Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2021/00335

 

*******-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож нарын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01642 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1810 дугаар магадлалтай,

 *******-ийн нэхэмжлэлтэй,

Монголфакторинг ББСБ ХХК-д холбогдох,

 Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 405,144,647 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодуламын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:*******-иас барилгын арматур, катанка зэрэг барилгын материал зээлээр авах хүсэлт гаргасны дагуу манай компани нь 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу нийт 447,554,530 төгрөгийн бараа материалыг, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Гэрээний нэмэлтээр 37,531,230 төгрөгийг бараа материалыг тус тус нийлүүлсэн болно. 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний 2.4-т зааснаар 447,554,530 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд 6 хувааж төлөх үүргийг, Бараа материалаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний 16/2017 дугаартай Гэрээний нэмэлтийн 1.1.5-т зааснаар 37,531,230 төгрөгийг гэрээ батлагдсан өдөр 50 хувийг, үлдэгдэл 50 хувийг 14 хоногийн дотор төлөх үүргийг тус тус хүлээж, нийт 485,085,760 төгрөгийг манай компанид төлөх үүрэг үүссэн байдаг. Үүнээс өнөөдрийн байдлаар******* 220,385,527 төгрөгийг төлсөн ба төлвөл зохих нийт үлдэгдэл 264,700,233 төгрөг үлдсэн байна. Монголфакторинг ББСБ XXК нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 85 тоот албан бичгээр манай компанид хүсэлт гаргаж, үлдэгдэл төлбөрийг 6 хувааж, 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлж дуусгахаар амалсан. Энэхүү албан бичигт нийт төлбөрийн үлдэгдэл 276,700,233 төгрөг болохыг дурьдаж, хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр 12,000,000 төгрөгийг төлснөөс хойш дахин ямар нэгэн төлбөр төлөөгүй ба удаа дараа төлбөрөө төлөхийг шаардсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т иргэний эрхийг дараах аргаар хамгаална. 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх, 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заасныг үндэслэн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт 264,700,233 төгрөгийг*******-иас гаргуулах шаардлага гаргаж байна. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16/2017 дугаартай Бараа материалаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний 2.6-д Гэрээний тохиролцсон хугацаанд гэрээний нийт төлбөр төлөгдөөгүй буюу бүрэн төлөгдөөгүй тохиолдолд Худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож төлнө. Бараа материалаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний 16/2017 дугаартай Гэрээний нэмэлтийн 1.1.7-д Энэхүү нэмэлт гэрээ нь талуудын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 16/2017 дугаартай гэрээний салшгүй хэсэг бөгөөд нэгэн адил хүчинтэй гэж тус тус заасны дагуу гэрээгээр төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх үүргийг******* хүлээсэн. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т иргэний эрхийг дараах аргаар хамгаална. 9.4.6-д хууль буюу гэрээнд заасан анзыг төлүүлэх, 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 232.6-т хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасныг үндэслэн*******-иас 140,444,414 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байна. Иргэний хуулийн 232.4-т заасныг үндэслэн төлбөр төлөх үүрэг үүссэн хугацаанаас 0,3 хувиар тооцоход төлбөрийн дүнгээс тооцоход 140,444,414 төгрөг төгрөг болсон, гэрээний дагуу төлбөр төлсөн хугацаа, төлбөрийн дүнг багтаасан алдангийн дэлгэрэнгүй тооцоог хавсаргав. Иймд дээрх үндэслэлээр бараа материалын үнийн үлдэгдэл төлбөрт 264,700,233 төгрөг, алданги 140,444,414 төгрөг нийт 405,144,647 төгрөгийг*******-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээний үндсэн дүн болох 264,700,233 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, компани нь *******-тай харилцан тохиролцон Зээлээр худалдах-худалдан авах гэрээ-г байгуулан 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 304,38 тн, мөн оны 6 дугаар сарын 09-нд 25,66 тонн нийт 331,04 тонн арматур төмрийгхудалдан авах гол нөхцөл бүхий гэрээг байгуулсан талаар маргаан байхгүй болно. Дээрх гэрээний дагуу манай компанийг төлөөлөн төмөр хүлээн авах эрхийг Жужу ХХК-нд олгосон. Учир нь Жужу ХХК нь манай захиалгаар баригдаж байсан Баянзүрх дүүргийн 16-р хороо, Да хүрээ гудамж гэсэн хаягт байрлах 9 давхар 53 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул арматур төмөр хүлээн авах эрхийг Жужу ХХК, түүний захирал Ц.Ононд олгосон байдаг, *******-наас энэ хугацаанд манай компани нь ямар ч төмөр хүлээн аваагүй бөгөөд төмрийг Жужу ХХК, түүнийг төлөөлөн Ц.Онон хүлээн авсан байдаг. *******-наас гэрээний дагуу авах нийт 331,04 тонн арматур төмрийг тухайн барилгад ашиглах ёстой байсан. Жужу ХХК нь барилга угсралтын ажлыг барилгын сууриас эхлэн 3,5 давхар хүртэл зөвхөн краказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд түүнээс цааш уг барилгын ажлыг хийж гүйцэтгэхээ больсон. Манай компанийн захиалгатай баригдаж байсан орон сууцны барилгын сууриас нь 3,5 давхар хүртэл Жужу ХХК-ийн хийсэн ажлыг тооцож үзвэл Техникийн тодорхойлолтоор нийт 140.3 тонн арматур төмөр зарцуулагдсан үүний 48,9 тонн төмрийг манай компаний зүгээс бэлэн өгсөн зэрэг нөхцөл байдлаас харвал дээрх гэрээний дагуу авсан гэх арматур төмрөөс 91,4 тонн нь тус барилгад орсон байх боломжтой юм. *******-аас гэрээгээр авсан гэх 331,04 тонн арматур төмрийн 239,6 тонныг Жужу ХХК нь манай барилгад огт оруулаагүй, хэрэглэгдээгүй байдаг. Тухайлбал, 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр *******-иас 242,004 төгрөгийг 171 тонн арматур төмрийг Жужу ХХК авсан байх бөгөөд үүнийгээ Жужу ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Ононгийн Англи байшин ХХК-аас N00 ХХК-д дамжуулан зарсан зарлагын баримт, е-баримт бидэнд байгаа болно. Энэ мэтчилэн дээрх арматур төмрийг Жужу ХХК нь чухам ямар байдлаар хэдийд, хэдийг авч, хэрхэн зарцуулсан тухай бид юу ч мэдэхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс арматур төмрийг Зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр манай компаниас төмрийн үнийг алдангийн хамт шаардаж байгаа нь үндэслэлгүй байх ба бидэнд бодитоор төмөр хүлээн авч байгаагүй, хүлээн авсан талаарх нотлох баримтууд байхгүй байх тул нэхэмжлэгчийн өмнө ямар нэгэн гэрээний хариуцлага хүлээхгүй бөгөөд энэ үндэслэлээр манай компаниас шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Манай компанийн зүгээс 2018 оны 10 дугаар сарын 05-ний өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэж өөрсдөө аваагүй бүтээгдэхүүний үнэнийг төлөх график гаргаж өгсөн нь үнэн. Гэсэн ч энэ нь төмрийн үнийг Жужу ХХК-ийн зүгээс төлнө гэсэн учир бид баримтад гарын үсэг зурсан. Алдангид 140,444,414 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, алдангийг бодохдоо 2017 оны 05 дугаар сарын 24-нөөс 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд алданги бодсон байна. Гэвч талууд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээний үнийн дүнгийн эцсийн үлдэгдлийн тооцоо нийлсэн баримт үйлдэж, 276,700,233 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 29-нийг хүртэл хугацаанд төлөх хуваарь гарган хоёр талаас гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэг үгээр бол 2019 оны 03 дугаар сарын 29-ний дотор дээрх мөнгийг төлөх ёстой байсан. Мөн талууд тооцоо нийлсэн баримт үйлдэж, алданги тооцох талаар огт тохиролцоогүй учир ингэж алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иймд төлөх өр төлбөр байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01642 дугаар шийдвэр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан*******-иас 405 144 647 төгрөгийг гаргуулж *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,183,674 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-иас 2,183,674 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1810 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2019/01642 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...405,144,647... гэсийг ...397,050,350..., үлдэх 8,094,298.5 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ...2,183,674... гэснийг 2,143,202 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгийн хураамж 2,183,680 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1810 тоот Магадлал-ыг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч танилцаад шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны бодит үйл баримтад хууль ёсны дүгнэлт хийгээгүй зэрэг үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт нийцүүлэн эрх зүйн талаас нь дүгнэлт хийх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, гэтэл мөн л давж заалдах шатны шүүх маргааны бодит үйл баримтыг анхааралгүй орхиж, анхан шатны шүүхийн процессын алдааг залруулалгүй орхигдуулсан гэж үзнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт: ...шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ... , мөн хуулийн 40.2 дэх хэсэгт: ...нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ..., мөн хуулийн 40.3 дэх хэсэгт: ...Шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй... гэж тус тус заасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгчийн өөрийн гаргасан тооцоо, нэхэмжилж буй дүн зэрэгт эрх зүйн дүгнэлт хийхдээ хариуцагчийн шүүхэд гаргасан болон хариуцагчийн итгэмжлэгдсэж төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг oгт харгалзан үзээгүй байна. Нэхэмжлэгч ******* нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл /XX-1 тал/ гаргахдаа ...бараа материалын үнийн төлбөрт 264,700,233 төгрөг гаргуулах, ...алданги 140,444,414 төгрөг гаргуулах..., нийт 405,144,647төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг гаргасан байдаг. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ... нийт 485,085,760 төгрөгийг манай компанид төлөх үүрэг үүссэн бөгөөд үүнээс 220,385,527 төгрөгийг төлсөн ба төлбөл зохих нийт үлдэгдэл нь 264,700,233 төгрөг үлдсэн,******* нь 2018 оны 10 дугаар сарьн 09-ний өдөр 85 дугаар албан бичгээр хүсэлтээ гаргахдаа 276,700,233 төгрөгийн үлдэгдэлтэйгээ хүлээн зөвшөөрсөн..., 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 12,000,000 төгрөгийг төлсөн... гэх байдлаар үндэслэлээ тайлбарладаг бөгөөд бодит байдал нь нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрч байгаа дүнгээр үлдэгдэл нь 264,700,233 төгрөг, дараа нь төлөгдсөн гэх 12,000,000 төгрөгийг хасаж тооцвол 252,700,233 төгрөгийн үлдэгдэл байхад өөрөө зөвшөөрсөн гэх агуулгаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж байгаа нь буруу ба баримтад тулгуурлаагүй гэж үзэх үндэслэл болно. Мөн хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 16/2017 тоот Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ, 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн HГ/-03/2017 дугаартай нэмэлт гэрээнүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд уг гэрээний гол агуулга болон Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгг зааснаар ...худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрийг хүлээнэ... гэж хууль тогтоогч тодорхойлжээ. Гэрээний талууд болох худалдагч буюу ******* нь худалдан авагч тал болох*******-нд биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр хариу үүрэг болох төлбөр төлөхийг шаардах эрх үүсэхээр байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хариуцагч талаас нэхэмжлэгч талд хүргүүлсэн хүсэлт гаргах тухай албан бичигт дурдсанаар: Жужу XXX нь итгэмжлэлийн дагуу татан авсан арматур төмөрүүдийг Монголфакторинг ХХК-ний барилгад бус өөр гуравдагч байгууллагад нийлүүлсэн ба үүний дүнд манай байгууллага ашиглаагүй арматурын төмөрт мөнгө төлж давхар хохирол хүлээгээд байгаа бөгөөд уг асуудлаар шүүхэд хандсан... гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаснаас үзэхэд гэрээний зүйл болох арматур төмөр нь худалдан авагч талд бүрэн шилжиж ирээгүй байхад төмрийн үнийг нэхэмжилсэн, анхан шатны шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй байдаг. Өөрөөр хэлбэл худалдан авагч тал бодитой төмөр хүлээн аваагүй, өөрийн захиалгаар барьж байгаа барилгад тухайн арматур төмрийг огт ашиглаагүй байхад үнэ төлөх нь гэрээний чөлөөт байдлын болон шударга ёсны зарчимд нийцэхгүй. Үүнийг дан ганц тооцоо нийлсэн гэх актаар дүгнэх боломжгүй ба хариуцагчид бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгөөгүй болох оо нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Түүнчлэн хэргийн оролцогч болох хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой үйл баримт, үйл явдлыг мэдэж байгаа Жужу ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч мөн л хүлээж аваагүй тухайн шүүгчийг уг иргэний хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ төрж анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг шийдвэрлэж буй шүүгчээс нэг удаа, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан хуульд заасан үндэслэлээр 2 удаа татгалзан гаргах хүсэлтийг амаар гаргасан боловч татгалзлыг хүлээн авалгүйгээр шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гшүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг гаргахад шүүгч Н.Оюунтуяа нь ...түрүүн татгалзал асуусан, одоо татгалзлыг хүлээн авах боломжгүй... гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан иь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт: ...Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзал гарах үүрэгтэй мөн хуулийн 92.2 дэх хэсэгт: ...Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй... гэж хууль тогтоогч хуульчилсан. Гэтэл хэргийг шийдвэрлэж байсан Н.Оюунтуяа шүүгчийн зүгээс ...хүсэлтийн шатанд татгалзал асуусан, хэрэг хэлэлцээд эхэлсэн учраас хэргийн оролцогч шүүгчийн татгалзан гаргах эрх байхгүй... гэсэн үндэслэлээр хууль зөрчиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дэх хэсэгт: ...Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана... гэж хууль тогтоох байгууллага хуульчилсан бөгөөд хуулийг дагаж мөрдөх үүрэг эрх зүйн этгээд бүрт байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна... гэж үзэн татгалзсаар байхад илтэд хууль зөрчсөн үйлдэл гарган ч давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний ноцтой алдааг анхаарч үзсэнгүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч ******* нь*******-д холбогдуулан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 405,144,647 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хангасан, тухайн маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 16/2017 Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Нэмэлт гэрээг байгуулж бүгд 485,085,760 төгрөгийн барилгын бараа, материал нийлүүлжээ. Гэрээний 2.6-д гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг ...хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3 хувийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож төлнө. гэж талууд гэж тохиролцжээ.

Төлбөрөөс 220,385,527 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарлан үлдэгдэл 264,700,233 төгрөг гэрээнд заасан алдангид 140,444,414 төгрөг бүгд 405,144,647 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагч татгалзахдаа уг бараа материалыг тус компанийн барилгын гүйцэтгэгч Жу Жу ХХК хүлээн авч зарцуулсан гэсэн үндэслэлийг заажээ.

Талууд гэрээг байгуулахдаа зээлээр худалдах-худалдан авах гэж нэрлэсэн боловч уг гэрээ нь ердийн худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх тул хоёр шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь маргааны харилцаанд нийцжээ.

Нэхэмжлэгч ******* гэрээнд заасан үүргээ биелүүлж хэлэлцэн тохирсон бараа, материалыг өгсөн тул үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үнийг төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч компанийн барилгын гүйцэтгэгчээр ажилласан гэх Жу Жу ХХК нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний оролцогч биш, үүрэгт хамааралгүй этгээд байх тул шүүх хариуцагч******* гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Гэрээний үүргийн төлбөр тооцооны талаар талууд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлж барааны үндсэн үнээс 276,700,233 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгааг баталгаажуулсан байна.(хх-17)

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дээрх тооцоо нийлснээс хойш төлсөн 12,000,000 төгрөгийг хасаж тооцоогүйг давж заалдах шатны шүүх залруулж нэхэмжлэлээс 397,050,349 төгрөг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хэргийн баримтанд үндэслэгдсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн гомдлыг давж заалдах шатны шүүх хуулийн хүрээнд хянан үзэж гомдлыг хангах үндэслэлгүй гэсэн эрх зүйн дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан ....үлдэгдэл нь 264,700,233 төгрөг, дараа нь төлөгдсөн гэх 12,000,000 төгрөгийг хасаж тооцвол 252,700,233 төгрөг байхад өөрөө зөвшөөрсөн гэх агуулгаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж байгаа нь буруу ба баримтад тулгуурлаагүй..., ... Жу Жу ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах, шүүгчээс татгалзан гаргах хүсэлтийг хангаагүй, ...хууль хэрэглээний ноцтой алдааг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байх тул магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1810 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодуламын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодулам хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 2,143,201 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ЦОЛМОН

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН              Г.АЛТАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧ                                         Б.УНДРАХ

      Х.СОНИНБАЯР

      Г.ЦАГААНЦООЖ