Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01637

 

 

 

 

 

 

 

 

Ж.с нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01257 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.с хариуцагч М ХХК -д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, О.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Ж.Сайнбилэг миний бие 2005 оны 10 сарын 03-ны өдөр М ХХК -ийн Дархан салбарт нягтлан бодогчоор ажилд ороод салбарын ахлах, менежер, салбарын захирал гэсэн албан тушаалаар 14 жил 2 сарын хугацаатай ажиллаад 2019 оны 12 сарын 06-ны өдрийн тушаалаар байгууллагын санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллаж байх хугацаандаа өөрийнхөө чадах бүхнээ байгууллага, ажилдаа зориулж, хийж байгаа ажилдаа дуртай, хичээл зүтгэлтэй 14 жил ажилласан.

Гэтэл 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2018 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарч намайг ажлаас халсан. Би тус тушаалыг 2019 оны 12 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын компанийн төв оффис дээр өөрийн биеэр очиж албан ёсоор гардан авч танилцсан. Тушаалыг гардаж авсантай холбогдох баримт ажил олгогчид байгаа болно. Тушаалтай танилцахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 гэсэн заалтыг барьсан байсан бөгөөд мөн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтуудыг үндэслэсэн байсан. Миний бие яг ямар зөрчил дутагдал гаргасан болоод ажлаас чөлөөлөгдөж байгаагаа сайн ойлгоогүй. Тушаал гарахаас өмнө зөрчил бүртгэлийн хуудас танилцуулсан бөгөөд тус хуудаст бичигдсэнээр бол цахим мөнгөний зээлийн төлөлтөө өөрийн эрхээр хийн алдаа гаргасан гэж үзсэн байсан. Гэвч цахим мөнгөний зээлийн төлөлтийг өөрийн эрхээр хийж болохгүй гэж хориглосон ямар нэг зохицуулалт байхгүй, компани цахим мөнгөний бүрэн мэдээлэл өгөөгүйгээс салбарын бүх л ажилчид энэ цахим мөнгөний төлөлтийг өөрийн нэрээр хийсэн байдаг. Адил ийм үйлдэл хийсэн зарим нэг ажилтнууд зөрчил бүртгэлийн хуудас зураагүй. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилчдад ялгамжтай хандаж зөвхөн намайг онцолж ажлаас халж байгаад гомдолтой байна. Ажил олгогч байгууллага ажилтнууддаа компанийн дүрэм журмын дагуу ижил тэгш шударга байх ёстой гэж би боддог. 2018 дугаар тушаалыг харахад би байгууллагад ноцтой хохирол учруулан, дахин дахин дутагдал гаргаж байгууллагын нэр хүнд, дотоод дүрэм журмаа мөрдөж ажиллаж чаддаггүй ноцтой сахилга батын зөрчилтэй муу ажилтан байсан мэтээр харагдаж байна. Гэвч бодит байдал дээр миний бие ийм ажлаас халагдах хэмжээний зөрчил дутагдал гаргаагүй тул тушаалын хууль зүйн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд М ХХК -ийн Ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2018 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: М ХХК -ийн Дархан салбарын ахлах ажилтан Ж.Сайнбилэг нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил давтан гаргасны улмаас ажлаас халагдсан бөгөөд тухайн ажилтны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэгдүгээрт, Ж.Сайнбилэг нь зээлийн үйлчилгээний программд хандаж, өөрийн авсан 200 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг үйлчилгээний ажилтны эрхээ ашиглан өөрөө бүртгэж, зээлийн хугацаанд сунгалт хийсэн буруутай үйлдэл гаргаж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байранд хүлээсэн чиг үүргийн дагуу хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхээр олгогдсон программын эрхийг хувийн зорилгодоо урвуулан ашигласан, хувьдаа үйлчилгээ авсан буюу хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан байдаг.

Хоёрдугаарт, ажил олгогч ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасныг үндэслэсэн бөгөөд ажилтай Ж.Сайнбилэг нь 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 1717 дугаартай тушаалаар салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн учраас салбарын 3 ажилтан 6-23 хоногийн турш өдрийн орлогоо тушаагаагүй байхад мэдээгүй, 4 197 969 төгрөгийн орлого тушаагаагүй санхүүгийн зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, процесс сайжруулах, алдааг олж илрүүлэх, засах хугацаанд хийж гүйцэтгээгүй буюу хөдөлмөрийн гэрээний 5.1.11, 5.1.12-т заасан сахилгын ноцтой зөрчил гаргаж, сарын үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байсан хугацаандаа өөрөө өөртөө үйлчилгээ үзүүлсэн ноцтой зөрчил давтан гаргасан болно.

Тиймээс дээр дурдсан сахилгын зөрчлүүдийн улмаас ажил олгогчийн санаачилгаар 2019 оны 12 сарын 06-ны өдрөөр тасалбар болгон ажилтан Ж.Сайнбилэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ахлах ажилтан Ж.Сайнбилэг нь 2015 оны 06 сарын 23-ны өдрийн 879 тоот тушаал, 2017 оны 01 сарын 199 тоот тушаал, 2018 оны 11 сарын 29-ний өдрийн 2045 тоот тушаалаар тус тус сахилгын шийтгэл авч байсан.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.с хариуцагч М ХХК -д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Ажил олгогч М ХХК -ийн гаргасан 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2018 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтууд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-т заасныг баримталсан байх ба Ж.Сайнбилэг намайг үйлчилгээний журам зөрчин өөрт олгогдсон албан тушаалын давуу байдлыг урвуулан ашигласан ноцтой зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлээр уг тушаалыг гаргасан.

Тушаал гарахын өмнө зөрчил бүртгэлийн хуудас танилцуулсан бөгөөд тус хуудсан дээр бичигдсэнээр бол цахим мөнгөний зээлийн төлөлтөө өөрийн эрхээр хийн алдаа гаргасан гэж үзсэн. Гэвч цахим мөнгөний зээлийн төлөлтийг өөрийн эрхээр хийж болохгүй гэж хориглосон ямар нэг зохицуулалт байхгүй, компани цахим мөнгөний гэрээгээр өөртөө мөнгө олох, гаргах, хаах зэрэг уг үйлчилгээний талаар ажилчдад бүрэн мэдээлэл өгөөгүй, улмаар салбарын ажилчид тэрхүү цахим мөнгөний төлөлтийг өөрийн нэрээр хийж байдаг. Гэтэл ажил олгогчийн зүгээс ажилчдад ялгамжтай хандаж зөвхөн намайг онцолж ажлаас халж, гэрээ цуцалсанд гомдолтой байна. Ажил олгогч байгууллага ажилтнууддаа компанийн дүрэм журмын дагуу ижил тэгш шударга байх ёстой.

Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ Ж.Сайнбилэг нь бусад ажилчдад сөрөг үлгэр дуурайлалтай, ийм зөрчил даамжрах нь үр дагаврын хувьд ажил олгогчид хөрөнгийн хохирол учруулах боломжтой, ажил олгогчийн бизнесийн ба ажил хэргийн нэр хүндэд сөрөг нөлөөтэй, түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгохуйц гэх зэргээр нэхэмжлэгчийн хувийн байдлыг илт дордуулж бичиж байгаа нь хэт нэг талыг барьсан шинжээр дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ж.Сайнбилэг нь хариуцагч М ХХК -д холбогдуулан Дархан салбарын ахлах ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

М ХХК -ийн Ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2018 тоот тушаалаар Дархан салбарын ахлах ажилтан Ж.Сайнбилэгийг үйлчилгээний журам зөрчин өөрт олгогдсон албан тушаалын давуу байдлыг урвуулан ашигласан ноцтой зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон байх ба уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэжээ. /хх 12/

 

Нэхэмжлэгч Ж.Сайнбилэг нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандан гомдлоо гаргажээ.

 

Нэг. Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэх тухайд.

 

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд юуг хамааруулах талаар нэг бүрчлэн заасан байх ба 5.1.2-т Албан тушаалын дагуу олгосон эрх мэдэл, эрхэлсэн ажлын давуу тал, хүлээлгэсэн итгэл найдварыг хувийн ашиг сонирхолд шууд болон шууд бусаар урвуулан ашигласан, ... хувьдаа үйлчилгээ авсан гэсэн нөхцөл тусгагджээ.

 

Нэхэмжлэгч Ж.Сайнбилэг нь зээлийн үйлчилгээний программд өөрийн эрхээр нэвтрэн орж, 209 000 төгрөгийн эргэн төлөлтийг бүртгэж, зээлийн хугацаанд сунгалт хийсэн үйл баримтын талаар маргадаггүй боловч үүнийг хориглосон дүрэм, журам байдаггүй, тус салбарын ажилтнууд бүгд ийм үйлдэл гаргадаг байхад өөрийг нь онцолж ажлаас халсанд гомдолтой гэж тайлбарладаг.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан М ХХК -ийн Ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2018 тоот тушаал /хх 12/, Хөдөлмөрийн гэрээ /хх 9, 93-94/, түүнд тусгагдсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн зохицуулалт, М ХХК -ийн Дотоод аудитын албаны тайлан /хх 113-117/, 2019 оны 12 сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэл /хх 110-111/ зэргийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалттай уялдуулан зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Ж.Сайнбилэгийг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Салбарын ахлах ажилтны ажлын байрны тодорхойлолтод уг ажлын байрны зорилго, үндсэн чиг үүргийг ... хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, ... салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, хариуцсан ажилтнуудаа ... зохион байгуулж, удирдан чиглүүлж, хөгжүүлж ажиллах хэмээн тодорхойлжээ. /хх 98/

 

Өөрөөр хэлбэл салбарын ахлах ажилтан нь тухайн салбарын үйлчилгээ, өдөр тутмын үйл ажиллагааг хянах, салбарын ажилчдадаа үлгэр дуурайлал үзүүлж, манлайлан удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий салбарын захирлын дараа орох эрх мэдэл бүхий албан тушаалтан байтал хориглосон дүрэм, журам байдаггүй, тус салбарын ажилтнууд бүгд ийм үйлдэл гаргадаг гэсэн тайлбараар өөрийн үйлдлийг зөвтгөж байгаа нь үндэслэлгүй байна. Салбарын ахлах ажилтан Ж.Сайнбилэг М ХХК -д 14 гаруй жил ажилласан бөгөөд өдөр тутам цахим мөнгө, цахим зээлийн үйлчилгээг бусдад үзүүлдэг атлаа байгууллагад мөрдөгддөг Цахим мөнгөний үйлчилгээний журам /хх 118-123/, Зээлийн үйлчилгээний журам /хх 125-128/, Цахим мөнгөний үйлчилгээний төлбөр тооцооны журам /хх 129-131/ зэргийг мэдэхгүй байх боломжгүй юм.

 

Хоёр. Сахилгын зөрчил давтан гаргасан эсэх тухайд.

М ХХК -ийн Ерөнхий захирлын 2019 оны 10 сарын 17-ны өдрийн 1717 тоот тушаалаар Дархан салбарын ахлах ажилтан Ж.Сайнбилэгт салбарын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хангалтгүй биелүүлж, санхүүгийн зөрчил гаргах нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлээр үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20%-иар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. Нэхэмжлэгч энэ талаар маргаагүй. /хх 47/

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлгүйд тооцох 1 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад М ХХК -ийн Дотоод аудитын албаны 2019 оны 11 сарын 07-ны өдрийн шалгалтаар салбарын ахлах ажилтан Ж.с борлуулалт үйлчилгээний системд нэвтрэн өөртөө цахим мөнгөний гүйлгээ хийх үйлчилгээг үзүүлсэн үйлдлийг тогтоож, улмаар М ХХК -ийн Ерөнхий захирлын 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 2018 тоот тушаалаар Дархан салбарын ахлах ажилтан Ж.Сайнбилэгийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалтад нийцжээ.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан учир нэхэмжлэгч Ж.Сайнбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэсэн хариуцагч талын тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/01257 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сайнбилэг нь давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг мэдэгдсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР