Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02426

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02402 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М Ж Э К-ХХК-д холбогдох

 

2015 оны 5, 10, 11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Энхтэмүүлэн, Э.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамирын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Б- нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 800 000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Ажил олгогчийн зүгээс ажилд томилсон тушаал байхгүй, гаргаагүй гэдэг. М Ж Э К-ХХК нь ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй бөөгнөрүүлдэг. Хариуцагч нь хамтран ажиллах гэрээ хийж олсон орлогын цэвэр ашгийн тодорхой хувийг компанийн ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр ажиллаж байсан. Д.Б- нь 2015 оны 12 дугаар сард жирэмсний амралтаа авч 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охиноо төрүүлсэн одоо жирэмсний дараах амралттай байна. Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүйн улмаас жирэмсний өмнөх болон амаржсаны дараах тэтгэмжээ авч чадаагүй хохирсон. Иймд 2015 оны 5, 10, 11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Б- нь М Ж Э К-ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 800.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж байгаа боловч ажил олгогчид түүнийг томилсон тушаал байхгүй байх тул түүнийг яг хэзээнээс ажиллаж эхэлснийг тогтоох боломжгүй. Д.Б- нь тус компанид тодорхой хугацаагаар ажиллаж байсныг үгүйсгэхгүй бөгөөд ажиллаж байх хугацаандаа тодорхой хэмжээний цалин авч байсан ч хөдөлмөрийн гэрээ байгуулж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан удаагүй, тэр тухай баримт М Ж Э К-ХХК-д байхгүй. Д.Б- нь 2014, 2015 онуудад Ногоолингранд ХХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай баримт хэрэгт ирсэн байгаа, мөн 2015 онд М Ж Э К-ХХК-иас тодорхой хэмжээгээр цалин авч байсан тэгэхээр М Ж Э К-ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй нь нотлогдож байгаа юм. Д.Б- нь одоо жирэмсний амралттай гэх боловч манайд  жирэмсний амралтаа авах тухай ямар ч өргөдөл хүсэлт өгч байгаагүй, хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаагүй, хөлсөөр ажиллаж байсан юм. Одоо Д.Б- 2015 оны 5, 10, 11 дүгээр саруудад цалин хөлс аваагүй гэж нэхэмжлэл гаргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.

Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байх тул нийгмийн даатгалыг цалингаас суутган төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үүрэг компанид үүсээгүй. Иймд Д.Б-ийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 47 дугаар зүйлийн 47.1.-т заасныг баримтлан 2015 оны 5,10,11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1.-т заанаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажил олгогч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, олгосон цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцон суутгадаг байсан боловч дэвтэрт нь бичилт хийдэггүй зөрчил гаргадаг байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлогдсон. Ажилчдын зүгээс нийгмийн даатгалын төлөгдөөгүй бөөгнөрсөн өрийг шийдвэрлэхээр тухайн үеийн удирдлагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн үеэс эхлэн тоолох ба нэхэмжлэгчийн хувьд ажил олгогч нь цалин олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхээ зөвшөөрч байсан боловч үүргээ биелүүлээгүй үеэс эрхээ зөрчигдсөн гэж үзэж, шүүхэд гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг  бүхэлд нь хангаж  өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, маргааны үйл баримтыг  нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн боловч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа тоолох журмыг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч М Ж Э К-ХХК-д холбогдуулан 2015 оны 5, 10, 11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаагүй, жирэмсний амралт авах хүсэлтээ өгөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

 

Д.Б- нь хариуцагч М Ж Э К-ХХК-д “Мongolia forbes”                       сэтгүүлийн редактораар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн депозит дансны хуулга, хариуцагчийн санхүүгийн тэмдэг бүхий цалингийн тооцооны хүснэгт, гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон, талууд энэ талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэж, хариуцагч түүнийг хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан гэж маргаантай байна.

 

Хэрэв хариуцагч М Ж Э К-ХХК нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр бус хөлсөөр ажиллаж байсан, ажиллагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхөөр үүрэг хүлээгээгүй гэж маргаж байгаа боловч энэ талаарх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй болно. Хэргийн баримтаас нэхэмжлэгчийг хариуцагч кампанид ажиллуулж байсан гэх үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хөдөлмөрийн гэрээний тал болохын хувьд Хөдөлмөрийн тухай  хуулийн 6 дугаар зүйлд зааснаар тохирсон цалин хөлс авах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчид ногдох хувь хэмжээгээр төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардах эрхтэй боловч мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд хандаагүй, ийнхүү хугацаа хэтрүүлэхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх байдал тогтоогдоогүй тул 2 400 000 төгрөгийн цалин гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

 

Харин ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй, энэ зөрчил үргэлжилсээр байгаа нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн архивын лавлагаагаар тогтоогдсон болно.  /хх-ийн 80-83/

 

Иймд нэхэмжлэгч Д.Б-ийн 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр  нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч М Ж Э К-ХХК-д даалгах нь зүйтэй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч Д.Б-ийн эрхийг зөрчсөн үйлдэл цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байх тул 2019 он хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар хураамжаас чөлөөлөгддөг тул түүний төлсөн 53 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02402 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 5, 10, 11 дүгээр сарын цалин 2 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасныг баримтлан 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хүртэлх хугацааны Д.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч М Ж Э К-ХХК-д даалгасугай” гэж, 2 дах заалтын “улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамирын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       Ч.ЦЭНД

                                                                       Ш.ОЮУНХАНД