Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 181/шш2017/00371

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 01-ний өдөр Дугаар 181/ШШ2017/00371 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т.Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.А-д холбогдох

2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, өмгөөлөгч Х.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4458 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18960 дугаар захирамжийн дагуу Г.А Т.Э ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд эвлэрэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.

Тус гэрээний 3.2-т талууд төлбөр гаргуулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нөхцөлүүдийг харилцан тохирсон бөгөөд ингэхдээ төлбөр авагчид 30 000 000 төгрөг бэлнээр төлөх, үлдсэн 30 000 000 төгрөгт төлбөр авагчийн олсон рекламыг цацан хохирлыг 100 хувь барагдуулахаар заасан юм.

Мөн уг заалтаар гэрээний үйлчлэх хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байхаар, энэ хугацаанд төлбөр авагч реклам олж цацаагүй тохиолдолд төлбөр төлөгч хариуцлага хүлээхгүй, дээрх хугацаа дууссанаар 4458 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэсэнд тооцож ажиллагааг дуусгахаар тохирсон.

Т.Э ХХК дээрх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, гэрээний хугацаа дуусахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид удаа дараа тавьсан боловч төлбөр авагч дахин гомдол гаргаад хэл ам хийгээд яваад байна, уулзаж чадахгүй байна, хүсэлтийг нь авч байж хаана гэсээр өнөөдрийг хүрсэн юм.

Иймд Г.Аны 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т: төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн, 16.1.3-т: төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4458 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Э ХХК-аас 82 452 188 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 570 210 төгрөгийг гаргуулж Мюзик холл ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатарын 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Т.Э ХХК нэр бүхий 28 хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж төлбөр төлөгчийн хадгалалт, хамгаалалтад үлдээж, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн.

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд талууд харилцан үүргээ биелүүлээгүй, төлбөр авагч Мюзик холл ХХК нь хэт нэг талын эрх ашгийг баримталсан, хууль зүйн хувьд хангагдах боломжгүй гэрээ байсан, төлбөр төлөгч Т.Э ХХК нь төлбөр авагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь бидний буруу биш шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаж маргаж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болоогүй, талууд харилцан тохиролцоогүй 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн талуудын харилцан тохиролцож баталсан Төлбөр барагдуулах гэрээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй учир Г.А нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байгаа.

Иймд Т.Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрт заасан төлбөр бүрэн барагдаагүй. Гэрээгээр тохирсон төлбөрийн нөхцлөөс 53 000 000 төгрөг төлөгдөөгүй. Төлбөр барагдуулах гэрээг талуудын эвлэрсэн тодорхойлолт гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

Т.Э ХХК нь Г.Анд холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийг А.Машмаа төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийг төлөөлөх шаардлагыг хангасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Т.Э ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газарт гаргасныг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэнд тооцов.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4458 дугаар шийдвэрээр Т.Э ХХК-иас 82 452 188 төгрөгийг гаргуулан Мюзик холл ХХК-д олгохоор шийдвэрлэж, холбогдох гүйцэтгэх хуудсыг олгосны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагджээ.

Г.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн тогтоосон хэм хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж байгаа гэж үзэх үндэстэй байна.

 

2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлбөр авагч Мюзик холл ХХК, төлбөр төлөгч Т.Э ХХК нар нь Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, дараах нөхцлийг тохирсон байна:

- Т.Э ХХК буюу Эх орон телевиз 30 000 000 төгрөгийг бэлнээр төлөх, үлдсэн 30 000 000 төгрөгийн үнийн дүнд өөрийн телевизийн эфирээр реклам, зар сурталчилгааг цацаж хохирлыг 100% бартераар барагдуулах,

- Үлдсэн 23 000 000 төгрөгийг олон ангит кино нийлүүлэх тухай 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний 1.4-т заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар орж тооцогдсон 15 000 000 төгрөг хасагдан, кино группын ажилчдын хоолны зардалд 8 000 000 төгрөгийг хасаж тооцох,

- 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Мюзик холл ХХК өөрсдийн олсон реклам,зар сурталчилгааг Эх орон телевизийн эфирээр гаргах,

- 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дууссанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэсэнд тооцох.

Талууд гэрээг байгуулахдаа 23 000 000 төгрөгийг харилцан тохиролцож төлөгдсөнд тооцсон байх ба мөн 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөгийг төлбөр төлөгчөөс шилжүүлсэн байна. Эндээс үзэхэд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4458 дугаар шийдвэрээр тогтоосон төлбөрөөс 29 452 188 төгрөг төлөгдөөгүй үлджээ.

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөр бүрэн барагдаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох үндэслэл тогтоогдохгүй учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь Төлбөр барагдуулах гэрээ-ний хэрэгжих хугацаа дууссан тул гэрээнд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох ёстой, энэ гэрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрч гаргасан тодорхойлолтод хамаарна гэж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Учир нь Төлбөр барагдуулах гэрээ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад асуудлыг шийдвэрлэх үүднээс байгуулсан тохиролцоо бөгөөд харин хуульд заасан тодорхойлолт гэдэг нь талуудын маргаагүй байдлаар гарах ёстой.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр авагч болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс шийдвэрт заагдсан төлбөр барагдаагүй гэдгийг тодорхой тайлбарласан. Мөн Төлбөр барагдуулах гэрээ-нд гэрээний хугацаа дууссанаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгана гэж заасан нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчмыг зөрчсөн, төлбөр авагчийн шаардах эрхийг хязгаарласан тул гэрээний энэ заалтын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох боломжгүй байна.

 

Г.Аны 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор төлбөр төлөгчийн хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа нь хуульд нийцсэн байх ба энэ талаар мэтгэлцээний тодорхой байр суурийг нэхэмжлэгч тал гаргаагүй.

Иймд эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Өгсөн дүгнэлтийн хүрээнд шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрөөс 29 452 188 төгрөг төлөгдөөгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд зааснаар дуусгавар болгох үндэслэл тогтоогдохгүй, эд хөрөнгө битүүмжлэх болон бусад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн байх тул 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Анд холбогдуулан гаргасан 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгуулах тухай Т.Э ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ