Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2019/01642

 

 

 

 

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2019/01642

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: УБМ ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МФ ХХК холбогдох,

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 405 144 647 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч УБМ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч К.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МФ ХХК-иас барилгын арматур, катанка зэрэг барилгын материал зээлээр авах хүсэлт гаргасны дагуу манай компани нь 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийт 447,554,530 төгрөгийн бараа материалыг, 2017 оны 06 сарын 09-ний өдрийн Гэрээний нэмэлтээр 37,531,230 төгрөгийг бараа материалыг тус тус нийлүүлсэн болно. 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.4-т зааснаар 447,554,530 төгрөгийг 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 сарын 24-ний өдрийн хооронд 6 хувааж төлөх үүргийг, Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний 16/2017 дугаартай Гэрээний нэмэлтийн 1.1.5-т зааснаар 37,531,230 төгрөгийг гэрээ батлагдсан өдөр 50 хувийг, үлдэгдэл 50 хувийг 14 хоногийн дотор төлөх үүргийг тус тус хүлээж, нийт 485,085,760 төгрөгийг манай компанид төлөх үүрэг үүссэн байдаг. Үүнээс өнөөдрийн байдлаар МФ ХХК 220,385,527 төгрөгийг төлсөн ба төлвөл зохих нийт үлдэгдэл 264,700,233 төгрөг үлдсэн байна. МФ ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 85 тоот албан бичгээр манай компанид хүсэлт гаргаж, үлдэгдэл төлбөрийг 6 хувааж, 2019 оны 03 сарын 29-ний өдрийн дотор төлж дуусгахаар амалсан. Энэхүү албан бичигт нийт төлбөрийн үлдэгдэл 276,700,233 төгрөг болохыг дурьдаж, хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 12,000,000 төгрөгийг төлснөөс хойш дахин ямар нэгэн төлбөр төлөөгүй ба удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т иргэний эрхийг дараах аргаар хамгаална. 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах- худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасныг үндэслэн 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт 264,700,233 төгрөгийг МФ ХХК-иас гаргуулах шаардлага гаргаж байна.

Алданги төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэл: 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.6-д Гэрээний тохиролцсон хугацаанд гэрээний нийт төлбөр төлөгдөөгүй буюу бүрэн төлөгдөөгүй тохиолдолд Худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож төлнө. Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээний 16/2017 дугаартай Гэрээний нэмэлтийн 1.1.7-д Энэхүү нэмэлт гэрээ нь талуудын 2017 оны 04-р сарын 21-ны өдөр байгуулсан 16/2017 дугаартай гэрээний салшгүй хэсэг бөгөөд нэгэн адил хүчинтэй гэж тус тус заасны дагуу гэрээгээр төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх үүргийг МФ ХХК хүлээсэн.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т иргэний эрхийг дараах аргаар хамгаална. 9.4.6-д хууль буюу гэрээнд заасан анзыг төлүүлэх, 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.6-т хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасныг үндэслэн МФ ХХК-иас 140,444,414 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна.

Иргэний хуулийн 232.4-т заасныг үндэслэн төлбөр төлөх үүрэг үүссэн хугацаанаас 0,3 хувиар тооцоход төлбөрийн дүнгээс тооцоход 140,444,414 төгрөг төгрөг болж байгаа ба гэрээний дагуу төлбөр төлсөн хугацаа, төлбөрийн дүнг багтаасан алдангийн дэлгэрэнгүй тооцоог хавсаргав.

Иймд дээрх үндэслэлээр бараа материалын үнийн үлдэгдэл төлбөрт 264,700,233 төгрөг, алданги 140,444,414 төгрөг нийт 405,144,647 /дөрвөн зуун таван сая, нэг зуун дөчин дөрвөн мянга, зургаан зуун дөчин долоо/ төгрөгийг МФ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй УБМ ХХК-ийн манай компанид холбогдуулан гаргасан ...Зээлээр худалдан худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бараа материалын үлдэгдэл төлбөр болон алдангид 405,144,647 /дөрвөн зуун таван сая нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөг гаргуулах... шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрөн доорх тайлбарыг гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох үүрэгтэй тул хариуцагчийн зүгээс татгалзаж байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлая.

Нэг. Гэрээний үндсэн дүн болох 264 700 233 /хоёр зуун жаран дөрвөн сая долоон зуун мянга хоёр зуун гучин гурав/ төгрөг гаргуулах шаардлагын тухайд, Манай компани нь УБМ ХХК-тай харилцан тохиролцон Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 304,38 тн, мөн оны 6 сарын 09-нд 25,66 тонн нийт 331,04 тонн арматур төмрийг худалдан авах гол нөхцөл бүхий гэрээг байгуулсан талаар маргаан байхгүй болно. Дээрх гэрээний дагуу манай компанийг төлөөлөн төмөр хүлээн авах эрхийг ЖЖ ХХК-нд олгосон. Учир нь ЖЖ ХХК нь манай захиалгаар баригдаж байсан Баянзүрх дүүргийн 16-р хороо, Да хүрээ гудамж гэсэн хаягт байрлах 9 давхар 53 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул арматур төмөр хүлээн авах эрхийг ЖЖ ХХК, түүний захирал Ц.Ононд олгосон байдаг. УБМ ХХК-наас энэ хугацаанд манай компани нь ямар ч төмөр хүлээн аваагүй бөгөөд төмрийг ЖЖ ХХК, түүнийг төлөөлөн Ц.Онон хүлээн авсан байдаг. УБМ ХХК-наас гэрээний дагуу авах нийт 331,04 тонн арматур төмрийг тухайн барилгад ашиглах ёстой байсан. ЖЖ ХХК нь барилга угсралтын ажлыг барилгын сууриас эхлэн 3,5 давхар хүртэл зөвхөн краказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд түүнээс цааш уг барилгын ажлыг хийж гүйцэтгэхээ больсон. Манай компанийн захиалгатай баригдаж байсан орон сууцны барилгын сууриас нь 3,5 давхар хүртэл ЖЖ ХХК-ийн хийсэн ажлыг тооцож үзвэл Техникийн тодорхойлолт-оор нийт 140.3 тонн арматур төмөр зарцуулагдсан үүний 48,9 тонн төмрийг манай компаний зүгээс бэлэн өгсөн зэрэг нөхцөл байдлаас харвал дээрх гэрээний дагуу авсан гэх арматур төмрөөс 91,4 тонн нь тус барилгад орсон байх боломжтой юм. УБМ ХХК-аас гэрээгээр авсан гэх 331,04 тонн арматур төмрийн 239,6 тонныг ЖЖ ХХК нь манай барилгад огт оруулаагүй, хэрэглэгдээгүй байдаг.

Тухайлбал, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр УБМ ХХК-аас 242,004 төгрөгийг 171 тонн арматур төмрийг ЖЖ ХХК авсан байх бөгөөд үүнийгээ ЖЖ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Ононгийн Англи байшин ХХК-аас N00 ХХК-д дамжуулан зарсан зарлагын баримт, Ебаримт бидэнд байгаа болно. Энэ мэтчилэн дээрх арматур төмрийг ЖЖ ХХК нь чухам ямар байдлаар хэдийд, хэдийг авч, хэрхэн зарцуулсан тухай бид юу ч мэдэхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс арматур төмрийг Зээлээр худалдан, худалдан авах гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр манай компаниас төмрийн үнийг алдангийн хамт шаардаж байгаа нь үндэслэлгүй байх ба бидэнд бодитоор төмөр хүлээн авч байгаагүй, хүлээн авсан талаарх нотлох баримтууд байхгүй байх тул нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн гэрээний хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ үндэслэлээр манай компаниас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Манай компанийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэж өөрсдөө аваагүй бүтээгдэхүүний үнэнийг төлөх график гаргаж өгсөн нь үнэн. Гэсэн ч энэ нь төмрийн үнийг ЖЖ ХХК-ийн зүгээс төлнө гэсэн учир бид баримтад гарын үсэг зурсан. Гэрээ ёсоор бид бүтээгдэхүүний үнийг төлсөөр байсан ба одоо үлдэгдэл үнийг бусдын өмнөөс цаашид төлөх ямар ч боломжгүй гэж үзэж байна. УБМ ХХК-ийн зүгээс хэнд төмөр өгсөн эсэх, хэн төмөр хүлээж авсан эсэх талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлж жинхэнэ хариуцах этгээдээс нь дээрх төмрийг үнийг зохих ёсоор, үнэн зөв, шударгаар нэхэмжлэх нь зүйтэй.

Хоёр. Алдангид 140 444 414 /нэг зуун дөчин сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөг гаргуулах шаардлагын тухайд, Нэхэмжлэгч алдангийг бодохдоо 2017.05.24-2019.03.25-ний өдрийг хүртэл хугацаанд алданги бодсон байна. Гэвч талууд 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдөр гэрээний үнийн дүнгийн эцсийн үлдэгдлийн тооцоо нийлсэн баримт үйлдэж, 276,700,233 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 29- нийг хүртэл хугацаанд төлөх хуваарь гарган хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэг үгээр бол 2019 оны 03 дугаар сарын 29 дотор дээрх мөнгийг төлөх ёстой байсан. Мөн талууд тооцоо нийлсэн баримт үйлдэж, алданги тооцох талаар огт тохиролцоогүй учир ингэж алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

Иймд төлөх өр төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтын шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч УБМ ХХК нь хариуцагч МФ ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 405 144 647 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

УБМ ХХК нь МФ ХХК-тай 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр /хх-9-14х/ байгуулан, УБМ ХХК нь ОХУ-д үйлдвэрлэсэн ТУ 14-1-5526-2006 стандарттай А-500 СП ангийн Арматур, Гост 2590-2006, Гост 30136-94 стандарттай Катанкыг хавсралт №1-д заасан нэр төрөл, тоо хэмжээгээр нийлүүлэхээр, МФ ХХК нь үнийг төлөхөөр тохиролцож, талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

Мөн 2017 оны 06 сарын 09-ний өдөр №НГ-03/2017 дугаартай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах №16/2017 дугаартай гэрээний нэмэлт гэрээ /хх-15-16х/-г байгуулж, нийт 37 531 230 төгрөгийн үнэ бүхий арматур, катанк худалдах, худалдан авахаар тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч УБМ ХХК нь 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 16/2017 дугаартай гэрээний дагуу нийт 447,554,530 төгрөгийн бараа материалыг, 2017 оны 06 сарын 09-ний өдрийн Гэрээний нэмэлтээр 37,531,230 төгрөгийг бараа материалыг тус тус нийлүүлсэн болох нь МФ ХХК-ийн хүсэлт /хх-53-57х/, зарлагын падаан /хх-60-64х/-ууд зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч МФ ХХК нь худалдан авсан бараагаа хүлээн авах эрхийг Итгэмжлэл /хх-39х/-ээр Жужу ХХК-д олгож, уг итгэмжлэлийг дагуу Жужу ХХК-ийн төлөөлөгч хүлээн авч байсан байна.

 

МФ ХХК нь 16/2017 дугаартай гэрээний 2.4.-д зааснаар 447 554 530 төгрөгийг 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 сарын 24-ний өдрийн хооронд 6 хувааж төлөх үүргийг, Гэрээний нэмэлтийн 1.1.5-т зааснаар 37 531 230 төгрөгийг гэрээ батлагдсан өдөр 50 хувийг, үлдэгдэл 50 хувийг 14 хоногийн дотор төлөх үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд МФ ХХК нь нийт 220 385 527 төгрөгийг төлсөн байна.

Үлдэгдэл 264 700 233 төгрөгийг төлөөгүй байх тул МФ ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Хариуцагч МФ ХХК-ийн олгосон итгэмжлэлийн дагуу Жужу ХХК нь хүлээн авсан төмөрөө зохих барилгад оруулаагүй, хэрэглээгүй гэх үндэслэл нь үнэ төлөх үүргийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч МФ ХХК нь арматур, катанк зэргийн үнийг гэрээний дагуу хэсэгчлэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн байна.

 

2017 оны 04 сарын 21-ний өдрийн 16/2017 дугаартай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.6-д Гэрээний тохиролцсон хугацаанд гэрээний нийт төлбөр төлөгдөөгүй буюу бүрэн төлөгдөөгүй тохиолдолд Худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож төлнө гэж, мөн Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 16/2017 дугаартай Гэрээний нэмэлтийн 1.1.7-д Энэхүү нэмэлт гэрээ нь талуудын 2017 оны 04-р сарын 21-ны өдөр байгуулсан 16/2017 дугаартай гэрээний салшгүй хэсэг бөгөөд нэгэн адил хүчинтэй гэж тус тус заасны дагуу гэрээгээр төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх үүргийг МФ ХХК хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч УБМ ХХК нь гэрээнд заасны дагуу алдангийг тооцож /хх-20х/ алдангид нийт 140 444 414 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцэж байна.

Учир нь: хэсэгчлэн төлөх төлбөр тус бүрийг тогтоосон хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд хэсэгчлэн төлөх төлбөрийг тодорхой хугацаа хэтрүүлэн төлсөн байх тул уг хугацаа хэтрүүлэн төлсан төлбөрөөс алдангийг тооцож шаардах эрх УБМ ХХК-д байна. Иймд хариуцагч МФ ХХК-иас алданги 140 444 414 төгрөгийг гаргуулж УБМ ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр МФ ХХК-иас төлбөр 264 700 233 төгрөг, алданги 140 444 414 төгрөг, нийт 405 144 647 төгрөгийг гаргуулж УБМ ХХК-д олгов.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуухад татгалзал байхгүй гэсэн мөртлөө шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахгүй орхисон гэх үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан МФ ХХК-иас 405 144 647 /дөрвөн зуун таван сая нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж УБМ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар УБМ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 183 674 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МФ ХХК-иас 2 183 674 /хоёр сая нэг зуун наян гурван мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч УБМ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА