Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2017/01059

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 12 өдөр         Дугаар 182/ШШ2017/01059           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ЦУОШГ-т холбогдох,

 

“Цаг уур, орны шинжилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай “Албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Г.Аг Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөнөөс үүсэн гарсан хохирол болох Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирсэн, буцсан хот хоорондын зорчигч тээврийн зардалд 65,200 төгрөг, Улаанбаатар хотод шүүхэд хандах асуудлаар ирж зочид буудалд байрласан 3 хоногийн төлбөр 150,000 төгрөг, бичиг баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж нотариатаар гэрчлүүлэхэд гарсан төлбөр 19,200 төгрөг, өмгөөлөгчийн үйлчилгээний төлбөр 1,500,000 төгрөг, нийт 1,734,400 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагын тухайд: Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн, А/92 дугаартай тушаалаар намайг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2017 онд хамтран ажиллах тухай Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Ганболдтой “Үр дүнгийн гэрээ” байгуулсан нь Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу “зөвшилцсөн”-ий нотолгоо гэж үзэж байна.

Гэтэл 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Цаг уур орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Б/10 тоот тушаал гаргаж Г.А намайг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалаас чөлөөлж тушаал гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Төрийн албан хаагчийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас халах үндэслэлийг заавал тусгасан байх ёстой байтал үндэслэлийг тодорхойлон дурдалгүйгээр тушаал гаргасан мөн албаны даргыг ажлаас чөлөөлөхөд нь аймгийн Засаг даргатай зөвшилцөх ёстой байтал зөвшилцөлгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Мөн “Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай” 2017 оны 01 дүгээр сарын 16- ны өдрийн Б/10 дугаартай тушаалын үндэслэл болгосон “Хөдөлмөрийн тухай” хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаал гэх мэт хууль эрхийн холбогдолгүй заалтууд, албан бичгүүдийг тушаалын үндэслэлд дурьдаж намайг ажлаас чөлөөлөх болсон шалтгааныг огт тусгаагүй байгааг анхаарч үзэхийг хүсье.

Нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын тухайд: Миний бие Хөвсгөл аймгийн ус цаг Уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Цаг уурт зориудаар нөлөөлөх асуудал хариуцсан технологич инженерээр томилогдсон бөгөөд цалингийн шатлалыг ТҮ-8 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалинжуулан 741,000 төгрөгөөр тооцон авч байгаа билээ. Би албаны даргын албан тушаалд ажиллаж байхдаа ТҮ-11 зэрэглэлээр цалинжиж 1 сарын 850,000 төгрөгийн цалин авдаг байсан тул цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэлийн гуравдугаар шаардлагын тухайд: Миний бие Цаг уур орчны шинжилгээний газрын даргын хууль бус ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэрээс үүдэн гарсан хохирол болох Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирсэн хот хоорондын зорчигч тээврийн ирсэн зардалд 32,600 төгрөг, буцсан зардалд 32,600 төгрөг, Улаанбаатар хотод шүүхэд хандах асуудлаар ирж зочид буудалд байрласан 3 хоногийн төлбөр 150,000 төгрөг, бичиг баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж нотариатаар гэрчлүүлэхэд гарсан төлбөр 19,200 төгрөг, өмгөөлөгчийн үйлчилгээний төлбөр 1,500,000 төгрөг, нийт 1,734,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Миний бие энэхүү нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гаргасан хэдий ч нэхэмжлэлийн 4 дүгээр шаардлагаас шалтгаалан шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн билээ. Иймд миний бие дээрх 3 шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүхэд хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин аялал жуучлалын сайдын “Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, “Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” 2016 оны А/32 дугаар тушаал гарсан.

Уг тушаалд заасны дагуу Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/81 дугаар тушаал гарч Цаг уур орчны шинжилгээний газрын болон харъяа аймаг хотын албадыг газар болгож, агентлагийн зохион байгуулалтын бүтэц шинээр батлагдсантай холбогдуулан дээрх хөтөлбөрт тусгасан стратеги зорилт үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэн бүх аймаг хотын албадын дарга нарыг чөлөөлж, газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан.

Нэхэмжлэгч Г.А нь тус газрын харъяа Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн, газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар маргадаггүй, харин түүнийг Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн талаар маргаан гаргажээ гэж үзэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын дээрх тушаал нь “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4-д заасан шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

“Цаг уур орчны шинжилгээний газрын дарга “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу “... хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байр”-аар хангаж, Г.Аг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт мэргэжлийнх нь дагуу инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь түүний эрх зөрчигдөөгүй мөн хохирол нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газарт  холбогдуулан “Цаг уур, орны шинжилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай “Албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Г.Аг Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн зөрүүг гаргуулах, ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөнөөс үүсэн гарсан хохирол болох Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирсэн хот хоорондын зорчигч тээврийн ирсэн зардалд 65,200 төгрөг, Улаанбаатар хотод шүүхэд хандах асуудлаар ирж зочид буудалд байрласан 3 хоногийн төлбөр 150,000 төгрөг, бичиг баримтыг шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулж нотариатаар гэрчлүүлэхэд гарсан төлбөр 19,200 төгрөг, өмгөөлөгчийн үйлчилгээний төлбөр 1,500,000 төгрөг, нийт 1,734,400 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад урьд эрхэлж байсан буюу Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цалингийн зөрүү 435,952 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

           

            Нэхэмжлэгч Г.А нь Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 117 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргаар томилогдон ажиллаж байсан бөгөөд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалаар Г.Аг Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны даргын албан үүргээс чөлөөлж, Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байсан бөгөөд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалсан болох нь хэрэгт авагдсан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2010 оны 117 дугаар тушаал, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/81 дүгээр тушаал, түүний хавсралтууд, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны Б/10 дугаар тушаал, 2012 оны Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Үр дүнгийн гэрээ болон зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

            Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нь нэхэмжлэгч Г.Аг Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцлах тухай” Б/10 дугаар тушаалыг гаргахдаа Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны А-32 дугаар тушаал, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2016 оны 01/1520, тус газрын Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн зөвшилцөх тухай 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/480 дугаар тушаалаар баталсан “Албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар-ын 4.2.2-т заасныг тус тус үндэслэжээ.

 

            Ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалдаа “... Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалж, Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний даргын боловсон хүчний мэдэлд шилжүүлсүгэй” гэж Г.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тушаалд 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШЗ2017/02199 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ. 

 

            Нэхэмжлэгч Г.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Төрийн албан хаагчийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас халах үндэслэлийг заавал тусгасан байх ёстой байтал үндэслэлийг тодорхойлон дурдалгүйгээр тушаал гаргасан мөн албаны даргыг ажлаас чөлөөлөхөд нь аймгийн Засаг даргатай зөвшилцөх ёстой байтал зөвшилцөлгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Мөн “Албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай” 2017 оны 01 дүгээр сарын 16- ны өдрийн Б/10 дугаартай тушаалын үндэслэл болгосон “Хөдөлмөрийн тухай” хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, Архивын ерөнхий газрын даргын 2009 оны 68 дугаар тушаал гэх мэт хууль эрхийн холбогдолгүй заалтууд, албан бичгүүдийг тушаалын үндэслэлд дурьдаж намайг ажлаас чөлөөлөх болсон шалтгааныг огт тусгаагүй байгааг анхаарч үзэхийг хүсье.

Хөвсгөл аймгийн ус цаг Уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Цаг уурт зориудаар нөлөөлөх асуудал хариуцсан технологич инженерээр томилогдсон бөгөөд цалингийн шатлалыг ТҮ-8 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалинжуулан 741,000 төгрөгөөр тооцон авч байгаа билээ. Би албаны даргын албан тушаалд ажиллаж байхдаа ТҮ-11 зэрэглэлээр цалинжиж 1 сарын 850,000 төгрөгийн цалин авдаг байсан тул цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилж байна.

Цаг уур орчны шинжилгээний газрын даргын хууль бус ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн шийдвэрээс үүдэн гарсан хохирол болох 1,734,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна...” гэж тайлбарлажээ.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Нэхэмжлэгч Г.А нь тус газрын харъяа Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн, газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар маргадаггүй,

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын дээрх тушаал нь “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4-д заасан шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

“Цаг уур орчны шинжилгээний газрын дарга “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу “... хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байр”-аар хангаж, Г.Аг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт мэргэжлийнх нь дагуу инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь түүний эрх зөрчигдөөгүй мөн хохирол нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 тоот “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын харъяа аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны нэрийг, Ус цаг уур, орчны шинжилгээний газар болгон өөрчилсөн байх ба үүний дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 тоот “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” тушаал, түүний хавсралтуудаар тус газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Захиргаа хамтын ажиллагаа, Цаг уур, Орчны шинжилгээ, Архив мэдээлэл, Санхүү, аж ахуй гэсэн хэлтсүүдийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлэн Урьдчилан мэдээлэх, Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээ, Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагаа, Орчны шинжилгээ, Архив мэдээллийн хэлтсүүдийн албан хаагчдыг ажилд томилж шийдвэрлэн, 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 тоот “Ажлаас чөлөөлөх, томилох тухай” тушаал, түүний хавсралтуудаар аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны дарга нарыг ажлаас чөлөөлж, аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилж шийдвэрлэсэн байна.

 

Ажил олгогч Цаг уур, орчны шинжилгээний газар нь ажилтан Г.Аг ажлаас чөлөөлөн хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгосон тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасан хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай ерөнхий заалтуудыг баримталсан байх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг тодорхойлон заагаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлаагүй, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн зохицуулалтыг энэхүү шийдвэрийн үндэслэл болгоогүй тохиолдолд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчөөгүй, хууль тогтоомжид заасны дагуу ажлын байраар хангасан гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан  байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Ажил олгогчийн дээрх Б/10 тоот Г.Аг Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил үүргээс чөлөөлсөн тушаалд, түүнийг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тодорхойлоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчжээ.

 

Ажил олгогч байгууллагын Б/10 тоот тушаалд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 тоот “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” тушаалыг үндэслэсэн байдал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Г.Аг байгууллагын зохион байгуулалт, бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн гэж үзвэл энэ үндэслэл мөн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй, түүнчлэн 40.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн, 42 дугаар зүйлийн 42.1-д заасны дагуу дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгосон талаар баримтгүй байна.

 

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэсэн 3 үндэслэлийн аль аль нь тухайн нөхцөлд үүсээгүй байна.

 

Тодруулбал, Г.Агийн өмнө нь ажиллаж байсан Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газар татан буугдаагүй, уг газрын албан хаагчдын, түүнчлэн даргын /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн/ ажлын байр байхгүй болж хасагдсан, уг газрын ажилтны орон тоог цөөрүүлсэн гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 тоот “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын харъяа аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний албаны нэрийг, Ус цаг уур, орчны шинжилгээний газар болгон өөрчилсөн, мөн Г.Аг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдал нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл болохгүй.

 

Ажилтан Г.А нь урьд эрхэлж байсан эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацаанд бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй ба хариуцагч талын нэхэмжлэлийг татгалзсан тайлбар, үндэслэлгүйн дээр Цаг уур орчны шинжилгээний газрын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/480 тоот “Зөвшилцөх тухай” албан бичиг, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/1990 тоот санал хүргүүлсэн тухай албан бичгүүд нь хариуцагчийн татгалзлыг нотлох үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

 

Иймд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Г.Аг Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй тул Г.Аг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоов.

 

Ажил олгогчийн тушаал нь цаашид эрх зүйн дагаврыг үүсгэхгүй тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч Г.Аг ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн тул бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.А нь Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” Б-01 дугаар тушаалаар 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Цаг агаарт зориудаар нөлөөлөх асуудал хариуцсан технологич инженерээр томилсны дагуу уг ажлыг эрхлэн гүйцэтгэж байгаа ба 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 435,952 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн “а”-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу … буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж заасны дагуу Г.Агийн Хөвсгөл аймгийн Цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 850,000 төгрөг, Цаг агаарт зориудаар нөлөөлөх асуудал хариуцсан технологич инженерээр ажилласан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 741,000 төгрөг болох нь хэрэгт авагдсан Г.Агийн нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээнүүд, цалингийн картуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү болох 435,952 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нь эрх зүйн туслалцаа авч өмгөөлөгчийн хөлсөнд 1,500,000 төгрөг, бичиг баримт нотариатчаар гэрчлүүлсний хураамж 19,200 төгрөг, замын зардлын хураамж 65,200 төгрөг, зочид буудлын зардал 150,000 төгрөг, нийт 1,734,400 төгрөгийг хохиролд тооцон өмгөөллийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Бэлэн мөнгөний орлогын баримт”, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар, 1698824, 1662834 тоот хот хоорондын зорчих тасалбарууд зэргийг баримтаар гарган нэхэмжилсэн ба шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангасан, ажил олгогчийн түүнийг хууль бусаар ажлаас халсантай шалтгаант холбоотой тул хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн замын зардалд нийт 65,200 төгрөг, зочид буудлын төлбөрт 150,000 төгрөг, нотариатын зардалд 19.200 төгрөг, нийт 234,400 төгрөгийг хөдөлмөрийн гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд тооцон хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Г.А нь бусдаас хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэх нь зохигчийн эрхийн асуудал бөгөөд “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн мөнгийг зайлшгүй гарах зардалд хамааруулан үзэх боломжгүй байх тул өмгөөлөгчийн зардалд 1,500,000 төгрөгийг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, болон 40.1.1-д заасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдоогүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.4, 40.5-д заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч Г.Аг урьд эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүтэй тэнцэх олговор болон хохиролд нийт 670,352 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 1,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасантай нийцүүлэн /70,200 төгрөг+13,728 төгрөг/ нийт 83,928 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, хариуцагчаас 7,682 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Ад олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аг Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, бага цалинтай ажил хийж байсан үеийн зөрүүтэй тэнцэх олговор болон хохиролд нийт 670,352 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83,928 төгрөгийг гаргуулж улсын орлого оруулж, хариуцагчаас 7,682 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС