Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/02497

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2017/02497

 

 

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  К банк ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А ХХК -д холбогдох,

 

Талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 379,166.72 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 80,206.37 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,130.98 ам.доллар, нийт 465,504.07 ам.долларыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

 

К ХХК, А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээ-ний 6.2.4 дэх заалт, мөн К, М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгах, 2013 оны 3 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Банк шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А ХХК нь 2008 оны 10 сарын 21-ний өдөр тус банктай 08/135 тоот зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ, мөн 2010 оны 9 сарын 02-ны өдрийн 08/135 тоот барьцааны гэрээ, 2009 оны 12 сарын 11-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ тус тус байгуулж, 475,000 ам.долларын төслийн зээлийг жилийн 7.71 хувь /6 сар тутам хувьсах/-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан.

Зээлийг халаалтын зуух шинэчлэх хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг тавьсан. Үүнд:

а/. М ХХК-ийн өмч, Ү-2206014160 тоот улсын бүртгэлийн дугаартай, ... тоотод орших, 378 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

б/. М ХХК-ийн өмч, Ү-2206044286 тоот улсын бүртгэлийн дугаартай, ... тоотод орших, 378 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

в/. М ХХК-ийн өмч, Ү-2206014285 тоот улсын бүртгэлийн дугаартай, ... тоотод орших, 384.23 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

г/. М ХХК-ийн өмч, Ү-2206014159 тоот улсын бүртгэлийн дугаартай, ... тоотод орших, 378 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө;

д/. А ХХК-ийн өмч, зээлээр санхүүжүүлэн авах карборобот халаалтын зуух 7 ширхэг, насосны иж бүрдэл 3 ширхэг, цэвэр усны насос 3 ширхэг, яндан 7 ширхэг, усны сав 6 ширхэг, тэлэлтийн сав /180 литр/, тэлэлтийн сав 3 ширхэг /500 литр/, генератор 3 ширхэг, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгсэл, борлуулалтын орлогын хамт.

Эдгээр эд хөрөнгийг зохих журмын дагуу гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно.

Гэтэл зээлдэгч А ХХК нь Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна.

Тус банк нь зээлдэгч А ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна.

Иймд, зээлдэгч А ХХК-тай байгуулсан 08/135 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 болон 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 379,166.72 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 80,206.37 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 6,130.98 ам.доллар, нийт 465,504.07 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

А ХХК нь 2008 оны 10 сарын 21-ний өдөр К 08/135 тоот зээлийн гэрээг байгуулсан ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр нийт 641,200,000 төгрөгийн үнэ бүхий манай компанийн эд хөрөнгийг, мөн 2010 оны 9 сарын 02-ны өдрийн 08/135 тоот Зээлийн барьцааны гэрээ-гээр нийт 680,000,000 төгрөгийн үнэ бүхий М ХХК-ийн 5 ширхэг орон сууцыг тус тус барьцаалж, уг гэрээнүүдийг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдаг.

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 сарын 21-ний өдөр дуусгавар болох ёстой боловч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

К банкнаас А  ХХК-д 2016 оны 3 сарын 03-ны өдрийн 922 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн ба уг албан мэдэгдэлд дурдсанаар 2016 оны 3 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 198,333 ам.доллар, хүү 54,588 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,792 ам.доллар, нийт 255,713 ам.долларын өртэй байх ба уг зээлийг төлөхийг анхааруулсан байсан.

Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 379,166.72 ам.доллар, үндсэн хүү 55,278.44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2,864.48 ам.доллар, нийт 437,309.64 ам.долларыг зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг үүссэн гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Мөн К банк нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2010 оны 9 сарын 02-ны өдрийн 08/135 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний дагуу барьцаалсан М ХХК-ийн өмчлөлийн 5 ширхэг орон сууцны нэг болох, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48б байрны 1 тоот байрыг манай компанид мэдэгдэлгүйгээр 2013 оны 3 сарын 19-ний өдөр 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-г М ХХК-тай байгуулан, уг байрыг 1,242,629,880 төгрөгөөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх ба ингэхдээ А ХХК-ийн зээлийг бүхэлд нь хаалгүй үндсэн зээлийн төлбөрт 40,832.32 ам.доллар, хүүгийн төлбөрт 13,6555.80 ам.доллар, нийт 54,488.12 ам.доллар буюу 76,394,523 төгрөгийг зээл, зээлийн хүүгээс хассан байдаг ба үлдэх нэг тэрбум гаруй төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалуулагч биш этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан байдаг.

Энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалуулсан барьцаа хөрөнгийг бидэнд мэдэгдэлгүйгээр******* өөрийн өмчлөлд авсан хэрнээ манай компанийн зээлийг бүрэн хаагаагүй байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А ХХК нь 2008 оны 10 сарын 21-ний өдөр К 08/135 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 475,000 ам.долларыг 120 сарын хугацаатайгаар зээлэн авсан болно. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээрнийт 641,200,000 төгрөгийн үнэ бүхий А ХХК-ийн хөдлөх эд хөрөнгийг, мөн 2010 оны 9 сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр М ХХК-ийн өмчлөлийн 5 ширхэг орон сууцыг тус тус барьцаалж, уг гэрээнүүдийг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн байдаг.

Дээр дурдсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4-т Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Банкны өмчлөлд шилжүүлэх гэж заажээ.

Уг заалтад үндэслэн К банк нь зээлдэгч А ХХК-д мэдэгдэлгүйгээр барьцаа хөрөнгийн өмчлөгч М ХХК-тай Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-г 2013 оны 3 сарын 19-ний өдөр байгуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48в-1 тоот байрыг 1,242,629,880 төгрөгөөр******* өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байдаг.

Ингэхдээ уг барилгыг А ХХК-ийн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг хангуулах зорилгоор барьцаалсан хэрнээ эдгээр үүргийг бүхэлд нь дуусгавар болголгүй үндсэн зээлийн төлбөрт 40,832.32 ам.доллар, хүүгийн төлбөрт 13,655.80 ам.доллар, нийт 54,488.12 ам.доллар буюу 76,394,523 төгрөгийг зээл, зээлийн хүүгээс хассан байдаг. Харин үлдэх нэг тэрбум гаруй төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан байдаг. Үүнд:

а/. П ХХК-ийн 65,112.93 ам.доллар буюу 91,290,932.38 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр.

б/. Ч ХХК-ийн 92,949,127.53 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр.

в/. В ХХК-ийн 689,754,763.23 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр.

г/. М ХХК-ийн 292,240,533.10 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр.

Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд А ХХК, К банкны хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4-т Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Банкны өмчлөлд шилжүүлэх гэсэн заалт нь Иргэний хуулийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын хууль зөрчсөн... гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 56.1.10-т уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заасны дагуу зээлдэгч А ХХК-ийн зээлийг хэсэгчлэн төлүүлэх зорилгоор К банк, М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 3 сарын 19-ний өдрийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус байна.

М ХХК болон К банкны хооронд байгуулагдсан 2010 оны 9 сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний зорилго нь зээлдэгч А ХХК-ийн зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэж байгаа нь ойлгомжтой. Гэтэл үүрэг гүйцэтгэгч А ХХК-ийн үүргийг хэсэгчлэн буюу 76,394,523 төгрөгийн зээлийг барагдуулахын тулд 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах замаар уг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд барьцааны эрх, үүргийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй байна.

К банкны өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд А ХХК нь дангаараа барьцаалуулагчийн буюу уг эд хөрөнгөөр дангаараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байсан. Гэтэл барьцаалуулагч бус этгээдүүдийн өр төлбөрийг хаасан. Зүй нь барьцаа хөрөнгөөр зээлийг бүхэлд нь хаах ёстой байсан.

Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээг цуцлалгүйгээр тодорхой хугацааны төлбөрийг хаах талаар талууд харилцан тохиролцоогүй байна.

2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир Иргэний хуулийн 56.5-д зааснаар ...хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үр дагавар үүсэхээр байна. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд А ХХК-ийн барьцааны эрх хэвээр үлдэх тул уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг нэн тэргүүнд хангуулах эрхтэй ба хэрвээ банк уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэний гүйлгээнд нэгэнт оруулж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1,242,629,880 төгрөгийг М ХХК-д буцаан өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд ч барьцааны эрх хэвээр үлдэх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасны дагуу үүргийг харилцан тооцуулах боломжтой байна.

Мөн нөгөө талаар Иргэний хуулийн 157.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөө заагаагүй бол барьцаалагч нь шаардлага хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан тул К банк хууль бусаар өмчлөлдөө авсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үүрэг гүйцэтгэгч бус этгээд болох барьцаалуулагчийн хүсэл зоригт нийцэхээр байна.

А ХХК нь М ХХК болон К банкны хооронд байгуулагдсан 2013 оны 3 сарын 19-ний өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсаныг мэдсэнээс хойш буюу 2013 оны 5 сарын 31-ний өдрөөс хойш зээл болон түүний хүүг огт төлөөгүй болно. Учир нь банк А ХХК-ийн 475,000 ам.долларын зээл, түүнд ногдох хүүг нэн тэргүүнд барьцаа хөрөнгөөр бүрэн хаах ёстой байсан, барьцааны гэрээг дуусгавар болгосон бол үндсэн үүргийг мөн дуусгавар болгох ёстой байтал барьцаалуулагч биш 5 байгууллагын зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг тооцон авсан ба уг үйлдэлдээ банк буруутай гэж үзсэн учир зээл, түүний хүүг төлөөгүй болно. Энэ талаараа*******ны хүмүүстэй уулзаж байсан.

Банкнаас зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн үндсэн үүргээс илүү үнэтэй барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авсан хэрнээ үүргийг бүхэлд нь дуусгавар болгоогүй нь Иргэний хуулийн 223.1-д хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнд тооцох тул Иргэний хуулийн 224.1, 224.2.3-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзсэн болно.

Гэвч зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдвол уг гэрээ хүчин төгөлдөр байх тохиолдолд хүртэж болох боломжийг шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй боловч бид уг үндэслэлээр биш уг хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсаны улмаас өдийг хүртэл зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүйн хариуцлага буюу үр дагаврыгхүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээд болох К банк өөрөө хариуцах ёстой гэж шаардах эрхээ тодорхойлж байна.

Иймд 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасныг болон зээлийн барьцааны гэрээний 7.4, 7.5 дахь заалтыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1,242,629,880 төгрөгөөсзээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгаж, Банк нь 2013 оны 3 сарын 20-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг Компанийн тухай хуулийн 83, 84 дүгээр зүйл, Иргэний хуулийн 62-64-р зүйлд заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Нэг. Хариуцагчийн гаргасан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох тухай.

Иргэний хуулийн 171.3-т ... хуульд өөрөөр заагаагүй бол ... хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж болох талаар хуулиар тусгайлан зохицуулсан байдгийг хариуцагч этгээд анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцаалагч нь өөрийн шаардлагадаа тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шууд авахыг зөвшөөрсөн агуулгатай зүйл, заалт алга байна гэж тайлбарласан байна.

Гэтэл Банкны тухай хуулийн 10.2-т Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд... гэж заасан байдгаар банк гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зөрчил гаргасан зээлдэгчийн барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авахыг зөвшөөрсөн байдаг юм.

Ийнхүү шилжүүлэн авснаар банк хөрөнгийг өмчлөх бусад хөрөнгө-д бүртгэж авдаг бөгөөд энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2015 оны 2 сарын 6-ны өдрийн А35/20 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар-ын 4.5б буюу Тодорхойлолт хэсэгт Өмчлөх бусад хөрөнгө гэж зээл, хүүгийн төлбөрийн тооцоогоор бусдаас авсан санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгийг ойлгоно. Үүнд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө багтахаас гадна үнэт цаас гэх мэт санхүүгийн хөрөнгө мөн багтана. Өмчлөх бусад хөрөнгөнд худалдан борлуулах зориулалттай, банкны үйл ажиллагаанд ашиглагдахгүй хөрөнгө багтана гэж зааснаар зөвшөөрөгдсөн байдаг тул барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан банкны үйлдэл хуульд нийцсэн юм.

Хоёр. Хариуцагчийн гаргасан 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага үндэслэлгүй, хууль бус тухай.

2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж үзэх боломжгүй тул уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл юм.

Мөн 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулахад 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалтыг үндэслээгүй болох нь гэрээнээс тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал, зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний эхэн хэсэгт ... Иргэний хуулийн 236 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 10.2 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 24.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон... гэж гэрээ байгуулах үндэслэлийг тодорхой тусгасан юм.

Гурав. ... тоот байр нь М ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд банкны зүгээс хууль ёсны өмчлөгчтэй нь хуульд заасан журмын дагуу Зээлийн барьцааны гэрээ-г байгуулсан болно. Харин М, А ХХК,  ХХК,  ХХК, Ч ХХК, В ХХК-иудын хүсэлт, мэдэгдлүүдийг тус тус үндэслэж 2013 оны 3 сарын 19-ний өдөр 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-г байгуулсан юм.

Мөн 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/045 тоот албан бичгээр ... тоот байрыг банкны өмчлөлд шилжүүлж А ХХК, М ХХК, П ХХК, Ч ХХК, В ХХК-иудын зээлийн гэрээний зарим төлбөрүүдийг хасах хүсэлтийг гаргасан.

Нөгөөтэйгүүр 2010 оны 9 сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээ нь К банк болон М ХХК-иудын хооронд байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах, барьцаа хөрөнгийг чөлөөлөх, өмчлөлдөө тооцон авах, гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр ямар гэрээний үүргийг гүйцэтгэх зэрэг нь зөвхөн барьцаа хөрөнгийн өмчлөгч болон барьцаалагч талуудын хоорондын тохиролцоогоор хийгдэх асуудал юм. Харин барьцааны гэрээний оролцогч бус, хөрөнгийн өмчлөгч бус этгээд болох А ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн эрх эдлэхгүй юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан, талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 379,166.72 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 80,206.37 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,130.98 ам.доллар, нийт 465,504.07 ам.долларыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

 

Хариуцагч А ХХК нь К банк ХХК, А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээ-ний 6.2.4 дэх заалт, мөн К банк, М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгах, 2013 оны 3 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Банк шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Зохигч талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр К банк ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Талууд 2008 оны 10 сарын 21-ний өдөр 08/135 тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч К ХХК нь зээлдэгч А ХХК-д 475,000 ам.долларыг 120 сарын хугацаатай, жилийн 7.71%-ийн /6 сар тутам хувьсах/ хүүтэйгээр зээлдүүлэх, 08/135 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүрэгт А ХХК-ийн борлуулалтын орлого, эд хөрөнгийг барьцаалах, 2010 оны 9 сарын 02-ны өдөр 0/135 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүрэгт М ХХК-ийн өмчлөлийн ... тоот орон сууц, ... тоот орон сууцыг барьцаалахаар тус тус харилцан тохиролцсон байна. /хх1-11х-35х/

 

Улмаар талууд 2009 оны 12 сарын 11-ний өдөр 08/135 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилжээ. /хх1-18х/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох харилцаа, 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн байх ба уг харилцааны дагуу зээлдүүлэгч нь гэрээгээр тохиролцсон мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийн хүлээн авсан эсэх талаар талууд маргадаггүй.

 

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Зээлийн гэрээг 2008 оны 10 сарын 21-ний өдөр 120 сарын хугацаатайгаар байгуулсан боловч******* ХХК нь 2016 оны 3 сарын 14-ний өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд хандсан байдаг.

 

Зээлдүүлэгч К банк-ны зүгээс 2016 оны 02 сарын 19-ний өдөр, 2016 оны 3 сарын 03-ны өдөр зээлдэгч А ХХК-д албан мэдэгдэл хүргүүлж, зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх талаар хугацаатай мэдэгдлийг хүргүүлж байжээ. /хх1-42х, 43х, 91х, 92х/

 

Хэрэгт авагдсан Зээл, зээлийн хүүний тооцоолол, хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд зээлдэгч А ХХК нь 2013 оны 5 сарын 31-ний өдрөөс хойшхи хугацаанд зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байна. /хх1-7х-10х/

 

Иймд зээлдүүлэгч К банк ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх заалт, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Зээлийн гэрээ-ний 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Зээл, зээлийн хүүний тооцоолол-той маргадаггүй ба маргахгүй байгаа үндэслэлээ зээлийн гэрээний үүрэг бүрэн төлөгдсөн гэж үзэж байгаа, гэрээ хүчин төгөлдөр эсэх тал дээр маргаж байгаа учир зээл, зээлийн хүүний тооцоолол ач холбогдолгүй гэж тайлбарладаг.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т Банк, ...-ны мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, ... түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж заасны дагуу, түүнчлэн талууд зээлийн гэрээг ам.доллараар байгуулсан учир нэхэмжлэгч******* ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийг ам.доллараар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Шүүх зээлийн гэрээг 2016 оны 3 сарын 14-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаар цуцлагдсанд тооцон үндэслэлтэй гэж үзсэн ба зээлийн гэрээг цуцалснаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч А ХХК-иас нийт 437,309.64 ам.долларыг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК-д олгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 сарын 28-ны өдрийн 001/ХТ2017/00338 дугаар тогтоолын хянавал хэсэгт Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 3 сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад үндсэн зээл 379,166.72 ам.доллар, зээлийн хүү 55,278.44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2,864.48 ам.доллар, нийт 437,309.64 ам.доллар гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгчээс хариуцагч талд өгсөн 2016 оны 3 сарын 03-ны өдрийн 922 тоот албан мэдэгдэлд зээл, хүү, нэмэгдүүлсэн төлбөрт нийт 255,713.00 ам.долларын зөрчил үүсээд байгаа гэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тооцоолол нь нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн зээлийн эргэн төлөлтийн хоёр хуваарийн алинд нь хамаарч байгаа нь тодорхой биш байна гэж дурдсаны дагуу шүүх дээрх тооцооллын талаар тодруулсан болно.

 

2016 оны 3 сарын 03-ны өдрийн албан тоотод дурдагдсан дүн болох 255,713.00 ам.доллар нь тухайн өдөр хүртэлх хуримтлагдсан зээлийн гэрээний үүргийн дүн, харин шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан дүн болох 437,309.64 ам.доллар нь зээлийн гэрээг цуцалж, төлөгдөөгүй үлдсэн зээлийн гэрээний бүх үүргийг оруулсан дүн хэмээн тайлбарлаж байгаа К банк ХХК-ийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

Хариуцагч А ХХК нь 2008 оны 10 сарын 21-ний өдрийн Зээлийн гэрээ-ний 6.2.4-т Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ, барьцааны гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Банкны өмчлөлд шилжүүлэх гэсэн заалт нь Иргэний хуулийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарладаг.

 

Түүнчлэн хариуцагч нь Зээлийн барьцааны гэрээ-гээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр А ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах байтал А ХХК, М ХХК, П ХХК, Ч ХХК, В ХХК-иудын 1,242,629,880 төгрөгийн үүрэгт тооцож өмчлөлдөө шилжүүлэн авсан нь үндэслэлгүй, А ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь тооцох ёстой байсан гэж тайлбарлан маргадаг.

 

2010 оны 9 сарын 21-ний өдөр К банк ХХК болон М ХХК-иуд харилцан тохиролцож, 08/135 тоот Зээлийн барьцааны гэрээ байгуулж, М ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48Б байрны 1, 2, 3, 4 тоот орон сууц, 48В байрны 1 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А ХХК-ийн авсан 475,000 ам.долларын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд А ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Б.И, Б.Б, Б.Б /хх1-40х/ нар /2015.05.19 хүртэлх хугацаанд/, М ХХК-ийн захирал нь Б.Б /хх1-131х, 134х, 137х/, П ХХК-ийн захирал нь Б.Б /хх1-135х, 136х/ нар ажиллаж байсан байх ба М ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2013 оны 3 сарын 19-ний өдрийн хурлаар К банкинд барьцаалуулсан зарим барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж, А ХХК, П ХХК, Ч ХХК, В ХХК, М ХХК, Ю с а ж ХХК, М ХХК-иудын зээлийн төлбөрөөс барагдуулахаар шийдвэрлэж, К банктай Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулахтай холбогдсон бүх харилцааг М ХХК-ийн Ерөнхий захирал Б.Бтөлөөлж гарын үсэг зурах эрх олгосон байна. /хх1-173х-174х/

 

Дээр дурдагдсан М ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрт А ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар буюу Б.И, Б.Б, Б.Б нар гарын үсэг зурсан байдаг ба 2013 оны 3 сарын 19-ний өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-нд мөн адил Б.И, Б.Б, Б.Б нар гарын үсэг зурсан байдаг.

 

Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-нд А ХХК-ийн 76,394,523.76 төгрөг, П ХХК-ийн 91,290,932.38 төгрөг, ЧХХК-ийн 92,949,127.53 төгрөг, В ХХК-ийн 689,754,763.23 төгрөг, М ХХК-ийн 292,240,533.10 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт ... тоот хаягт байршилтай барилгыг тооцон К банк ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний эрх чөлөөний зарчмын дагуу хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан хэлцэл байна гэж үзэв.

 

К банк ХХК нь зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг шилжүүлэн авахдаа өөрийн дур зоргоор бус харин М ХХК, А ХХК, П ХХК, Ч ХХК, В ХХК М ХХК-иудын албан тоот, эдгээр компаниуд хоорондоо харилцсан албан тоотыг тус тус үндэслэжээ. /хх1-131-149х/

Барьцааны үүрэг нь үндсэн үүрэг бус харин үүргийн гүйцэтгэлийг хангах арга буюу үндсэн үүргийн нэмэгдэл үүрэг бөгөөд барьцаалагч К банк ХХК, барьцаалуулагч М ХХК нарын харилцан тохиролцож хийсэн хэлцлийг үндсэн үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч А ХХК-ийн шаардлагаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, М ХХК-ийн өмчлөлд байгаа ... тоот орон сууц зэрэг хөрөнгүүд нь А ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны зүйл хэвээр байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

А ХХК нь барьцаа хөрөнгө 1,242,629,880 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт тооцогдох ёстой гэж тайлбарлаж байх боловч хурлын протоколд нэхэмжлэгч компанийн захирал Б.И нь оролцож*******ны өмчлөлд ямар үл хөдлөх хөрөнгө шилжүүлж байгаа вэ?, Татгалзах зүйл алга хэмээн тус тус хүсэл зоригоо илэрхийлж, А ХХК-ийн 76,394,523.76 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр тооцож хаах талаар тохиролцсон байх тул 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгах тухай шаардлага үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээ-ний 6.2.4 дэх заалт, мөн 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ зэрэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлж авсан мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлснөөр зээлийн гэрээний дагуу хүлээх А ХХК-ийн үүрэг дуусгавар болох ба Монгол банкны мэдээллийн санд зээл төлөгдсөн гэсэн төлөв бүртгэгдсэн байсан гэх үндэслэл үндсэн үүрэг дуусгавар болсныг нотлохгүй юм.

 

Нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан болохыг тогтоолгох тухай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй бөгөөд хариуцагч талын энэхүү татгалзлын үндэслэл нь хэрэгт авагдсан******* ХХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 3 сарын 04-ний өдрийн 26 тоот Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тогтоолоор няцаагдаж байна. /хх1-44х/

 

Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 сарын 28-ны өдрийн 001/ХТ2017/00338 дугаар тогтоолын хянавал хэсэгт ... гэрээний нэг тал болох М ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тухай баримт хэрэгт авагдаагүй гэж дурдсаны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд М ХХК-ийг татан оролцуулсан боловч тус компанийн төлөөлөгч нь шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

Нэхэмжлэгч К банк ХХК-ийн Зээлийн барьцааны гэрээ-нд дурдагдсан барьцаа хөрөнгөтэй холбоотой аливаа шаардлагыг шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар К банк ХХК, А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээг 2016 оны 3 сарын 14-ний өдөр цуцлагдсанд тооцож, хариуцагч А ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 437,309.64 ам.долларыг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК-д олгож, үлдэх 28,194.43 ам.долларт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар К банк ХХК, А ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээ-ний 6.2.4 дэх заалт, мөн К банк, М ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 3 сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгах, 2013 оны 3 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Банк шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай Анусервис ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэл, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5,474,167 төгрөг болон 210,600 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,448,621 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К банк ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 311,031 төгрөгийг нэхэмжлэгч К банк ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 6,371,099 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч А ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

5.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР