Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 289

 

Ё.Хүрэлбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Гансүх даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

       

          Прокурор Н.Анхбаяр,

          Ялтан Ё.Хүрэлбаатарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,        

          Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,      

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ё.Хүрэлбаатарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор Ё.Хүрэлбаатарт холбогдох эрүүгийн 2016 2400 0577 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Далай овгийн Ёндонгийн Хүрэлбаатар, 1964 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын ачаа тээврийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт халгайтын 1 дүгээр гудамжны 143 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЕЙ64052930/,

Ё.Хүрэлбаатар нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 13 дугаар байрны баруун замын зорчих хэсэгт 49-28 УНЯ улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт “...Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно...”, 9.2 дахь хэсэгт “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Тодгэрэлийг мөргөж хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: Ё.Хүрэлбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ё.Хүрэлбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ё.Хүрэлбаатараас нийт 4.085.470 төгрөг гаргуулж хохирогч Ц.Тодгэрэл /Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24-21 тоот, РД:ОЮ61091462/-д олгож, цаашид гарах эрүүл мэндийн зардал болон бусад хохирлын талаарх баримтаа нотлох баримтын шаардлага ханган бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх гаргах эрхтэй болохыг тэмдэглэж, нэхэмжлэлээс нийт 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ хэрэгт хураагдаж ирсэн 156122 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, №1197401 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Ялтан Ё.Хүрэлбаатарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Ё.Хүрэлбаатар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн.

2. Хохирогч Ц.Тодгэрэлийн замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн буруутай үйлдэл нь уг гэмт хэрэг гарах шууд шалтгаан болсон.

3. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны дараа хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг бүрэн арилгаж барагдуулсан.

4. Хэргийн нотлох баримтуудад алдаатай зүйл олон байхад анхан шатны шүүх уг алдааг засах талаар арга хэмжээ авахгүйгээр шийдвэрлэсэн.

Иймд дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Ё.Хүрэлбаатарт оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж, мөн нэмэгдэл ялыг багасгаж өгнө үү...” гэв.

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ё.Хүрэлбаатарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон, шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал...” гэв.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ.

Ё.Хүрэлбаатар нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр 13 дугаар байрны баруун замын зорчих хэсэгт 49-28 УНЯ улсын дугаартай “Toyota prius” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт “...Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно...”, 9.2 дахь хэсэгт “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Тодгэрэлийг мөргөж хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:     

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-5, 6/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /1-р хх-7-8/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /1-р хх-9/, Улаанбаатар хот орчмын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн цаг агаарын байдлын тодорхойлолт /1-р хх-20/ болон

Хохирогч Ц.Тодгэрэлийн “...зам хөндлөн гарахад урдаас хойшоогоо чиглэлийн зорчих хэсгээр зам хөндлөн гарахад ойр орчим автомашин байхгүй байсан. Тэгээд хоёр дугаар эгнээ рүүгээ гараад нэг дүгээр эгнээгээр дөнгөж гараад дуусах гэж байхад “түс тас” гээд явчихсан. Тэгээд нэг сэрсэн чинь Гэмтлийн эмнэлэгт ухаан орсон байсан. Тухайн үед замын хөдөлгөөн нилээн сийрэг байхад замын урд талаас ирэх автомашинууд гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан болохоор би зам хөндлөн алхаад гарч явсан юм. Тэр үед урдаас хойшоогоо чиглэлийн нэгдүгээр эгнээнд цагаан өнгийн автомашин зогсож байх шиг байсан. Тэгтэл би ногоон өнгийн автомашинд мөргүүлснийг бодохоор тэр ногоон өнгийн автомашин цагаан өнгийн автомашиныг гүйцэж түрүүлэн орж ирээд намайг мөргөсөн байх гэж бодож байна...” /1-р хх-25-28/,

Гэрч М.Батцэцэгийн “...Дэлгүүр орох гээд замын баруун талд зогсож байхад буурал үстэй эмэгтэй зам хөндлөн ертөнцийн зүгээрээ баруунаасаа зүүн чиглээд зам хөндлөн утсаар яриад алхаад явж байгаа харагдсан. Тэгтэл урдаас хойшоо чиглэлтэй замын нэг дүгээр эгнээнээс их хурдтай ногоон өнгийн суудлын автомашин ирээд нөгөө утсаар ярьж байсан эмэгтэйг автомашиныхаа урд хэсгээр мөргөж унагаасан. Хүчтэй тоормослох дуу чимээ сонсогдсон. Жолооч ямар ч дуут дохио өгөөгүй...” /1-р хх-30-31/,

Гэрч Э.Цэцэгмаагийн “...Би автомашины арын суудал дээр суугаад явж байтал гэнэт автомашин зогссон. Ё.Хүрэлбаатар автомашинаас буугаад гүйж гарахаар нь би араас нь гараад хартал автомашины баруун урд талд нэг эмэгтэй газар уначихсан хэвтэж байсан...” /1-р хх-35/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн “...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4 дүгээр бүлэгт ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн шалгуур үзүүлэлтэд хамааралгүй учир ерөнхий хөдөлмөрийн хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан. Харин эдгэрэлтийн явц нь тухайн хүний биеийн байдал эмчилгээнээс хамаардаг...” /1-р хх-41/,

Техникийн шинжээч Б.Ербуланы “...Т.Приус загварын автомашины их гэрлийг тоног төхөөрөмжид шалгаж үзэхэд урд их гэрлийн тусгалын эрчим, хүч нь стандартын шаардлага хангахгүй, тохиргоо алдагдсан байсан. Автомашины зүүн талын их гэрлийн хувьд гэрлийн хүч хүрэхгүй, гэрлийн тусгалын тохиргоо алдагдсанаас гэрлийн үзүүлэлт стандартын шаардлага хангахгүй. Мөн их гэрлийн цайр бүдгэрснээс их гэрлийн тусгал харагдах орчинд нөлөөлдөг...” /1-р хх-71/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Хохирогч Ц.Тодгэрэлийн биед баруун 1, 2, 3, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун уушгины няцрал, баруун уушгины бүрэн бус уналт, баруун умдаг ясны хугарал, цээжний хөндийн хий хуралдалт, зулайн, чамархайн хуйх, баруун мөр, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун тохойн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 дахь хэсэгт зааснаар учрах үедээ амь насанд аюултай учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн  8358 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-37-38/,

Техникийн шинжээчийн “...49-28 УНЯ улсын дугаартай “Тоёота Приус 10” загварын автомашины жолооч Ё.Хүрэлбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт “...Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хохироглоно...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ц.Тодгэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “...явган зорчигч нь явган хүний гарцаар буюу зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 49-28 УНЯ улсын дугаартай “Тоёота Приус 10” загварын автомашин явган зорчигчийг мөргөөд зорчих хэсэг дээр тоормосны мөр үлдсэн байх тул уг тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй байна...” гэсэн 457 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-74-76/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн: “...уг автомашины урд копуд 35х30 см хэмжээтэй хонхойсон байгаа нь ерөнхий өнгө үзэмжийн шаардлагыг хангахгүй. Их гэрлийн тусгалын хүч стандарт хэмжээнд хүрэхгүй зэрэг тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна, автомашины зүүн болон баруун талын их гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн ослоос өмнө буюу ашиглалтын явцад үүссэн байх боломжтой, харин копуд 35х30 см хэмжээтэй хонхойлт үүссэн нь зам тээврийн ослын үед үйлдэгдсэн гэж үзэж байна. Автомашины осол нь 22 цагийн үед үйлдэгдсэн нь гэрэлтүүлэг асаах шаардлагатай үед болсон байна. Уг автомашины тормос шалгагч төхөөрөмжөөр хэмжихэд нь АВS тоормосны системтэй бөгөөд уг автомашины тормос бүрэн ажиллаж байсан болно. Тоормосны мөр нь замын нөхцөл байдлаас шалтгаалан үүснэ.

Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмжид шалгаж үзэхэд:

Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -4.1 мм/м

Урд тэнхлэгийн дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.3 кН, баруун талдаа 1.3 кН, тоормосны хүчний зөрүү 7.14 кН,

Зүүн талын гэрлийн холын тусгалын хүч 0 cd, баруун талын гэрлийн холын тусгалын хүч нь 1100 cd,

Дугуйн хээний гүн нь 3.0-4.0 мм/м хэмжээтэй байсан болно...” гэсэн 16/31432 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1-р хх-65-68/,

 

            Техникийн шинжээчийн “...2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 457 дугаартай техникийн шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч Б.Ариунболдын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн материалтай уншиж танилцахад “...49-28 УНЯ улсын дугаартай “Тоёота Приус 10” загварын автомашины жолооч Ё.Хүрэлбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь хэсэгт “...Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хохироглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол буюу засварын газарт очно....”  9.2 дахь хэсэгт “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...”гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлд явган зорчигч гэдэг нь замаар явган яваа хүнийг ойлгоно. Явган хүний гарц гэдэг нь явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан 5.16 а,б тэмдэг буюу 7.13 а,б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвас. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.16а ба 5.16б тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно. Тиймээс явган зорчигч Ц.Тодгэрэл нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт “...явган зорчигч нь явган хүний гарцаар буюу зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн материалтай танилцахад автомашины эвдрэл, зорчих хэсэг дээр үлдсэн тоормосны мөр зэргээс харахад 49-28 УНЯ улсын дугаартай “Тоёота Приус 10” загварын автомашин нь явган зорчигчийг мөргөсний дараа тээврийн хэрэгслийг зогсоосон байна. Тиймээс үүнийг зогсоох арга хэмжээ авсан гэж үзэхгүй. Иймд зорчих хэсэг дээр үлдсэн тоормосны мөрөөр хурдыг тодорхойлох боломжгүй....” гэсэн 14 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1-р хх-228-230/,

Хохирогч Ц.Тодгэрэлийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /1-р хх-43-59/, бичиг баримт хурааж авсан тэмдэглэл /1-р хх-99/, хохирлын баримтууд /1-р хх-145-152, 2-р хх-33-36, 39-45/, хохирогч Ц.Тодгэрэлийн “Аюурвэйд” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1-р хх-153-156/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ё.Хүрэлбаатарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтан Ё.Хүрэлбаатарын гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Гэвч Ё.Хүрэлбаатар нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, бусдад учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ц.Тодгэрэл нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн “...4 сая 100 мянган төгрөгийг авсан нь үнэн болно, гомдол саналгүй бөгөөд Ё.Хүрэлбаатарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс Ё.Хүрэлбаатарт оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ё.Хүрэлбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн атлаа нэмэгдэл ялыг хэзээнээс тоолохыг шийтгэх тогтоолд шийдвэрлэлгүй орхигдуулсан байх тул зохих нэмэлт өөрчлөлт оруулах зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Ёндонгийн Хүрэлбаатарт оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, ялтан Ё.Хүрэлбаатарыг нэн даруй сулласугай.

3. Ялтан Ё.Хүрэлбаатар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 4.100.000 төгрөг төлсөн, 37 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ГАНСҮХ

                  ШҮҮГЧИД                                     М.ПҮРЭВСҮРЭН                  

                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ