Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2018/02275

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2018/02275

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 05 өдөр

 

 

 

 

 

Дугаар 181/ШШ2018/02275

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.Т нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МУИС холбогдох,

Олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 1 428 900 төгрөг, түүний алданги 132 887 төгрөг, нийт 1 561 787 төгрөг гаргуулж, олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.О, О.Д нар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Э.Т нь 1997 онд МУИС-д дагалдан багшаар ажилд орж, 1999 онд жинхэлсэн. 2000 оноос 2007 он хүртэл Япон улсад сурч ажиллаж байгаад 2007 оноос МУИС-д ахлах багшийн орон тоон дээр эргэн ажилдаа орж, өнөөг хүртэл багшилж байна. 2014 онд надтай Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд гэрээний гол нөхцлүүдийн талаар хэлэлцэн тохиролцож уг гэрээний 1.2 дах заалтад гүйцэтгэх ажил үүргийг тодорхой зааж, Сургалтын А цаг нь 15 ББЦ, Б цаг буюу эрдэм шинжилгээ хийх цаг 6 ББЦ, бусад В ББЦ цаг нь 5 байхаар зааж нийт 26 багц цагийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулсан юм.

Гэтэл 2017-2018 оны хичээлийн жилд миний бие А цаг буюу сургалтын цаг 15 ББЦ заах байсныг 18 ББЦ зааж, 3 илүү багц цаг гарсан боловч энэхүү илүү цагийн нэмэгдэл хөлс 1 428 900 төгрөгийг надад олголгүй хууль ёсны эрх ашгийг маань хохироолоо.

Монгол Улсын Их Сургуулийн Захиргааны зөвлөлөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гаргасан шийдвэр нь Үндсэн мэргэжлийн хичээл заадаг, 12 жилийн дотор доктор хамгаалаагүй МУИС-ийн багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцохдоо А цагийг 21 кредитээр тооцох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан гэдэг. Мөн МУИС-ийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Б/256 дугаар тушаалаар ээлжийн амралтыг тооцсон юм. МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал МУИС-ийн Захиргааны зөвлөлөөс тооцохоор шийдвэрлэсэн чиглэлийн дагуу та бүхний багц цагийг тооцсон гэсэн хариуг өгсөн ба улмаар МУИС-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдлөө 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гаргасан боловч Хөдөлмөрийн маргаан таслах комиссын журамд заасны дагуу 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгсөнгүй.

Тиймээс хууль ёсны эрх ашгаа сэргээлгэхээр шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа ба Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаас өнөөдрийг хүртэлх олгогдоогүй нэмэгдэл хөлсний алданги нь 132 887 төгрөг болж байгаа болно.

Иймд олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлсний хоног тутмын 0,3 хувийн алданги 132 887 төгрөг, нийт 1 561 787 төгрөг гаргуулж, уг олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шийдвэрийг хариуцагч Монгол Улсын Их Сургуулиас гаргуулж, уг шийдвэрийг биелүүлэхийг Монгол Улсын Их Сургуульд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Монгол Улсын Их Сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмыг Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасны дагуу Монгол Улсын Их Сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан. Журмаар Их сургуулийн багшийн тухайн албан тушаал, тус бүрээр гүйцэтгэх ажлын ачааллын ноогдлыг тогтоосон. Одоо мөрдөгдөж буй Профессор багш ажиллуулах журам МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдэж шийдвэрлэсний дагуу 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн A/414 дүгээр тушаалаар батлагдаж мөрдөгдөж эхэлсэн.

Журмын 2.5-д Үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай. Докторын зэрэг хамгаалаагүй боловч бусад бүх болзолыг биелүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг 1 жилээр сунгаж болно. Тэнхимд тухайн мэргэжлийн багш хүрэлцээгүй, заалгах цаг хүрэлцээтэй нөхцөлд тэдгээр багшийг холбогдох тэнхим, салбар, бүрэлдэхүүн сургуулийн саналыг үндэслэн зөвхөн сургалтын багц цаг биелүүлэх нөхцөлөөр ажиллуулж болох бөгөөд энэ тохиолдолд эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгүүлнэ. Энэ шаардлагыг хангаагүй тохиолдолд МУИС-д үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзнэ гэж заасан. МУИС-ийн захиргаа болон багш ажилтнууд байгууллагын дотоодод мөрдөгддөг дүрэм, журмыг биелүүлэх үүргийг МУИС-ийн дүрэм болон хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүлээсэн байдаг.

МУИС-ийн захиргааны зүгээс бүрэлдэхүүн сургуулиудад тус журмын үйлчлэлд хамрагдах багш нарын сургалтын багц цагийн ноогдлыг тооцохдоо Профессор багш ажиллуулах журмыг мөрдлөг болгохыг удаа дараа анхааруулсаар ирсэн бөгөөд үүний дагуу Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Шинжлэх ухааны сургуулийн захирлууд тус журмын үйлчлэлд хамрагдаж буй багш нартай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах ажлыг 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд зохион байгуулсан. Журмын үйлчлэлд хамрагдаж буй багш нарт удаа дараа цагийн ноогдлыг МУИС-ийн Профессор багш ажиллуулах журмын 2.5-д заасны дагуу тооцно гэдгийг хүн тус бүрээр мэдэгдэж мэдэгдэх хуудас гардуулж байсан.

МУИС-ийн хэмжээнд энэ үйлчлэлд хамрагдаж буй нийт 60 гаруй багш байгаа бөгөөд бүрэлдэхүүн сургуулийн захирлуудад эрх шилжүүлсний дагуу хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж 2017-2018 оны хичээлийн жилийн төгсгөлд журмын дагуу цагийн ноогдлыг тооцож тооцоог хийсэн болно. Э.Т нь тус сургуульд анх багшаар ажилд орсноос хойш докторын зэрэг хамгаалаагүй байгаа тул МУИС-ийн Профессор багш ажиллуулах журам-ын 2.5-д заасны дагуу эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлэн тооцох журмын заалтын үйлчлэлд хамаарч байгаа юм.

Иймээс Шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Э.Ты цагийн ноогдлыг бусад журмын үйлчлэлд хамрагдсан багш нарын адил гүйцэтгэвэл зохих 26 багц цагийн тооцоог хийсэн болно. МУИС-ийн зүгээс Э.Ты хөдөлмөрлөх эрхэд халдаж, эрх ашгийг хөндсөн ямар нэг хууль бус үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч Э.Ты нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Т нь анх хариуцагч Монгол Улсын Их сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны сургуульд тус тус холбогдуулан олгогдоогүй илүү цагийн нэмэгдэл хөлс 1 428 900 төгрөг, түүний алданги 132 887 төгрөг, нийт 1 561 787 төгрөг гаргуулж, олгогдох цалин хөлснөөс ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулиас татгалзаж зөвхөн хариуцагч МУИС-д холбогдуулан тус нэхэмжлэлийг гаргасан болно.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Э.Т нь Монгол Улсын Их сургуульд 1997 онд дагалдан багшаар орж улмаар 1999 онд жинхэнэ багшаар ажиллаж байгаад 2000 оноос 2007 оныг хүртэл Япон улсад сурч ажиллаж ирээд 2007 оноос тус сургуульд ахлах багшаар ажиллаж үндсэн мэргэжлийн хичээл заасан ба 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын А багц 18 цаг, Б багцийг 6 цаг, В багцийг 5 цаг тус тус гүйцэтгэсэн талаар болон МУИС-ийн дүрэм, журмаар Эрдмийн зөвлөл профессор, багш ажиллуулах журмыг батлах эрх олгогдсон талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээгээр гүйцэтгэвэл зохих ажил үүргийг сургалтын А цагийг 15 цаг байхаар заасан, илүү ажил гүйцэтгэхийг захиргаа шаардах эрхгүй, журмын 2.5 дахь заалт хуульд нийцээгүй тул илүү гүйцэтгэсэн 3 багц цагийн нэмэгдэл хөлсийг гаргуулна гэж тайлбарладаг.

Хариуцагч нь МУИС-д профессор, багш ажиллуулах журмын 2.5, 10.4-т зааснаар тушаал гарч багшаар ажиллаж эхэлснээс хойш 12 жилийн хугацаанд докторын зэрэг хамгаалаагүй тохиолдолд эрдэм шинжилгээний Б цагийн 6 багц цагийг зөвхөн сургалтын цагаар тооцон нийт 21 кредит цаг гүйцэтгэхээр заасан, ажилтан нь захиргаанаас баталсан дүрэм журмыг мөрдөх үүрэгтэй гэж татгалзан маргасан.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 1.2-т процессор багш ажиллуулах журамд зааснаар сургалтын А цаг 15, эрдэм шинжилгээний Б цагийг 6, бусад В цагийг 5 байхаар заасан байна.

Монгол Улсын Их сургуулийн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-414 дугаар тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын Их сургуульд профессор, багш ажиллуулах журмын 2.5-д МУИС-д багшаар томилогдсоноос хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалах шаардлагатай, ...эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагаар шилжүүлж гүйцэтгэнэ. Энэхүү шаардлагыг хангаагүй нөхцөлд МУИС-д үргэлжлүүлэн багшлуулах боломжгүй гэж үзнэ гэж заажээ.

Сургуулийн захиргаанаас хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахыг нэхэмжлэгчээс шаардсан байх боловч уг нөхцөл, шаардлагын дагуу гэрээ байгуулан ажиллах боломжгүй гэж нэхэмжлэгч нь гэрээг шинэчлэн байгуулаагүй, мөн бусад багш нар уг шаардлагыг зөвшөөрч гэрээг байгуулан ажиллаж байгаа үйл баримтын талаар талууд маргаангүй байна.

Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Их сургуульд мэргэжлийн хичээлийг магистр, түүнээс дээш зэрэгтэй багш заахаар, Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайдын 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 139 дүгээр тушаалаар батлагдсан Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаалын орон тоонд тавих нийтлэг шаардлагад ахлах багш магистраас доошгүй зэрэгтэй байх ерөнхий шаардлага тавьсан хэдий ч захиргаа өөрийн зорилго зорилтыг хэрэгжүүлэх, боловсон хүчнээ чадавхижуулах үүднээс өөрийн сургуульд 12 ба дүүнээс дээш жил ажилласан багшийн хувьд докторын зэрэг хамгаалсан байх, уг шаардлагыг хангаагүй бол Б цагийг зөвхөн А цагаар тооцохоор дотоод дүрэм журмаараа стандарт шаардлага тогтоосныг буруутгах боломжгүй.

Хариуцагч нь хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулахаас татгалзсан тохиолдолд Монгол Улсын Их сургуульд профессор, багш ажиллуулах журмын 2.5-д зааснаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үүрэгтэй байсан бөгөөд ажилтны эрхийг хүндэтгэн хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлснийг шүүх буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Э.Т нь Монгол Улсын Их сургуульд 12 жил ажилласан, мөн захирлын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А-414 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын Их сургуульд профессор, багш ажиллуулах журамтай танилцсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан хөдөлмөрийн дотоод журмыг биелүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймээс, хариуцагч Монгол Улсын Их сургуулиас нэмэгдэл хөлс 1 428 900 төгрөг, түүний алданги 132 887 төгрөг, нийт 1 561 787 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.Ты нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, 141 дүгээр зүйлийн 141.4, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан Монгол Улсын Их сургуульд холбогдуулан илүү цагийн хөлс, алданги нийт 1 561 787 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай Э.Ты нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39 940 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Т нь хариуцагч Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулиас татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

Хариуцагч Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургууль шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Э.Т нь 1997 оноос эхлэн МУИС-д 14 дэх жилдээ багшилж байна (2000-2007 онуудад гадаадад суралцаж ажилласан). Тэрээр 2017-2018 оны хичээлийн жилд сургалт, эрдэм шинжилгээний ажлын цагийн гүйцэтгэлээр давуулан биелүүлсэн илүү цагийн хөлсийг дутуу олгосон хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

МУИС-ийн хэмжээнд бүх үйл ажиллагаа Боловсролын тухай багц хуулиуд болон МУИС-ийн дүрэм, журмуудаар зохицуулагддаг. Тэдгээр журмуудын нэг нь 2014 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэгдэн батлагдаж, эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй МУИС-д профессор багш ажиллуулах журам юм.

Уг журмын 10.4-т заасны дагуу ахлах багшийн зэрэглэлд ажиллаж буй багш нэг хичээлийн жилд сургалтын 15, эрдэм шинжилгээний 6, бусад ажил буюу мэргэжлийн болон нийгмийн үйлчилгээний 5 багц цаг биелүүлэх нормтой. Гэвч үндсэн мэргэжлийн хичээл заадаг багш МУИС-д багшаар ажиллаж эхэлснээс хойш 12 жилийн дотор докторын зэрэг хамгаалаагүй бол түүнийг зөвхөн сургалтын цаг биелүүлэх нөхцлөөр ажиллуулж, эрдэм шинжилгээний багц цагийг сургалтын багц цагт шилжүүлж гүйцэтгүүлэхээр тус журмын 2.5-д заасан байдаг.

Э.Т нь одоогийн байдлаар МУИС-д 13 жил ажилласан боловч докторын зэрэг хамгаалаагүй тул дээрх журмын дагуу 2017-2018 оны хичээлийн жилд 21 багц цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэх нормтой.

Э.Т нь 2017-2018 оны хичээлийн жилд 18 багц цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэсэн байна. Иймд хичээлийн жилд гүйцэтгэвэл зохих 21 багц цагаас дутуу биелүүлсэн 3 багц цагийн хөлсийг МУИС-д профессор багш ажиллуулах журам-ын 14.11-д заасны дагуу Э.Ты ээлжийн амралтын олговроос суутгах ёстой байсан. Гэвч МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар тушаалаар түүний ээлжийн амралтын олговрыг бүрэн олгожээ.

Э.Т өөрийн гаргасан нэхэмжлэлдээ 2014 онд МУИС-тай байгуулж байсан Хөдөлмөрийн гэрээг хавсаргаж, түүндээ сургалтын 15, эрдэм шинжилгээний 6, бусад ажил 5 багц цаг биелүүлэхээр тусгасан тухай дурьдаж, энэхүү нормоор цагийн гүйцэтгэлийн тооцоог хийх ёстой байсан хэмээн бичжээ.

Гэтэл түүнээс хойш буюу 2016 оны 12 дугаар сард МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэгдэн батлагдаж, улмаар МУИС-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/363 дугаар тушаалаар багш, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт болон Хөдөлмөрийн гэрээний загварыг шинэчлэн баталсан юм. МУИС-ийн багш, ажилтнууд 2017-2018 оны хичээлийн жилийн эхээр тэрхүү шинээр батлагдсан загварын дагуу Хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан юм. Жишээ болгон түүнтэй нэг тэнхимд ажилладаг багшийн Хөдөлмөрийн гэрээний хуулбарыг хавсаргав.

Тухайн үед МУИС-ийн зүгээс бүх багш, ажилтанд Хөдөлмөрийн гэрээний загварыг тарааж өгсөн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын байдлаар Э.Т нь 12-оос дээш жил ажилласан боловч докторын зэрэг хамгаалаагүй байсан тул дээр дурьдсан журмын дагуу 21 багц цагийн сургалтын ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулах шаардлагатай болсон. Гэвч Э.Т болон түүнтэй ижил нөхцөл бүхий цөөн хэдэн багш хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзаж гэрээнд гарын үсэг зураагүй болно. Иймд Э.Ты зүгээс шүүхэд хавсаргаж өгсөн 2014 оны Хөдөлмөрийн гэрээ нь хуучин, хүчин төгөлдөр бус баримт бичиг байна.

Э.Ты нэхэмжлэлд дурьдсанчлан 2018 оны 6 дугаар сард МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар нэр бүхий багш нарын гаргасан хүсэлтийн дагуу тэдний гүйцэтгэсэн сургалтын цагийн тооцооны асуудлыг нэг бус удаа хэлэлцэж тухай бүрд холбогдох журмыг баримтлан ажлын хөлсийг тооцож олгох нь зүйтэй хэмээн шийдвэрлэж байсан болно.

Дээр дурьдсанчлан томоохон улсын их сургуулийн хувьд МУИС-ийн бүх үйл ажиллагаа тус их сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж баталсан дүрэм журмаар зохицуулагддаг бөгөөд түүнийг нийт багш, ажилтнууд дагаж мөрддөг. Өөрөөр хэлбэл тус их сургуульд хүчин төгөлдөр үйлчилж буй дүрэм журам бүх багш, ажилтанд ижил тэгш үйлчилдэг зарчимтай. Түүнчлэн багш, ажилтан бүр МУИС-ийн дүрэм журмыг мөрдөж, түүнд заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй болохыг МУИС-ийн дүрэм-ийн 5.2, 5.3, МУИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.1.3, 4.3.2, Хөдөлмөрийн гэрээний 3.1.1-д тус тус тодорхой заасан байдаг. Түүнчлэн Э.Ттай ижил төсөөтэй нөхцөл бүхий бусад багш нар өөрийн үүргээ ухамсарлан холбогдох журамд заасны дагуу Хөдөлмөрийн гэрээгээ байгуулж цагийн ноогдлоо биелүүлэн ажиллаж байгаа.

Гэтэл Э.Т болон бусад нэр бүхий цөөн хэдэн багш дүрэм журмын бус аргаар, түүнчлэн хүчин төгөлдөр бус Хөдөлмөрийн гэрээг ашиглан цагийн тооцоо хийлгүүлэх гэж шаардаж байгаа нь буруу, үндэслэлгүй юм.

Төгсгөлд нь тэмдэглэхэд Шинжлэх ухааны сургуулийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/320 дугаар тушаалаар Э.Тд илүү цагийн хөлсийг дутуу олгосон зүйл огт байхгүй бөгөөд өөрөөр бодож олгох эрх зүйн үндэслэл, журмын зохицуулалт байхгүй байна. Иймд энэхүү асуудлыг холбогдох хууль, дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.