Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00531

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00531

 

 

 

С.Сийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00127 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Сийн нэхэмжлэлтэй, хариуцагч СФ ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 169 125 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ананд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дагиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СФ ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр С.Сээс 112 750 000 төгрөгийг нэг сарын хугацаатай, зээлийн болон барьцааны гэрээний 01 дугаар гэрээг байгуулж, барьцаанд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 6 дугаар байр, 42 тоот 65,1 м.кв талбайтай 2 өрөө байрыг барьцаалсан. Зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр байгаа. Хариуцагч талаас зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй. Зээлийн гэрээнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэсэн заасан. П.Ганцэг нь Д.Энхтайваны дансаар мөнгөн хөрөнгийг авах хүсэлт гаргасан. Зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 6 дугаар байр, 42 тоот 65,1 м.кв талбайтай 2 өрөө байрыг албадан дуудлага худалдаагаар худалдаалж, зээлийн гэрээний үүргийг хангуулна. Үндсэн зээл 112 750 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 100 хоногийн алданги 56 375 000 төгрөг, нийт 169 125 000 төгрөгийг СФ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нэргүй 112 750 000 төгрөгийг шилжүүлсэн. Иймээс Г.Нэргүйг шүүх хуралдаанд оролцуулмаар байна. Энэ маргаанд С.Сийн өөрийнх нь ашиг сонирхол яваад байгаа юм шиг санагдаад байна. Г.Нэргүйгийн мөнгийг С.Сэ дамжуулж өгсөн. Хаан банк ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн баримтын утга нь байрны төлбөрийн урьдчилгаа Д.Энхтайван гэсэн байгаа. 112 750 000 төгрөг нь зээл биш. С.Сэ нь байр авахаа болилоо гэж Г.Нэргүйгийн хамт уулзахад 22 970 000 төгрөгийн хаалга өгсөн. Иймээс зээлийн дүнгээс 22 970 000 төгрөг хасагдах ёстой. Алданги 56 375 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцааны зүйл болох орон сууцад С.Сийн дүү Г.Амартүвшин гэх хүн амьдарч байгаа. Хариуцагчийн зүгээс 2017 оноос хойш 3 жилийн хугацаанд нэг ч удаа түрээсийн төлбөр аваагүй. 2019 онд С.Сэ, Г.Амартүвшин, П.Ганцэг нар уулзан орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги 56 375 000 төгрөг, Г.Нэргүйд өгсөн 22 970 000 төгрөгийг хасаад үлдэх 89 810 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед зээл аваагүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч СФ ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 169 125 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Сэд олгож, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруу 6 дугаар байрны 42 тоот, 65,1 м.кв талбайтай, Ү-2202011891 дугаартай, орон сууцыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 073 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч СФ ХХК-аас 1 003 575 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Сэд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч П.Ганцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нотлох баримтыг дутуу үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн. СФ ХХК нь С.Сэтэй Хурд групп ХХК-ийн барьсан Нарны хороололд байрлах орон сууцыг өгөхөөр тохиролцож үүний дагуу Д.Энхтайван 112 750 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн өгсөн Хаан банк ХХК-ийн төлбөрийн баримтад гүйлгээний утга байрны мөнгө, шилжүүлэгч нь Д.Энхтайван гэж бичигдсэн. С.Сийн зүгээс энэхүү гэрээг байгуулъя гээд 112 750 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Хариуцагч энэхүү төлбөрийг С.Сэ төлсөн гэж хүлээн зөвшөөрсөн боловч зээлийн гэрээний харилцаа биш байсан. Түүнчлэн, С.Сэтэй тохиролцсоны дагуу 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр С.Сийн дүү Н.Амартүвшинтэй орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулж Хан-Уул дүүрэг 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгаас 54,51 м.кв талбайтай орон сууцыг шилжүүлж өгөхөөр тохиролцсон атлаа С.Сэ нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй гэж тайлбарласан. 112 750 000 төгрөгийг энэхүү орон сууцны үнэд тооцож зөрүү үнийг авахаар тохиролцсон. Барьцааны зүйл болох орон сууцад С.Сийн ах Г.Нэргүй 2017 оноос хойш үнэ төлбөргүй амьдарч байгаа. Түүнчлэн, тухайн үед С.Сэтэй тохиролцсоны дагуу түүний ах Г.Нэргүйд манай компанийн зүгээс 74 ширхэг бүргэд хаалга, 5 ширхэг цагаан хаалга нийт 22 970 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг шилжүүлж өгсөн талаар баримт хэрэгт авагдсан. Гэрч оролцуулах хүсэлтийг шүүх хангаагүй. Г.Нэргүй болон Н.Амартүвшин нартай холбоотой нотлох баримтыг хэргээс хасаагүй. Хариуцагчаас дээрх нотлох баримтуудыг гаргаж өгсөнтэй холбогдуулан Г.Нэргүй болон Н.Амартүвшин нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцох ёстой байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 89 810 000 төгрөгийг зөвшөөрч байгаа, харин алданги 56 375 000 төгрөг, С.Сэтэй тохиролцож Г.Нэргүйгийн хүлээж авсан бараа материалын зардал 22 970 000 төгрөг, нийт 79 345 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Сэ нь хариуцагч СФ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 169 125 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууц худалдан авахаар тохиролцож төлбөрт 112 750 000 төгрөгийг шилжүүлсэн боловч орон сууцыг худалдан авахаас татгалзсан, нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Нэргүйд 22 970 000 төгрөгийн үнэ бүхий хаалга өгсөн тул үүнийг хасаж тооцно гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримтад хамаарах бөгөөд талууд зээлийн төлбөрөөс 22 970 000 төгрөгийн үнэ бүхий хаалгыг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр Г.Нэргүйд өгсөн тул мөнгөн төлбөрөөс хасах үндэслэлтэй гэж тайлбарласан. Иймд энэхүү нөхцөл байдлыг тодруулахад гэрчийн мэдүүлэг ач холбогдолтой.

 

Гэрчийн мэдүүлэг нь хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтад хамаарна. Тиймээс хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр Г.Нэргүйг асуулгах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2021/00790 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч С.Сэ нь хариуцагч СФ ХХК-д зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан Хаан банк ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтын гүйлгээний утга Ганцэгт байрны мөнгө, СФ ХХК-н, 112 750 000 төгрөг, шилжүүлэгч Д.Энхтайван гэж бичигдсэн байх тул зээлдүүлэгч, зээлдэгч нарын гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг бусдаар дамжуулан авсан эсэхийг мөн тодруулах шаардлагатай. /хх-9/

 

Ийм учраас анхан шатны шүүх хариуцагч СФ ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлэх боломж олгохгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Энэ ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/00127 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 554 675 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА