Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2020/01180

 

 

 

 

 

2020 оны 05сар ы 05дөр

181/ШШ2020/01180

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  С ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: АП ХХК /РД:-д холбогдох

 

81,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн төлөөлөгч Ч.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь АП ХХК-тай 2019 оны 12 сарын 11-ний өдөр цахилгааны утас худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 109,264,600 төгрөгийн цахилгааны утас нийлүүлсэн. Үүнээс 1,264,600 төгрөгийг төлж, үлдэгдэл 108,000,000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Худалдан авагч тал цувуулан нийт 40,000,000 төгрөгийг төлсөн тул үндсэн төлбөр 68,000,000 төгрөг, гэрээний 7.1 дэх хэсэгт заасан алданги 13,170,000 төгрөг, нийт 81,170,000 төгрөгийг АП ХХК-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 20,000,000 төгрөг төлсөн тул уг төлбөрийг үндсэн төлбөр болох 68,000,000 төгрөгөөс хасаж тооцон, үндсэн төлбөрт 48,000,000 төгрөг, алдангид 13,170,000 төгрөг, нийт 61,170,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АП ХХК нь Бугат велла төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн ажлын хүрээнд С ХХК-тай цахилгааны утас худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. АП ХХК нь захиалагч нарынхаа төлбөр төлөх графикийг үндэслэн гэрээний төлбөрийг 1 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон боловч захиалагч нар төлбөр төлөх графикийг зөрчсөний улмаас АП ХХК нь С ХХК-д төлбөр төлөх гэрээний үүргээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн билээ. Мөн Ковид 19 өвчний тархалттай холбоотойгоор 2020 оны 2 дугаар сар, 2020 оны 3 дугаар сард зам хаасны улмаас гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх боломж хязгаарлагдсаны улмаас барилгын ажил зогсож, графикийн дагуу ажил хийгдээгүй тул зарим захиалагч нарын графикийн дагуу төлбөр шилжүүлэх ажил тасалдсан болно. Одоо бид гэрээнд заасан ажлуудаа графикийн дагуу хийж гүйцэтгэн, захиалагч нараасаа дараагийн төлөлтүүдээ авахаар шаргуу ажиллаж байгаа бөгөөд шинээр захиалга авах ажлыг ч эрчимтэй хийж байна. Нэхэмжлэгч С ХХК нь нэхэмжлэл гаргах үед үндсэн төлбөр 68,000,000 төгрөг нэхэмжилснээс бид одоогийн байдлаар 20,000,000 төгрөгийн төлөлт хийсэн байна. Ковид 19 өвчний тархалттай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндээр нөлөөлж байгаа бөгөөд манай захиалагч нарын хувьд графикийн дагуу төлөлт хийх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. Санхүүгийн энэ хүнд нөхцөлд бизнесийн байгууллагууд бие биенийхээ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, харилцан ойлголцох байдлыг эрхэмлэх нь зүйтэй болов уу. Бид үндсэн төлбөрийн үлдэгдэл 48,000,000 төгрөгийг, алдангид нэхэмжилсэн 13,170,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг, нийт 50,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалтад Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дахь заалтад давагдашгүй хүчин зүйлийн талаарх зохицуулалт байгаа бөгөөд халдварт өвчний тархалт, төрийн шийдвэр зэргийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж талууд тохиролцсон тул алдангид нэхэмжилсэн 13,170,000 төгрөгийн төлбөрөөс 2,000,000 төгрөгөөс илүү гарах хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтад Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг харгалзан үзнэ үү. гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч АП ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 68,000,000 төгрөг, алданги 13,170,000 төгрөг, нийт 81,170,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 20,000,000 төгрөг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг үндсэн төлбөр 48,000,000 төгрөг, алдангид 13,170,000 төгрөг, нийт 61,170,000 төгрөг гаргуулах гэж багасгаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагаас 50,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2019 оны 12 дугаар сарын 11-ны өдөр С ХХК болон АП ХХК нарын хооронд Худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ /хх-4,5 тал/ байгуулагдаж уг гэрээгээр С ХХК нь АП ХХК-д 108,000,000 төгрөгийн үнэ бүхий цахилгааны утас худалдах, АП ХХК нь гэрээ байгуулсан өдөр 30,000,000 төгрөг, үлдэх 78,000,000 төгрөгийг 2020 оны 01 сарын 11-ний өдөр С ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

С ХХК нь АП ХХК-д гэрээнд заасан цахилгааны утсыг нийлүүлсэн гэдэгт хариуцагч маргахгүй байх тул С ХХК-ийг гэрээгээр хүлээсэн эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

АП ХХК нь гэрээнд заасан 108,000,000 төгрөгийн төлбөрөөс 40,000,000 төгрөгийг төлсөн тул үндсэн төлбөрт 68,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад АП ХХК нь дахин 20,000,000 төгрөгийн төлсөн тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 48,000,000 төгрөг болсон гэж нэхэмжлэгч тайлбарладаг, хариуцагч АП ХХК нь өмнө төлсөн 40,000,000 төгрөгийн төлбөрөөс хойш нэхэмжлэгч С ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 02 сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөгийг С ХХК-д төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан АП ХХК-ийн Голомт банкны дансны хуулгаар тогтоогдсон, хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 48,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө гэдэгтээ маргахгүй байх тул хариуцагч АП ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 48,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дахь заалтад зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх ёстой бөгөөд мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дахь заалтад үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан, хариуцагч АП ХХК нь худалдах худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад зааснаар 2020 оны 01 сарын 11-ний өдрийн дотор худалдан авсан цахилгааны утасны төлбөрийг С ХХК-д бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл 68,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байсан тул хариуцагч АП ХХК-ийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дахь заалтад Талууд гэрээгээр хүлээсэн графикт хугацаанд төлбөрөө төлөөгүй, бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож анз алданги төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан, алдангийн хувь хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан 0.5 хувиас хэтрээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас анз буюу алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн гаргасан алдангид 13,170,000 төгрөг гаргуулах шаардлагаас 2,000,000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалтад Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дахь заалтад давагдашгүй хүчин зүйлийн талаарх зохицуулалт байгаа бөгөөд халдварт өвчний тархалт, төрийн шийдвэр зэргийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж талууд тохиролцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтад Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан зэрэгтэй холбон тайлбарлаж байна.

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн, хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан үйл баримт нь нийтэд илэрхий үйл баримт боловч тухайн үйл баримтын улмаас хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх боломжгүй болж, гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх зөвхөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн, хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан гэх үндэслэлээр хариуцагчийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, ийнхүү хугацаа хэтрүүлсэн нь хариуцагчийн гэм буруугаас болоогүй гэж үзэх боломжгүй, хариуцагч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь түүний гэм буруугаас болоогүй гэдгийг өөр бусад баримтаар нотолсон байхыг шаардана.

Хариуцагчийн төлөөлөгч нь төрийн байгууллагын шийдвэрээр зам хаасны улмаас гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх боломж хязгаарлагдаж, барилгын ажил зогсож, графикийн дагуу ажил хийгдээгүй тул зарим захиалагч нарын графикийн дагуу төлбөр шилжүүлэх ажил тасалдсан, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндээр нөлөөлсний улмаас захиалагч нарын хувьд графикийн дагуу төлөлт хийх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн гэсэн тайлбарыг гаргасан боловч дээрх тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй буюу 2020 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн гүйцэтгэж байсан барилгын ажил нь ямар явцтай байгаад зогссон, барилгын ажил зогсоход халварт өвчний тархалт болон төрийн байгууллагын шийдвэрээс өөр бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй, мөн хариуцагчтай гэрээ байгуулсан хичнээн захиалагч гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, ийнхүү захиалагч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь халварт өвчний тархалт болон төрийн байгууллагын шийдвэрээс шалтгаалсан гэдгийг шүүхэд баримтаар нотлоогүй тул шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан АП ХХК нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн нь АП ХХК-ийн гэм буруугаас болоогүй гэх тайлбарыг үндэслэл бүхий тайлбар гэж шууд хүлээн авах боломжгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтад Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан боловч нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилж буй алдангийн хэмжээг илт их гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилсэн 13,170,000 төгрөгийн алдангийн тооцооллыг нягталж үзэхэд 2020 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл төлөгдөөгүй байсан төлбөрийн үлдэгдэл 68,000,000 төгрөгөөс гэрээнд заасан хоногийн 0.5 хувиар тооцоход нэг хоногт 340,000 төгрөгийн алданги, үүнийг 68,000,000 төгрөгийн төлбөр төлөх ёстой байсан хугацаа болох 2020 оны 01 сарын 11-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэлх нийт 38 хоногоор үржүүлэн тооцоход хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх ёстой алдангийн хэмжээ нь 12,920,000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч АП ХХК-аас алдангид 12,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн алданги шаардсан шаардлагаас 250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн багасгасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу үндсэн төлбөр 48,000,000 төгрөг, алдангид 13,170,000 төгрөг, нийт 61,170,000 төгрөг гаргуулах шаардлагын хүрээнд хариуцагч АП ХХК-аас үндсэн төлбөр 48,000,000 төгрөг, алданги 12,920,000 төгрөг, нийт 60,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч АП ХХК-аас 60,920,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 250,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 18-ны өдөр урьдчилан 563,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АП ХХК-аас 462,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР