Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01657

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/01657

 

 

 

М.О -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01540 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.О гийн хариуцагч Н.Х ,  Д.О нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 86 850 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Н.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.О , түүний өмгөөлөгч Р.Мухийт, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Х т 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 45 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Н.Х ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67б байр 806 тоот, 53.3 м.кв хоёр өрөө байрыг барьцаалсан. Ингээд зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн мөнгийг дансаар хүлээлгэж өгөхөөр тохиролцсоны дагуу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Н.Х ын Хас банкны 5000404923 тоот данс руу шилжүүлсэн. Хариуцагч Н.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа юм. Иймд гэрээгээр тохиролцсоны дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 45 000 000 төгрөг, зээлийн хүү 12 900 000 төгрөг, алданги 28 950 000 төгрөг, нийт 86 850 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.О тэй байгуулсан зээлийн гэрээгН.Х Д.О нар хамтран байгуулсан. 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр О.Х, Д.О ийн эзэмшлийн 99118232 дугаарыг 35 500 000 төгрөгөөр зарж, уг зээлээс хасуулахаар тохиролцсон.

2018 оны 9 дүгээр сарын байдлаар уг зээлийн хүүд 9 800 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 500 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 29-ний өдөр 3 600 000 төгрөг, нийт 14 900 000 төгрөгийн хүү төлсөн байна. 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс гэрээ дуусгавар болж байгаа учраас хүүг дахиж тооцох боломжгүй. Жилийн 21 600 000 төгрөгийн хүүтэй гэж үзвэл 14 900 000 төгрөгийг төлсөн байна. Өөр гэрээний үүрэг гэж байхгүй. Үүнээс үлдэх нь 6 700 000 төгрөгийн хүүний үлдэгдэл байна. 45 000 000 төгрөг зээлдүүлсэн бол Иргэний хуульд заасан анз тооцох зохицуулалтын дагуу 45 000 000 төгрөгийн 50 хувь болох 22 500 000 төгрөгийн алданги тооцох үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан Н.Х аас 77 550 000 төгрөгийг гаргуулж М.О д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 300 000 төгрөгт холбогдох шаардлагыг, хариуцагч Д.О эд холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгө болох Ү-2206050192 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 67 б байр, 806 тоот 53,3 мкв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 761 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Х аас 545 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх алдангийг тооцохдоо үндсэн зээлийн төлбөр дээр хүүгийн төлбөрийг нэмж, үүнээс алданги тооцож байгаа нь энэ талаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үндсэн зээлийн үлдэгдлээс алданги тооцох боломжтой ч зээлийн хүүгээс алданги тооцож, яг тэдэн төгрөг гэх боломжгүй юм. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлвол, шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тооны мөнгийг буцаан өгөх үүрэгтэй. Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт хүү тогтоож болохыг хуульчилсан заалт нь шууд утгаараа гүйцэтгээгүй үүрэгт хамааруулах тухай ойлголт биш гэж үзэж байна. Нөгөө талаар зээлийн хүү гэдэг нь зээлийн үндсэн төлбөр биш бөгөөд уг зээлийн мөнгийг ашигласны төлөө нэмэлтээр тооцогдож байгаа болохоос бодитоор зээлдэгчид олгогдсон мөнгө биш юм.

Мөн М.О , О.Х нар Отгонсүх 9911 ...дугаарыг 2019 оны 5 дугаар сард 35 500 000 төгрөгөөр зарсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. О.Х гийн гэрчийн мэдүүлэгт байдаг. Энэ тооцоог 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 45 000 000 төгрөгийн зээлийн төлбөрөөс хасч тооцох ёстой байсан. Үндсэн зээлээс төлсөн төлөлтийг тооцож гаргаагүйгээс алдангийн тооцоолол ч үндэслэлгүй байна.

Иймд үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийн нийлбэр дүнгээс алданги /45 000 000 + 6 700 000/ 51 700 000 төгрөгийн 50 хувь болох 25 850 000 төгрөг нь алданги/ тооцсон шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул хүүгийн төлбөр 6 700 000 төгрөгөөс алданги тооцсон хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөд барьцаалбар хийгдээгүй учраас шууд барьцааны үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй. Барьцаа хөрөнгө гэдэг үүргийг биелүүлэхгүй байгаа тохиолдолд үүргийг хангуулах эцсийн арга болохоос төлбөр төлөх эхний боломж биш юм. Ерөөсөө шууд л тэргүүн ээлжинд үл хөдлөх хөрөнгеөр үүргийг хангуулах юм бол Н.Х аас 77 550 000 төгрөгийг гаргуулах шийдвэр шаардлагагүй бөгөөд 77 550 000 төгрөгийн үүргийг уг үл хөдлөх хөрөнгөөр хангуулж шийдэх нь ёстой байсан гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан байхад шүүх байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч М.О нь хариуцагчН.Х Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.О ээс татгалзан, хариуцагч Н.Х аас зээлийн гэрээний үүрэгт 86 850 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаа дэмжин оролцсоныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

М.О ,Н.Х Д.О нар 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу зээлдүүлэгч нь 45 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч тал зээлийн хүүг сар тутамд, үндсэн зээлийг гэрээний хугацаа дуусахад төлөх үүргийг тус тус хүлээсэн, гэрээний дагуу зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчийн данс руу шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зээлийн гэрээ, М.О , охин О.Х нарын Голомт банкинд хамтран эзэмшдэг 1905007661 тоот дансны хуулга, талуудын тайлбар, гэрч О.Х гийн мэдүүлэг зэрэг баримтуудыг үндэслэн зөв тогтоосон байна. /хх-6, 22, 218,231-232, 234/ Улмаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заасантай нийцжээ.

Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй, зээлийн тооцоолол, гүйцэтгээгүй үүрэгт зээлийн хүү хамаарах, түүнээс алданги тооцох хуулийн үндэслэлийн талаар маргаж байна.

Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ... Д.О ийн эзэмшлийн 9911 .... дугаарыг 35 500 000 төгрөгөөр тооцож, уг зээлээс хасахаар тохиролцсон гэж тайлбарлах боловч үүнийг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүйн гадна гэрч О.Х гийн ... тус тусдаа гэрээтэй, Д.О надтай дугаар барьцаалж 20 000 000 төгрөг зээлсэн, ... энэ зээлээ хаасан ... гэх мэдүүлэг, хэргийн 51-68 дахь талд авагдсан ХААН банкны депозит дансны мөнгөн шилжүүлгийн хуулбар зэрэг баримтыг няцааж, үгүйсгээгүй байна. /хх-218, 235/ Хэрэгт хариуцагчийг, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ, хугацаанд нь бүрэн биелүүлснийг нотолсон баримт авагдаагүй байх тул хариуцагч Н.Х аас зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Шүүх хариуцагчийн тайлбар, гэрч О.Х , С.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэг, ХААН банкны дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь харьцуулан үнэлээд хариуцагч Н.Х аас үндсэн зээл 45 000 000 төгрөг, зээлийн хүүд 6 700 000 төгрөг, алданги 25 850 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүйн гадна Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232 4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Хариуцагч тал зээлийн хүүг гүйцэтгээгүй үүрэгт хамааруулж, зээлийн хүүгээс алданги тооцсон нь үндэслэлгүй гэж маргасан ба энэ нь давж заалдах гомдлын нэг үндэслэл болжээ.

Талууд гэрээгээр хүү тогтоож, зээлдэгч Н.Х нь сар бүр 45 000 000 төгрөгт ногдох 4 хувийн хүүг, гэрээний хугацааны эцэст үндсэн зээлийг төлөх үүргийг хүлээсэн тул үндсэн зээл, зээлийн хүүгийн нийлбэрийг хариуцагчийн гүйцэтгэх үүрэг гэж үзнэ. Уг үүргээ хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд нь бүрэн биелүүлээгүй учир гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 45 000 000 төгрөг, зээлийн үлдэгдэл 6 700 000 төгрөг, нийт 51 700 000 төгрөгөөс алданги тооцон шаардах эрх нэхэмжлэгчид гэрээний 2.7, Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт зааснаар үүссэн.

Анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөв тайлбарлан, зээлийн үүргийн 50 хувьтай тэнцэх алдангийг хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн заасанд харшлахгүй байна. Иймд хариуцагчийн татгалзал, гомдол хуулийн үндэслэлгүй болно.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд:

Талууд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр барьцааны гэрээгээр Н.Х ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 67б байрны 806 тоот орон сууцыг 45 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан барьцааны гэрээгээр нотлогдсон байна. Анхан шатны шүүх гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч дээрх барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байна.

Хариуцагч Н.Х зээлийн гэрээний үүрэгт 77 550 000 төгрөг төлөх үүрэгтэй болохыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх тогтоож, энэ үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн заасантай нийцжээ. Иймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар шийдвэр гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, ашиг сонирхолд нь хохирол учруулсан, үүргээ зохих ёсоор буюу гүйцэтгээгүй этгээдийг хариуцагчаар татан оролцуулах нь нэхэмжлэгчийн эрх хэмжээ байдаг. Анхан шатны шүүх хариуцагч Н.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, Д.О ийг хамтран хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасныг буруу хэрэглэжээ. Гэвч уг алдаа нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй, мөн шийдвэрийн агуулгад нөлөөлөхөөргүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2020/01540 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Н.Х ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 192 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД