Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/00888

 

“Тэнгэрлэг эх орон” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00371 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 906 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Тэнгэрлэг эх орон” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4458 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18960 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Тэнгэрлэг эх орон” ХХК-д холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрч, 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж, төлбөр гаргуулах болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нөхцлүүдийг харилцан тохирсон бөгөөд төлбөр авагчид 30 000 000 төгрөг бэлнээр төлөх, үлдсэн 30 000 000 төгрөгт төлбөр авагчийн олсон рекламыг цацан хохирлыг 100 хувь барагдуулахаар заасан.

Мөн гэрээний үйлчлэх хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байхаар, энэ хугацаанд төлбөр авагч реклам олж цацаагүй тохиолдолд төлбөр төлөгч хариуцлага хүлээхгүй, дээрх хугацаа дууссанаар 4458 дугаар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэнд тооцож ажиллагааг дуусгахаар тохирсон.

“Тэнгэрлэг эх орон” ХХК гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж, гэрээний хугацаа дуусахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид удаа дараа тавьсан боловч “төлбөр авагч дахин гомдол гаргаад хэл ам хийгээд байна, хүсэлтийг нь авч байж хаана” гэсээр өнөөдрийг хүрсэн тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

…Шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 дугаар тогтоолоор “Тэнгэрлэг эх орон” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилж төлбөр төлөгчийн хадгалалт, хамгаалалтад үлдээж, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл өгсөн. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаанд талууд харилцан үүргээ биелүүлээгүй, төлбөр авагч “Мюзик холл” ХХК нь хэт нэг талын эрх ашгийг баримталсан, хууль зүйн хувьд хангагдах боломжгүй гэрээ байсан, төлбөр төлөгч “Тэнгэрлэг эх орон” ХХК нь төлбөр авагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь бидний буруу биш шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаж маргаж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дуусгавар болоогүй, талууд харилцан тохиролцоогүй, төлбөр барагдуулах гэрээгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй учир ажиллагааг хуульд заасны дагуу явуулж байгаа.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мюзик холл” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэрт заасан төлбөр бүрэн барагдаагүй. Гэрээгээр тохирсон төлбөрийн нөхцлөөс 53 000 000 төгрөг төлөгдөөгүй. Төлбөр барагдуулах гэрээг талуудын эвлэрсэн тодорхойлолт гэж үзэхгүй. Төлбөр авагч тал үүрэг гүйцэтгэх замаар төлбөрөө авах заалт оруулснаар ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан байдаг. Гэрээ дуусгавар болсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтээ ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах ёстой байсан боловч энэ боломжоо алдсан.

 Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00371 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 139/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгуулах тухай “Тэнгэрлэг эх орон” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 906 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00371 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Тэнгэрлэг эх орон” ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...“Тэнгэрлэг эх орон” ХХК, “Мюзик холл” ХХК 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд “2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасан “талуудын эвлэрлийг баталсан тодорхойлолт” гэж үзэж байна. Төлбөр төлөгч “Тэнгэрлэг эх орон” ХХК гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тул гэрээний дээрх зүйл заалтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн юм.

Дээрх гэрээг талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд байгуулсан бөгөөд уг ажиллагааг дуусгавар болгохоор тохиролцсон талуудын эвлэрэл юм.

Талууд уг гэрээг шийдвэр гүйцэтгэгчийн заавар зөвлөмжөөр, түүнийг байлцуулан байгуулсан тул “эвлэрлийн талаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдохгүй байна” гэсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлбөр авагч тал гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасны улмаас тухайн эвлэрлийн гэрээг байгуулахыг зөвлөсөн шийдвэр гүйцэтгэгч Үүлэн-Солонго гүйцэтгэх баримт бичгийг хаалгүй өдийг хүрсэн юм. Шийдвэр гүйцэтгэгч Үүлэн-Солонго нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэж байсан эрх бүхий этгээд бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох энэхүү гэрээг түүний заавар зөвлөгөөгөөр талууд байгуулж, дээрх хугацаа дуусмагц шийдвэр гүйцэтгэгч ажиллагааг дуусгавар болгохоор харилцан тохирсон байсан. Шүүх “маргаан таслах” чиг үүргийнхээ хүрээнд талуудын хооронд байгуулсан эвлэрлийг илэрхийлсэн баримт бичиг болох гэрээг агуулгаар нь бүхэлд нь хянах байтал гэрээ нь тодорхойлолт биш юм гэсэн өнгөц дүгнэлт хийлээ гэж үзэж байна. Талуудын эвлэрлийг илэрхийлсэн тодорхойлолт нь ямар ч хэлбэрээр байж болох юм.

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч “Тэнгэрлэг эх орон” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэлийг татгалзаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох үндэслэл үүсээгүй гэж тайлбарлажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 4458 дугаар шийдвэрээр “Тэнгэрлэг эх орон” ХХК-иас 82 452 188 төгрөг гаргуулан “Мюзик холл” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийг “Тэнгэрлэг эх орон” ХХК сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн гүйцэтгэх бичиг баримтын дагуу хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна.

 

Төлбөр төлөгч “Тэнгэрлэг эх орон” ХХК  болон төлбөр авагч “Мюзик холл” ХХК нь төлбөр барагдуулах талаар хоорондоо тохиролцож, гэрээ байгуулсан байх боловч тохиролцооны дагуу төлбөрийг барагдуулаагүй, гэрээний талуудын хэн алин нь үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэжээ. Шүүхийн уг дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3.-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3.-т зааснаар  төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаадаг байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд өөр хоорондоо төлбөр барагдуулах арга, журмын талаар тохиролцсон боловч уг тохиролцоогоо биелүүлээгүй, улмаар шүүхийн шийдвэр биелэгдээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаар харилцан тохиролцож, тодорхойлолт гаргаагүй нөхцөлд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм. 

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3.-т заасан зохицуулалтыг тухайн маргаанд хамааруулан зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00371 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 906 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН