Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдаанаар

 

Прокурор: Н.Анхбаяр;

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;

Хохирогч: Ц.Тодгэрэл,

Шүүгдэгч: Ё.Хүрэлбаатар, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарыг оролцуулан

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000577 дугаартай хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөрхүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын харьяат, 1964 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын ачаа тээврийн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлт халгайтын 143 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл, улсаас авсан гавьяа шагналгүй, регисртийн дугаар ЕЙ64052930, Далай овогт Ёндонгийн Хүрэлбаатар.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ё.Хүрэлбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар байрны баруун замын зорчих хэсэгт 49-28 УНЯ улсын дугаартай Тоуота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Тодгэрэлийг мөргөж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Хүрэлбаатар мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гэв. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Тэнгис” кино театраас 6 буудал орох гэж явж байсан. 17 дугаар буудлын гэрэл дохио дээр зогсоод надтай цуг 10-д машин хөдөлсөн. Тухайн үед зуслангийн хөдөлгөөн эхэлсэн байсан учраас замын хөдөлгөөний нягтрал дунд зэрэг байсан. Би 1 дүгээр эгнээгээр явж байтал миний ур талын Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны байрны харалдаах гарц руу миний ур талын эргэж орсон. Ур талын машин хурдаа хасах үеэр би мөн дагаж машиныхаа хурдыг хасаад, ур талын машины эргэл дууссаны дараа хурдаа нэмж хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тэгтэл хажууд 2 дугаар эгнээнд явж байсан машин түрүүлээд явах үед нэг явган зорчигч түрүүлээд гараад ирсэн. Би явган зорчигчийг хармагцаа л машиныхаа тоормосыг гишгэж зогстол тийм осол гарсан. 2 дугаар эгнээний машин зөөлөн яваад урдуур нь явган зорчигч гарах гэж байна гээд хурдаа хассан бол ийм асуудал гарахгүй байсан. Би тэр машины цаад талд хүн байгаа эсэхийг харах боломжгүй байсан. Миний бэхжүүлж авсан гэрэл зураг дээр явган хүний хайс байсан энэ талаар ороогүй байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл дээр байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дах хэсэгт аюулыг хараад хурдаа хасаж зогсоох ёстой гэж заасан байдаг. Надад ямар ч машиныхаа хурдыг хасах боломж олдоогүй. Осол болсны дараа аваарын гэрлээ татаад хохирогч дээр очтол 60 орчим насны буурал үстэй эмэгтэй дээшээ хараад хэвтсэн толгойноос нь цус гарсан байдалтай байхаар нь биеийн байдал ямар байна гэж асуусан. Хохирогчийг өндийлгөх санаатай цээжин дээр нь гараа тавьж толгойг нь өндийлгөсөн. Тэгээд би 103 дуудсан, хажууд байсан хүмүүст цагдаад дуудлага өгөөрэй гэж хэлсэний дараа өөрөө утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл нэг охин эмээгийн гар утас энэ байна гээд гар утас аваад ирсэн. Би гар утсыг аваад онгойлгоход “пин код” нэхээд байхаар нь хохирогчоос утасны “пин код”-г асууж 2 удаа 4 оронтой тоо хийсэн боловч болохгүй байсан. Би хохирогчоос танай ар гэрийн хүмүүс байна уу утасны дугаарыг өгөөч гэж хэлтэл хохирогч өөрийн хүүгийн гар утасны дугаарыг өгсөн. Би хохирогчийн хүү рүү гар утсаар залгаад ээж тань ийм байдалтай байна гэж хэлсэн. Осол болсноос хойш 25 минутын дараа эмнэлгийн машин ирсэн, 5 минутын дараа эхний цагдаа ирсэн. 23 цагт цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд явсан. Хэрэг учралын үзлэгийн дараа би гэмтлийн эмнэлэг дээр очиж хохирогчийн биеийн байдлыг асуусан. Тэгээд маргаашаас нь цагдаагийн байгууллагаар явсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Тодгэрэл мэдүүлэхдээ: Миний эрүүл мэндийн байдал эрүүл хүн шиг байхгүй байгаа, надад учирсан умайн хүзүүний ясны хугарал одоог болтол эдгээгүй байгаа. 30 минут суугаад босоход дандаа доголж явдаг. Хавиргануудын хугарлыг нилээн эмчилгээ хийлгэсний дүнд гайгүй болж байгаа, уушигний цус алдалт гайгүй болсон. Тархины үйл ажиллагаа нэлээн найдваргүй байгаа. Намайг ямар нэгэн хагалгаанд ороход эмч нар амьд гарахгүй байж магадгүй гэсэн ах дүү нарт хэлсэн байдаг. Тухайн үед шүүгдэгчид таагүй хандсан учраас анхны шүүх хурал дээр уучлалт гуйсан. Миний мөр одоо хүртэл эдгээгүй цамцаа мушгиж чадахгүй, эмч мөрөө хадуул гэж хэлсэн боловч одоог болтол хадуулах боломж олдохгүй байна. Одоо би умайн хүзүүний хагалгаанд зайлшгүй орох шаардлагатай байгаа. Маш их шингэн алдаж байгаа ерөөсөө шингэн уухгүй байгаа. Энэ асуудлыг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байдлаар ярьж байна. Би шүүгдэгчид маш их гомдолтой байна. Хохирлын хувьд 5 сая төгрөгийг даатгалаас авсан. 2017 оны 02 дугаар сарын 26 өдөр даатгалаас мөнгө аваад 4 сая төгрөгийг Наранцэцэг өмгөөлөгчид өгсөн. Наранцэцэг өмгөөлөгч өгөх болсон шалтгаан нь Солонгос улсын иргэнийг өмгөөлж байсан өмгөөллийн хөлс байсан. Ганболд гэдэг хүний өмгөөлж хөлс авсан байсан тэгээд өмгөөлж чадахгүй болоод 3 сая төгрөгийг нь буцааж өгсөн. Өмгөөллийн ажиллаа бол их онцлогтой үйлчлүүлэгчээс эхний ээлжид 10-30 хувийн өмгөөллийн хөлсөө авдаг. Зарим хэрэг 3-5 жилийн хугацаанд хэрэг нь дуусдаг. Би энэ асуудалд 10 сар гаруй явж байна. Би Батхүү өмгөөлөгчөөс татгалзсан шалтгаан нь 3.500.000 төгрөгийг хүүгийн нэр дээр байсан машиныг Батхүүгийн нэр дээр шилжүүлсэн. Би Батхүүд 72 сая төгрөгийн холбогдолтой хэргийг Батхүүд өгсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгч цаг уурын шинжилгээний байгууллагын бичгийг хуурамчаар хэрэгт хийсэн байсан. Өмгөөлөгчийн хувьд энэ асуудлаар заргалдаагүй. Өөрт учирсан хохирлоос болж ямар нэгэн хэрэгт авч ажиллаа хийж чадахгүй байна. Би шүүгдэгчээс өөрт учирсан хохирлыг гаргуулж авмаар байна. Эрүүл мэндийн эмчилгээний зардал нийт 12.000.000 төгрөг гарсан. Нийт хохирол 37.624.000 төгрөг нэхэмжилж байна гэв.       

 

Хохирогч Ц.Тодгэрэл /хх-ийн26-28/, гэрч М.Батцэцэг /хх-ийн 30-31/, гэрч Д.Цэцэгмаа /хх-ийн 35/, техникийн шинжээч Б.Ербулан /хх-ийн 71/ нарынмөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №8358 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/, Техникийн шинжээчийн ¹16/31432 /хх-ийн 66-67/, №457, №14, /хх-ийн 229-230/шүүгдэгч Ё.Хүрэлбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэх талаарх баримт /хх-ийн 96/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ё.Хүрэлбаатар мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд оролцож мэдүүлэхдээ: “...осол хохирогчийн буруутай үйл ажиллагаа шууд нөлөөлсөн, зогсоох арга хэмжээ авах боломжгүй учир энэ хэрэгт өөрийгөө буруутай гэж үзэхгүй байна...” гэсэн байр суурьтай оролцсон боловч түүний замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсантай шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Хэдийгээр шүүгдэгч өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ё.Хүрэлбаатар нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар байрны баруун замын зорчих хэсэгт 49-28 УНЯ улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Тодгэрэлийг мөргөж бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайн гадна дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хохирогч Ц.Тодгэрэл  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 13-ны орой 21 цаг өнгөрч байхад 7 буудлын хойд талын Салхитын дээд буудлын 56 буудал руу таксидаад тооцоогоо хийчихээд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, байрны хойд талын замаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зорчих хэсгээр зам хөндлөн гараад ойр орчимд машин байхгүй байсан тэгээд 2 дугаар эгнээгээр гараад 1 дүгээр эгнээрүүгээ дөнгөж гараад дуусах гэж байхад түс тас гээд явчихсан тэгээд нэг сэрсэн гэмтлийн эмнэлэгт ухаан орсон байсан…”  гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

 

Гэрч М.Батцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 06 дугаар сарын 13-ны орой …дэлгүүрийн гадна зогсож байхад буурал үстэй нэг эмэгтэй зам хөндлөн ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглээд зам хөндлөн утсаараа яриад алхаж явж байгаа харагдсан. Тэгсэн урдаас хойшоогоо чиглэлтэй замын 1 дүгээр эгнээнээс их хурдтай нэг ногоон өнгийн суудлын автомашин нь нөгөө зам хөндлөн утсаар яриад явж байсан эгч гараа өргөөд 1 дүгээр эгнээнээс хурдтай ирж явсан машины урдуур явж өнгөрөх гэтэл нөгөө машин хүчтэй тоормозлох дуу чимээ сонсогдоод нөгөө эгчийг машиныхаа урд хэсгээр мөргөж газар унагаасан. …Замын хөдөлгөөн сийрэг гадна бүрэнхий болчихсон машинууд гэрлээ асаачихсан явж байсан тухайн үед 22 цаг 10 минутын орчим осол гарсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

Гэрч Д.Цэцэгмаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 06 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед тэнгис кино театраас 6-н буудал орох гээд 49-28 УНЯ улсын дугаартай Приус маркийн машиныг Хүрэлбаатар жолоодсон би жолоочийн арын суудал дээр суучихсан Сүхбаатар дүүргийн нутаг Лайк авто угаалгын баруун талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Харин би машины арын суудал дээр даралтныхаа эмийг уучихсан хойшоогоо наласхийгээд явж байтал гэнэт машин зогссон. Тэгсэн чинь Хүрэлбаатар машинаасаа буугаад гүйж гарахаар нь араас нь би гараад хартал машины урд талд нэг эмэгтэй газар уначихсан хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

Шинжээч Б.Ербулан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: "…Т.Приус маркийн авто машины их гэрлийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд их гэрлийн тусгалын эрчим, хүч стандартын шаардлага хангахгүй, тохиргоо алдагдсан байсан. Машины зүүн талын их гэрлийн хувьд асаж байсан боловч гэрлийн хүч хүрэхгүй гэрлийн тусгалын тохиргоо алдагдаснаас гэрлийн үзүүлэлт стандартын шаардлага хангахгүй, мөн их гэрлийн цайр бүдгэрсэнээс их гэрлийн тусгал харагдах орчинд нөлөөлдөг. Приус маркийн автомашины баруун талын их гэрэл нь 1100cd байсан нь мөн стандартын шаардлага хангахгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 71/,

 

Техникийн шинжээчийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ¹16/31432 дугаартай дүгнэлтээр “уг автомашины ерөнхий өнгө үзэмжийн шаардлагыг хангахгүй, их гэрлийн тусгалын хүч стандарт хэмжээнд хүрэхгүй зэрэг тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Автомашины зүүн болон баруун талын их гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй. Машины осол 22 цагийн үед үйлдэгдсэн нь гэрэлтүүлэг асаах шаардлагатай үед болсон байна. Автомашины гэрлийн тусгалын хүч тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын хэмжээнд хүрэхгүй байгаа нь үзэгдэх орчныг хязгаарлах байдлаар нөлөөлнө...” гэх дүгнэлт, /хх-ийн 66-67/,

 

Шүүгдэгч Ё.Хүрэлбаатарын буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Тодгэрэлийн биед “…баруун 1.2.3.5.6.7-р хавирганы далд хугарал, баруун уушгины няцрал, баруун уушгины бүрэн бус уналт, баруун умдаг ясны хугарал, цээжний хөндийн хий хуралдалт, зулайн, чамархайн хуйх, баруун мөр, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун тохойн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 8358  дугаартай дүгнэлт /хх-ийн 38/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч техникийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч …2016 оны 06 дугаар сарын 13-ны оройн 22 цаг 10 минутын орчимд үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гэрлийн тохиргоо алдагдсан, стандартын шаардлага хангаагүй гэрэлтүүлэгтэй замын хөдөлгөөнд оролцож, улмаар аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй нь техникийн шинжээчийн “...49-28УНЯ улсын дугаартай Тоёота рrius маркийн автомашины жолооч Ё.Хүрэлбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт заасан Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно; 9.2 дэх хэсэгт Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн №14 дүгээр дүгнэлтээр дахин тогтоогдсоныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Ё.Хүрэлбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ё.Хүрэлбаатарт ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн гомдол санал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзсэний гадна тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Тодгэрэлд учирсан гэм хорын асуудлын хувьд тэрээр олох ёстой орлого болон эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 42.624.600 төгрөгийн нэхэмжлэл гаргасныг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 12.000.000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 9.058.470 төгрөгийн хохирлыг гаргуулах боломжтой байна. Уг хохирлоос мөрдөн байцаалтын шатанд даатгалаас төлөгдсөн 5.000.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 4.085.470 төгрөгийг хохирогчид олгох үндэслэлтэй байна.

Харин хохирогч Ц.Тодгэрэл өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр бусадтай байгуулсан гэрээгээ цуцалсанаас үүссэн хохиролд нийт 42.624.600 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд Б.Түвшинжаргалтай байгуулсан /1хх-ийн 169/, Ч.Дуламсүрэнтэй байгуулсан /1хх-ийн 172/, Т.Баяраатай байгуулсан /1хх-ийн 178/, А.Ганболдтой байгуулсан /1хх-ийн 163/, БНСУ-ын иргэн Kim Eungseok-той байгуулсан /1хх-ийн 157/ гэрээн дээрх үнийн дүн бүгд засвартайн гадна зарим үнийг дүн, огноог нөхөж бичсэн байж болзошгүй байх тул гэрээний засваргүй, нотлох баримтын шаардлага хангахуйц эх баримтыг хавсарган иргэний журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой. Мөн эрүүл мэндийн талаар цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Харин Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд учирсан хохиролд хамааралгүй  зэрэг бараа бүтээгдэхүүний үнэд Freegels Halls-гаа, Orbit-бохь, Shoko Rosinem-чихэр, Protex-саван, нэг удаагийн цаасан аяга, Fruttis-иогурт, Витавит-ус, хэрчсэн гурил, Sofy-ариун цэврийн хэрэгсэл, цэвэр сүү, ногоон үрлэн помидор, орос алим, тоор, слив зэрэг эд зүйлс хэрэглэсэн зардлаа хохиролд тооцон нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч Ё.Хүрэлбаатарын 156122 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Далай овогт Ёндонгийн Хүрэлбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.    Шүүгдэгч Ё.Хүрэлбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01  /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ё.Хүрэлбаатарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ё.Хүрэлбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Хүрэлбаатараас нийт 4.085.470 төгрөг гаргуулж хохирогч Цэрэнгийн Тодгэрэл /БЗД-ийн 16-р хороо, 16-р хороолол, 24-21 тоот, РД:ОЮ61091462/-д олгож, цаашид гарах эрүүл мэндийн зардал болон бусад хохирлын талаарх баримтаа нотлох баримтын шаардлага ханган бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тэмдэглэж, нэхэмжлэлээс нийт 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн 156122 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №1197401 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгчид буцаан олгосугай.

7. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ё.Хүрэлбаатар урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулнаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ё.Хүрэлбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ

                  ШҮҮГЧ                                        М.АЛДАР