Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2019/01656

 

 

 

 

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2019/01656

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ТК ХХК  холбогдох,

Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоотод байрлах, 34.69 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг гаргуулах, хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, түүний өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Анар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Н нь ТК ХХК -тай 2014 оны 02-р сарын 28-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, уг компанийн барьж буй Улаанбаатар хотын Налайх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, Шинэ налайх хорооллын 5А байр, 3-р орц, 1-р давхарын 41 тоот дахь 34,69 мкв 2 өрөө орон сууцыг захиалсан юм. Гэрээний 1-р зүйлийн 1.2-т заасны дагуу орон сууцны үнэ 37 812 100 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулан, орон сууцаа хүлээн авч, 2015 оны 12-р сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл уг сууцандаа амьдарч байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5-р зүйлийн 5.10-т: Захиалагч тал орон сууцны төлбөрийг бүрэн төлснөөр орон сууцыг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг Гүйцэтгэгч тал нь Захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй. гэж тохиролцсон боловч гүйцэтгэгч тал өнөөдрийг хүртэл орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өгөх үүргээ биелүүлэхгүй, элдэв шалтгаан тоочин өнөөдрийг хүрсэн. Иргэн Ш.Н нь аргагүйн эрхэнд Налайх дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандан өөрөө захиалгаар бариулж төлбөрийг бүрэн төлсөн, одоо өөрөө амьдарч байгаа орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан боловч тооцоо дууссан тухай албан бичиг байхгүй, хаяг давхардсан гэсэн 2 үндэслэл заан бүртгээгүй.

Иймд Улаанбаагар хотын Налайх дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, "Шинэ налайх хорооллын 5А байр, 3-р орц, 1-р давхарын 41 тоот 34,69 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Ш.Нг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг ТК ХХК-д даалгаж өгнө үү.

 

Ш.Нгийн нэхэмжлэлтэй, ТК ХХК-д холбогдох, өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхийг даалгуулахыг хүссэн хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлж байна. Үүнд:

Талуудын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-т Захиалагч тал орон сууцны үнийг бүрэн төлснөөр орон сууцыг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг гүйцэтгэгч тал нь захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тохиролцсон боловч гүйцэтгэгч буюу ТК ХХК энэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас захиалагч Ш.Нгийн худалдаж авсан орон сууцаа өмчлөх, захиран зарцуулах эрх ноцтой зөрчигдөж байна. Иймд гэрээний 5.10 -т заасан энэ үүргээ биелүүлж, орон сууцыг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг ТК ХХК-иас гаргуулах болгож, анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт "Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч тал эд хөрөнгө хүлээлгэн өгсөн мөртлөө түүнтэй холбоотой баримт бичгийг өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас Иргэний хуулийн 243.1 дэхь хэсэгт зааснаар шаардлагаа өөрчлөн гаргаж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч ТК ХХК-иас Налайх дүүргийн 7-р хороо 5А-р байрны 41 тоот дахь 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулж өгнө үү.

Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжпэгч Ш.Н худалдаж авсан орон сууцаа өмчлөлдөө авч чадаагүй ба үүнээс болоод түүний Үндсэн хууль, Иргэний хууль, Хүн амын орлогын албан татварын хуульд заасан өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах, татварын хөнгөлөлт эдлэх эрх зөрчигдөж хохирсон. Ш.Н нь худалдаж авсан орон сууцаа хөлслүүлэхээр мэдээллийн хэрэгслээр зар тавихад хүмүүс ирж үзээд хөлслөх гэрээний нөхцөлүүдээ тохиролцдог ба гэрээ байгуулах болохоороо өмчлөх эрхийн гэрчилгээг үзэхийг хүсч, уг сууцыг Ш.Н бусдад түрээслэх эрхтэй, эсэхийг тодруулахад нь өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр аваагүй байгаа гэдгээ хэлэхээр гэрээ байгуулахаа больж байсан, үүнээс болоод өдий хүртэл байраа хөлслүүлж, орлого олж чадахгүй байгаа болно. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 1 удаа л тодорхой хугацаагаар бусдад хөлслүүлсэн. Орон сууцаа хүлээн авснаас хойш өөрөө амьдраагүй, бусдад хөлслүүлээд тодорхой хэмжээний орлого олж, ашиглалтын болон СӨХ-ны зардлыг төлж байх зорилготой байсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадаагүйгээс энэ нь боломжгүй болж, хий зардал төлж өдий хүрсэн нь байрыг эзэмшиж байгаа хүнд хохиролтой байгааг хариуцагч тал огт анхаарч үзэхгүй байна. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь хэсэгт Хувь хун өөрийн болон банк, санхүугийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30.0 саяас дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг... албан татвараас чөлөөлнө гэж заасан байдаг бөгөөд Ш.Н нь ажил эрхэлж, хүн амын орлогын албан татвар төлж байх үедээ худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хамаарсан татварын чөлөөлөлтөд хамрагдаж, 3 сая төгрөг Татварын хэлтсээс буцаан авах ёстой боловч орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ аваагүйгээс болоод татвар буцаан авах хөнгөлөлтийг эдэлж чадалгүй байсаар 2017 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон, одоо хүн амын орлогын албан татвар төлөхгүй байгаа учраас татвар буцаан олгох энэ нөхцөлд хамрагдах боломжгүй болсон. Хариуцагч нь гэрээний 5.10-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол Ш.Н өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр авч, бусдад хөлслөн орлого олох, орон сууцаа худалдах зэргээр захиран зарцуулж, ашиглаад орон сууц худалдан авахдаа бусдаас авсан зээлээ төлж дуусгах, татварын хөнгөлөлтөө буцаан авах зэрэг боломжтой байсан. Гэтэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд худалдан авсан орон сууцаа өмчлөх эрхэндээ шилжүүлж авч чадаагүйгээс эд хөрөнгө, сэтгэл санааны өчнөөн хохирол амслаа. Хариуцагч нь асуудалд үнэхээр хариуцлагагүй, шударга бус хандаж, гэрээний нөгөө талаа хохироосноо юман чинээ бодохгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа байдал, хохирсон этгээдийг очоод уулзахад хүлээж авч байгаа байдал зэргээс нь харагддаг.

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт " Худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмын баримтлан арилгана, 219 дүгээр зүйлийн 219.1 дэхь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгүүлахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал бүюү гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгуулэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан бөгөөд нэхэмжпэгч нь өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ авсан бол татварын хөнгөлөлтөнд хамрагдаж, 3 /гурван/ сая төгрөгийг харъяа дүүргийн Татварын хэлтсээс буцаан авах байсан. Энэхүү 3 сая төгрөг нь Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид орох байсан орлого юм.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээрр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч ТК ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3 /гурван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сүүлд Налайх дүүргийн Бүртгэлийн хэлтсээс ирсэн нотлох баримтаар ТК ХХК-ийн ерөнхий захирал З.Цэцэн нь нэр бүхий 21 этгээдтэй байгуулсан орон сууцны гэрээ цуцлагдсан тул өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Бүртгэлийн байгууллагад гаргаж, Ш.Н болон өөр бусад хүмүүсийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж аваад зээлийн барьцаанд тавьсан нь тогтоогдсон. ТК ХХК-ийн үүсгэн байгуулагч цорын ганц хувьцаа, эзэмшигч нь З.Цэцэн. Хариуцагч ТК ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг Ш.Нд шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч ТК ХХК-д орон сууцны өмчлөх эрхийг Ш.Нд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч ТК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч нь Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоотод байрлах, 34.69 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг гаргуулах, хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага тус тус гаргасан байдаг. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөд хариуцагч буюу ТК ХХК-ийн зүгээс татгалзах зүйлгүй. Тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ манай компаний хувьцаа эзэмшигчийн нэр дээр гарсан байдаг. Учир нь манай компаний хувьцаа эзэмшигч зарагдаагүй байсан байруудыг өөрийн нэр дээр гаргаж авахад түүнд андуурагдаад З.Цэцэнгийн нэр дээр гарсан байдаг. Одоо Ш.Нгийн нэр дээр шилжүүлэхэд ямар нэгэн асуудал байхгүй. Түүнчлэн Ш.Н захиалсан орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар нэг ч удаа манай компанид хандаагүй мөртлөө шууд шүүхэд хандсаныг ойлгохгүй байна. Мөн захиалагчид 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан зүйл байхгүй тул 3 000 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагч ТК ХХК-д холбогдуулан Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоотод байрлах, 34.69 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг гаргуулах, хохирол 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал нь орон сууцыг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг гаргуулах гэж тодорхойлсон шаардлагаа нэхэмжлэгч Ш.Нг Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоотод байрлах, 34.69 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах буюу хариуцагч ТК ХХК-ийн ерөнхий захирал З.Цэцэнгийн нэр дээр андуурагдан гарсан орон сууцны өмчлөх эрхийг Ш.Нд шилжүүлэхийг хариуцагчид даалгах гэж тодруулан тайлбарлаж байна.

 

Хариуцагч тал Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ андуурагдаад манай компаний хувьцаа эзэмшигч З.Ц-ийн нэр дээр гарсан, ТК ХХК-ийн зүгээс орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх, орон сууцыг Ш.Нгийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

 

Ш.Н нь ТК ХХК-тай 2014 оны 02-р сарын 28-ны өдөр №0331 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г бичиг /хх-4-6х/-ээр байгуулж, ТК ХХК-ийн барьж буй Шинэ налайх хорооллын барилгаас 5А байрны 3-р орцны 1 давхарын 41 тоот, 34,69 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар захиалж, орон сууцны үнэ 37 812 100 төгрөгийг төлөх үүргийг хүлээжээ. Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

 

Худалдан авагч Ш.Н орон сууцны үнэ болох 37 812 100 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлж, ТК ХХК-иас 2015 оны 12-р сарын 12-ны өдөр орон сууцыг хүлээн авч, орон сууцыг эзэмшиж байгаа талаар зохигч маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

ТК ХХК нь Ш.Нтай худалдах, худалдан авах гэрээ буюу бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээг байгуулсан тул гэрээний дагуу орон сууцыг биет байдлын доголдолгүй бодитойгоор эзэмшил, ашиглалтад нь шилжүүлэхээс гадна эрхийн зөрчилгүй орон сууцыг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу өмчлөлд нь шилжүүлэх буюу Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоотод байрлах, 34.69 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Ш.Нг бүртгүүлж, өөрийн өмчлөх эрхээ дуусгавар болгох үүрэгтэй.

 

Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоотод байрлах, 34.69 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр З.Цэцэн бүртгэгдсэн /хх-62-76/ байх бөгөөд З.Цэцэн нь хариуцагч ТК ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд /ерөнхий захирал/ болох нь компанийн дүрэм /хх-19-20х/, гэрчилгээ /хх-18х/, итгэмжлэл /хх-17х/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /хх-78-79х/ зэргээр тогтоогдож байна.

З.Цэцэн нь Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоот орон сууцыг хариуцагч ТК ХХК-ийн хөрөнгийг удирдах эрх-ийнхээ хүрээнд өмчилсөн болох нь Налайх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтууд /хх-62-76х/-аар тогтоогдож байх тул ТК ХХК-ийн Ш.Нтай 2014 оны 02-р сарын 28-ны өдөр байгуулсан №0331 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний үүргийг гүйцэтгүүлэхээр ТК ХХК-ийн захирал З.Цэцэнд Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөр Ш.Нг бүртгүүлж, өөрийн өмчлөх эрхээ дуусгавар болгохыг даалгах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх анхдагч аргаар үүсч байгаа тохиолдолд тухайн хөрөнгийг бий болгож зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр, үүсмэл аргаар бий болж байгаа тохиолдолд бусдаас хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч, уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог тул шүүх өмчлөгчийг тогтоодоггүй. Иймд Ш.Нгийн ТК ХХК-д холбогдуулан Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоотод байрлах, 34.69 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагчийг хэлцлийн дагуу орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, өөрийн өмчлөх эрхээ дуусгавар болгох үүргээ биелүүлээгүйгээс Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д заасны дагуу татвараас чөлөөлөгдөж, орлогоосоо татварт төлсөн мөнгөө буюу 3 000 000 хүртэлх төгрөгийг буцааж авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэх үндэслэлээр хариуцагч ТК ХХК-иас хохирол 3 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу гэрээндээ үүрэг гүйцэтгэх хугацаа, үүрэг зөрчсөний улмаас үүсэх үр дагавар, зөрчлийг арилгах арга хэмжээ, зөрчил гаргасан талдаа хүлээлгэх хариуцлага, түүний хэмжээ зэргийг чөлөөтэй тохиролцож гэрээндээ тусгах боломжтой юм. Учир нь: гэрээ байгуулж байгаа талууд гэрээний үүргээ аль нэг тал нь зөрчсөн тохиолдолд үүсэх үр дагаварыг урьдчилан тооцоолох боломжтой байдаг.

 

2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ-нд худалдан авагчийг орон сууцны өмчлөгчөөр Улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой үүргээ худалдагч зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тохиролцоогүй байна.

Иймээс гэрээний үүргээ зөрчсөн этгээдэд хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжтой эсэхийг шалгахад Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт Худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмын баримтлан арилгана, 219 дүгээр зүйлийн 219.1 дэхь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгө нь Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-д заасны дагуу татвараас чөлөөлөгдөж, орлогоосоо татварт төлсөн 3 000 000 хүртэлх төгрөгийг буцааж авах эрхэд үндэслэгдсэн байх тул худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч буюу худалдан авагчийн хувьд зайлшгүй орох байсан орлого гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Өөр харилцаа /Татварын эрх зүйн харилцаа/-наас олох ёстой байсан орлогыг энэ харилцаа /Худалдах, худалдан авах гэрээ/-ны зайлшгүй орох байсан орлого гэж үзэх боломжгүй буюу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж заасан үүрэг тусгаарлах зарчим үйлчилнэ.

Иймд нэхэмжлэгч Ш.Нгийн татварт төлсөн 3 000 000 хүртэлх төгрөгийг буцааж авах эрхэд үндэслэгдсэн хохирол 3 000 000 төгрөгийг ТК ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч ТК ХХК-ийн ТК ХХК-ийн захирал З.Цэцэнд Налайх дүүргийн 7 хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөр Ш.Нг бүртгүүлж, өөрийн өмчлөх эрхийг дуусгавар болгохыг даалгаж, нэхэмжлэгч Ш.Нгийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоотод байрлах, 34.69 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан ТК ХХК-ийн захирал З.Ц Налайх дүүргийн 7 хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөр Ш.Нг бүртгүүлж, өөрийн өмчлөх эрхийг дуусгавар болгохыг даалгаж, нэхэмжлэгч Ш.Нгийн нэхэмжлэлээс Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоотод байрлах, 34.69 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ш.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТК ХХК-иас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА