Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 1672

 

Г.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01059 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Адъяасүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдох

           

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай “Албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Г.Адъяасүрэнг Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн зөрүү гаргуулах, хохирол болох тээврийн зардалд 65.200 төгрөг, зочид буудалд байрласан 3 хоногийн төлбөр 150.000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд гарсан төлбөр өмгөөлөгчийн үйлчилгээний төлбөрт нийт 1.734.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   Л.Жавзмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Адъяасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаартай тушаалаар намайг Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2017 онд хамтран ажиллах тухай Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой "Үр дүнгийн гэрээ" байгуулсан нь Ус цаг, уур орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу "зөвшилцсөн"-ий нотолгоо гэж үзэж байна. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин Б/10 тоот тушаал гаргаж намайг Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалаас чөлөөлж тушаал гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Төрийн албан хаагчийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас халах үндэслэлийг заавал тусгасан байх ёстой байтал үндэслэлийг тодорхойлон дурдалгүйгээр тушаал гаргасан мөн албаны даргыг ажлаас чөлөөлөхөд нь аймгийн Засаг даргатай зөвшилцөх ёстой байтал зөвшилцөлгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Миний бие Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Цаг уурт зориудаар нөлөөлөх асуудал хариуцсан технологич инженерээр томилогдсон бөгөөд цалингийн шатлалыг ТҮ-8 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалинжуулан 741.000 төгрөгөөр тооцон авч байсан. Би албаны даргын албан тушаалд ажиллаж байхдаа ТҮ-11 зэрэглэлээр цалинжиж 1 сарын 850.000 төгрөгийн цалин авдаг байсан тул цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилж байна.

Би Цаг уур орчны шинжилгээний газрын даргын хууль бус ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн шийдвэрээс үүдэн гарсан хохирол болох Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирсэн хот хоорондын зорчигч тээврийн ирсэн зардалд 32.600 төгрөг, буцсан зардалд 32.600 төгрөг, Улаанбаатар хотод шүүхэд хандахаар ирж зочид буудалд байрласан 3 хоногийн төлбөр 150.000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд 19 200 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 1.500.000 төгрөг нийт 1.734.400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй гэжээ.

 

Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Байгаль орчин аялал жуучлалын сайдын "Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, "Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" 2016 оны А/32 дугаар тушаал гарсан. Уг тушаалд заасны дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/81 дугаар тушаал гарч Цаг уур, орчны шинжилгээний газрын болон харьяа аймаг хотын албадыг газар болгож, агентлагийн зохион байгуулалтын бүтэц шинээр батлагдсантай холбогдуулан дээрх хөтөлбөрт тусгасан стратеги зорилт үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэн бүх аймаг хотын албадын дарга нарьн чөлөөлж, газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан. Нэхэмжлэгч Г.Адъяасүрэн тус газрын харьяа Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн, газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар маргадаггүй, харин түүнийг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн талаар маргаан гаргажээ гэж үзэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын дээрх тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4-д заасан шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй. Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу “...хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байр”-аар хангаж, Г.Адъяасүрэн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газарт мэргэжлийн дагуу инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь түүний эрх зөрчигдөөгүй мөн хохирол нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Адъяасүрэнг Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, бага цалинтай ажил хийж байсан үеийн зөрүүтэй тэнцэх олговор болон хохиролд нийт 670.352 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83.928 төгрөгийг гаргуулж улсын орлого оруулж, хариуцагчаас 7.682 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

...Нэхэмжлэгч нь Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэхүү тушаалаар 2 асуудлыг шийдвэрлэсэн ба Г.Адъяасүрэнг "...орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн", мөн Хөвсгөл аймгийн ...боловсон хүчний мэдэлд шилжүүлэн Хөвсгөл аймгийн ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын Б/01 тушаалаар "...инженер"-ээр томилогдон ажиллаж байгаа тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч шилжүүлэн ажиллуулсан асуудалд гомдол гаргаагүй маргадаггүй. Зөвхөн "...орлон гүйцэтгэгчийн үүрэгт албан тушаалаас чөлөөлж, эрх зөрчсөн гэж маргасан байдаг. Гэтэл шүүх "Ажил олгогчийн Б\10 дугаар тушаалд ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тодорхойлоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ" гэж дүгнэсэн. Чөлөөлөх болсон үндэслэлийг шүүх зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл тусгагдаагүй гэсэн хязгаарлагдмал байдлаар дүгнэжээ.

Г.Адъяасүрэнг ажиллаж байх үед хэрэгжиж байсан Байгаль орчин аялал жуучлалын сайдын "Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" 2015 оны А\77 дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны 1\5972 тоот дүгнэлт, зөвлөмж, "Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" 2016 оны 9 дүгээр сарын 2-ны А\32 дугаар тушаал гарсан ба уг сайдын тушаалыг хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалтын ажил явагдаж эхэлснийг Г.Адъяасүрэн мэдсэн. Шүүх нэхэмжлэгч эрх зөрчигдсөнөө мэдэх ёстой байсан эсэхийг дүгнээгүй учраас хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон гэж үзэж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А\129 тушаалаар "Аймаг, хотын Ус цаг уур орчны шинжилгээний газрын дүрэм, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвч..." шинээр гарсан. Иймээс Аймаг хотын ус цаг уур орчны шинжилгээний албад нь газар болсон нь зөвхөн нэр өөрчлөгдсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Тус газар нь босоо удирдлагатай төрийн байгууллага тул 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А\92 дугаар тушаал, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б\10 дугаар тушаал гаргасан нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн хууль зөрчөөгүй.
          Нэхэмжлэгч Г.Адъяасүрэн ажлаас чөлөөлж, ТҮ-11 шатлалын цалинг ТҮ-8 зэрэглэлээр бууруулан цалинжуулж байгаа асуудал гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг. Гэтэл Төсвийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нь эрх бүхий байгууллагаас баталж тогтоосон төсөв, цалингийн сангийн хэмжээнд цалинжиж байгаа мөн төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдыг цалингийн хэмжээнээс хамаарахгүйгээр өөр ажил албанд шилжүүлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар зохицуулсан байна. Иймээс Г.Адъяасүрэнг дээрх "...хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байр"-аар хангаж, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газар мэргэжлийнх нь дагуу инженерийн албан тушаалд томилсноос түүний эрх зөрчигдөөгүй Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн гэж үзэж байна.

 Анхан шатны шүүх Т.Адъяасүрэнг Хөвсгөл аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь биелэгдэх боломжгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил гэсэн ажлын байр, албан тушаал байхгүй болсон бодит нөхцөл байдалд шүүх үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Г.Адъяасүрэн нь хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газарт холбогдуулан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай “Албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Г.Адъяасүрэнг Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, мөн нийт 1.734.400 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Ажил олгогч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлдээ “…Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/81 дугаар тушаал гарч Цаг уур, орчны шинжилгээний газрын болон харьяа аймаг хотын албадыг газар болгож, агентлагийн зохион байгуулалтын бүтэц шинээр батлагдсантай холбогдуулан дээрх хөтөлбөрт тусгасан стратеги зорилт үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэн бүх аймаг хотын албадын дарга нарьн чөлөөлж, газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан” гэсэн тайлбарыг гаргасан байна.

 

 Нэхэмжлэгч Г.Адъяасүрэн нь Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 117 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний албаны даргаар томилогдон ажиллаж байсан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн А/81 дүгээр тушаалаар Г.Адъяасүрэнг Хөвсгөл аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний албаны даргаар албан үүргээс чөлөөлж, Хөвсгөл аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байсан үйл баримт тогтоогдсон, талууд уг асуудлаар маргаагүй.

 

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 тоот тушаалаар Хөвсгөл аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас 2017 оны 1  дүгээр сарын 16-ны өдөр тасалбар болгож чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон цуцалжээ.

 

Ажил олгогч 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэжээ.

 

Ажил олгогчийн 2017 оны Б/10 тоот тушаал нь хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлүүдээ тодорхойлон заагаагүй Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн заалтыг баримтлаагүй хууль зөрчсөн байна.

 

Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн А/81 тоот “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” тушаал, түүний хавсралтуудаар тус газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор захиргаа хамтын ажиллагаа Цаг уур, Орчны шинжилгээ,  Архив мэдээлэл, Санхүү , аж ахуй гэсэн хэлтсүүдийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлж, 2016 оны 9 дүгээр 1-ний өдрөөс эхлэн Урьдчилан мэдээлэх, Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээ, Удирдлага төлөвлөлт, хамтын ажиллагаа, Орчны шинжилгээ, Архив мэдээллийн хэлтсүүдийн албан хаагчдыг ажилд томилж шийдвэрлэн, 2016 оны 9 дүгээр 29-ний өдрийн А/92 тоот “Ажлаас чөлөөлөх, томилох тухай” тушаал, түүний хавсралтуудаар аймаг, хотын ус цаг уур орчны шинжилгээний албаны дарга нарыг ажлаас чөлөөлж, аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилж шийдвэрлэсэн байна.

 

Ажил олгогчийн дээрх Б/10 тоот Г.Адъяасүрэнг Хөвсгөл аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажил үүргээс чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ заагаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

 

Шүүх нэхэмжлэгч Г.Адъяасүрэнг Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, бага цалинтай ажил хийж байсан үеийн зөрүүтэй тэнцэх олговор болон хохиролд нийт 670.352 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардалд 1.500.000 төгрөгийг зайлшгүй гарах зардалд хамаарахгүй гэж үзэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах  боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

                 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

                       ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

                                                                          Ц.ИЧИНХОРЛОО