Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01756

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01756

 

 

 

А.К.К- ББСБ ХХК -ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01647 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.К.К- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Б-ид холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5 729 712 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б- нь А.К.К- ББСБ ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/2015/31, БГ/2015/30 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Ниссан маркийн 28-74 УНГ улсын дугаартай автомашиныг барьцаалж 3 500 000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч С.Б- нь гэрээний үүргээ биелүүлээгүй. Мөн барьцаанд тавьсан Ниссан маркийн 28-74 УНГ улсын дугаартай автомашиныг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр бусдад шилжүүлж, худалдан борлуулсан байсан тул Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр автомашиныг эрэн сурвалжлуулж барьцааны зүйлийн байгаа газрыг олж тогтоон, хураан авч, хөрөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд зах зээлийн үнийг 3 000 000 төгрөгөөр тогтоосон. С.Б- болон С.Б-оос автомашиныг худалдан авсан хүн нь зээлийн төлбөрт 3 000 000 төгрөгийг төлсөн тул автомашиныг худалдан авсан хүний нэр дээр нь шилжүүлж өгсөн. Зээлдэгч С.Б- нь үлдэгдэл зээлийн төлбөрөө хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөхөө баталсан.

Иймд хариуцагч С.Б-оос ЗГ/2015/31 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 3 500 000 төгрөг, зээлийн хүү 2 229 712 төгрөг нийт 5 729 712 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр А.К.К- ББСБ ХХК-тай ЗГ/2015/31 дугаартай зээлийн гэрээ, БГ/2015/30 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулан өөрийн эзэмшлийн 25-74 УНГ улсын дугаартай Ниссан маркийн автомашиныг 5 000 000 төгрөгөөр үнэлэн барьцаалж 3 500 000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

А.К.К- ББСБ нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр тухайн автомашиныг 4 400 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Барьцааны гэрээний дагуу уг автомашиныг худалдан төлбөрийг барагдуулах эрх нь тухайн ББСБ-д нээлттэй бөгөөд үүгээрээ би зээлийн төлбөрийг төлсөн гэж бодож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 5 729 712 төгрөг нь ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан С.Б-оос 5 729 712 төгрөгийг гаргуулж А.К.К- ББСБ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар А.К.К- ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-оос 106 650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.К.К- ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй.

Хэргийн материалд нэхэмжлэгч А.К.К- ББСБ ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн байдлыг нь тодорхойлсон баримт бичиг байхгүй байхад шүүхээс нэхэмжлэгчийг зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 451-453 дугаар зүйл нь Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс зээлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдох харилцааг зохицуулах бөгөөд А.К.К- ББСБ ХХК нь хуульд заасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээд мөн болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй учир Иргэний хуулийн 281-285 дугаар зүйлд заасан нийтлэг зохицуулалт үйлчилнэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасан 453.1 дэх хэсгийн заалт үйлчлэхгүй тул зээлийн гэрээний хугацаан дахь 6 сарын хүүгээ авах эрхтэй.

Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч С.Б- нь өөрийн эзэмшлийн 28-74 УНГ дугаартай NISSAN-Bluebird маркийн автомашинаа зээлдэгчтэй харилцан тохиролцож 5 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан боловч уг автомашиныг гэрээ байгуулах үед зээлдэгчийн эзэмшилд шилжүүлсэн бөгөөд талуудын хооронд барьцааны гэрээ эсхүл фидуцийн гэрээ байгуулагдсан эсэхийг тодруулаагүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгийг 3 000 000 төгрөгөөр үнэлж худалдан борлуулсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь барьцааны зүйл болох автомашиныг гуравдагч этгээдэд худалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна

Нэхэмжлэгч А.К.К- ББСБ ХХК нь хариуцагч С.Б-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 729 712 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ...зээлийн төлбөрийг барагдуулсан... гэх үндэслэл заан маргажээ.

Талууд 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ/2015/31 дугаартай зээлийн гэрээгээр А.К.К- ББСБ ХХК нь 3 500 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай С.Б-ид зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд мөнгөн хөрөнгийг тохиролцсон хүүгийн хамт тогтоосон хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээсэн байх бөгөөд гэрээний дагуу зээлдэгч мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан үйл баримт нь талуудын тайлбар, зээлийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх 6, 25, дахь тал/ Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

Хариуцагч С.Б- нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүнд нийт 4 286 638 төгрөг төлөхөөс 860 000 төгрөг төлсөн болох нь зээлийн тооцооллын баримтаар нотлогдсон учир нэхэмжлэгч түүнээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж буй нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна. /хх11/

Хариуцагч нь ...барьцааны хөрөнгийг нэхэмжлэгч худалдан борлуулах эрх нь нээлттэй, автомашиныг 4 400 000 төгрөгөөр үнэлсэн, уг хөрөнгийг барьцаалж зээлийг төлсөн... гэж тайлбарлан маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд зохигчид зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр БГ/2015/30 дугаартай барьцааны гэрээ байгуулж, хариуцагч С.Б-ийн өмчлөлийн Ниссан блюбэрд /Nissan bluebird/ маркийн КG11008042 арлын дугаартай 28-74 УНГ улсын дугаартай автомашиныг барьцаалжээ. /хх8/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. Энэ үйл баримтад талууд маргаангүй.

Хариуцагч нь ...барьцааны зүйл болох эд хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр өөр этгээдэд худалдсан..., ...худалдан авсан этгээд нь зээлийн үүрэгт 3 000 000 төгрөг төлж, үлдэгдлийг хариуцагч төлөхөөр хүсэлт бичиж өгсөн тул барьцааны хөрөнгийг чөлөөлж, худалдан авсан этгээдэд нэрийг шилжүүлж өгсөн... гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үгүйсгэж няцаагаагүйн гадна зээлийн үүргийг биелүүлсэн гэдгээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх нэхэмжлэгчийн үйл ажиллагааны чиглэл, эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, зээлийн гэрээний төрлийг буруу тодорхойлсон гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Хэргийн 4 дэх талд авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас үзэхэд нэхэмжлэгч А.К.К- ББСБ ХХК-ийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь зээлийн үйл ажиллагаа болох нь нотлогдож байх тул зохигчдын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг Иргэний хуулийн 451-453 дахь хэсгийн зүйл, заалтаар зохицуулна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагч С.Б-оос зээлийн үүрэгт 5 729 712 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2019/01647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 106 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД