Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/02830

 

 

 

 

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/02830

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Д-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б-т холбогдох,

  

Зээлийн гэрээний үүрэгт 513.000.000 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.И нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Ч.Д нь А.Бтой 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл зээлийн гэрээ байгуулж 300.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Уг зээлийг өөрийнх нь хүсэлтээр Хаан банкин дахь  тоот данс руу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Хариуцагчаас зээлийг хүүгийн хамт удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч А.Боос үндсэн зээл 300.000.000 төгрөг, зээлийн хүү 63.000.000 төгрөг, алданги 150.000.000 төгрөг, нийт 513.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. Талууд уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 27/7 байр 1 давхарт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Ч.Дг оруулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч А.Б шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Ч.Дтай зээлийн гэрээ байгуулж 300.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн нь үнэн болно. Уг зээлийн гэрээний гадуур барьцаа болгож өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 27/7 байр 1 давхарт байршилтай 420 м.кв талбай бүхий объектын хууль ёсны өмчлөлд Ч.Дгийн нэрийг гэрчилгээнд оруулсан билээ.  Уг хэлцлээр өөрийн өмчлөлийн объектыг зарж борлуулаад төлбөрийг өгөх байсан боловч өмчлөлийн маргааны улмаас төлбөр төлөх хугацаа удааширсан. Миний бие зээл 300.000.000 төгрөгийг хүү, алдангид 50.000.000 төгрөгийн хамт нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Д нь хариуцагч А.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 513.000.000 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.       

 

Хариуцагч нь зээл 300.000.000 төгрөг болон хүү, алдангид 50.000.000 төгрөг төлөх, мөн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн бусад хэсгийг татгалзаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж,  нэхэмжлэгч Ч.Д нь 300.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай хариуцагч А.Бт зээлдүүлэхээр харилцан тохиолцжээ /хх-12/.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээл 300.000.000 төгрөг шилжүүлсэн талаар зохигч шүүхэд маргаагүй /хх-5/.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.

 

Нэхэмжлэгч нь зээл олгох үүргээ бүрэн биелүүлсэн байх тул зээлийн гэрээнд заасны дагуу зээл болон зээлийн хүү  төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний 1-д зээлийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай олгохоор заасны дагуу зээлийн хүүг тооцвол 63.000.000 төгрөг /300.000.000*3.5%*6/ байх ба нэхэмжлэгчийн тооцоо хуулийн дээрх зохицуулалт болон зээлийн гэрээнд заасантай нийцжээ.

 

Мөн нэхэмжлэлд зээлийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон алданги 150.000.000 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 3-т зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.5 хувиар алданги тооцохоор заасан байх ба  ба энэхүү нөхцөл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ, мөн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасантай тус тус нийцжээ.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээнд зааснаар хариуцагч нь зээлийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээжээ.

 

Гэвч хариуцагч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх ба энэ нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу алданги тооцох үндэслэл болно.

 

Алдангид хугацаа хэтрүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 259 хоногт 388.500.000 төгрөг /300.000.000*0.5%*259/ бодогдох боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид 150.000.000 төгрөг тооцсон нь үндэстэй байна.

 

Хариуцагч нь зээлийн хүү болон алдангид 50.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг татгалзаж байх боловч дээр дурдсан хуулийн зохицуулалт болон зээлийн гэрээний нөхцөл ёсоор нэхэмжлэгч үндэслэл бүхий шаардлага гаргасан байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.

 

Түүнчлэн зохигчид 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл байгуулж, хариуцагчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгчийг нэмж оруулан улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба үүнийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа гэж тайлбарлаж байна /хх-4, 19/.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргад барьцаа хамаарах бөгөөд барьцаа нь “үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрх” байхаар мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тодорхойлжээ. 

 

Мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-156.3 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заах ба эдгээр шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

 

Талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл дээрх хуулийн зохицуулалтад тусгагдсан барьцааны агуулгад нийцээгүй байх тул зохигчдын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Иймд барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч А.Боос зээл 300.000.000 төгрөг, хүү 63.000.000 төгрөг, алданги 150.000.000 төгрөг, нийт 513.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Боос 513.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дд олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.793.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Боос 2.722.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Дд олгосугай.

 

3. Хариуцагч А.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА