Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01398

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01398

 

 

 

Р.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Б-гийн хариуцагч Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б-, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Р.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн албан тушаалд 2018 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллаж байсан. Гэтэл Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар намайг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хуурамч бичиг баримт бусдаар үйлдүүлэн бусдын нэр хүндэд халдан, худал цуу тарааж, ажилтны нэр хүндийг гутаасан, унагаасан, халдсан, гүжирдсэн үйлдэл гарган, энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан, энэ нь холбогдох баримтаар нотлогдсон, мөн ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажлаас халсан болно. Ажил олгогчийн зүгээс гаргасан гэх зөрчлийг Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын хөдөлмөрийн дотоод дүрэм, журмуудын дагуу шалган тогтоож, тайлбар, баримт гаргуулах зэргээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй. Иймд Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын техник технологийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий инженерийн ажилд тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.Б- нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хуурамч бичиг баримт бусдаар үйлдүүлэн бусдад хохирол учруулсан, бусдын нэр хүндэд халдан, худал цуу тарааж, ажилтны нэр хүндийг гутаасан, унагаасан, халдсан, гүжирдсэн үйлдэл гаргаж, энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан болох нь холбогдох баримт, ажилтнуудын тайлбараар нотлогдсон. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргасан байдаг. Р.Б- нь хөдөлмөрийн дотоод журмын 7.18.5, 7.18.9, 7.18.14, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5.5 дахь заалтуудыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсан нь хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Р.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Р.Б-г Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч хариуцагч Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 867 472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч Р.Б-д олгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэгч Р.Б-гийн ажилгүй байсан хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийхийг хариуцагч Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 05-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Р.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 108 829 гаргуулж улсын орлогод оруулан шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, П.Онон нар давж заалдах гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нар нь уг баримтыг Р.Б- үйлдүүлсэн гэх мэдүүлэг өгөөгүй.

Гэрч Х.Алтансүх нь Захиргаа удирдлага хүний нөөцийн хэлтэст тайлбар гаргахдаа Техник технологийн хэлтсийн дарга Р.Б-д ахлах Б.Шинэбаатар нь жолооч нараас мөнгө нэхдэг юм байна гэж хэлэхэд Техник технологийн хэлтсийн дарга Р.Б- чи тэгвэл жолооч нараар гарын үсэг зуруул, Б.Шинэбаатарыг ямар ч хамаагүй аргаар зайлуулна гэж хэлсэн. Тэрний дагуу би гарын үсэг зуруулсан гэж, Д.Мөнхтулга нь Миний бие нь өөрийн хариуцаж буй хэсгийн жолооч нараар гарын үсэг зуруулаагүй. 1-р хэсгийн дарга Х.Алтансүх ахыг Техник технологийн хэлтсийн дарга Р.Б- дарга дуудаж уулзсан. Дотоод хяналт шалгалтын хэлстийн ахлах н.Шинэбаатарыг зайлуулах хэрэгтэй байна дарга нар бүгд мэдэж байгаа гэж хэлсэн надыг хэсгийн жолооч нараар гарын үсэг цуглуулж өг гэсэн гэж, мөн н.Мөнхбаясгалан Баясаа дарга Х.Алтансүхээр гарын үсэг хурдан цуглуулаад асуудлыг нэг тийш нь шийднэ гэсэн гэж мөн Захиргаа удирдлага хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Амартүвшин, нэхэмжлэгч Р.Б- нарын дуу хоолойн бичлэгт бичсэнийг үнэлээгүй ганцхан гэрч Х.Алтансүхийн мэдүүлгийг үнэлсэнд гомдолтой байна.

Шүүх нэхэмжлэгчийн ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан гэх үйлдэл нь камерын бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон учир Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.18.14-т заасан зөрчилд хамаарахаар байна гэж дүгнэсэн боловч энэ зөрчил нь түүний түр орлон гүйцэтгэж байсан Дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын ажил үүргийн хүрээнд гарсан зөрчил гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иргэд, ажилтнаас ирэх гомдлыг эхлээд Захиргаа удирдлага хүний нөөцийн хэлтэс хүлээн авч газрын даргад танилцуулж, холбогдох хэлтэст цохолт хийж асуудлыг шийдвэрлэдэг. Гэтэл нэхэмжлэгч Р.Б- нь газрын даргад танилцуулж цохолт хийлгүйгээр Б.Шинэбаатарыг дуудаж, маргаан гарсан. Хуурамч гэгдэх тухайн гомдол нь ч Захиргаа удирдлагын хэлтэст гомдол гаргах нь гэсэн тэргүү буюу гарчигтай баримт байсан. Р.Б-гийн гаргасан үйлдэл нь Дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын ажил үүргийн хүрээнд гарсан зөрчил гэж үзэхгүй. Ажилтан ямар ч ажил үүрэг гүйцэтгэж байсан ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргах үйлдэл үзүүлж болохгүй гэдгийг журамлан заасан.

Нэхэмжлэгч Р.Б- нь Ц.Бат-Эрдэнэ гэдэг иргэнээс 2 600 000 төгрөгийг хувьдаа авч байгууллагад хохирол учруулсан. Ц.Бат-Эрдэнэ нь манай байгууллагын эзэмшлийн цахилгаан автобусыг унаж явахдаа зам тээврийн осол гарган, хохирлын мөнгийг Техник технологийн хэлтсийн дарга Р.Б-д бэлнээр төлсөн тухай өргөдөл бичиж гомдол гаргасан баримтыг шүүхэд өгсөөр байтал үүнд дүгнэлт гаргаагүй.

Нэхэмжлэгч Р.Б- нь хөдөлмөрийн дотоод журмын 7.18.5, 7.18.9, 7,18.14, хөдөлмөрийн гэрээний 4.5.5, 2.2.2, 2.2.22, 5.2 гэсэн заалтуудыг зөрчсөн тул ажлаас халах шийдвэрт хүрсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Р.Б- нь хариуцагч Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-т холбогдуулан өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгон, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын мөн оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б.376 дугаар тушаалаар Р.Б-г тус газрын дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын ажлыг хавсран гүйцэтгүүлж байгаа үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоосон байна. /хх-147/

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын дарга нь 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай тушаал гаргаж, Р.Б-г эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хуурамч бичиг баримт бусдаар үйлдүүлж бусдын нэр хүндэд халдан, худал цуу тарааж, ажилтны нэр хүндийг гутаасан, унагаасан, халдсан, гүжирдсэн үйлдэл гаргаж, энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан нь холбогдох баримтаар нотлогдсон, мөн ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний 4.5.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан Техник технологийн хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Зохигчид хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэх зөрчил тогтоогдсон эсэх талаар маргажээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Хуульд заасан энэ нөхцөл хангагдах гол үндэслэл нь талууд тохиролцсон ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээндээ ноцтой зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүй бүрийг тухайлан тусгасан, уг нөхцөл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохыг зааж өгсөн байхаас гадна зөрчил нь тогтоогдсон байхыг шаардана. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийг нотлох үүрэгтэй.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн зөрчил гаргасан үйлдлийг нотлохоор хөдөлмөрийн гэрээ, нэр бүхий жолооч нарын тайлбар, сахилгын шийтгэл ногдуулах тушаал, Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тэмдэглэл, сиди бичлэг зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад жолооч Н.Мөнхбаяр, О.Лхажав нараас гэрчийн мэдүүлэг авахуулж, сиди бичлэгт үзлэг хийлгэжээ. /хх-19-21, 45-64, 87-98, 133-134, 138-140/

Шүүх зохигчдын шүүхэд цуглуулж өгсөн нотлох баримтууд, тайлбар зэргийг харьцуулан үнэлээд нэхэмжлэгч Р.Б-г Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий инженерийн ажлын байранд ажиллуулахаар хариуцагч байгууллагатай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.5.5-д заасан ноцтой зөрчил гаргасан үйлдэл тогтоогдоогүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйн гадна өмнө байгуулсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулаагүй үндэслэлээ дахин гэрээ байгуулах шаардлагагүй гэж тайлбарласан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.18.14-д заасан ажлын байранд зохисгүй авир, үйлдэл гаргасан сахилгын зөрчлийг хэргийн баримтыг үндэслэн зөв тогтоож, хариуцагч тал нэхэмжлэгч Р.Б-тай хавсран гүйцэтгэж буй Дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээнд холбогдох өөрчлөлт оруулаагүй учир дээрх сахилгын зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 24 дүгээр зүйлйин 24.3 дахь хэсэгт нийцжээ. /хх-32, 138-141/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгч Р.Б-г иргэнээс 2 600 000 төгрөг хувьдаа авч байгууллагад хохирол учруулсан, энэ талаарх баримтад шүүх дүгнэлт өгөөгүй гэж давж заалдах гомдолдоо дурдсан байна.

Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/09 дугаартай тушаалд дээрх үндэслэлийг хариуцагч тал тусгаагүй учир Р.Б-г байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Иймээс нэхэмжлэгч Р.Б-г Техник технологийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 108 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД