Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/00127

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/00127

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.С /РД: .............../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С ХХК /РД: ......./-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 169,125,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, түүний өмгөөлөгч З.А, хариуцагчийн төлөөлөгч П.Г, түүний өмгөөлөгч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр С.С-с 112,750,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 0 хувийн хүүтэй, зээлийн гэрээний 01, барьцааны гэрээний 01 тоот гэрээг байгуулж, барьцаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах 65,1 м.кв талбайтай 2 өрөө байрыг барьцаалж зээлсэн. Зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан. Үндсэн зээл 112,750,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги 56,375,000 төгрөг, нийт 169,125,000 төгрөгийг С ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээг үндэслэж байгаа. Гэрээнд Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 281 дүгээр зүйл, 212 дугаар зүйл, 156 дугаар зүйлийг баримталсан гээд тайлбар хийгээд зээлийн гэрээний хэв шинжийг оруулаад, алданги тооцсон. Уг зээлийн гэрээ өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Хариуцагч талаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж огт маргаагүй, энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Үүнтэй холбоотойгоор барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа. Бид Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2 дахь заалтыг үндэслэж нэхэмжилж байгаа.

Зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэсэн заасан учраас алдангиа тооцсон. П.Г өөрөө надад данс байхгүй болохоор П.Э гэдэг хүний дансаар авъя гэдэг хүсэлтээ хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Хариуцагчийн өмгөөлөгч тайлбар хийхдээ С.С-с мөнгө авсан нь үнэн, энэ талаар маргахгүй гэдэг нь тэмдэглэгдсэн байгаа гэж хэлсэн. Хариуцагч тал 2-3 удаагийн шүүх хурал дээр мөнгөн дээр маргахгүй, авсан гэдгээ удаа дараа илэрхийлдэг. Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаалбар болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 6 дугаар байр, 42 тоот 65,1 мкв талбайтай 2 өрөө байрыг албадан дуудлага худалдаагаар худалдаалж, зээлийн гэрээний үүргийг хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэв

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад 112,750,000 төгрөгийг Г.Н гэдэг хүн шилжүүлсэн. Иймээс Г.Н-Г шүүх хуралдаанд оролцуулмаар байна. Энэ маргаанд С.С-н өөрийнх нь ашиг сонирхол яваад байгаа юм шиг санагдаад байна. Г.Нэргүй гэх хүний мөнгийг С.С дамжуулж надад өгчихөөд алданги тооцоод байгаа нь үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн С.С 2017 онд С ХХК-тай Нарны хороололд байрлах байрнаас худалдаж авахаар амаар тохиролцсон. Үүний дагуу байрны төлбөрт н.Энхтайван гэх хүнээс 112,750,000 төгрөгийг шилжүүлсэн. С ХХК уг мөнгийг авснаас хүлээн зөвшөөрч байгаа. н.Энхтайван гэх хүн Хаан банкаар дамжуулж шилжүүлсэн. Хаан банкны 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нэхэмжлэгчийн өөрийн гаргаж өгсөн дансны гүйлгээний утга дээр байрны төлбөрийн урьдчилгаа н.Энхтайван гэсэн утгатай байгаа. 112,750,000 төгрөг бол зээл биш юм. С.С байр авахаа болилоо гэж хэлэхэд Г.Н гэж хүнд С.С-тэй гурвуулаа хамт байж байгаад 22,970,000 төгрөгийн хаалгыг буцааж өгсөн. Иймээс зээлийн дүнгээс 22,970,000 төгрөг хасагдах ёстой.

Талуудын хоорондын асуудал анхнаасаа зээл байгаагүй. Бид мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч алданги 56,375,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдрийг хүртэл барьцааны зүйл болох хөрөнгө дээр С.С-ийн дүү Г.А гэх хүн амьдарч байгаа. Хариуцагчийн зүгээс 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд нэг ч удаа түрээсийн төлбөр аваагүй. 2019 онд С.С, Г.А, П.Г нар С ХХК дээр уулзан орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 112,750,000 төгрөгөөс хасаж тооцно. Бид өчигдөр С.С рүү утсаар яриад Г.Нэргүй гэх хүний хаягийг авах гэтэл өмгөөлөгч нь битгий өг гэж хэлсэн байна лээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 56,375,000 төгрөг, Г.Н-д өгсөн 22,970,000 төгрөгийг хасаад үлдэх 89,810,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед зээл аваагүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.С нь хариуцагч С ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 169,120,000 төгрөг гаргуулах, барьцааны зүйл буюу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбар гараагүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаас 89,810,000 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, 22,970,000 төгрөгт хаалга нийлүүлсэн, алдангийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-01 дугаатай Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу 112,750,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, хүүгүй зээлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ. /ХХ-ийн 7 дахь тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа байгуулсан ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч С ХХК-аас шаардах эрхтэй.

 

Талууд анх байр худалдан авахаар тохиролцож, нэхэмжлэгч нь Дашпунцагийн Энхтайванаар дамжуулан 112,750,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Ганцэгт байрны мөнгө С ХХК-д гэж гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн ба С ХХК нь мөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлагаас 89,810,000 төгрөгийг зөвшөөрч маргаагүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн ах Г.Н-д 22,970,000 төгрөгийн үнэ бүхий хаалга нийлүүлсэн тул үндсэн төлбөрөөс хасаж тооцох ёстой гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Зээлийн гэрээний маргаан шийдвэрлэгдэж байгаа. Нэхэмжлэгч С.С нь зээлийн гэрээнээс нэг ч төгрөг буцаан аваагүй, мөн хаалга Г.Н-д нийлүүлж, гэрээний үнээс хасуулах талаар зөвшөөрөл олгоогүй тул зээлийн гэрээний үндсэн төлбөрт 112,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

С ХХК-ийн зарлагын баримтад 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бүргэд хаалга 74 ширхэг /280,000х74=20.780.000/, цагаан хаалга 5 ширхэг /450,000х5=2,250,000/-ийг 118,000,000 төгрөгийн өрөнд тооцож өгөв. Үлдэгдэл 95,030,000 төгрөг гэж дурьджээ.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар С.Сэс авсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,970,000 төгрөгийн үнэ бүхий хаалга шилжүүлсэн үйл баримтыг нотлоогүй байна.

 

Хариуцагч нь Г.Н-д нийлүүлсэн хаалганы үнэ 22,970,000 төгрөгийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., талуудын хооронд байгуулсан гэрээний 2.7-д ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож зээлдүүлэгчээр төлүүлнэ гэж тус тус заажээ.

 

Хариуцагч С ХХК нь зээлийг хугацаанд төлөөгүй тул нэг хоногийн 563,750 төгрөгөөр тооцож, 56,375,000 төгрөгийн алданги шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан хуулийн зохицуулалттай нийцэж байна.

 

С ХХК нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 6 дугаар байрны 42 тоот, 65,1 м.кв талбайтай, Ү-2202011891 дугаартай, орон сууцанд С.С-ийн ах Г.Нэргүйгийн хүүхэд Н.Амартүвшинг үнэгүй суулгаж байгаа тул алданги төлөхгүй гэж маргасан ба талууд зээлийн гэрээнд алданги төлөхөөр тохиролцсон тул анз төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй юм.

 

Иймд хариуцагч С ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 112,750,000 төгрөг, алдангид 56,375,000 төгрөг, нийт 169,125,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.С болон М.Оюунзул нарын хооронд дээрхи зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 6 дугаар байрны 42 тоот, 65,1 м.кв талбайтай, Ү-2202011891 дугаартай, орон сууцыг барьцаалж, Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байна.

 

Баталгаат ипотекийн гэрээ-г бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч С.С нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангах шаардлагыг хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан байх ба барьцаалагч буюу өмчлөгч М.Оюунзулыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар тодорхойлоогүй.

 

Анхдагч шаардлагын үүрэг гүйцэтгэгч нь хоёрдогч шаардлагын үүрэг гүйцэтгэгчээс өөр этгээд байх тохиолдолд шаардлага тус бүрийг хариуцвал зохих этгээдийг хариуцагчаар оролцуулах учиртай. Хэдийгээр хоёрдогч шаардлага нь анхдагч буюу үндсэн шаардлагаас салшгүй орших боловч энэ нь хоёрдогч шаардлагыг үндсэн шаардлагын үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан шууд шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг зээлдэгчээс, харин барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаалагчаас шаардах бөгөөд барьцааны гэрээний тал бус этгээдээс шаардаж байгаа нь үндэслэл муутай байна. Маргаан бүхий тохиолдолд анхдагч буюу үндсэн шаардлага зээлийн гэрээнээс үүсэх бол хоёрдогч шаардлага нь барьцааны гэрээнээс үүсэх барьцааны шаардлага байна.

 

Үндсэн шаардлагаас салшгүй орших барьцааны эрхийн материаллаг эрх зүйн шинжийг барьцаалуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцон мэтгэлцэх процессын эрхээс ялгаж ойлгох учиртай тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр С.С-ийн гаргасан шаардлагаар М.Оюунзулын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж үзнэ.

 

Энэ үндэслэлээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 6 дугаар байрны 42 тоот, 65,1 м.кв талбайтай, Ү-2202011891 дугаартай, орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай С.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаа зөв тодорхойлон барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 169,125,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Сд олгож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 6 дугаар байрны 42 тоот, 65,1 м.кв талбайтай, Ү-2202011891 дугаартай, орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,073,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-аас 1,003,575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Сд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР