Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/02147

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2019/02147

 

 

 

 

 

Ч.Дйн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18ы өдрийн 101/ШШ2019/02830 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Д, хариуцагч А.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 513 000 000 төгрөг гаргуулах тухай  хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Гулим, хариуцагч А.Батзориг, хариуцагчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ч.Долгормаа нь А.Батзоригтой 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл зээлийн гэрээ байгуулж 300 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Уг зээлийг өөрийнх нь хүсэлтээр Хаан банкин дахь 5084153850 тоот данс руу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Хариуцагчаас зээлийг хүүгийн хамт удаа дараа шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд А.Батзоригоос үндсэн зээл 300 000 000 төгрөг, зээлийн хүү 63 000 000 төгрөг, алданги 150 000 000 төгрөг, нийт 513 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Талууд уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 27/7 байр 1 давхарт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Ч.Долгормааг оруулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: Миний бие Ч.Долгормаатай зээлийн гэрээ байгуулж 300 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн нь үнэн. Уг зээлийн гэрээний барьцаа болгож өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 27/7 байр 1 давхарт байршилтай 420 м.кв талбай бүхий объектын хууль ёсны өмчлөлд Ч.Долгормаагийн нэрийг гэрчилгээнд оруулсан. Уг хэлцлээр өөрийн өмчлөлийн объектыг зарж борлуулаад төлбөрийг өгөх байсан боловч өмчлөлийн маргааны улмаас төлбөр төлөх хугацаа удааширсан. Миний бие зээл 300 000 000 төгрөг, хүү, алдангид 50 000 000 төгрөгийн хамт нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Батзоригоос 513 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Долгормаад олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 793 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Батзоригоос 2 722 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Долгормаад олгож, хариуцагч А.Батзориг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Миний бие Ч.Долгормаагаас 300.0 сая төгрөг зээлэхдээ зээлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 27/7 хаягт байршилтай 420 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөгчөөр Ч.Долгормааг бүртгүүлсэн. Нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулан зээлийн төлбөрийн хүү, алдангийг багасган төлж барагдуулахаар ярилцсан. Гэвч өмчлөлийн маргаанаас болж үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулах хугацаа удааширсан. Шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хүү, алдангийн хэмжээг багасгаж шийдвэрлэх боломжтой байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг шүүх хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх багасгаж болно. Нэхэмжлэгч талтай тохиролцож үл хөдлөх эд хөрөнгөө худалдан борлуулаад хүү, алдангийг багасгаж төлнө гэж байсан. Бодит байдал дээр хүү, алданги нь хэт өндөр байх тул нөхцөл байдлыг харгалзан үзэж хүү, алдангийг хуулийн дагуу багасгаж шийдвэрлэж боломжтой гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн нөхцөл байдлыг тухайн маргаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалттай харьцуулан дүгнээгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Долгормаагийн үндсэн зээл 300 000 000 төгрөг, хүү 63 000 000 төгрөг, алданги 150 000 000 төгрөг, нийт 513 000 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.Батзориг үндсэн зээлийн 300 000 000 төгрөг, зээлийн хүү, алдангид 50 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн байна.

Зохигчид 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ч.Долгормаа 300 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай хариуцагч А.Батзоригт зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хугацаанд буцаан өгөх, энэ хугацааг хэтрүүлсэн нөхцөлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээжээ.

Талууд гэрээний үндсэн үүргийн талаар маргаагүй боловч гэрээний үнэ болоод хариуцлагын хэмжээний талаар маргасан байна.

Шүүх хариуцагчаас үндсэн зээлийн 300 000 000 төгрөгийг 6 сарын хүүгийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, алдангийн хувьд хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэмжээг нь багасгах боломжтой, хариуцагчийн энэ агуулгаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь 300 000 000 төгрөгт 63 000 000 төгрөгийн хүү нэхэмжилсэн нь үндэслэлтэй. Хэдийгээр хариуцагч зээл буцаан төлөх хугацааг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл буюу 7 сар 20 хоногоор хэтрүүлсэн буруутай боловч нэхэмжлэгч энэ үндэслэлээр алдангид 150 000 000 төгрөг нэхэмжилж, 300 000 000 төгрөгийг гэрээт болон хэтэрсэн хугацаа буюу 1 жил 2 сар 20 хоногийн хугацаанд нийт 213 000 000 төгрөгөөр нэмэгдүүлэн шаардаж байгаа нь зээлдэгчийн эрх ашигт сөрөг нөлөөтэй, талуудын зээлийн хүү, алдангийн хэмжээний талаарх тохиролцоо илт өндөр байна.

Зохигчид гэрээ байгуулахдаа алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дэхь хэсэгт заасан дээд хэмжээ болох 0.5 хувиар тогтоосон байхын зэрэгцээ үүнийг сар тутамд төлөх хүүгийн хэмжээ, зээлдүүлэгчийн үүргийн биелэлт шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хугацаа алдсан зэрэг нөхцөл байдлуудтай харьцуулан дүгнэж мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу хэмжээг нь багасгах хуулийн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь үндсэн зээл 300 000 000 төгрөг, зээлийн хүү 63 000 000 төгрөг, алданги 50 000 000 төгрөг нийт 413 000 000 төгрөг нэхэмжлэгчид төлөх бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан шийдвэр биш болно.

Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 27/7 байр 1 давхарын 420.5 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

2    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18ы өдрийн 101/ШШ2019/02830 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 гэснийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 513 000 000 гэснийг 413 000 000 гэж, 2 дахь заалтын 2 722 950 гэснийг 2 222 950 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 722 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ