Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/01647

 

 

 

 

2019 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2019/01647

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: , АКП ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Б холбогдох,

 Зээлийн гэрээний үүрэгт 5 729 712 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, түүний өмгөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б нь АКП ХХК-иас 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр ЗГ/2015/31, БГ/2015/30 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 3 500 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, Ниссан маркийн 28-74 УНГ улсын дугаартай автомашиныг барьцаалж зээл авсан. Зээлдэгч С.Б нь гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлийг хугацаандаа төлж барагдуулахгүй байсан. Мөн барьцааны гэрээний дагуу барьцаанд тавьсан Ниссан маркийн 28-74 УНГ улсын дугаартай автомашиныг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлж, худалдан борлуулсан байсан тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэсээр автомашиныг эрэн сурвалжлуулж барьцааны зүйлийн байгаа газрыг олж тогтоож, хураан авч, хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд зах зээлийн үнийг 3 000 000 төгрөгөөр тогтоосон. С.Б болон С.Боос автомашиныг худалдан авсан хүн нь зээлийн төлбөрт 3 000 000 төгрөгийг төлсөн тул автомашиныг худалдан авсан хүний нэр дээр нь шилжүүлж өгсөн. Зээлдэгч С.Б нь үлдэгдэл зээлийн төлбөрөө хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөө баталсан байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээл болон зээлийн хүүг хариуцагч С.Боос гаргуулахаар харъяалалын дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б нь санаатайгаар шүүхэд худал мэдүүлэг өгч, өөрийн оршин суух хаягийг нуун дарагдуулж, шүүхийн байгууллагыг хууран мэхэлсэн тул нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх, эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдсэн боловч хариуцагч худал хаяг мэдүүлсэн хаягандаа байхгүй гэж шүүх дүгнэж иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч С.Бийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, эрэн сурвалжилах ажиллагааг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч С.Бийн хаягийг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 8-р байр 52 тоот гэж тогтоосон тухай 2019 оны 04-р сарын 15-ны өдрийн 30/3375 дугаар албан бичгээр нэхэмжлэгч талд мэдэгдсэн.

Иймд хариуцагч С.Б ЗГ/2015/31 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 3 500 000 төгрөг, зээлийн хүү 2 229 712 төгрөг нийт 5 729 712 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э өмгөөлөгч Г.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б миний бие 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр АКП ХХК-тай ЗГ/2015/31 дугаартай гэрээг тус тус байгуулан 3 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлэн барьцаанд өөрийн эзэмшлийн 25-74 УНГ улсын дугаартай Ниссан маркийн автомашинийг 5 сая төгрөгөөр үнэлэн БГ/2015/30 дугаартай гэрээг тус тус байгуулсан юм. Гэтэл 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр АКП ХХКнь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган үндсэн зээл болох 3 500 000 төгрөг, зээлийн хүү 2 229 712 төгрөг, нийт 5 729 712 төгрөгийг надаас гаргуулхаар нэхэмжилсэн байна. Миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах тайлбарыг гаргаж байна:

1. Би тухайн АКП ХХК-тай 3 500 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн бөгөөд сарын хүү нь 210 000 төгрөг гэрээний хугацааны нийт хүү нь 1 260 000 төгрөг болж байгаа юм. 2. ААКП ХХ-тай байгуулсан барьцааны гэрээнд 28-74 УНГ улсын дугаартай Ниссан маркийн автомашиныг 5 сая төгрөгөөр үнэлэн барьцаалсан бөгөөд АКП ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тухайн автомашиныг 4 400 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Барьцааны гэрээний дагуу уг автомашиныг худалдан төлбөрийг барагдуулах эрх нь тухайн ББСБ-д нээлттэй бөгөөд үүгээрээ С.Б миний бие тухайн АКП ХХК-аас зээлсэн зээлийн төлбөрийг барагдуулсан гэж бодож байна.

Иймд АКП ХХК нэхэмжилсэн 5 729 712 төгрөг нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч АКП ХХК нь хариуцагч С.Бид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 729 712 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

С.Б нь 2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр АКП ХХК-тай ЗГ/2015/31 дугаартай Зээлийн гэрээ, мөн БГ/2015/30 дугаартай Барьцааны гэрээ тус тус бичгээр байгуулж /хх-6-8х/, АКП ХХК-иас 3 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж, зээлийн үүргийг хангуулахаар өөрийн эзэмшлийн 25-74 УНГ улсын дугаартай Ниссан Блуберд маркийн автомашиныг барьцаалжээ.

АКП ХХК нь банктай адил зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан Барьцааны гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Зээлдэгч С.Б нь Зээлийн гэрээний 2.4 болон Зээл, хүүгийн эргэн төлөх хуваарь-ийг дагуу зээлийн төлбөрийг 2015 оны 07 сарын 19-ны өдрөөс 11 сарын 19-ны өдрийг хүртэл сар бүр 712 000 төгрөг, 12 сарын 19-ны өдөр 726 638 төгрөг тус тус төлөх үүрэгтэй байсан боловч зээлдэгч С.Б энэхүү үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байна.

Талууд Зээлийн гэрээний 2.2, 3.7-д зээлийн төлбөрийг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон /хх-6, түүний ар талд/ байх бөгөөд энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д нийцсэн байна.

 

Зээлдэгч С.Б нь 2015.07.21-ны өдөр 210 000 төгрөг, 2015.10.15-ны өдөр 100 000 төгрөг, 2015.10.23-ны өдөр 200 000 төгрөг, 2015.12.18-ны өдөр 350 000 төгрөг, 2017.06.21-ны өдөр 3 000 000 төгрөг нийт 3 860 000 төгрөгийг төлсөн байна. /хх-11х/

Гэрээний 2.12-д Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ. Зээлдэгч хугацаа хэтэрч төлөх тохиолдолд тухайн төлөлт хийх өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүүг төлсний дараа үндсэн зээлээс хасалт хийнэ. Хугацаа хэтэрч төлөх тохиолдолтой танилцсан болно гэж заасны дагуу зээлдүүлэгч АКП ХХК нь зээлдэгч С.Бийг төлсөн төлбөрийг энэхүү дарааллын дагуу зээлийн төлбөрт тооцсон байна.

Талууд зээлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэх дарааллыг гэрээгээр тохиролцсон нь хууль зөрчөөгүй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-д Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч АКП ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны зээлийн төлбөрийг тооцож, зээлийн төлбөрийг бууруулан С.Боос үндсэн зээл 3 500 000 төгрөг, зээлийн хүү 2 229 712 төгрөг, нийт 5 729 712 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагч барьцааны зүйлийг худалдан борлуулсан тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасны дагуу АКП ХХК нь эрхээ хэрэгжүүлэн автомашиныг худалдан борлуулсан үнийг зээлийн төлбөртөө авсан байна.

Барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийг Зээлийн төлбөрөөс хасахад Зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохгүй юм.

Учир нь: Барьцааны гэрээ нь барьцаалагч /АКП ХХК/-д барьцааны зүйлийн үнээс шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах эрхийг олгодог тул барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнэ зээлийн төлбөрийг төлөхөд хүрэлцсэн, илүү гарсан тохиолдолд Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болж, илүү гарсан хэсгийг өөрөө шилжүүлэн авахаар барьцаалуулагч Иргэний хуулийн 157.5.4-д заасны дагуу шаардах эрхтэй байдаг. Харин дутсан тохиолдолд зээлдэгч үлдэх төлбөрийг төлөх үүрэг Зээлийн гэрээний дагуу хэвээр байна.

 

Хариуцагч С.Б нь барьцааны зүйл болох автомашиныг гуравдагч этгээдэд худалдаж, нэхэмжлэгч АКП ХХК нь автомашины үнэ 3 000 000 төгрөгийг зээлийн төлбөртөө авч, автомашиныг барьцаанаас чөлөөлсөн нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 162 дугаар зүйлийн 162.1.2-д заасантай нийсэн байна.

Иймээс хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Боос 5 729 712 /таван сая долоон зуун хорин есөн мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж АКП ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар АКП ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Боос 106 650 /нэг зуун зургаан мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АКП ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА