Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2020/01540

 

 

 

2020 оны 06 сарын 08 өдөр Дугаар 181/ШШ2020/01540 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  М.О

 

Хариуцагч: Н.Х

 

Хариуцагч: Д.О нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 45,000,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 12,900,000 төгрөг, алданги 28,950,000 төгрөг, нийт 86,850,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гэрч С.М, О.Х, нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О би Н.Х-т 2018.05.21-ний өдөр 45,000,000 төгрөгийг 2019.05.21 хүртэл 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018.05.21-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Н.Х-ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67б байр 806 тоот байршилтай 53,3 мкв хоёр өрөө байрыг барьцаалсан байгаа. Ингээд зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгийг дансаар хүлээлгэж өгөхөөр тохиролцсоны дагуу 2018.05.21-ний өдөр Н.Х-ын Хас банкны 5000404923 тоот данс руу шилжүүлсэн. Хариуцагч Н.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг 2018.09.21-ээс өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа юм. Иймд гэрээгээр тохиролцсоны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Н.Х 45,000,000 төгрөгөө би өөрөө дарна гэж бичсэн. Би хууль зүйн мэдлэг дутуу учраас хоёулангаар нь гарын үсэг зуруулсан. Хууль зүйн мэдлэгтэй байсан бол Н.Х-аар зуруулах байсан байна. Би Н.Х-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн төлбөр 45,000,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 12,900,000 төгрөг, алданги 28,950,000 төгрөг, нийт 86,850,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байна.

Мөн үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67б байр, 806 тоот байршилтай, 53,3 мкв хоёр өрөө байр /үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаар Ү-2206050192/ зүйлээр хангуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.О-тэй байгуулсан зээлийн гэрээг Н.Х, Д.О нар хамтран байгуулсан. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр О.Х Д.О-ийн эзэмшлийн 99118232 дугаарыг 35,500,000 төгрөгөөр зарж, уг зээлээс хасуулахаар тохиролцсон.

2018 оны 9 сарын байдлаар уг зээлийн хүүнд 9,800,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 05-нд 500,000 төгрөг,2019 оны 9 дүгээр сарын 03-нд 1,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 3,600,000 төгрөг, нийт 14,900,000 төгрөгийн хүү төлсөн байна. 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс гэрээ дуусгавар болж байгаа учраас хүүг дахиж тооцох боломжгүй. Жилийн 21,600,000 төгрөгийн хүүтэй гэж үзвэл 14,900,000 төгрөгийг төлсөн байна. Өөр гэрээний үүрэг гэж байхгүй. Үүнээс үлдэх нь 6,700,000 төгрөгийн хүүний үлдэгдэл байна.

Хоёрдугаарт, 45,000,000 төгрөг зээлдүүлсэн бол Иргэний хуульд заасан анз тооцох заалтын дагуу 45,000,000 төгрөгийн 50 хувь болох 22,500,000 төгрөгийн алданги тооцох үндэслэлтэй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Н.Х, Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг, алданги 25,200,000 төгрөг, нийт 70,200,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.О нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндсэн зээл 45.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 14.400.000 төгрөг, алданги 29.700.000 төгрөг, нийт 89.100.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн болно.

 

Уг маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа 2,250,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Н.Х-аас үндсэн төлбөр 45,000,000 төгрөг, хүү 12,900,000 төгрөг, алданги 28,950,000 төгрөг буюу нийт 86,850,000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан бөгөөд хариуцагч Д.О-тэй холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талууд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээгээр нэхэмжлэгч М.О-ээс 45,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр хариуцагч Н.Х, Д.О нар нь зээлж авсан ба хариуцагч нар нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн дотор зээлийн хүүг сар тутамд, үндсэн зээлийг хугацааны эцэст нэхэмжлэгчид төлөхөөр, хэрэв хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Мөн өдөр М.О, Н.Х нар Барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206050192 дугаарт Н.Хын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67 б байр, 806 тоот хаягт байршилтай, 53.3 мкв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

 

Зээлийн болон барьцааны гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т тус тус нийцсэн, хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч М.О нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр охин О.Х-ийн данснаас Н.Хт М.Огээс гэсэн утгатай 45,000,000 төгрөгийг хариуцагч Н.Х-ын эзэмшлийн Хас банкны 5000404923 тоот данс руу шилжүүлсэн байх тул шүүх нэхэмжлэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч Н.Х, Д.О нар нь зээлийн үндсэн төлбөр 45,000,000 төгрөг, зээлийн 12 сарын хүү нийт 21,600,000 төгрөг /12 сар*сарын хүү 1,800,000/ төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн байна.

 

Хариуцагч Н.Х, Д.О нар нь дээрх зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрт нийт 50.400.000 төгрөг төлсөн, алдангийг үндсэн зээлээс тооцох үндэслэлтэй гэсэн тайлбарыг, нэхэмжлэгч М.О нь хариуцагч нараас зээлийн төлбөрт нийт 7,200,000 төгрөгийг авсан, өөр төлбөр төлөгдөөгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.

 

Зээлдэгч нар 2018 оны 6, 7, 8, 9 дүгээр сарын хүүнд нийт 7,200,000, 2019 оны 7 дугаар сарын 05-нд 500,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлсөн үйл баримт талуудын маргаагүй тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал 2019.05.29-ний өдөр Д.О-ийн эзэмшлийн 99118232 дугаарыг 35.500.000 төгрөгөөр зарсан, уг зээлээс хасуулна, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн гэж байгаа боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 45,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагч тал зээлийн 12 сарын хүү нийт 21,600,000 төгрөгөөс 2018.07.02-ны өдөр 5,800,000 төгрөг, 2018.12.14-ний өдөр 4,000,000 төгрөг, 2019.07.05-ны өдөр 500,000 төгрөг, 2019.09.03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019.05.29-ний өдөр 3,600,000 төгрөг нийт 14.900.000 төгрөг нийт 14,900,000 төгрөгийг төлсөн гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч тал О.Х-ийн дансаар Д.О-ийн 2018.07.02, 2018.12.14-ний өдөр тус тус төлсөн 9,800,000 төгрөгөөс 7,200,000 төгрөг нь 45,000,000 төгрөгийн зээлийн хүү, үлдсэн 2,600,000 төгрөг нь Д.О-ийн 99118232 дугаар, Range rover машин барьцаалж, 2018 оны 07 дугаар сарын 02-нд авсан зээл-ийн хүү, 2019.05.29-ний өдрийн С.Мөнх-Эрдэнийн данснаас О.Х-ийн данс руу О-эс зээлийн төлбөр дуусгав гэсэн утгатай шилжүүлсэн 3.600.000 төгрөгийг мөн өөр зээлийн хүү гэж тайлбарладаг боловч хэрэгт хариуцагч нартай холбоотой өөр зээлийн гэрээ авагдаагүй учраас дээрх төлбөрүүдийг өөр зээлийн төлбөр гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч тал зээлийн хүүнд 2018.07.02-ны өдөр 5,800,000 төгрөг, 2018.12.14-ний өдөр 4,000,000 төгрөг, 2019.07.05-ны өдөр 500,000 төгрөг, 2019.09.03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019.05.29-ний өдөр 3,600,000 төгрөг нийт 14.900.000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлсөн болох нь гэрч О.Х, С.М нарын гэрчээр өгсөн мэдүүлэг болон депозит дансны хуулгаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч талаас зээлийн гэрээний хүүнд /21,600,000-14,900,000/ 6,700,000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

 

Зээлийн гэрээ-ний 2.7-д Зээлдэгч гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг зээлдүүлэгч талд төлнө гэж талууд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн талаар тохиролцжээ.

 

Хариуцагч тал алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс буюу 45,000,000 төгрөгөөс тооцох нь зүйтэй гэж маргасан боловч зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэг нь үндсэн зээл, гэрээнд заасан бол хүү, тодруулбал, үндсэн зээл+гэрээний хугацааны хүү хоёрын нийлбэр дүн болох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтын агуулгад тусгагджээ.

 

Иймд гэрээний хугацаа 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр дууссан, хариуцагч нар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болох тул алдангийг гэрээнд заасан төлбөр төлж барагдуулах 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэлх 193 хоногийн хугацаагаар тооцож үзэхэд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /45,000,000+6,700,000=51,700,000х0.5%=258,500х193=49,890,500/ төгрөг болж байна.

 

Хариуцагч талаас гаргуулах алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн /45,000,000+6,700,000/ 51,700,000 төгрөгийн 50 хувь болох 25,850,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь хариуцагч Н.Х-аас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул хариуцагч Н.Х-аас үндсэн зээлд 45,000,000 төгрөг, зээлийн хүүнд 6,700,000 төгрөг, алдангид 25,850,000 төгрөг, нийт 77,550,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,300,000 төгрөг, хариуцагч Д.О-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн хариуцагч Н.Х нь сайн дураар шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл Иргэний хуулийн 169 дугаар зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ү-2206050192 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67 б байр, 806 тоот 53,3 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Н.Хаас 77,550,000 төгрөгийг гаргуулж М.Од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,300,000 төгрөгт холбогдох шаардлагыг, хариуцагч Д.О-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Ү-2206050192 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67 б байр, 806 тоот 53,3 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Х-аас 545,700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.ЭНХЦЭЦЭГ