Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1343

 

 

 

 

 

 

 

 

 

“С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01180 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С-” ХХК-ийн хариуцагч “А п-” ХХК-д холбогдуулан гаргасан 81 170 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “А п-” ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цахилгааны утас худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нийт 109 264 600 төгрөгийн цахилгааны утас нийлүүлсэн. Үүнээс 1 264 600 төгрөгийг төлж, үлдэгдэл 108 000 000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Худалдан авагч тал цувуулан нийт 40 000 000 төгрөгийг төлсөн тул үндсэн төлбөр 68 000 000 төгрөг, гэрээний 7.1 дэх хэсэгт заасан алданги 13 170 000 төгрөг, нийт 81 170 000 төгрөгийг “А п-” ХХК-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 20 000 000 төгрөг төлсөн тул уг төлбөрийг үндсэн төлбөр болох 68 000 000 төгрөгөөс хасаж тооцон, үндсэн төлбөрт 48 000 000 төгрөг, алдангид 13 170 000 төгрөг, нийт 61 170 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А п-” ХХК нь Бугат велла төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд уг төслийн ажлын хүрээнд “С-” ХХК-тай цахилгааны утас худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. “А п-” ХХК нь захиалагч нарынхаа төлбөр төлөх графикийг үндэслэн гэрээний төлбөрийг 1 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон боловч захиалагч нар төлбөр төлөх графикийг зөрчсөний улмаас “А п-” ХХК нь “С-” ХХК-д төлбөр төлөх гэрээний үүргээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн билээ. Мөн Ковид 19 өвчний тархалттай холбоотойгоор 2020 оны 2 дугаар сар, 2020 оны 3 дугаар сард зам хаасны улмаас гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх боломж хязгаарлагдсаны улмаас барилгын ажил зогсож, графикийн дагуу ажил хийгдээгүй тул зарим захиалагч нарын графикийн дагуу төлбөр шилжүүлэх ажил тасалдсан болно. Одоо бид гэрээнд заасан ажлуудаа графикийн дагуу хийж гүйцэтгэн, захиалагч нараасаа дараагийн төлөлтүүдээ авахаар шаргуу ажиллаж байгаа бөгөөд шинээр захиалга авах ажлыг ч эрчимтэй хийж байна. Нэхэмжлэгч “С-” ХХК нь нэхэмжлэл гаргах үед үндсэн төлбөр 68 000 000 төгрөг нэхэмжилснээс бид одоогийн байдлаар 20 000 000 төгрөгийн төлөлт хийсэн байна. Ковид 19 өвчний тархалттай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндээр нөлөөлж байгаа бөгөөд манай захиалагч нарын хувьд графикийн дагуу төлөлт хийх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн. Санхүүгийн энэ хүнд нөхцөлд бизнесийн байгууллагууд бие биенийхээ үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, харилцан ойлголцох байдлыг эрхэмлэх нь зүйтэй болов уу. Бид үндсэн төлбөрийн үлдэгдэл 48,000,000 төгрөгийг, алдангид нэхэмжилсэн 13 170 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг, нийт 50 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь заалтад хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дахь заалтад давагдашгүй хүчин зүйлийн талаарх зохицуулалт байгаа бөгөөд халдварт өвчний тархалт, төрийн шийдвэр зэргийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болно гэж талууд тохиролцсон тул алдангид нэхэмжилсэн 13 170 000 төгрөгийн төлбөрөөс 2 000 000 төгрөгөөс илүү гарах хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтад анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасныг харгалзан үзнэ үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг баримтлан хариуцагч “А п-” ХХК-аас 60 920 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С-” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 250 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 18-ны өдөр урьдчилан 563 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А п-” ХХК-аас 462 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч “С-” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч “А п-” ХХК нь Худалдах-худалдан авах гэрээний үндсэн төлбөр болох 48 000 000 төгрөг гаргуулах шаардлага болон 2 000 000 төгрөгийг нэмж төлөхөө илэрхийлэн хүлээн зөвшөөрсөн байдаг. “А п-” ХХК нь “Бугат вилла” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “С-” ХХК-тай Худалдах худалдан авах гэрээ байгуулан цахилгааны утас худалдан авсан. Совид19 дэлхийн цар тахалтай холбоотойгоор дэлхий дахинд, Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, ажлын байрны цомхотгол үүсээд байгаа нь нотлох шаардлагагүй үнэн билээ. “А п-” ХХК нь “Бугат вилла” төслийн хүрээнд 26 амины орон сууцыг захиалагчид түрхүүр гардуулах нөхцөлөөр барьж байгаа бөгөөд тухайн үед Захиалгын гэрээ байгуулан үе, шаттайгаар төлбөр төлж байсан захиалагч нарын бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас гэрээний дагуу авах бэлэн мөнгө хойшлогдох нөхцөл байдал үүссэн. Бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас бэлэн мөнгөөр бус ихэнхидээ бартёр солилцоо хийгдэж ирсэн бөгөөд бэлэн мөнгөний орлого эрс багассан гэдэг нь “А п-” ХХК-ийн Голомт банк дахь дансны хуулгаас харагдана. Талуудын хооронд байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д “Гэрээний аль нэг тал /газар хөдлөлт, үер, гал түймэр, халдварт өвчний тархалт, төрийн шийдвэр, оролцоо, тээвэр зуучийн эрсдэл/ гэх мэт нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас / алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно.” гэж заасан. Дэлхий нийтэд тархсан цар та: худалдан авах гэрээний 8.1-д заасны д байна гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүхтүүнийг багасгаж болно” гэж заасан. Хариуцагчийн зүгээс Дэлхий дахин, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал эрс хүндэрсэн энэ нөхцөл байдал алдангийн хэмжээ их байна гэж үзэж байгааг дурдах нь зүйтэй байна. Энэ нь “А п-” ХХК-ийн Голомт банк дахь дансны хуулгаас харагдана. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 10 920 000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгох эсхүл алдангийг багасгах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “С-” ХХК нь хариуцагч “А п-” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 68 000 000 төгрөг, алданги 13 170 000 төгрөг, нийт 81 170 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 20 000 000 төгрөг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг үндсэн төлбөр 48 000 000 төгрөг, алдангид 13 170 000 төгрөг, нийт 61 170 000 төгрөг болгон багасгажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 000 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгийг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            Талуудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, 108 000 000 төгрөгийн үнэ бүхий цахилгааны утас худалдах, гэрээ байгуулсан өдөр 30 000 000 төгрөг, үлдэх 78 000 000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4-5 дугаар тал/ Тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Зохигчид дээрх гэрээнд заасан цахилгааны утсыг нийлүүлсэн үйл баримтад маргаагүй тул нэхэмжлэгч буюу худалдагч “С-” ХХК нь хариуцагчаас цахилгааны утасны үлдэгдэл төлбөрийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

            Хариуцагч “А п-” ХХК нь гэрээнд заасан 108 000 000 төгрөгийн төлбөрөөс 40 000 000 төгрөгийг төлж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин 20 000 000 төгрөгийг төлсөн тул үндсэн төлбөрийн үлдэгдэл 48 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Энэ талаар зохигч маргаагүй. Харин алдангийн хэмжээний талаар маргажээ.

           

            Хариуцагч “А п-” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дотор худалдан авсан цахилгааны утасны төлбөрийг “С-” ХХК-д бүрэн төлж барагдуулах ёстой байсан боловч нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл 68 000 000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байсан тул хариуцагч “А п-” ХХК-ийг үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д “Талууд гэрээгээр хүлээсэн графикт хугацаанд төлбөрөө төлөөгүй, бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь нийлүүлээгүй тохиолдолд хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож анз алданги төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд нийжээ. Гэвч дээрх гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д “Гэрээний аль нэг тал /газар хөдлөлт, үер, гал түймэр, халдварт өвчний тархалт, төрийн шийдвэр, оролцоо, тээвэр зуучийн эрсдэл/ гэх мэт нөхцөл байдлын улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд гэрээний хариуцлагаас / алданги, торгууль/ чөлөөлөгдөх үндэслэл болно.” гэж тохиролцсон байна.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Монгол Улсад шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн, хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан нь нийтэд илэрхий үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

 

            Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “төрийн байгууллагын шийдвэрээр зам хаасны улмаас гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэх боломж хязгаарлагдаж, барилгын ажил зогсож, графикийн дагуу ажил хийгдээгүй тул зарим захиалагч нарын графикийн дагуу төлбөр шилжүүлэх ажил тасалдсан, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндээр нөлөөлсний улмаас захиалагч нарын хувьд графикийн дагуу төлөлт хийх боломжгүй нөхцөл байдлууд үүссэн” гэх тайлбар нь үндэслэлтэй гэж үзнэ. Нөгөө талаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилж буй алдангийн хэмжээ илт их гэж үзэж хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 2 000 000 төгрөгийг алдангид, үндсэн төлбөр 48 000 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч “С-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 170 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/01180 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч “А п-” ХХК-аас 50 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 170 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дах заалтын “462 550 төгрөг” гэснийг “407 950 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189 670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                 С.ЭНХТӨР