Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00680

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02497 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаар магадлалтай,

                                                                                                                       

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“А” ХХК-д холбогдох

Талуудын хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 379,166.72 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 80,206.37 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,130.98 ам.доллар, нийт 465,504.07 ам.долларыг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

“К” ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт, мөн К, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгах, 2013 оны 03 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг банк шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж, Л.Золзаяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаяр, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “А” ХХК нь 2008 оны 10 сарын 21-ний өдөр тус банктай 08/135 тоот зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээ, мөн 2010 оны 09 сарын 02-ны өдрийн 08/135 тоот барьцааны гэрээ, 2009 оны 12 сарын 11-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ тус тус байгуулж, 475,000 ам.долларын төслийн зээлийг жилийн 7.71 хувь /6 сар тутам хувьсах/-ийн хүүтэй, 120 сарын хугацаатай авсан. Зээлийг халаалтын зуух шинэчлэх хөрөнгө оруулалтад зориулан олгосон бөгөөд зээлийн барьцаанд дараах хөрөнгүүдийг тавьсан. Үүнд:

а/. “МФикс капитал” ХХК-ийн өмч, Ү-2206014160 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48б байрны 2 тоотод орших, 378 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

б/. “МФикс капитал ХХК-ийн өмч, Ү-2206044286 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48б байрны 3 тоотод орших, 378 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

в/. “МФикс капитал” ХХК-ийн өмч, Ү-2206014285 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48б байрны 4 тоотод орших, 384.23 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

г/. “МФикс капитал” ХХК-ийн өмч, Ү-2206014159 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48б байрны 1 тоотод орших, 378 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

д/. “А” ХХК-ийн өмч, зээлээр санхүүжүүлэн авах карборобот халаалтын зуух 7 ширхэг, насосны иж бүрдэл 3 ширхэг, цэвэр усны насос 3 ширхэг, яндан 7 ширхэг, усны сав 6 ширхэг, тэлэлтийн сав /180 литр/, тэлэлтийн сав 3 ширхэг /500 литр/, генератор 3 ширхэг, зуухны холболтын материал, цахилгааны холболтын материал, бусад дагалдах хэрэгсэл, борлуулалтын орлогын хамт. Эдгээр эд хөрөнгийг зохих журмын дагуу гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Гэтэл зээлдэгч “А” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч “А” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан шаардлагыг бичгээр хүргүүлж байсан ч зохих үр дүнд хүрэхгүй байна. Иймд зээлдэгч “А” ХХК-тай байгуулсан 08/135 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 болон 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 379,166.72 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 80,206.37 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 6,130.98 ам.доллар, нийт 465,504.07 ам.долларыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: “А” ХХК нь 2008 оны 10 сарын 21-ний өдөр Ктай 08/135 тоот зээлийн гэрээг байгуулсан ба уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр нийт 641,200,000 төгрөгийн үнэ бүхий манай компанийн эд хөрөнгийг, мөн 2010 оны 09 сарын 02-ны өдрийн 08/135 тоот Зээлийн барьцааны гэрээгээр нийт 680,000,000 төгрөгийн үнэ бүхий “Мфикс капитал” ХХК-ийн 5 ширхэг орон сууцыг тус тус барьцаалж, уг гэрээнүүдийг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 10 сарын 21-ний өдөр дуусгавар болох ёстой боловч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Кнаас “А” ХХК-д 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 922 тоот албан мэдэгдлийг хүргүүлсэн ба уг албан мэдэгдэлд дурдсанаар 2016 оны 03 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 198,333 ам.доллар, хүү 54,588 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,792 ам.доллар, нийт 255,713 ам.долларын өртэй байх ба уг зээлийг төлөхийг анхааруулсан байсан. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ үндсэн зээл 379,166.72 ам.доллар, үндсэн хүү 55,278.44 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 2,864.48 ам.доллар, нийт 437,309.64 ам.долларыг зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг үүссэн гэж нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн К нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2010 оны 09 сарын 02-ны өдрийн 08/135 тоот Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцаалсан “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн 5 ширхэг орон сууцны нэг болох, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48б байрны 1 тоот байрыг манай компанид мэдэгдэлгүйгээр 2013 оны 03 сарын 19-ний өдөр 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг “Мфикс капитал” ХХК-тай байгуулан, уг байрыг 1,242,629,880 төгрөгөөр өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байх ба ингэхдээ “А” ХХК-ийн зээлийг бүхэлд нь хаалгүй үндсэн зээлийн төлбөрт 40,832.32 ам.доллар, хүүгийн төлбөрт 13,6555.80 ам.доллар, нийт 54,488.12 ам.доллар буюу 76,394,523 төгрөгийг зээл, зээлийн хүүгээс хассан байдаг ба үлдэх нэг тэрбум гаруй төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалуулагч биш этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан байдаг. Энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалуулсан барьцаа хөрөнгийг бидэнд мэдэгдэлгүйгээр К өөрийн өмчлөлд авсан хэрнээ манай компанийн зээлийг бүрэн хаагаагүй байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа үйлдэл юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд: “А” ХХК нь 2008 оны 10 сарын 21-ний өдөр Ктай 08/135 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 475,000 ам.долларыг 120 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр нийт 641,200,000 төгрөгийн үнэ бүхий “А” ХХК-ийн хөдлөх эд хөрөнгийг, мөн 2010 оны 09 сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн 5 ширхэг орон сууцыг тус тус барьцаалж, уг гэрээнүүдийг эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн. Дээр дурдсан зээлийн гэрээний 6.2.4-т Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Банкны өмчлөлд шилжүүлэх гэж заажээ. Уг заалтад үндэслэн К нь зээлдэгч “А” ХХК-д мэдэгдэлгүйгээр барьцаа хөрөнгийн өмчлөгч “Мфикс капитал” ХХК-тай Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг 2013 оны 03 сарын 19-ний өдөр байгуулан, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48в-1 тоот байрыг 1,242,629,880 төгрөгөөр К өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байдаг. Ингэхдээ уг барилгыг “А” ХХК-ийн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг хангуулах зорилгоор барьцаалсан хэрнээ эдгээр үүргийг бүхэлд нь дуусгавар болголгүй үндсэн зээлийн төлбөрт 40,832.32 ам.доллар, хүүгийн төлбөрт 13,655.80 ам.доллар, нийт 54,488.12 ам.доллар буюу 76,394,523 төгрөгийг зээл, зээлийн хүүгээс хассан. Харин үлдэх нэг тэрбум гаруй төгрөгөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй этгээд болох 5 байгууллагын зээлийг хаасан байдаг. Үүнд:

а/. “Параскай” ХХК-ийн 65,112.93 ам.доллар буюу 91,290,932.38 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр.

б/. “Чинтулга-Эрдэнэ” ХХК-ийн 92,949,127.53 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр.

в/. “Вайтстар” ХХК-ийн 689,754,763.23 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр.

г/. “Монлотус” ХХК-ийн 292,240,533.10 төгрөгийн зээл, хүүгийн төлбөр. Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд “А“ ХХК, Кны хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4-т Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу банкны өмчлөлд шилжүүлэх гэсэн заалт нь Иргэний хуулийн 171.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтын хууль зөрчсөн... гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд Иргэний хуулийн 56.1.10-т уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж заасны дагуу зээлдэгч “А” ХХК-ийн зээлийг хэсэгчлэн төлүүлэх зорилгоор К, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 сарын 19-ний өдрийн зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус байна. “Мфикс капитал” ХХК болон Кны хооронд байгуулагдсан 2010 оны 09 сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний зорилго нь зээлдэгч “А” ХХК-ийн зээлийн гэрээний дагуу үүсэх үүргийн гүйцэтгэлийг хангахад чиглэж байгаа нь ойлгомжтой. Гэтэл үүрэг гүйцэтгэгч “А” ХХК-ийн үүргийг хэсэгчлэн буюу 76,394,523 төгрөгийн зээлийг барагдуулахын тулд 1 тэрбум гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах замаар уг үл хөдлөх эд хөрөнгийн хувьд барьцааны эрх, үүргийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй. Кны өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн хувьд “А” ХХК нь дангаараа барьцаалуулагчийн буюу уг эд хөрөнгөөр дангаараа үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй байсан. Гэтэл барьцаалуулагч бус этгээдүүдийн өр төлбөрийг хаасан. Зүй нь барьцаа хөрөнгөөр зээлийг бүхэлд нь хаах ёстой байсан. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээг цуцлалгүйгээр тодорхой хугацааны төлбөрийг хаах талаар талууд харилцан тохиролцоогүй. 2013 оны 03 сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл учир Иргэний хуулийн 56.5-д зааснаар ...хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үр дагавар үүсэхээр байна. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд “А” ХХК-ийн барьцааны эрх хэвээр үлдэх тул уг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг нэн тэргүүнд хангуулах эрхтэй ба хэрвээ банк уг үл хөдлөх эд хөрөнгийг иргэний гүйлгээнд нэгэнт оруулж, өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн байгаа бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 1,242,629,880 төгрөгийг “Мфикс капитал” ХХК-д буцаан өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд ч барьцааны эрх хэвээр үлдэх тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлд заасны дагуу үүргийг харилцан тооцуулах боломжтой байна. Мөн нөгөө талаар Иргэний хуулийн 157.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөө заагаагүй бол барьцаалагч нь шаардлага хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан тул К хууль бусаар өмчлөлдөө авсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үүрэг гүйцэтгэгч бус этгээд болох барьцаалуулагчийн хүсэл зоригт нийцэхээр байна. “А” ХХК нь “Мфикс капитал” ХХК болон Кны хооронд байгуулагдсан 2013 оны 03 сарын 19-ний өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулагдсаныг мэдсэнээс хойш буюу 2013 оны 05 сарын 31-ний өдрөөс хойш зээл болон түүний хүүг огт төлөөгүй болно. Учир нь банк “А” ХХК-ийн 475,000 ам.долларын зээл, түүнд ногдох хүүг нэн тэргүүнд барьцаа хөрөнгөөр бүрэн хаах ёстой байсан, барьцааны гэрээг дуусгавар болгосон бол үндсэн үүргийг мөн дуусгавар болгох ёстой байтал барьцаалуулагч биш 5 байгууллагын зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг тооцон авсан ба уг үйлдэлдээ банк буруутай гэж үзсэн учир зээл, түүний хүүг төлөөгүй болно. Энэ талаараа Кны хүмүүстэй уулзаж байсан.

Банкнаас зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн үндсэн үүргээс илүү үнэтэй барьцаа хөрөнгийг төлбөртөө тооцон авсан хэрнээ үүргийг бүхэлд нь дуусгавар болгоогүй нь Иргэний хуулийн 223.1-д хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэнд тооцох тул Иргэний хуулийн 224.1, 224.2.3-т зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзсэн болно. Гэвч зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдвол уг гэрээ хүчин төгөлдөр байх тохиолдолд хүртэж болох боломжийг шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй боловч бид уг үндэслэлээр биш уг хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсаны улмаас өдийг хүртэл зээл, хүүгийн төлбөрийг төлөөгүйн хариуцлага буюу үр дагаврыг хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээд болох К өөрөө хариуцах ёстой гэж шаардах эрхээ тодорхойлж байна.Иймд 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт болон 2013 оны 03 сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасныг болон зээлийн барьцааны гэрээний 7.4, 7.5 дахь заалтыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, уг гэрээний үр дагаврыг арилгуулах буюу хүчин төгөлдөр бус гэрээний дагуу төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгаж, Банк нь 2013 оны 03 сарын 20-ны өдрөөс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг Компанийн тухай хуулийн 83, 84 дүгээр зүйл, Иргэний хуулийн 62-64-р зүйлд заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “К” ХХК-аас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Хариуцагчийн гаргасан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох тухай. Иргэний хуулийн 171.3-т ... хуульд өөрөөр заагаагүй бол ... хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж болох талаар хуулиар тусгайлан зохицуулсан байдгийг хариуцагч этгээд анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцаалагч нь өөрийн шаардлагадаа тооцон үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шууд авахыг зөвшөөрсөн агуулгатай зүйл, заалт алга байна гэж тайлбарласан байна. Гэтэл Банкны тухай хуулийн 10.2-т Банк хугацаандаа төлөгдөөгүй зээл, хүүгийн төлбөрт зээлдэгчийн өмчлөлд байгаа эд хөрөнгө, хувьцаа, түүний ногдол ашгийг гэрээ болон шүүхийн шийдвэрийн үндсэн дээр авч болох бөгөөд... гэж заасан байдгаар банк гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зөрчил гаргасан зээлдэгчийн барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авахыг зөвшөөрсөн байдаг юм. Ийнхүү шилжүүлэн авснаар банк хөрөнгийг өмчлөх бусад хөрөнгөд бүртгэж авдаг бөгөөд энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын 2015 оны 02 сарын 06-ны өдрийн А35/20 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар-ын 4.5б буюу Тодорхойлолт хэсэгт Өмчлөх бусад хөрөнгө гэж зээл, хүүгийн төлбөрийн тооцоогоор бусдаас авсан санхүүгийн ба санхүүгийн бус хөрөнгийг ойлгоно. Үүнд үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө багтахаас гадна үнэт цаас гэх мэт санхүүгийн хөрөнгө мөн багтана. Өмчлөх бусад хөрөнгөнд худалдан борлуулах зориулалттай, банкны үйл ажиллагаанд ашиглагдахгүй хөрөнгө багтана гэж зааснаар зөвшөөрөгдсөн байдаг тул барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан банкны үйлдэл хуульд нийцсэн юм.

Хариуцагчийн гаргасан 2013 оны 03 сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага үндэслэлгүй, хууль бус тухай. 2013 оны 03 сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж үзэх боломжгүй тул уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл юм. Мөн 2013 оны 03 сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулахад 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалтыг үндэслээгүй болох нь гэрээнээс тодорхой харагдаж байгаа юм. Тухайлбал, зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээний эхэн хэсэгт ... Иргэний хуулийн 236 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 10.2 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйл, 24.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон... гэж гэрээ байгуулах үндэслэлийг тодорхой тусгасан юм.

Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48в-1 тоот байр нь “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө байсан бөгөөд банкны зүгээс хууль ёсны өмчлөгчтэй нь хуульд заасан журмын дагуу Зээлийн барьцааны гэрээг байгуулсан болно. Харин “Мфикс капитал”, “А” ХХК, “Монлотус” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК-иудын хүсэлт, мэдэгдлүүдийг тус тус үндэслэж 2013 оны 03 сарын 19-ний өдөр 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг байгуулсан юм. Мөн 2013 оны 03 сарын 19-ний өдрийн 13/045 тоот албан бичгээр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48в-1 тоот байрыг банкны өмчлөлд шилжүүлж “А” ХХК, “Монлотус” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК-иудын зээлийн гэрээний зарим төлбөрүүдийг хасах хүсэлтийг гаргасан. Нөгөөтэйгүүр 2010 оны 09 сарын 02-ны өдрийн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээ нь К болон “Мфикс капитал” ХХК-иудын хооронд байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах, барьцаа хөрөнгийг чөлөөлөх, өмчлөлдөө тооцон авах, гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр ямар гэрээний үүргийг гүйцэтгэх зэрэг нь зөвхөн барьцаа хөрөнгийн өмчлөгч болон барьцаалагч талуудын хоорондын тохиролцоогоор хийгдэх асуудал юм. Харин барьцааны гэрээний оролцогч бус, хөрөнгийн өмчлөгч бус этгээд болох “А” ХХК-ийн зүгээс барьцаа хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн эрх эдлэхгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                   

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02497 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “К” ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээг 2016 оны 03 сарын 14-ний өдөр цуцлагдсанд тооцож, хариуцагч “А” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт нийт 437,309.64 ам.долларыг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, үлдэх 28,194.43 ам.долларт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар “К” ХХК, “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт, мөн К, “Мфикс капитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгах, 2013 оны 03 сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг Банк шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай “А” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэл, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 5,474,167 төгрөг болон 210,600 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 5,448,621 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 311,031 төгрөгийг нэхэмжлэгч “К” ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж, хариуцагч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 6,371,099 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

           

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “А” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  181/ШШ2017/02497 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2403 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүйгээс гадна Иргэний хуулийн зарим зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны тогтоолд дурьдагдсан ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй орхигдуулсан нь хэрэгт бодит, хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй болгосон гэж үзнэ. Үүнд:

1. Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй тухайд: “К” ХХК болон “А” ХХК-ийн хооронд анх 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр №08/135 тоот “Зээлийн гэрээ” байгуулагдаж, хариуцагчид 475,000 ам.долларын зээлийг 120 сарын хугацаатайгаар олгосон байдаг ба мөн өдөр №08/135 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан “А” ХХК-ийн хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан байдаг. Үүнээс хойш 2010 оны 09 сарын 02-ны өдөр №08/135 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинэчлэн байгуулж, 2008 оны 10 сарын 21-ний өдөр №08/135 тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48Б байрны 1, 2, 3, 4 тоот орон сууц болон 48В байоны 1 тоот орон сууцыг барьцаалжээ. Гэтэл “К” ХХК нь “Мфикс Капитал” ХХК-тай 2013 оны 03 сарын 19-ний өдөр №13/85 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-г байгуулж, улмаар “А” ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан 48В байрны 1 тоот орон сууцыг “А” ХХК-тай огт хамааралгүй, охин, хараат бус компаниуд 1 болох “Параскай” ХХК, “Монлотус” ХХК, “Вайтстар” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК-иудын төлбөл зохих зээл, хүүгийн төлбөрт тооцож, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. “А” ХХК-иас өөрт огт хамааралгүй компаниудын өр төлбөрийг №08/135 тоот “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалсан барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэл зоригийг илэрхийлсэн нэг ч мэдэгдэл, хүсэлтийг “Мфикс капитал” ХХК болоод “К” ХХК-д гаргаж байгаагүй болно. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “...Мфикс капитал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2013 оны 03 сарын 19-ний өдрийн хурлаар “Кинд барьцаалуулсан зарим барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж, “А” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК, “Монлотус” ХХК, “Юу Си Ай Жи” ХХК-иудын зээлийн төлбөрөөс барагдуулахаар шийдвэрлэсэн байна...” гэж нотлох баримтыг бусад нотлох баримтуудтай харьцуулалгүй буруу үнэлсэн. Учир нь “Мфикс Капитал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2013 оны 03 сарын 19-ний өдрийн хурлаар банкны өмчлөлд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 44Б байрны 1 тоот орон сууц болон 48В байрны 1 тоот орон сууцыг банкны өмчлөлд шилжүүлж, дээрх компаниудын зээлийн төлбөрөөс барагдуулахаар тохиролцсон байдаг ба 48В байрны 1 тоот орон сууцыг “А” ХХК эсхүл нэр бүхий бусад 4 компанийн өр төлбөрт шилжүүлэх эсэх талаар нарийвчлан тодорхойлсон зүйл байхгүй байдаг. Түүнчлэн анхан шатны шүүх “К” ХХК-ийг барьцаа хөрөнгийг шилжүүлэн авахдаа “Мфикс Капитал” ХХК болон “А” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК, “Монлотус” ХХК, “Юу Си Ай Жи” ХХК-иудын албан тоот, хоорондоо харилцсан албан тоотыг үндэслэжээ” хэмээн дүгнэсэн байх боловч тэдгээр албан тоотуудаас тодруулбал “Вайтстар” ХХК, “Юу Си Ай Жи” ХХК-иудад “Мфикс Капитал” ХХК-ийн хоорондох албан бичгүүдэд №08/149 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй болохоо илэрхийлсэн байдаг. Ийнхүү албан тоотуудад №08/149 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, №08/135 тоот “Зээлийн барьцааны гэрээ” гэсэн 2 өөр “Зээлийн барьцааны гэрээ”-ний тухай дурьдсан атал анхан болон давж заалдах шатны шүүх эдгээр эргэлзээтэй нотлох баримтуудыг үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчжээ.

Мөн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 001/ИТ2017/00338 дугаар тогтоолын Хянавал хэсэгт “...Нэр бүхий 5 компаниас Кинд төлөх төлбөрт тооцож барьцаанд тавьсан барилгыг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх боловч “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК, “Монлотус” ХХК нь Ктай барьцааны гэрээтэй байсан нь тодорхойгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байхад Иргэний хуулийн 153.2, 165.4-т заасан нөхцөл үүссэн гэж үзэх боломжгүй” гээд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй...” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан юм. Дээрх тогтоолын дагуу хариуцагч “А” ХХК-иас 2017 оны 10 сарын 06-ны өдөр анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, “Параскай” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК, “Монлотус” ХХК-иудын “К” ХХК-тай байгуулсан “Зээлийн барьцааны гэрээ”-нүүдийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 181/Ш32017/13257 дугаар захирамжаар хүсэлтийг хангахгүй орхисон. Иинхүү хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөхөд зайлшгүй шаардлгатай, чухал ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.1.1-д зааснаар нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад шүүх хуралдааныг товлон зарлаж, хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасныг зөрчсөн болох нь дахин нотлогдож байна.

Хариуцагч “А” ХХК нь 2013 оны 03 сарын 19-ний өдөр "К” ХХК болон "Мфикс Капитал” ХХК-иудын хооронд “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ” байгуулагдсанаас хойш зээл, хүүгийн төлбөрийг огт төлөөгүй байдаг. Учир нь хариуцагч нь Үүрэг гүйцэтгүүлэгч “К” ХХК-ийг Иргэний хуулийн 165.4-т зааснаар №08/135 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-гээр барьцаалсан хэд хэдэн үл хөдлөх хөрөнгөөс Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48В байрны 1 тоот орон сууцыг сонгон авч, өмчлөлдөө шилжүүлснээр шаардлагаа бүрэн хангуулсан нь тогтоогдоно. Иймд “К” ХХК нь 2013 оны 03 сарын 20-ны өдрийн 692 тоот “Зээлийн барьцааг чөлөөлөх тухай” албан бичгээр барьцааны гэрээг дуусгавар болгож байгаа үйл баримт тогтоогдож энэ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичиг /хх-ийн 169 дэх тал/-ээр нотлогдоно. Тиймээс “К” ХХК-ийн зүгээс 2013 оны 03 сарын 20-ны өдрөөс хойш 2016 оныг хүртэлх хугацаанд “Ану Сервис” ХХК-д холбогдуулан зээлийн өр төлбөр төлөх талаар шаардлага гаргаж байгаагүй нь Иргэний хуүлийн 236.1.2-д зааснаар “А” ХХК-ийг үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй. “К” ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч, дуусгавар болгосон нь Монголбанкны “Зээлийн мэдээллийн сан”-д “А” ХХК-ийг зээлийн өрийн үлдэгдэлгүй хэмээн тайлагнасан үйл баримтаар нотлогдоно. Гэтэл иргэний хэргийн анхан шатны шүүх уг нотлох баримтыг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж, хариуцагчийн “Үзлэг хийлгэх тухай” хүсэлтийг 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 181/Ш32017/13257 дугаар захирамжаар хангахгүй орхисон байдаг. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “...Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг бүрэн төлөгдсөн хэмээн маргаж байгаа...” гэж дурьдсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6-д заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг гүйцэтгэх үүргээ биелүүлэлгүй, мөн хуулийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчиж, хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотолж, мэтгэлцэх эрхийг хангаагүй хэт нэг талыг баримтлан, үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан.       

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг үнэн зөв, ач холбогдол бүхий байдлаас үнэлээгүй нь хэргийн бодит байдал болон хэрэгт цугларсан эргэлзээтэй нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосноор хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Учир нь №18/35 тоот “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр “К” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор, Зайсангийн тойруу, 48В байрны 1 тоот орон сууцыг “Мфикс Капитал” ХХК нь хариуцагч “А” ХХК-ийн “К” ХХК-иас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалж, 2010 оны 09 сарын 02-ны өдөр №08/135 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулсан. Уг “Зээлийн барьцааны гэрээ” нь зөвхөн “К” ХХК-ийн “А” ХХК-тай байгуулсан “Зээлийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой бөгөөд гагцхүү Үүрэг гүйцэтгэгч “А” ХХК-ийг “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үед Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад хэрэгжихээр талууд харилцан тохиролцсон, талуудыг хүсэл зорилгоор хийгдсэн хэлцэл юм. Гэтэл “К” ХХК нь “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр 48В байрны 1 тоот орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авч, “Параскай” ХХК, “Монлотус” ХХК, “Вайтстар” ХХК, “Чинтулга Эрдэнэ” ХХК-иудын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, өр төлбөрөөс хассаж байгаа нь Иргэний хуулийн 154.5 дахь хэсэгт нийцээгүй гэж үзнэ.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд: Хариуцагч "А” ХХК нь 2016 оны 08 сарын 01-ний өдөр анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж, улмаар 2017 оны 08 сарын 08-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. 2017 оны 10 сарын 06-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, өөрчлөлт оруулсан ба анхан шатны шүүх уг сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэгч “К” ХХК-д гардуулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч гуравдагч этгээд “МФикс Капитал” ХХК-д гардуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр бүрэн тогтоогдоно. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 болон 25 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэр, маргааны зүйлийн талаар “Мфикс Капитал” ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзэж хариуцагчийн хүсэлтээр тус компанийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан атлаа 2017 оны 10 сарын 06-ны өдрийн 181/Ш32017/13257 дугаар захирамжаар “...Хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлага нь “К” ХХК-д хамааралтай байх тул гуравдагч этгээдэд гардуулах шаардлагагүй...” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.4-т хэсэгт заасан эрхийг нь бүдүүлгээр зөрчсөн байна. “Мфикс Капитал” ХХК нь 2017 оны 10 сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн оролцогчдод гардуулах ажиллагааг гүйцэтгэхгүй байх, мөн хуулийн 25.1.1-д заасан хэргийн оролцогчийн тайлбар гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм. Ийнхүү анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.4, мөн хуулийн 38.6, хуулийн 76.1.1-д заасан нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн ба Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.7, 168.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үүрэгтэй атал шийдвэрийг хэвээр үлдээсэнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсанд гомдолтой байна. Дээрхээс үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 181/ШШ2017/02497 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2403 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.  

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсанд тооцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл 379,166.72 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 80,206.37 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 6,130.98 ам.доллар, нийт 465,504.07 ам.долларыг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 08/135 тоот зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт, мөн “К” ХХК, “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлбөртөө хураан авсан барьцаа хөрөнгийн үнэ 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгах, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг банк шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2008 оны 10 сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан 08/135 тоот зээлийн гэрээгээр “К” ХХК нь “А” ХХК-д 475,000 ам.долларыг 120 сарын хугацаатай, жилийн 7.71 хувийн хүүтэй зээлдүүлэх, түүнчлэн 08/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр “А” ХХК-ийн борлуулалтын орлого, эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалах, 2010 оны 09 сарын 02-ны өдөр байгуулсан 0/135 тоот зээлийн барьцааны гэрээгээр “Мфикскапитал” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48Б байрны 1, 2, 3, 4 тоот орон сууц, 48В байрны 1 тоот орон сууцыг барьцаалахаар тус тус харилцан тохиролцсон тухай баримт хэрэгт авагджээ.

Талууд 2009 оны 12 сарын 11-ний өдөр 08/135 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн байх бөгөөд гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг зөв тодорхойлсон байна.

08/135 тоот зээлийн гэрээг 2008 оны 10 сарын 21-ний өдөр 120 сарын хугацаатайгаар байгуулсан боловч “К” ХХК нь 2016 оны 03 сарын 14-ний өдөр гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж шүүхэд хандсан ба тэрээр 2016 оны 02 сарын 19-ний өдөр, 2016 оны 03 сарын 03-ны өдөр зээлдэгч “А” ХХК-д албан мэдэгдэл хүргүүлж, зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх талаар хугацаатай мэдэгдлийг хүргүүлж байсан тухай баримт хэрэгт авагдсан, хариуцагч нь 2013 оны 05 сарын 31-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй болох нь тогтоогджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2016 оны 03 сарын 14-ний өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцлагдсанд тооцох үндэслэлтэй гэж дүгнэн, зээлийн гэрээг цуцалснаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлэхийг хариуцагчаас шаардаж байсан, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогдсон боловч тодорхой үр дүн гараагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбогдуулан Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмаар нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй бөгөөд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “А” ХХК-иас нийт 437,309.64 ам.долларыг гаргуулахаар тооцоолол хийсэн нь зөв байна.

Хариуцагч “А” ХХК нь 2008 оны 10 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний 6.2.4-т “Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаа хөрөнгийг энэхүү гэрээ, барьцааны гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Банкны өмчлөлд шилжүүлэх” гэсэн заалт нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл, түүнчлэн банк барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөр “А” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах байтал “Монлотус” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК-иудын 1,242,629,880 төгрөгийн үүргийг “А” ХХК-ийн үүрэгт хамтад нь тооцож хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан нь үндэслэлгүй тул “К” ХХК, “Мфикскапитал” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13/85 тоот зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл, “А” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь тооцох ёстой, 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг банк шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлдээ тайлбар гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Б.Инжиннаш, Б.Батхүү, Б.Буяннэмэх нар байх бөгөөд “Мфикскапитал” ХХК-ийн захирал нь Б.Батхүү, “Параскай” ХХК-ийн захирлаар нь Б.Буяннэмэх нар ажиллаж байсан байх ба “Мфикскапитал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2013 оны 03 сарын 19-ний өдрийн хурлаар Кинд барьцаалуулсан зарим барьцаа хөрөнгийг банкны өмчлөлд шилжүүлж, “А” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК, “Монлотус” ХХК, “Юу си ай жи” ХХК, “Мфикскапитал” ХХК-иудын зээлийн төлбөрөөс барагдуулахаар шийдвэрлэж, “К”-тай Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулахтай холбогдсон бүх харилцааг “МФикскапитал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Батхүү төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон байна.

“МФикскапитал” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрт “А” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар болох Б.Инжиннаш, Б.Батхүү, Б.Буяннэмэх нар гарын үсэг зурсан, 2013 оны 03 сарын 19-ний өдрийн Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээнд ч Б.Инжиннаш, Б.Батхүү, Б.Буяннэмэх нар гарын үсэг зурсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “МФикскапитал” ХХК-ийг шүүх гуравдагч этгээдээр оролцуулсан боловч тэрээр тодорхой тайлбар, татгалзал гаргаагүй байна.

“К” ХХК нь зээлийн төлбөрт барьцаа хөрөнгийг шилжүүлэн авахдаа өөрийн дур зоргоор бус харин “Мфикскапитал” ХХК, “А” ХХК, “Параскай” ХХК, “Чинтулга эрдэнэ” ХХК, “Вайтстар” ХХК, “Монлотус” ХХК-иудын албан тоот, эдгээр компаниуд хоорондоо харилцсан албан тоотыг тус тус үндэслэсэн тухай анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээгээр “А” ХХК-ийн 76,394,523.76 төгрөг, “Параскай” ХХК-ийн 91,290,932.38 төгрөг, “Чинтулга эрдэнэ” ХХК-ийн 92,949,127.53 төгрөг, “Вайтстар” ХХК-ийн 689,754,763.23 төгрөг, “Монлотус” ХХК-ийн 292,240,533.10 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48В байрны 1 тоот хаягт байршилтай барилгыг тооцон “К” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний эрх чөлөөний зарчмын дагуу хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан хэлцэл гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д нийцсэн гэж үзнэ. 

“А” ХХК-ийн 76,394,523.76 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг “Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ”-гээр тооцож хаах талаар тохиролцсон байх тул 1,242,629,880 төгрөгөөс зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь гүйцэтгэхийг даалгах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

Иймээс 2008 оны 10 сарын 21-ний өдрийн 08/135 тоот Зээлийн гэрээний 6.2.4 дэх заалт, мөн 2013 оны 03 сарын 19-ний өдрийн 13/85 тоот Зээлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв гэсэн дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч “А” ХХК-иас нийт 437,309.64 ам.долларыг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгон шийдвэрлэсэн нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 895,575,158 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй, харин нэхэмжлэлийн шаардлагыг хангасан мөнгөн тэмдэгтийг өөрчилж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02497 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “437,309.64 ам.долларыг” гэснийг “895,575,158 төгрөгийг” гэж, “28,194.43 ам.долларт” гэснийг “57,739,937 төгрөгт” гэж, 3 дах заалтын “5,448,621 төгрөгийг” гэснийг “4,635,825 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Ану сервис” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,441,300 /зургаан сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга, гурван зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН