Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 181/шш2017/00341

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 30-ны өдөр Дугаар 181/ШШ2017/00341 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Ж ХХК холбогдох

2015 оны 5,10,11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, Н.Э, Э.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 800 000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажил олгогчийн зүгээс ажилд томилсон тушаал гаргаагүй байдаг.

М.Ж ХХК нь ажилчдын цалингаа тогтмол өгдөггүй, цалин дутуу бодох цалингаас нийгмийн даатгалын шимтгэл суутган авдаг байсан ч дэвтэрт бичилт хийдэггүй зэрэг зөрчлүүдийг байнга гаргадаг байсан. Ажилчдын зүгээс нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг шаарддаг байсан боловч компанийн удирдлагын зүгээс удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн.

Д.Б нь 2015 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа авч 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охиноо төрүүлсэн одоо жирэмсний дараах амралттай байна. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүйн улмаас жирэмсний өмнөх болон амаржсаны дараах тэтгэмжээ авч чадаагүй хохирсон.

Иймд 2015 оны 5,10,11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ж ХХК-д нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал байхгүй байх тул түүнийг яг хэзээнээс ажиллаж эхэлснийг тогтоох боломжгүй байна. Д.Б нь 2015 оны 5, 10, 11 дүгээр саруудад цалин хөлс аваагүй гэж нэхэмжлэл гаргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Шүүгчийн захирамжийн дагуу гаргаж өгсөн цалингийн хүснэгт, мөн хүснэгтэд дурдсан хугацаанд ажиллаж байсантай маргахгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтныг нийгмийн даатгалд хамруулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүргийг ажил олгогчид ногдуулдаг. Компани болон нэхэмжлэгчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх тул нийгмийн даатгалыг цалингаас суутган төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэг компанид үүсээгүй.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаа ажилд орох хүртэлх хугацаанд гэж тодотгож, 2015 оны 12 дугаар сараас жирэмсний амралтаа авсан гэх боловч тэрээр 2015 оны 12 дугаар сар хүртэл М.Ж ХХК-д ажиллаж байсныг болон түүний жирэмсний амралт, хүүхэд асрах чөлөө авсныг нотлох баримт байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Б нь М.Ж ХХК-нд холбогдуулан 2015 оны 5,10,11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орох хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах шаардлага нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл болохыг тодруулсан.

Д.Б нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өдөр охин Ц.Мөнх-Аялгууг төрүүлсэн гэх үйл баримт дээр талууд маргаагүй.

Хариуцагчийн зүгээс Д.Б нь тус компанид тасралтгүй ажиллаж байгаагүй, жирэмсний амралт аваагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэл нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журамтай боловч хариуцагч байгууллагад Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй /энэ талаар зохигчид маргаагүй/ байх тул шүүхийн журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Талуудын маргасан гол асуудал нь зохигчдийн хооронд хөдөлмөрийн харилцаа байсан эсэхэд оршиж байна.

2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд М.Ж ХХК-иас цалингийн орлого орсон талаарх нэхэмжлэгчийн ХААН банк дахь 5021291294 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 06698 дугаар захирамжийн дагуу хариуцагч байгууллагаас ирүүлсэн Д.Бийн 2015 оны 04, 06-09, 2016 оны 02 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт /уг баримтад эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй боловч шүүгчийн захирамжийн дагуу гаргаж өгсөн, мөн нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид энэ баримттай маргахгүй гэх тайлбарыг гаргасан, зохих тэмдэг дарагдсан тул үнэллээ/, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан ... 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хувьцаа эзэмшигч өөрчлөгдөхөөс өмнө ажиллаж байсан ажилчдын хөдөлмөрийн гэрээ, холбогдох тушаал гэж байхгүй, Д.Б нь манай гаргаж өгсөн цалингийн хүснэгтэд заасан хугацаанд л ажиллаж байсан ... гэх тайлбар зэргээр М.Ж ХХК болон Д.Б нарын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогджээ.

Д.Б нь хариуцагч байгууллагад ажиллаж байснаа тухайн байгууллагаас авч байсан цалингийн орлогоор нотлосон бол М.Ж ХХК нь цалин өгсөн тал дээр маргаагүйн дээр Д.Бийг тасралтгүй ажлаагүй гэсэн байр сууриа өөрийн нийт ажилчдад цалин олгосон хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан баримт, байгууллагын бүтэц орон тоотой холбоотой баримт зэргийг гаргаж өгөх замаар нотлоогүй. Ийнхүү хариуцагч талын мэтгэлцээний байр суурийн хүрээнд гаргаж өгөх боломжтой баримтыг дурдаж байгаа нь ажил олгогчийн хувьд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох эрх нь хариуцагчид байсанд оршино. Өөрөөр хэлбэл шүүх Д.Б-М.Ж ХХК-ийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэлт өгсөнтөй холбогдуулаад тухайн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх үйл баримт хэргийг хянан шийдвэрлэх явцад тогтоогдсонгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй тул хариуцагч М.Ж ХХК нь Д.Бтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авсан болон хөдөлмөрлөх явцад зохих эрх зүйн баримт бичгийг гаргаагүй буруутай гэж үзэв. Түүнчлэн Д.Б нь М.Ж ХХК-нд ажиллах хугацаандаа буюу хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байхад төрсөн болох нь баримтаар болон мэтгэлцээний явцад тодорхой нотлогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан ажил олгогч нь жирэмсний амралтын тушаал гаргаагүй гэх мэтгэлцээний байр суурийг хүлээн авах нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгох болохыг заасан.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар Д.Бийн 2015 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг Ногоолингранд ХХК тушаасан, харин үүнээс хойш ямар нэг албан байгууллагад харъяалагдаж нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байна.

Иймд өгсөн дүгнэлтийн хүрээнд Д.Бийн 2015 оны 10-11 дүгээр сарын цалинд 1 278 416 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг М.Ж ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас цалин 1 121 584 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдлоо гаргах эрхтэй болохыг заасан байдаг. Харин шүүхийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан зохицуулалт, хүүхэд төрүүлсэн нөхцөл байдал зэргийг харгалзаад Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасныг баримтлан Д.Бийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа болохыг дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ж ХХК-иас 1 278 416 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 121 584 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Д.Бийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг М.Ж ХХК-нд даалгасугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, М.Ж ХХК-иас 35 232 төгрөг гаргуулан Д.Бт олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ