээд тухайн дүгнэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан үнэлсэн болно.

Иймээс, дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч буюу Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзсэн боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан 2013 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл 40 899 553 төгрөгийг ямар журмаар, хэдийд яаж хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас шаардаж, шаардах эрхийн үндэслэлээ хэрэгжүүлж байсан болох нь нотлогдон тогтоогдоогүй, энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тухайн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, үлдэх 154 427 178,80 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцон хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар шинэчлэл ХХК буюу эрх шилжүүлэн авагч Г.Г.Дд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 154 427 178,80 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г.Дд олгож, үлдэх хэсэг 40 899 553 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г.Дгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 134 584 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид хангасан хэмжээнд ногдох 930 086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ