Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2020/01257

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05сарын12өдөр

181/ШШ2020/01257

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ж.С /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М к ХХК /РД:/-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч Б.З-У, О.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.С нь 2005 оны 10 сарын 03-ны өдөр М к ХХК-ийн Дархан салбарт нягтлан бодогчоор ажилд ороод, салбарын ахлах, менежер, салбарын захирал гэсэн албан тушаалаар 14 жил 2 сарын хугацаатай ажиллаад 2019 оны 12 сарын 06-ны өдрийн тушаалаар байгууллагын санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие 2005 оноос. 2007 он хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байгаад, салбарын менежер болон албан тушаал өөрчлөгдөж ажилласан. 2014 онд 1 сар Баянхонгор салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2015 онд Сэлэнгэ салбарын захирлаар 6 сар ажиллаж байсан. Дархан салбарын захирлаар 2016 онд 1 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө чадах бүхнээ байгууллага. ажилдаа зориулж, хийж байгаа ажилдаа дуртай, хичээл зүтгэлтэй 14 жил ажилласан. Гэтэл 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2018 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаал гарч намайг ажлаас халсан. Би тус тушаалыг 2019 оны 12 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын компанийн төв оффис дээр өөрийн биеэр очиж албан ёсоор гардаж авч танилцсан. Тушаалыг гардаж авсантай холбогдох баримт ажил олгогчид байгаа болно. Тушаалтай танилцахад тус тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 гэсэн заалтыг барьсан байсан бөгөөд мөн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг үндэслэсэн байсан. Миний бие яг ямар зөрчил дутагдал гаргасан болоод ажлаас чөлөөлөгдөж байгаагаа сайн ойлгоогүй. Тушаал гарахаас өмнө зөрчил бүртгэлийн хуудас танилцуулсан бөгөөд тус хуудсан дээр бичигдсэнээр бол Цахим мөнгөний зээлийн төлөлтөө өөрийн эрхээр хийн алдаа гаргасан гэж үзсэн байсан. Гэвч цахим мөнгөний зээлийн төлөлтийг өөрийн эрхээр хийж болохгүй гэж хориглосон ямар нэг зохицуулалт байхгүй, компани цахим мөнгөний гэрээгээр өөртөө мөнгө олгох, гаргах, хаах зэрэг уг үйлчилгээний талаар ажилчдад бүрэн мэдээлэл өгөөгүйгээс салбарын бүх л ажилчид энэ цахим мөнгөний төлөлтийг өөрийн нэрээр хийсэн байдаг. Адил ийм үйлдэл хийсэн зарим нэг ажилтнууд зөрчил бүртгэлийн хуудас зураагүй. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилчдад ялгамжтай хандаж зөвхөн намайг онцолж ажлаас халж байгаад гомдолтой байна. Ажил олгогч байгууллага ажилтнуудаа компанийн дүрэм журмын дагуу ижил тэгш шударга байх ёстой гэж боддог. Би М к ХХК-д олон жил хичээл зүтгэлтэй итгэл найдвартай ажилласаар ирсэн боловч сүүлийн үед Ж.С намайг гадуурхах, ажлаар шахах гэх мэтчилэн ажлын байрны дарамт шууд удирдлагаас их ирдэг байсан боловч асуудал гаргахгүй ажиллахыг хичээж байлаа. 2018 дугаар тушаалыг харахад би байгууллагад ноцтой хохирол учруулан, дахин дахин дутагдал гаргаж байгууллагын нэр хүнд, дотоод дүрэм журмаа мөрдөж ажиллаж чаддаггүй ноцтой сахилга батын зөрчилтэй муу ажилтан байсан мэт харагдаж байна. Гэвч бодит байдал дээр миний бие ийм ажлаас халагдах хэмжээний зөрчил дутагдал гаргаагүй тул тушаалын хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүх нэхэмжлэлийг минь хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. М к ХХК-ийн Ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2018 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М к Дархан салбарын ахлах ажилтан Ж.С нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил давтан гаргасны улмаас ажлаас халагдсан бөгөөд тухайн ажилтны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэгдүгээрт, Дархан салбарын ахлах ажилтан Ж.С нь зээлийн үйлчилгээний программд хандаж, өөрийн авсан 200,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг үйлчилгээний ажилтны эрхээ ашиглан өөрөө бүртгэж, зээлийн хугацаанд сунгалт хийсэн буруутай үйлдэл гаргаж, Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байранд хүлээсэн чиг үүргийн дагуу хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхээр олгогдсон программын эрхийг хувийн зорилгодоо урвуулан ашигласан, хувьдаа үйлчилгээ авсан буюу хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан байдаг. Хоёрдугаарт, Ажил олгогч ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд ажилтан Ж.С нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1717 дугаартай тушаалаар Салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас салбарын 3 ажилтан 6-23 хоногийн турш өдрийн орлогоо тушаагаагүй байхад мэдээгүй, 4,197,969 төгрөгийн орлого тушаагаагүй санхүүгийн зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, процесс сайжруулах, алдааг олж илрүүлэх, засах хугацаанд хийж гүйцэтгээгүй буюу Хөдөлмөрийн гэрээний 5.1.11 болон 5.1.12-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргаж, сарын үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байсан хугацаандаа өөрөө өөртөө үйлчилгээ үзүүлсэн ноцтой зөрчил давтан гаргасан болно. Тиймээс дээр дурдсан сахилгын зөрчлүүдийн улмаас ажил олгогчийн санаачлагаар 2019 оны 12 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажилтан Ж.С -т эй хөдөлмөрийн гэрээ цуцалсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэглэгчийн Борлуулалтын газрын Орон нутгийн Борлуулалтын албаны Төвийн Бүсийн Борлуулалтын хэлтсийн Дархан салбарын Ахлах ажилтан Ж.С нь удаа дараа ноцтой зөрчил гаргаж, сахилгын шийтгэл авч байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 23-ны 879 тоот тушаалаар хэрэглэгчийн мэдээллийн нууц алдсан зөрчлөөр үндсэн цалинг 3 сарын турш 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2017 оны 01 дүгээр сард 199 тоот тушаалаар онцлох бүтээгдэхүүн үйлчилгээний брошурыг салбартаа байршуулаагүй ажлын хариуцлага алдсан тул үндсэн цалинг 1 сарын турш 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2045 тоот тушаалаар Дархан Салбарын Дилерийн борлуулалтын мэргэжилтнээр ажиллаж байсан О.Батзоригийн 2018 оны 1-4 дүгээр саруудын бараа материалын тооллогыг хийхдээ ажлын хариуцлага алдан бараа материалыг тулгаж тоолохгүйгээр гарын үсэг зурж баталгаажуулснаас байгууллагад 21,113,000 төгрөгийн бодит хохирол учруулсан, улмаар дур мэдэн түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан ноцтой зөрчил гаргасан тул 3 сарын хугацаанд 20 хувиар үндсэн цалинг бууруулах сахилгын шийтгэл авч байсан. Мөн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1717 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлж, салбарын 3 ажилтан нь 6-23 хоногийн турш өдрийн орлогоо тушаагаагүй байхад мэдээгүйгээс 4,197,969 төгрөгийн орлого тушаагаагүй санхүүгийн зөрчил гаргах нөхцөл бүрдүүлсэн тул тус ноцтой зөрчилд нь сарын үндсэн цалинг 1 сарын турш 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа өөрийн ажил үүрэг, албан тушаалын дагуу олгогдсон эрх мэдэл, программын эрхийг хувьдаа ашиглан өөрөө өөртөө үйлчилгээ үзүүлэн, цахим зээл авч, эргэн төлөлтийг үйлчилгээний системд бүртгэн дахин тэр дүнгээр зээл өөртөө гаргасан байх бөгөөд эдгээр үйлдлийг гүйцэтгэхдээ бэлэн орлого, зарлага гэж программд бүртгэсэн байх боловч компанийн санхүүгийн журмын дагуу бэлэн орлого, зарлагын гүйлгээний анхан шатны баримт үйлдээгүй болох нь М к Дотоод аудитын цахим мөнгөний гүйлгээнд хийгдсэн тусгай аудитын хяналт шалгалтаар илэрсэн бөгөөд ажилтан өөрт олгогдсон программын эрхээр хувьдаа, анхан шатны баримтгүйгээр буюу (бодитоор орлого, зарлага хийгээгүй гэж үзнэ) зээл сунгасан байх үйлдэл буюу ажил олгогчийн итгэлийг эвдсэн, ёс зүйгүй, дүрэм журмын дагуу бус, дүр үзүүлсэн, хууран мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан байх тул компанийн удирдлагуудын зүгээс Дархан салбарт биечлэн очиж, тухайн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан талаар танилцуулсан бөгөөд тухайн үед ажилтан Ж.С нь өөрийн буруутай үйлдлийг зөвшөөрсөн байдаг. Тус танилцуулгаар ажилтныг ажлаас халж байгааг мэдэгдсэн байдаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2018 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлан ажлаас халсан болно. Ажил олгогч нь ажилтны дээр дурдсан үйлдэлд нь Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.2.4. Корпорацид баримтлах бизнесийн ёс зүйн дүрэм зөрчсөн, 4.1.2.6. Корпорацийн эд хөрөнгө, техник хэрэгсэл, мэдээлэл, санхүүгийн үүсвэрийг хувийн зорилгоор ашигласан, мөн зорилгоор бусдад зуучилсан, 4.1.2.3. Корпорацийн дотоод дүрэм журам, технологийн горим, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг зөрчсөн, 4.1.2.14 албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашигласан, Бизнесийн ёс зүйн дүрмийн 2.3.11 Албан тушаалын эрх мэдлийг байгууллагын бизнесийн эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, эрх мэдлээ хэтрүүлэх, хийх ёсгүй үйлдэл хийхийг хориглоно гэх, Цахим мөнгөний журмын 7.6.3 Санхүүгийн сахилга бат, хариуцлагатай тогтолцоог ажил үйлчилгээндээ нэвтрүүлнэ., Цахим мөнгөний үйлчилгээний төлбөр тооцооны журмын 3.1.1 Төлбөр тооцооны мэргэжилтэн нь цахим мөнгөний системд анх шатны баримтын дагуу гүйлгээ хийнэ. гэх, Санхүүгийн журмын 2.1. Анхан шатны баримт мэдээллийг дэмжих, нотлох, магадлах баримт байх ба тухайн тайлант хугацааны болон шаардлагатай бүх /тоо, чанар, шинж/ мэдээллийг бүрэн агуулсан, алдаагүй үнэн зөв байх шаардлагатай; Анхан шатны баримтыг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгасан ажилтан гарын үсэг зурж тамга тэмдгээр хүчин төгөлдөр болно; анхан шатны баримт үнэн зөв үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна; гэх, Хөдөлмөрийн гэрээний 5.1.2 Ажилтан нь албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд бол шууд бусаар урвуулан ашигласан, хэтрүүлэх, шан харамж олж авсан, хувьдаа үйлчилгээ авсан, 5.1.1 Ажилтан нь ажил олгогчоос батлан мөрдүүлж буй дотоод дүрэм журмын заалтыг зөрчсөн, 5.1.12 Ажилтан нь ажил олгогчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн дүрэм журам, гэрээний зүйл заалтуудыг үндэслэн хариуцлага тооцсон болно. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч М к ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь заалтад ... нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх гэж заасан, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.С нь М к ХХК-ийн Хэрэглэгчийн борлуулалтын газрын орон нутгийн борлуулалтын албаны төвийн бүсийн борлуулалтын хэлтсийн Дархан салбарын салбарын ахлах ажилтны ажлын байранд №ХГ-18-70025 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-9-11 тал/ байгуулан ажиллаж байгаад М к ХХК-ийн захирлын 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2018 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /хх-12 тал/-аар 2019 оны 12 сарын 06-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019 оны 12 сарын 16-ны өдөр ажил олгогчоос гардаж авсан гэсэн тайлбарыг нэхэмжлэлд дурдсан байх ба хариуцагчийн төлөөлөгч нар ажлаас чөлөөлсөн тушаалыг Ж.С -т 2019 оны 12 сарын 16-ны өдөр гардуулсан гэдэгтээ маргахгүй байна.

Нэхэмжлэгч Ж.С нь ажлаас буруу халсан тухай гомдлыг тус шүүхэд шуудангаар илгээснийг шүүх 2020 оны 01 сарын 17-ны өдөр хүлээн авсан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

М к ХХК-ийн захирлын 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2018 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг баримталсан байх ба Ж.С нь үйлчилгээний журам зөрчин өөрт олгогдсон албан тушаалын давуу байдлыг урвуулан ашигласан ноцтой зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар тушаалд дурдсан байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нараас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар тодруулахад хариуцагчийн төлөөлөгч нар дээрх 2 үндэслэлийн аль аль нь байгаа бөгөөд Ж.С нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд тухайн заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох ба давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрэхгүй байх шаардлагатай.

М к ХХК-ийн захирлын 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 1717 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал /хх-47 тал/-аар Хөдөлмөрийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 131.1.2 дахь заалтыг үндэслэн Ж.С -т салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлж, санхүүгийн зөрчил гаргах нөхцлийг бүрдүүлсэн зөрчил гаргасан үндэслэлээр сарын үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан байна.

Улмаар М к ХХК-ийн захирлын 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2018 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалаар Ж.С үйлчилгээний журам зөрчин өөрт олгогдсон албан тушаалын давуу байдлыг урвуулан ашигласан ноцтой зөрчил давтан гаргасан гэж үзэх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байх ба Ж.С нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа өөрийн ажил үүрэг, албан тушаалын дагуу олгогдсон эрх мэдэл, программын эрхийг хувьдаа ашиглан өөрөө өөртөө үйлчилгээ үзүүлэн, цахим зээл авч, эргэн төлөлтийг үйлчилгээний системд бүртгэн дахин тэр дүнгээр зээл өөртөө гаргасан бөгөөд эдгээр үйлдлийг гүйцэтгэхдээ бэлэн орлого, зарлага гэж программд бүртгэсэн боловч компанийн санхүүгийн журмын дагуу бэлэн орлого, зарлагын гүйлгээний анхан шатны баримт үйлдээгүй, ажилтан өөрт олгогдсон программын эрхээр хувьдаа, анхан шатны баримтгүйгээр буюу бодитоор орлого, зарлага хийлгүй зээл сунгасан, ажил олгогчийн итгэлийг эвдсэн, ёс зүйгүй, дүрэм журмын дагуу бус, дүр үзүүлсэн, хууран мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан гэж хариуцагчийн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарласан.

Ж.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ цахим мөнгөний зээлийн төлөлтөө өөрийн програмд хандах эрхээр хийсэн гэдгээ үгүйсгээгүй байх боловч цахим мөнгөний зээлийн төлөлтийг өөрийн эрхээр хийж болохгүй гэж хориглосон ямар нэг зохицуулалт байхгүй, компани уг үйлчилгээний талаар ажилчдад бүрэн мэдээлэл өгдөггүй, салбарын бүх ажилчид цахим мөнгөний төлөлтийг өөрийн нэрээр хийдэг ба адил үйлдэл хийсэн ажилтнуудаас ялгамжтай хандаж намайг ажлаас халсанд гомдолтой байна гэжээ.

М к ХХК-ийн Дотоод аудитын албаны 2019 оны11 сарын 07-ны өдрийн огноо бүхий Тусгай аудитын тайлан-гаар Ж.С нь 2019 оны 09 сарын 25-ны өдрийн 11 цаг 41 минутад 209,500 төгрөгийн үнийн дүн бүхий гүйлгээг өөртөө хийсэн болохыг тогтоосон байх ба уг тайланг үндэслэн М к ХХК-ийн ерөнхий захирал, ХЭЗБС эрхэлсэн захирал, ХБГ-ын захирал, ХН албаны ахлах менежер гэсэн бүрэлдэхүүнтэйгээр Дархан салбарын ажилтнуудтай уулзалт хийсэн тэмдэглэл хэрэгт авагдсан бөгөөд уг уулзалтын тэмдэглэлд Ж.С нь зохисгүй зан авир үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хийсэн буруу үйлдэлдээ уучлал хүссэн, ажлаас халах тухай мэдэгдэл танилцуулахад гарын үсэг зурахаас татгалзсан талаар тэмдэглэсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дахь заалтад заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

Ж.С -т эй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад албан тушаалын дагуу олгогдсон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд болон шууд бусаар ашигласан, хэтрүүлэх, шан харамж олж авсан, хувьдаа үйлчилгээ авсан тохиолдолд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил хэмээн үзэж хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заасан байна.

Ж.С нь өөрийн ажил үүрэг, албан тушаалын дагуу олгогдсон эрх мэдэл, программын эрхийг хувьдаа ашиглан өөрөө өөртөө үйлчилгээ үзүүлэн, цахим зээл авч, эргэн төлөлтийг үйлчилгээний системд бүртгэн дахин тэр дүнгээр зээл өөртөө гаргасан бөгөөд эдгээр үйлдлийг гүйцэтгэхдээ бэлэн орлого, зарлага гэж программд бүртгэсэн боловч компанийн санхүүгийн журмын дагуу бэлэн орлого, зарлагын гүйлгээний анхан шатны баримт үйлдээгүй, ажилтан өөрт олгогдсон программын эрхээр хувьдаа, анхан шатны баримтгүйгээр буюу бодитоор орлого, зарлага хийлгүй зээл сунгасан, ажил олгогчийн итгэлийг эвдсэн, ёс зүйгүй, дүрэм журмын дагуу бус, дүр үзүүлсэн, хууран мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй, өөрийн авсан гэх зээлийг буцаан төлөхдөө зохих журмын дагуу санхүүгийн баримт үйлдсэн, бодитоор орлого, зарлага хийсэн байдлаа нотлоогүй тул Ж.С хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтад заасан албан тушаалын дагуу олгогдсон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд болон шууд бусаар ашигласан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Ж.С -н гаргасан зөрчил нь мөнгөн дүнгийн хувьд их хэмжээний биш буюу 209,500 төгрөгийн үнийн дүнтэй хэдий ч салбарын ахлах ажилтны хувьд ийм зөрчил гаргах нь бусад ажилчдад сөрөг үлгэр дууриалалтай, ийм зөрчил даамжрах нь үр дагаврын хувьд ажил олгогчид хөрөнгийн хохирол учруулах боломжтой, ажил олгогчийн бизнесийн ба ажил хэргийн нэр хүндэд сөрөг нөлөөтэй, түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгохуйц бөгөөд ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл байх тул М к ХХК-ийг Ж.С ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч М к ХХКнь нэхэмжлэгч Ж.С ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Ж.С -н хариуцагч М к ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР