Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02451

 

 

 

Г.Должинсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02071 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Должинсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох,

 

Гэрээний үүрэгт нийт 195 326 731 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар шинэчлэл ХХК нь Г.Должинсүрэн надад өр төлбөртэй. Энэхүү төлбөрийг хэрхэн төлөх талаар Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн захирал М.Түвдэндоржтой харилцан тохиролцож шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан юм. Улаанбаатар шинэчлэл ХХК нь 5183383 тоот регистрийн дугаартай, хуулийн этгээдийн бүртгэлийн 9011305038 тоот гэрчилгээтэй, 2007 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай хог тээвэрлэх гэрээг бичгээр байгуулж, олон жил хамтран ажиллаж, хариуцсан хорооны айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хогийг ачиж цуглуулах, хуваарийг тарааж мэдээлэн, тухайн хариуцсан нутаг дэвсгэр дахь эзэнгүй үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэх, нийтийн эзэмшлийн зам талбайд үүссэн ил задгай хог хаягдлыг зөөж тээвэрлэж батлагдсан хуваарь, маршрутын дагуу хогны төвлөрсөн цэгт хүргэж буулгах ажил үйлчилгээг үзүүлэх гэрээг Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулж, гэрээний дагуу үйл ажиллагааг явуулж ирсэн. Гэрээний захиалагч тал Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар, ажил гүйцэтгэгч тал Улаанбаатар шинэчлэл ХХК бөгөөд хог тээвэрлэх гэрээ, хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ гэсэн нэртэй гэрээнүүдийг байгуулж, Улаанбаатар шинэчлэл ХХК нь гэрээнд заагдсан ажлуудыг бүрэн гүйцэтгэж, хогийн төвлөрсөн цэгийн диспетчерийн бүртгэлийн баримт, жолоочийн замын хуудас, хуваарийн дагуу айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжийн хог хаягдлыг ачиж цуглуулан, тээвэрлэсэн тухай хэсгийн ахлагчийн гарын үсэгтэй бүртгэл, хорооны Засаг даргын хорооны ил задгай болон айл, өрх, байгууллага аж ахуйн хог хаягдал бүрэн ачиж, тээвэрлэсэн тухай тодорхойлолт, шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлсэн үнэлгээ гэсэн хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээгээр тохирсон баримтуудыг цаг хугацаанд нь захиалагчид хүргэн өгч, улмаар тооцоог нийлж акт үйлдэж байсан. Хариуцагч нь 2014 онд байгуулсан хог тээвэрлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, 5.2.6 дахь хэсэг, 2016 оны хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажлын гүйцэтгэлийг үндэслэн нэмэлт санхүүжилтийг тухайн сар бүр шилжүүлэх үүргийг хүлээсэн. Хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний 4.1-д хог тээвэрлэгч байгууллагын санхүүжилт нь айл өрхийн хог хаягдлын хураамж буюу УБЦТС ХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төв, орон сууцны конторууд, сууц өмчлөгчдийн холбоодоор дамжуулан орсон орлого, тухайн хорооны аж ахуйн нэгж, байгууллагуудын тээвэрлэгч байгууллагуудтай байгуулсан хог тээврийн гэрээний хураамжаар дүүргийн татварын дансанд төвлөрсөн орлого, дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээс бүрдэнэ гэж, гэрээний 4.2-т УБЦТС ХК-ийн Сүхбаатар дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төв, Орон сууцны конторууд Сууц өмчлөгчдийн холбоодоор дамжуулан орсон орлого тухайн хорооны аж ахуйн нэгж, байгууллагуудын хог тээврийн гэрээний хураамжийн орлогын санхүүжилтийг хариуцсан хороо бүрээр хог тээвэрлэгч байгууллагад сард 3 удаа /сар бүрийн 10, 20, 30-нд/ тооцоо нийлэн олгоно гэж, гэрээний 4.3-т Дүүргийн төсвөөр олгож байгаа нэмэлт санхүүжилтийг хариуцсан гэр хорооны айл өрх, хүн амын тоо, хог хаягдал үүсэх хэмжээ, хогны цэг хүртэлх зай, тээвэрлэсэн хогны тонн жин зэргийг харгалзан Нийслэлээс гаргасан аргачлалын дагуу тооцож захиалагч талын холбогдох албан тушаалтнуудын баталгаажуулсан үнийн дүнгээр дараа сарын 05-нд олгоно гэж, гэрээний 3.1.7-д хог хаягдлын үйлчилгээний сар тутмын ажлын гүйцэтгэлийг гэрээнд заасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт болон тусгай шаардлагын дагуу дүгнэж санхүүжилтийг хавсралт 3-ыг үндэслэн цаг хугацаанд нь шилжүүлнэ гэж, гэрээний 3.1.8-д Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олгох хог тээврийн нэмэлт санхүүжилтийн гүйцэтгэлийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг төвлөрүүлэхэд мөрдөх журмын 8.8 дахь заалтын дагуу олгоно гэж, мөн гэрээний 5.2.6-д хог тээвэрлэлтийн зардлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 12/45 дугаар хог тээврийн тариф батлах тухай тогтоолын дагуу тооцсон байна гэж тус тус тохирсон. Энэхүү гэрээнүүдийг захиалагчтай байгуулахдаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлаас 2013 оны 9 сарын 26-ны өдөр батлагдсан 12/45 дугаар хог тээврийн тариф батлах тухай тогтоолын дагуу хог тээврийн үйлчилгээний хөлсийг тонн километрийн системд шилжүүлэн тонн хог хаягдлыг километрт тээвэрлэх зардлыг тогтоосон бөгөөд уг тогтоолоор 1 тонн хог хаягдлыг тээвэрлэх тарифыг тогтоосон бөгөөд дээрх гэрээнүүд энэхүү тогтоолд нийцүүлэн байгуулагдсан болно. Энэ гэрээнүүдэд оролцогч захиалагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс хөлс төлөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар, гүйцэтгэхгүй Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасныг зөрчиж, Улаанбаатар шинэчлэл ХХК-нийг хохироосоор байна. Тухайлбал хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын зүгээс 2013 оны сүүлийн хагас жилд 40 899 553 төгрөгийн, 2014 онд 44 681 956 төгрөгийн, 2015 онд 49 608 006 төгрөгийн, 2016 онд 26 365 718 төгрөгийн, 2017 онд 33 770 617 төгрөгийн, нийт 1 023 477 691 төгрөгийн нэмэлт санхүүжилтээс 939 332 772 төгрөгийн санхүүжилт олгож, нийт үлдэгдэл 195 325 850 төгрөгийг өнөөдрийг хүртэл захиалагч нь Улаанбаатар шинэчлэл ХХК-д олгоогүй өр, авлага үүссэн байгаа болно. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед буюу ажлын үр дүнг хүлээн авмагц захиалагч хөлс төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж, захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэн өгч, улмаар гэрээнд заасны дагуу тайланг гаргаж, хүлээлгэн өгч, тооцоо нийлсэн байхад гүйцэтгэсэн ажлын хөлсөө хугацаанд нь өгөхгүй, тус дүүргийн 7, 9 дүгээр хорооны нутагт ажилласан ажлын хөлсөө төлөхгүй, өр төлбөр үүсгэж, гүйцэтгэгч нь төлбөрийн үлдэгдлээ тооцон дараа онд нь Нэхэмжлэл гэсэн баримтаар шаардаж, олгох ёстой хэмжээндээ санхүүжилт хийхийг шаардсаар ирсэн төдийгүй, хариуцсан албан тушаалтантай байнга биечлэн уулзаж гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч үр дүн гарсангүй, захиалагч талаас ямар нэг үндэслэлгүй шалтгаан зааж үлдэгдэл нэмэлт санхүүжилтээ олгохгүй байна. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын зүгээс гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас шалтгаалж Улаанбаатар шинэчлэл ХХК нь санхүүгийн хувьд ихээхэн алдагдалд орж ажилчдын цалин хөлс олголт болон хөрөнгөнд парк шинэчлэлт хийх, мөн нийгмийн олон асуудлаа шийдэж чадахгүйн улмаас банкнаас 2013 онд 60 000 000 төгрөг, 2014 онд 167 000 000 төгрөг, 2016 онд 15 000 000 төгрөг, 2017 онд 12 000 000 төгрөгийн нийт 254 000 000 төгрөгийн зээл авч, дээр нь банкны зээлийн хүүд 93,9 сая төгрөг төлж хохирсон. Түүнчлэн татварын улсын байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 250012644 акт тавигдаж Улаанбаатар шинэчлэл ХХК-аар 28 670 619 төгрөгийн төлбөр төлүүлэх шийдвэр гарсан, уг актад 2013 онд 207 032 500 төгрөгийн, 2014 онд 85 439 924 төгрөгийн, 2015 онд 68 876 110 төгрөгийн гэрээнд заасны дагуу хог хаягдал тээвэрлэсний зардлын зөрүүг төсвөөс дутуу авсан орлого орлогыг нягтлан бодох бүртгэлд бүртгээгүй тайлагнаагүй албан татвар ногдуулаагүй зөрчил нь Монгол Улсын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно: 7.3.1-д үйл ажиллагааны орлого мөн энэ хуулийн 8-р зүйлийн 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ, ажил үйлчилгээний борлуулалтын орлого гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж нөхөн төлбөр, торгууль, алданги ногдуулсан. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн тавьсан актад заасан нэмэгдэл санхүүжилтийн дүн нь гэрээний талууд тооцоо нийлсэн актад заасан дүн зөрүүтэй байгаа учраас Си эс ай аудит ХХК-тай гэрээ байгуулан 2013 оноос 2017 оны 5 сар хүртэл хугацааны санхүүгийн анхан шатны баримтад баримтын шалгалт хийлгэж дутуу авсан санхүүжилтийг 195 326 7310 төгрөг болохыг аудитын дүгнэлтээр тогтоосон юм. Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээний үүрэгт нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл төлбөр 195 326 7310 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа"Улаанбаатар шинэчлэл ХХК-тай дүүргийн Засаг даргын тамгын газар нь нийтийн эзэмшил, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын төлбөр тооцоо болон хог тээвэрлэлтэд гарах аливаа харилцааг зохицуулахаар нэхэмжлэгчтэй хог тээвэрлэх гэрээ, хог хаягдлын үйлчилгээ нийлүүлэх гэрээг байгуулан ажиллаж ирсэн. Гэрээний хугацаанд сар болгон гүйцэтгэлийг холбогдох журамд заасны дагуу хянан баталгаажуулан гарсан зардлыг тухай бүр өгч байсан. Нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт санхүүжилттэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус санхүүжилтийн талаар хэдэн төгрөг сар болгон өгөх тал дээр гэрээнүүдэд мөнгөн дүнг шууд зааж тохиролцсон зүйл байхгүй. Харин нэмэлт санхүүжилтийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн журам батлах тухай 86 дугаар тогтоолын 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг тухайн дүүргийн айл өрхийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого хог хаягдлын үйлчилгээг санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Нийслэлийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож болно, 8.11 дэх хэсэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг хянан, баталгаажуулан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлнэ гэж тус тус заасны дагуу 2014, 2015 оны санхүүжилт манай байгууллагын төсөвт байдаггүй Нийслэлийн Захирагчийн албанаас санхүүжүүлдэг нэмэлт хөрөнгө юм. Тус санхүүжилтийг хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор үндсэн хог хаягдлын санхүүжилт хүрэлцэхгүй тохиолдолд Нийслэлээс гүйцэтгэлийн хувь, хэмжээг харгалзан холбогдох санхүүжилтийг дүүргийн төрийн санд дамжуулдаг. Мөн Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/328 дугаар захирамжийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг хог хаягдлын үйлчилгээний нэмэлт санхүүжилтийг УБ хотын ЗАА дээр хянаж, санхүүжүүлнэ гэж заасны дагуу тус нэмэлт санхүүжилтийг олгож ирсэн. Дээр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолоор нэмэлт санхүүжилтийг өгч болох талаар сонголтын журмаар зохицуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 195 326 731 төгрөг буюу нэмэлт санхүүжилтийг нэхэмжилж байгаа нь гэрээгээр тохиролцоогүй мөнгийг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас 154 427 178,8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Должинсүрэнд олгож, үлдэх хэсэг 40 899 553 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Должинсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 134 584 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид хангасан хэмжээнд ногдох 930 086 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Г.Должинсүрэнгийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан 195 326 731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 181/ШШ2018/02071 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах байдлаар гомдож байна. Шүүгч шийдвэр гаргахдаа шинжээчийн гаргасан дүгнэлтийг харгалзаж үзсэнгүй шийдвэрлэлээ хэмээн үзэж байна. Шүүгч 2013 оны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл 40 899 553 төгрөгийг ямар журмаар хэдийд яаж хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас шаардаж байсан нь нотлогдоогүй энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тухайн хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв юм. Гэвч шүүхээс томилогдсон шинжээч болон аудитор нарын гаргасан дүгнэлт нь зарчим, арга зүйн хувьд адил боловч үнийн дүнд асар их зөрүүтэй байсан. Шинжээчийг шүүх томилдог харин аудитор бол нэхэмжлэгчийн хяналт хийлгэхээр хөлслөн авсан хүн юм. Мөнгө нэхэмжлэгч нь хариуцагч талаас өдөр тутмын хяналт хийлгэж байсан баримт байдаггүй. Улаанбаатар шинэчлэл ХХК-тай байгуулсан гэрээнүүдэд нэмэлт санхүүжилтийн мөнгөн дүнг шууд зааж тохиролцоогүй, нэмэлт санхүүжилт нь дүүргийн Засаг даргын төсөвт байдаггүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 86 дугаар тогтоолд нэмэлт санхүүжилт өгч болно гэж заасан нь уг санхүүжилтийг заавал олгох болон олгох эсэх талаар эрх олгосон зүйл биш юм. Тохиролцоогүй мөнгийг нэхэмжилж байгаа тул анхан шатны шүүхийн 154 427 178 төгрөг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Должинсүрэн нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдуулан хог тээврийн үйлчилгээний гэрээний дагуу 195 326 731 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Улаанбаатар шинэчлэл ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай 2012 оны 3 сарын 07, 2012 оны 10 сарын 31, 2014 оны 01 сарын 10, 2015 оны 8 сарын 03, 2016 оны 01 сарын 15, 2017 оны 01 сарын 10, 2017 оны 3 сарын 01, 2018 оны 01 сарын 02-ны өдрүүдэд тус тус хог, хаягдал тээвэрлэх гэрээ болон хог тээвэрлэх түр гэрээг байгуулж, дээрх гэрээнүүдээр Улаанбаатар шинэчлэл ХХК нь Сүхбаатар дүүргийн 7, 9 дүгээр хороодын болон 4 дүгээр бүсийн нийтийн эзэмшлийн гудамж, орон сууц, гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх, төвлөрсөн хогийн цэгт хүргэж, хариуцсан бүсийг хог хаягдалгүй цэвэр байлгах үүргийг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар нь Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, гэрээг дүгнэн дүүргийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлого болон дүүргийн төсвөөс олгож байгаа нэмэлт санхүүжилтээр төлбөр тооцоог хийх үүргийг тус тус хүлээсэн нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээ, хог тээврийн төлбөрийн тооцоо зэрэг бусад баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-н 7-32 33-34, 45-52, 53-58 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Г.Должинсүрэн нь 2017 оны 10 сарын 12-ны өдөр Улаанбаатар шинэчлэл ХХК-тай Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай байгуулсан гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгч Г.Должинсүрэн нь Улаанбаатар шинэчлэл ХХК-иас шилжүүлэн авсан, Улаанбаатар шинэчлэл ХХК нь хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газартай Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсгэсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-ийн 4 дүгээр тал/

 

Талууд гэрээний ажлын хөлсөнд маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2013-2017 оны 5 дугаар сар хүртэлх хугацааны нэмэлт санхүүжилтийн үлдэгдэл нийт 195 325 850 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. Тодруулбал, 2013 оны сүүлийн хагас жилийн 40 899 553 төгрөг, 2014 оны 44 681 956 төгрөг, 2015 оны 49 608 006 төгрөг, 2016 оны 26 365 718 төгрөг, 2017 оны 33 770 617 төгрөг буюу нийт 195 325 850 төгрөгийн үлдэгдэл санхүүжилтийг шаардсан байх бөгөөд дээрх шаардлагаас 154 427 178 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай тус тус нийцсэн, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нэмэлт санхүүжилт хийх талаар тохиролцоогүй, 86 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргээс ирүүлсэн гүйцэтгэлийг хянаж, баталгаажуулан, нэмэлт санхүүжилтийг дүүргийн төрийн санд шилжүүлнэ гэх боловч энэ нь хариуцагч талын үүрэг бөгөөд хариуцагч үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч давж заалдах гомдолдоо аудитын дүгнэлт, шинжээчийн дүгнэлт нь зөрүүтэй гэх боловч анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/02071 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Г.ДАВААДОРЖ