Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01771

 

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01771

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Б.Бгийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01656 дугаар шийдвэртэй, Б.Бгийн  нэхэмжлэлтэй, хариуцагч “Т” ХХКхолбогдох, Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоотод байрлах, 34.69 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг гаргуулах, хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэлэнгэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Иргэн Б.Б нь “Т” ХХК-тай 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, уг компанийн барьж буй Улаанбаатар хотын Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шинэ налайх хорооллын 5А байр, 3 дугаар орц, 1 дүгээр давхарын 41 тоотын  34.69 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан. Гэрээний 1.2-т заасны дагуу орон сууцны үнэ 37 812 100 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулан, орон сууцаа хүлээн авч, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл уг сууцандаа амьдарч байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.10-т захиалагч тал орон сууцны төлбөрийг бүрэн төлснөөр орон сууцыг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг гүйцэтгэгч тал нь захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тохиролцсон боловч гүйцэтгэгч тал өнөөдрийг хүртэл орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өгөх үүргээ биелүүлэхгүй, элдэв шалтгаан тоочин өнөөдрийг хүрсэн. Иргэн Б.Б нь аргагүйн эрхэнд Налайх дүүргийн Бүртгэлийн хэлтэст хандан өөрөө захиалгаар бариулж төлбөрийг бүрэн төлсөн, одоо өөрөө амьдарч байгаа орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан боловч тооцоо дууссан тухай албан бичиг байхгүй, хаяг давхардсан гэсэн 2 үндэслэл зааж бүртгээгүй. Иймд Улаанбаагар хотын Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Шинэ налайх хорооллын 5А байр, 3 дугаар орц, 1 дүгээр давхарын 41 тоот 34,69 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр иргэн Б.Бг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг “Т” ХХК-д даалгаж өгнө үү.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж, нэмэгдүүлж байна. Үүнд талуудын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний 5.10-т захиалагч тал орон сууцны үнийг бүрэн төлснөөр орон сууцыг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг гүйцэтгэгч тал нь захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж тохиролцсон боловч гүйцэтгэгч буюу”Т” ХХКэнэ үүргээ биелүүлэхгүй байгаагаас захиалагч Б.Бгийн худалдаж авсан орон сууцаа өмчлөх, захиран зарцуулах эрх ноцтой зөрчигдөж байна. Иймд гэрээний 5.10-т заасан энэ үүргээ биелүүлж, орон сууцыг Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг “Т” ХХК-аас гаргуулах болгож, анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ гэж заасан бөгөөд хариуцагч тал эд хөрөнгө хүлээлгэн өгсөн мөртлөө түүнтэй холбоотой баримт бичгийг өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас шаардлагаа өөрчилж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХХК-аас Налайх дүүргийн 7 дугаар хороо 5А дугаар байрны 41 тоот дахь 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулж өгнө үү.

Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжпэгч Б.Б худалдаж авсан орон сууцаа өмчлөлдөө авч чадаагүй ба үүнээс болоод түүний Үндсэн хууль, Иргэний хууль, Хүн амын орлогын албан татварын хуульд заасан өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө ашиглах, захиран зарцуулах, татварын хөнгөлөлт эдлэх эрх зөрчигдөж хохирсон. Б.Б нь худалдаж авсан орон сууцаа хөлслүүлэхээр мэдээллийн хэрэгслээр зар тавихад хүмүүс ирж үзээд хөлслөх гэрээний нөхцөлүүдээ тохиролцдог ба гэрээ байгуулах болохоороо өмчлөх эрхийн гэрчилгээг үзэхийг хүсч, уг сууцыг Б.Б бусдад түрээслэх эрхтэй, эсэхийг тодруулахад нь өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр аваагүй байгаа гэдгээ хэлэхээр гэрээ байгуулахаа больж байсан, үүнээс болоод өдий хүртэл байраа хөлслүүлж, орлого олж чадахгүй байгаа болно. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд 1 удаа л тодорхой хугацаагаар бусдад хөлслүүлсэн. Орон сууцаа хүлээн авснаас хойш өөрөө амьдраагүй, бусдад хөлслүүлээд тодорхой хэмжээний орлого олж, ашиглалтын болон СӨХ-ны зардлыг төлж байх зорилготой байсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадаагүйгээс энэ нь боломжгүй болж, хий зардал төлж өдий хүрсэн нь байрыг эзэмшиж байгаа хүнд хохиролтой байгааг хариуцагч тал огт анхаарч үзэхгүй байна. Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь хэсэгт Хувь хун өөрийн болон банк, санхүугийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсвэл худалдан авахад зарцуулсан 30.0 саяас дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг... албан татвараас чөлөөлнө гэж заасан байдаг бөгөөд Б.Б нь ажил эрхэлж, хүн амын орлогын албан татвар төлж байх үедээ худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс хамаарсан татварын чөлөөлөлтөд хамрагдаж, 3 сая төгрөг Татварын хэлтсээс буцаан авах ёстой боловч орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ аваагүйгээс болоод татвар буцаан авах хөнгөлөлтийг эдэлж чадалгүй байсаар 2017 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрээ тогтоолгосон, одоо хүн амын орлогын албан татвар төлөхгүй байгаа учраас татвар буцаан олгох энэ нөхцөлд хамрагдах боломжгүй болсон. Хариуцагч нь гэрээний 5.10-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол Б.Б өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр авч, бусдад хөлслөн орлого олох, орон сууцаа худалдах зэргээр захиран зарцуулж, ашиглаад орон сууц худалдан авахдаа бусдаас авсан зээлээ төлж дуусгах, татварын хөнгөлөлтөө буцаан авах зэрэг боломжтой байсан. Гэтэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд худалдан авсан орон сууцаа өмчлөх эрхэндээ шилжүүлж авч чадаагүйгээс эд хөрөнгө, сэтгэл санааны өчнөөн хохирол амслаа. Хариуцагч нь асуудалд үнэхээр хариуцлагагүй, шударга бус хандаж, гэрээний нөгөө талаа хохироосноо юман чинээ бодохгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа байдал, хохирсон этгээдийг очоод уулзахад хүлээж авч байгаа байдал зэргээс нь харагддаг.

Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт " Худалдах, худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмын баримтлан арилгана, 219 дүгээр зүйлийн 219.1 дэхь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгүүлахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал бүюү гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгуулэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан бөгөөд нэхэмжпэгч нь өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ авсан бол татварын хөнгөлөлтөнд хамрагдаж, 3 /гурван/ сая төгрөгийг харъяа дүүргийн Татварын хэлтсээс буцаан авах байсан. Энэхүү 3 сая төгрөг нь Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид орох байсан орлого юм.

Иймд Иргэний хуулийн 219 дүгээрр зүйлийн 219.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Тэлмэн констракшн ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 3 /гурван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

Сүүлд Налайх дүүргийн Бүртгэлийн хэлтсээс ирсэн нотлох баримтаар Тэлмэн констракшн ХХК-ийн ерөнхий захирал З.Цнь нэр бүхий 21 этгээдтэй байгуулсан орон сууцны гэрээ цуцлагдсан тул өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг Бүртгэлийн байгууллагад гаргаж, Б.Б болон өөр бусад хүмүүсийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж аваад зээлийн барьцаанд тавьсан нь тогтоогдсон. Тэлмэн констракшн ХХК-ийн үүсгэн байгуулагч цорын ганц хувьцаа, эзэмшигч нь З.Цэцэн. Хариуцагч Тэлмэн констракшн ХХК нь орон сууцны өмчлөх эрхийг Б.Бд шилжүүлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Тэлмэн констракшн ХХК-д орон сууцны өмчлөх эрхийг Б.Бд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгч нь Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоотод байрлах, 34.69 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцыг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичгийг гаргуулах, хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлага тус тус гаргасан байдаг. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөд хариуцагч буюу Тэлмэн констракшн ХХК-ийн зүгээс татгалзах зүйлгүй. Тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ манай компаний хувьцаа эзэмшигчийн нэр дээр гарсан байдаг. Учир нь манай компаний хувьцаа эзэмшигч зарагдаагүй байсан байруудыг өөрийн нэр дээр гаргаж авахад түүнд андуурагдаад З.Цэцэнгийн нэр дээр гарсан байдаг. Одоо Б.Бгийн нэр дээр шилжүүлэхэд ямар нэгэн асуудал байхгүй. Түүнчлэн Б.Б захиалсан орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар нэг ч удаа манай компанид хандаагүй мөртлөө шууд шүүхэд хандсаныг ойлгохгүй байна. Мөн захиалагчид 3 000 000 төгрөгийн хохирол учруулсан зүйл байхгүй тул 3 000 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Тэлмэн констракшн ХХК-ийн захирал З.Цэцэнд Налайх дүүргийн 7 хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Бг бүртгүүлж, өөрийн өмчлөх эрхийг дуусгавар болгохыг даалгаж, нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлээс Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоотод байрлах, 34.69 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хохирол 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-аас 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сэлэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцны үнийг бүрэн төлсөн. Гэтэл хариуцагч 2015 оны 12 дугаар сараас хойш буюу орон сууцыг хүлээлгэн өгснөөс хойш орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг өгөхөөр тохиролцсон гэрээний 5.10-т заасан үүргээ биелүүлэхгүй чирэгдүүлсэн ба сүүлдээ тус компанийн удирдах албан тушаалтнууд хүлээн авч уулзахаа больж, бусад албан тушаалтнууд нь захиралд хэлье гэсээр 2017 он болгосон. Нэхэмжлэгч нь 2017, 2018 онуудад энэ асуудлаа хөөцөлдөж олон удаа явсан боловч компанийн ажилтнууд зугатаагаад хүлээж авахаа больсон. Налайх дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн баримтаар Б.Бгиин худалдаж авсан Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ Налайх хороолол 5а байрны 41 тоотод байрлах 34,69 м.кв орон сууцны өмчлөх эрхийг тус компаниин захирал З.Цөөрийн нэр дээр бүртгүүлж авсан болох нь тогтоогдсон. Тэлмэн констракшн ХХК-ийн захирал З.Цнь 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 242/17 дугаартай тодорхойлолт үйлдэж, “Шинэ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт барьж ашиглалтанд оруулсан Шинэ Налайх хорооллын 25 орон сууцнь: үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгнө үү" гэсэн хүсэлтийг Налайх дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст өгч, жагсаалт гаргасан байх бөгөөд уг жагсаалтын 17 дугаарт Б.Бгийн нэр байдаг. Налайх дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтсээс 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Б.Бгийн худалдан авч үнийг нь төлсөн 41 тоотын орон сууцыг З.Цэцэнгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгсөн. “Т” ХХК-ийн захирал З.Цнь 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 298/17 дугаартай тодорхойлолтоор жагсаалтанд байгаа 21 орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь цуцлагдсан болон шилжсэн гэж тодорхойлсон байх бөгөөд бүртгэлийн байгууллага энэ нөхцөл байдлыг шалгаагүй, цуцласан шилжсэн баримтыг нь шаардахгүй хүсэлт өгөхөөс өмнө буюу 09 дүгээр сарын 07-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг нь З.Цэцэнгийн нэр дээр гаргасан байдаг.

Дээрх нөхцөл байдлын улмаас хариуцагч компани нь нэхэмжлэгчийн орон сууцаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх бичиг баримтыг өгөх боломжгүй болсон байхад шүүх Бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтыг буруу дүгнэж, хариуцагч талд ашигтайгаар үнэлж, “З.Цнь “Т” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд учраас хөрөнгийг удирдах эрхийнхээ хүрээнд өмчилсөн болох нь тогтоогдсон” гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.Б худалдаж авсан орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулж чадахгүй 2018 он хүргээд шүүхэд эрх ашгаа хамгаалуулахаар хандсан, энэ үед нь захирал З.Цтүүний худалдаж авсан орон сууцыг гэрчилгээ нь цуцлагдсан, шилжсэн гэсэн хуурамч мэдээлэл өгч танил талаа ашиглан өмчлөх эрхийг нь өөртөө авсан байхад өөрийн хөрөнгөө удирдах эрхийн хүрээнд өмчлөх эрхийг шилжүүлж авсан гэж дүгнэсэн шүүгчийн энэ дүгнэлт түүнийг хариуцагч талд хэтэрхий үйлчилсэн гэж хардах сэрдэх сэдлийг төрүүлж байна. З.Цнь өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан эдгээр орон сууцнуудыг Төрийн банкны зээлийн барьцаанд тавьж зээл авсан байдаг бөгөөд бусдын өмч хөрөнгийг хууль бусаар өмчлөлдөө авч захиран зарцуулснаас гэрээний үүргээ биелүүлсэн           Б.Бд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг өгөх үүргээ санаатай биелүүлэхгүй байсаар нэхэмжлэгчид хохирол учирсан нөхцөл байдлыг шүүх анхаарч үзсэнгүй. Шүүх хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ талууд байгуулсан гэрээндээ хэн нэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй бол үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тохиролцоогүй байна гэж дүгнэн хохирол 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч буюу”Т” ХХКорон сууцыг хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг орон сууцны үнийг төлмөгц Б.Бд хүлээлгэн өгөх, худалдан авагч буюу Б.Б нь гэрээгээр тохиролцсон байрны үнийг төлж дуусгах үүргийг тус тус хүлээсэн. “Т” ХХК-ийн орон сууцыг хүлээлгэн өгөх нь үндсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөх нь дагалдах үүрэг бөгөөд энэ үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс /одоо хүртэл авч чадаагүй байгаа / Б.Бгийн хувьд татварын хөнгөлөлтөнд цаг тухайд нь хамрагдаж, 3 000 000 төгрөгийг буцаан авч чадаагүй. Шүүх 3 000 000 төгрөгийг татварын эрх зүйн харилцаанаас олох байсан орлого учраас худалдах, худалдан авах гэрээний дагуу олох байсан орлого гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан зайлшгүй олох байсан орлого нь Б.Бгийн худалдаж авсан орон сууцтай холбоотой татварын хөнгөлөлтийн 3 000 000 төгрөг байсан, шинээр орон сууц худалдаж авсныхаа төлөө татварын хөнгөлөлтөнд хамрагдах эрхээ “Т” ХХК-ийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үйлдлээс болоод эдэлж чадаагүй энэ үйл баримтыг шүүх буруу дүгнэж, худалдах, худалдан авах гэрээтэй хамаагүй, өөр харилцаанаас олох байсан орлого гэж үзэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч талд ашигтай шийдвэр гаргасан. Хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6 дахь заалт нь гэрээний үүргийн биелэлтийг өөр гуравдагч этгээдээс хүлээн авах агуулгатай байгаа бөгөөд зохигчдын хувьд үүргийн биелэлтийг өөрсдийн биеэр хариуцан гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон, тэд орон сууц хүлээлгэн өгөх, орон сууцны үнэ төлөх үүргээ харилцан биелүүлж, дагалдах үүрэг болох өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг хүлээлгэн өгөх талаар гэрээний 5.10-т тохиролцсон үүргээ хариуцагч биелүүлээгүй асуудал энэ маргааны хүрээнд яригдаж байгаа юм. Б.Бг байрны үнийг бүрэн төлмөгц өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг тэр дор нь өгчихсөн бол нэхэмжлэгч татварын хөнгөлөлт авах эрхээ эдлээд 3 000 000 төгрөгөө хувь хүний орлогын албан татвар төлж байх цаг хугацаандаа авчих байсан. Хариуцагч талын буруугаас болоод нэхэмжлэгч хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадалгүй олох байсан орлогоо алдсан нөхцөл байдлыг шүүх албаар гуйвуулж алдаатай дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэхь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч хохирол гаргуулахаар шаардсан. Талууд гэрээндээ тусгаагүй бол хохирол шаардах эрхгүй гэсэн заалт огт байхгүй бөгөөд хуульд шаардах эрхтэй гэж заасан байхад заавал гэрээнд тусгах шаардлагагүй юм. Хариуцагч байгууллагын гэрээний 5.10-т заасан үүргээ биелүүлээгүй буруутай үйлдэл, бусдын өмчлөх эрхийг хууль бусаар зөрчиж, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлэн авсан компанийн захирал 3.Цэцэнгийн үйлдлээс болоод нэхэмжлэгч нь хууль ёсны эрх болох татварын хөнгөлөлтөнд хамрагдах эрхээ эдэлж чадаагүй, одоо өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж авсан ч уг хөнгөлөлтийг авах боломжгүй нөхцөл байдалтай болсныг шүүх анхаарч үзсэнгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүилиин 167.1.3 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхиин 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01656 тоот шиидвэрийн тогтоох хэсэгт “ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэхь хэсэгт зааснаар 3 000 000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох” гэсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоот хаягт байршилтай 34.69 м.кв орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах, орон сууцыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдох баримт бичиг, хохирол 3 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч эхний шаардлагыг хүлээн зөвшөөрч, хохирол 3 000 000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Б 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч “Т” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Шинэ Налайх хорооллын  5А байрны 3 дугаар орц, 1 давхарын 41 тоотын 34.69 м.кв 2 өрөө орон сууцыг 37 812 100 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдсон. Хариуцагч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна. /хх9-10/

Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч компанийн захирал З.Цбүртгэгдсэн болох нь хэргийн 70 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, шүүх “ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Тэлмэн констракшн ХХК-ийн захирал З.Цэцэнд Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөөр Б.Бг бүртгүүлж, өөрийн өмчлөх эрхийг дуусгавар болгохыг даалгаж” шийдвэрлэсэн байх бөгөөд үүнд давж заалдах гомдол гаргаагүй байна.

Харин хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж 3 000 000 төгрөг хохиролд нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгохдоо “худалдан авагчийн хувьд зайлшгүй орох байсан орлого биш, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар гэрээгээр тохиолцоогүй ” гэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авсны дараа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12, 27 дугаар зүйлийн 2711-д заасан журмын дагуу тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр харъяалах татварын албанд хандаагүй байгаа тохиолдолд хохирол учирсан гэж шууд дүгнэх боломжгүй. Хэрэв татварын байгууллага татварын хөнгөлөлтийг нэхэмжлэгчийн тайлбарласанчилан “2017 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэртээ гарч, хүн амын орлогын албан татвар төлөөгүй” гэх үндэслэлээр олгоогүй тохиолдолд шүүхэд хандах боломжтой юм. Иймд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж хохиролд 3 000 000 төгрөг нэхэмжилсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг  даалгаж, холбогдох баримт бичгийг гаргуулах шаардлагаа өөрчилсөн байхад уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу тул зохих өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/01656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Т” ХХК-ийн захирал З.Цэцэнд Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ налайх хорооллын 5а байрны 41 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Бг бүртгүүлж, өөрийн өмчлөх эрхийг дуусгавар болгохыг даалгаж, хохиролд 3 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.                    

            

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

 

       ШҮҮГЧИД                          Т.ТУЯА

 

                                                   А.МӨНХЗУЛ