Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2020/01243

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05сарын11өдөр

181/ШШ2020/01243

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Р.Б /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ЗТ /РД:/-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч П.*******, Т.*******, гэрч Ж.*******, Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Б миний бие Нийслэлийн ЗТ-ын Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн албан тушаалд 2018 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаж байсан билээ. Гэтэл ЗТ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар намайг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хуурамч бичиг баримт бусдаар үйлдүүлэн бусдын нэр хүндэд халдан, худал цуу тарааж, ажилтны нэр хүндийг гутаасан, унагаасан, халдсан, гүжирдсэн үйлдэл гаргаж, энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан, энэ нь холбогдох баримтаар нотлогдсон, мөн ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан болно. Миний бие дээрх тушаалд заасан зөрчлүүдийг гаргаагүй бөгөөд энэхүү зөрчлийг хэрхэн, яаж тогтоосон нь тодорхойгүй, нотлогдож тогтоогдоогүй зүйлээр намайг зөрчил гаргасан гэж үзсэн нь хууль бус, үндэслэлгүйгээр намайг ажлаас халж миний эрхийг зөрчсөн учир нэхэмжлэл гаргаж байна. Ажил олгогчийн зүгээс намайг ажлаас халахдаа миний гаргасан гэх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, журмуудын дагуу шалган тогтоож, надаас тайлбар, баримт гаргуулах зэргээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй ажилтан намайг ажлаас шууд халж миний эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Иймд намайг ЗТ-ын Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн ажилд тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Р.Б нь ... ЗТ-ын Техник, технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдэлтэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай... агуулга бүхий нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Р.Б нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хуурамч бичиг баримт бусдаар үйлдүүлэн бусдад хохирол учруулсан, бусдын нэр хүндэд халдан, худал цуу тарааж, ажилтны нэр хүндийг гутаасан, унагаасан, халдсан, гүжирдсэн үйлдэл гаргаж, энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан, энэ нь холбогдох баримт болон ажилтнуудын тайлбараар нотлогдсон, мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан байдаг. Харин ...Р.Б нь миний бие дээрх тушаалд заасан зөрчлүүдийг гаргаагүй бөгөөд энэхүү зөрчлийг хэрхэн, яаж тогтоосон нь тодорхойгүй, нотлогдож тогтоогдоогүй зүйлээр намайг зөрчил гаргасан гэж үзсэн нь хууль бус, үндэслэлгүйгээр намайг халж миний эрхийг зөрчсөн хэмээн тайлбарласан байдаг. Гэвч энэ нь үндэслэлгүй юм. Тодруулбал, Р.Б нь ЗТ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 7.18.5-д ...хуурамч бичиг баримт үйлдсэн, бусдад хохирол учруулсан, мөн журмын 7.18.9-д ...байгууллага, хамт олон, ажилтны нууцыг бусдад дэлгэсэн, худал цуу тараасан, байгууллага ажилтны ажил хэргийн нэр хүндийг гутаасан, унагаасан, халдсан, гүжирдсэн, энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан, энэ нь холбогдох баримтаар нотлогдож байгууллага, ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр хүндэд хохирол учруулсан, мөн 7.18.14-д ...ажлын байранд зодолдох, танхайрах, зохисгүй зан авир, үйлдэл гаргах, хүний эрх чөлөөнд халдах зэрэг заалтуудыг зөрчиж, тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.5-д ...хуурамч бичиг баримт үйлдсэн, бусдад хохирол учруулсан бол хөдөлмөрийн гэрээг шууд цуцална гэсэн заалтуудыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг тус тус үндэслэн ажил олгогчоос цаашид итгэл хүлээлгэх боломжгүй гэж үзээд байгууллагын даргын тушаалаар ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Р.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч ЗТ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Р.Б нь ЗТ-ын Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн ажлын байранд 2019 оны 01 сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ /хх-19-21 тал/ байгуулан ажиллаж байгаад ЗТ-ын даргын 2020 оны 01 сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай Р.Бг ажлаас халах тухай тушаал /хх-5 тал/-аар 2020 оны 01 сарын 23-ны өдрөөр ажлаас чөлөөлөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь ажлаас буруу халсан тухай гомдлыг 2020 оны 02 сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтад заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан гэж үзнэ.

ЗТ-ын даргын 2020 оны 01 сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай Р.Бг ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтыг баримталсан байх ба Р.Б нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хуурамч бичиг баримт бусдаар үйлдүүлэн бусдын нэр хүндэд халдан, худал цуу тарааж, ажилтны нэр хүндийг гутаасан, унагаасан, халдсан, гүжирдсэн үйлдэл гаргаж, энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан, энэ нь холбогдох баримтаар нотлогдсон, мөн ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан талаар тушаалд дурдсан байна.

Тушаалд дурдагдсан эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хуурамч бичиг баримт бусдаар үйлдүүлэн бусдын нэр хүндэд халдан, худал цуу тарааж, ажилтны нэр хүндийг гутаасан, унагаасан, халдсан, гүжирдсэн үйлдэл гаргаж, энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан гэх үйлдэл нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Захиргаа удирдлагын хэлтэст гомдол гаргах нь: Дотоод хяналт шалгалтын Шинэбаатар нь 2019 оны 06,07,08,09 сард бид бүхнийг зөрчил гаргасан гэж дарамтлан камерын бичлэгээр далимдуулж би та нарыг цааш нь хэлэхгүй гэж биднээс 20,000-50,000 төгрөг авдаг байсан тул энэ хүнд арга хэмжээ авч өгнө үү. Мөн 95-97 жолооч нар зөрчил гаргах болгонд зөрчлийг нууж хаадаг байсан гэсэн агуулга бүхий баримттай холбоотой бөгөөд уг баримт нь хуурамч бөгөөд жолооч нараар хоосон цаасан дээр гарын үсэг зуруулан авсан байсан ба агуулгыг хожим нэмж бичсэн, уг хуурамч баримтад үндэслэн ажил олгогчид тодорхой мэдээллийг буруу өгсөн, уг мэдээллээс болж мэдээлэлд нэр дурдагдсан Б.Шинэбаатарт тодорхой хохирол учирсан, мөн уг үйл ажиллагаатай холбоотойгоор 1,2,3 дугаар хэсгийн дарга нар сахилгын шийтгэл хүлээж, цалингийн тодорхой хувиар хохирсон гэж хариуцагчийн төлөөлөгч нар тайлбарлаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гэрчээр асуугдсан гэрч нар уг баримтыг Р.Б тэднээр үйлдүүлсэн гэх мэдүүлэг өгөөгүй бөгөөд гэрч Х.Алтансүх Дотоод хяналт шалгалтын ахлах Шинэбаатар гэдэг хүн жолооч нараас мөнгө нэхээд байсан гэдэг асуудлыг Р.Бд танилцуулахад Баясгалан дарга гарын үсэг зураад аваад ирээрэй гэсэн. Тэгээд би бичиж авчирч өгсөн гэж, Р.Б энд ингэж бичээрэй гэж чиглэл өгөөгүй гэж, Р.Б надад үүрэг өгөөгүй гэж мэдүүлсэн буюу тухайн хуурамч гэх баримтыг гэрч Х.Алтансүх өөрөө бичиж Р.Бд аваачиж өгсөн гэсэн мэдүүлгийг шүүхэд өгсөн тул Р.Бг уг баримтыг хуурамчаар үйлдсэн, улмаар уг баримтад үндэслэн ажил олгогчид буруу мэдээлэл өгч бусдын нэр хүндэд халдсан, хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Тушаалд дурдагдсан ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан гэх үйлдэл нь 2020 оны 01 сарын 10-ны өдөр Р.Б болон Б.Шинэбаатар нарын хооронд үүссэн асуудалтай холбоотой гэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад камерын бичлэгт хийсэн үзлэгээр 2020 оны 01 сарын 09-ний өдөр Р.Б нь Б.Шинэбаатартай ажлын байрны коридорын хэсэгт барьцалдсан, зууралдсан, түлхэлцсэн, ноцолдсон байдал тогтоогдсон болно.

Уг асуудалтай холбогдуулан Б.Шинэбаатараас Р.Бд холбогдуулан Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу гомдлыг шалгаж, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 сарын 24-ний өдрийн 365 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдоогүй гэж үзэн гомдол хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.

Хэдийгээр прокурорын байгууллагаас Б.Шинэбаатараас Р.Бд холбогдуулан гаргасан гомдлыг шалгаад Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдоогүй гэж үзэн гомдол хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан хэдий ч үзлэгийн ажиллагаагаар тогтоогдсон Р.Бгийн үйлдэл нь ЗТ-ын хөдөлмөрийн дотоод журам /хх-22-41 тал/-ын 7 дугаар зүйлийн 7.18.14 дахь заалтад заасан ажлын байранд ... зохисгүй зан авир, үйлдэл гаргах ... гэсэн зөрчилд хамаарахаар байна.

ЗТ-ын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.18 дахь заалтад Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил-ийг нэрлэн заасан байх бөгөөд 7.18.14 заалтад заасан зөрчил буюу ажлын байранд ... зохисгүй зан авир, үйлдэл гаргах ... гэсэн зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дахь заалтад заасан ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгох бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.

Р.Б нь ЗТ-ын даргын 2019 оны 12 сарын 26-ны өдрийн Б/376 дугаартай Р.Бд ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал /хх-85 тал/-аар 2019 оны 12 сарын 24-ний өдрөөс эхлэн тус байгууллагын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан, хэрэгт нотлох баримтаар авагдсан хуурамч гэх баримт нь Дотоод хяналт шалгалтын хэлтсийн ахлах ажилтан Б.Шинэбаатартай холбоотой гомдлын тухай байсан бөгөөд уг баримтыг Р.Б Б.Шинэбаатарт танилцуулах үед тэдний хооронд зөрчил үүсэж, Р.Б ажлын байранд зохисгүй зан авир, үйлдэл гаргасан байх тул Р.Бгийн гаргасан ажлын байранд ... зохисгүй зан авир, үйлдэл гаргах ... зөрчил нь түүний түр орлон гүйцэтгэж байсан Дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын ажил үүргийн хүрээнд гарсан зөрчил гэж үзэх үндэслэлтэй.

ЗТ нь Р.Бгаар Дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын ажлыг хавсран гүйцэтгүүлж байсан боловч түүнтэй уг ажлын байран дээр тусгайлан хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эсхүл түүнтэй Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн ажлын байранд байгуулсан байсан хөдөлмөрийн гэрээнд өөр ажил хавсран гүйцэтгэх болсонтой холбоотой холбогдох өөрчлөлтийг оруулсан байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дахь заалтад Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно гэж заасан бөгөөд хуулийн дээрх заалтын дагуу ажил олгогч ажилтнаар өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх зэрэг тохиолдолд тусад нь гэрээ байгуулах буюу хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах зэргээр баталгаажуулсан байхыг шаардана.

Р.Бгийн гаргасан ажлын байранд ... зохисгүй зан авир, үйлдэл гаргах ... зөрчил нь ЗТ-ын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.18 дахь заалтад заасан ноцтой зөрчлийн хэмжээнд байх боловч ЗТ нь Р.Бгаар Дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын ажлыг хавсран гүйцэтгүүлэхдээ түүнтэй уг ажлын байран дээр тусгайлан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, түүнтэй Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн ажлын байранд байгуулсан байсан хөдөлмөрийн гэрээнд өөр ажил хавсран гүйцэтгэх болсонтой холбоотой холбогдох өөрчлөлт оруулаагүй байх тул уг зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дахь заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэлд хамаарахгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ЗТ нь нэхэмжлэгч Р.Бг ажлаас буруу халсан гэж үзэж, Р.Бг ЗТ-ын Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтад зааснаар ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу Р.Бд олгосон сүүлийн гурван сарын цалин хөлс буюу 2019 оны 10 сарын цалин хөлс 1,628,000 төгрөг, 2019 оны 11 сарын цалин хөлс болох 1,612,000 төгрөг, 2019 оны 12 сарын цалин хөлс болох 1,612,000 төгрөг, нийт 4,852,000 төгрөгөөс тооцож үзэхэд нэг сарын дундаж цалин хөлс нь 1,617,333 төгрөг болж байна.

Үүнийг сарын ажлын дундаж 21.5 өдөрт хуваахад нэг өдрийн дундаж цалин хөлс нь 75,224 төгрөг болж байна.

Нэг өдрийн дундаж цалин хөлс болох 75,224 төгрөгийг нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2020 оны 01 сарын 23-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2020 оны 05 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын 78 хоногоор тооцож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,867,472 төгрөгийг хариуцагч ЗТ-аас гаргуулан нэхэмжлэгч Р.Бд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Р.Бгийн ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч ЗТ-т даалгаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Р.Бг ЗТ-ын Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч хариуцагч ЗТ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,867,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч Р.Бд олгосугай.

2.  Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Р.Бгийн ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч ЗТ-т даалгасугай.

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 05-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Р.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч ЗТ-аас улсын тэмдэгтийн хураамжид 108,829 гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР