Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/01564

 

 

 

 

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2019/01564

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЧО ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч:ШМ ХХК холбогдох,

 Гэрээний үүрэгт 18 630 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нэг бүр нь 3 800 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг цахилгаан люлк тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ЧО ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бат-Эрдэнэ, хариуцагч ШМ ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Нарандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЧО ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЧО ХХК нь өөрийн 2 ширхэг 6 м-тэй барилгын хүн өргөгч цахилгаан люлкээ ШМ ХХК-д 2018-07-25-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулан 1 ширхэгийг нь өдрийн 45 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Гэтэл ШМ ХХК нь одоог хүртэл 2 ш цахилгаан люлк эргүүлэн өгөхгүй, түрээсээ төлөхгүй, утсаа авахгүй зугтааж байгаа. Ашиглаж байгаа, ажил саатаад мөнгө орж ирхээр удахгүй буцааж өгнө гэх зэргээр хэлж саатуулсаар сүүлдээ утсаа авахгүй алга болсон.

Түрээсийн гэрээнд түрээсийн төлбөрийг Люлкийг буцаан өгөх хүртэл тооцохоор тохиролцсон. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 207 хоногийн түрээсийн төлбөрийг өгөхгүй, утсаа ч авахгүй чирэгдүүлсээр байна.

ШМ ХХК нь миний люлкийг ПО ХХК-ийн барилга дээр ашиглаж байгаа бөгөөд люлкээ авъя гээд очихоор ПО ХХК нь энэ люлк ШМ ХХК-ийнх тул чамд өгөхгүй гээд өгдөггүй. ПО ХХК-тай гэрээ байгуулаад засварын ажлыг нь гүйцэтгэж байгаа гэж хүнээс сонссон гэв.

Иймд манай компанийн авах ёстой түрээсийн үлдэгдэл төлбөр 18 630 000 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 9 000 000 төгрөг, нийт 27 630 000 төгрөгийг, нэг бүр нь 3 800 000 төгрөгийн үнэ бүхий 7 600 000 төгрөгийн 2 ш цахилгаан люлкийг ШМ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ШМ ХХК-ийн захирал Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Наранхүү овогтой Нарандорж нь 2015 онд ШМ ХХК-г цахилгааны материал худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан. Иргэн С.Энхболд, Д.Батзориг нар нь манай компанийн тамга тэмдэгийг намайг хууран мэхлэн авч өөрсдийгөө ШМ ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий менежер гэж танилцуулан тус компанитай хуурамч гэрээ байгуулсан байна. Тус 2 хүн нь манай компанитай ямарч хамааралгүй болохыг мэдэгдэж энэ гэрээ нь манай компанид хамааралгүй болно. Нарандорж миний бие компаний нэр хүнд унагасан болон бусдыг хуурч мэхэлсэн хэргээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаж өгсөн байгаа. БЗД-ын цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэслэгч Саруул гэх хүн хэргийг шалгаж иргэн С.Энхболд, Д.Батзориг нарт хэрэг бүртгэлийн хэрэг нээж ажиллаж байгаа.

С.Энхболд, Д.Батзориг нар нь шинээр компани байгуулах гэсийн компанийнхаа тамга, тэмдэг бичиг баримтыг түр өгч байгаач гэхээр нь би итгээд компанийнхаа тамга тэмдгийг тэдэнд 2018 оны 06 сард өгөөд 8 сард буцааж авсан. ЧО ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсныг би мэдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан байхаар нь мэдсэн. С.Энхболд, Д.Батзориг нар бас өөр 4-5 компанитай манай компанийн нэрээр гэрээ, хэлцэл хийсэн байгаа тул би Цагдаагаар шалгуулж байгаа.

Иймээс би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн гэрээ хийсэн хүмүүсээсээ төлбөрөө нэхэмжлэх ёстой гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЧО ХХК нь ШМ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 18 630 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нэг бүр нь 3 800 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг цахилгаан люлк тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч ЧО ХХК нь ШМ ХХК-тай 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр №05 тоот Түрээсийн гэрээ бичгээр байгуулж, 6 м-тэй барилгын хүн өргөгч цахилгаан люлк 2 ширхэгийг, тус бүр 1 хоногийн 45 000 төгрөгөөр ашиглуулахаар ШМ ХХК-д шилжүүлэх, ШМ ХХК нь 2 ширхэг люлкийг ашигласны хөлсөнд люлк тус бүрд хоног тутамд 45 000 төгрөгийн ашигласны хөлс төлөхөөр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан байна.

 

Хариуцагч ШМ ХХК-ийн захирал Н.Н нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулсан тул нэхэмжлэгчтэй байгуулсан Түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байна.

 

Бичгээр байгуулсан 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр №05 тоот Түрээсийн гэрээ-г баталж, ШМ ХХК-ийн захирал С.Энхболд гарын үсэг зурж, тус компанийн тамга дарагдсан, гэрээг байгуулсан Түрээслэгч: ШМ ХХК гэж бичиж, Д.Б гэж гарын үсгээ зурсан байна.

Хариуцагч ШМ ХХК-ийн захирал Н.Нарандорж нь ШМ ХХК-ийн тамгыг С.Э, Д.Б нарт 2018 оны 07 сарын эхээр өгөөд 8 сард авсан гэж тайлбарлаж байх бөгөөд С.Энхболд дээрхи гэрээний талаар ... би энэ гэрээг тухайн Нисэхийн 2 барилгын гадна фасадны ажилд зориулан авсан ба Д.Батзориг нь 2 люлк хэрэгтэй байна ЧО ХХК байна энэ байгууллагаас авахаар ярьсан заавал компаниар гэрээ хийнэ гээд байхаар нь би гарын үсэг зурж гэрээ хийсэн юм. Н.Нарандорж өөрөө тамгаа өгсөн энэ талаар өөрөө ч мэдэж байсан гэж мэдүүлжээ. /хх-43х/

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд ШМ ХХК-ийн захирал Н.Нарандорж нь ШМ ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулах эрхийг С.Энхболд, Д.Батзориг нарт олгосон гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт ... өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон ... хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй гэж заасан тул ШМ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энхболдыг компанийг төлөөлөх эрхтэй этгээд биш гэдгийг нэхэмжлэгч ЧО ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ мэдэх боломжтой гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

ШМ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энхболд, ЧО ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бат-Эрдэнэ нар нь люлк түрээслэх гэрээний дагуу 2018.09.27-ны өдрийн байдлаар тооцоо нийлж, өмнөх барьцаа мөнгө, түрээсийн төлбөрт төлсөн мөнгийг хасаад 3 960 000 төгрөгийн төлбөртэй болохоо баталгаажуулж Тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. /хх-7х/

 

Гэрээний 4.3-д гэрээний үйлчлэх хугацааг 2018 оны 07 сарын 25-ны өдрөөс эхэлж, люлкийг түрээслүүлэгчид бүрэн бүтэн төлбөрийн үлдэгдэлгүй буцаан өгөх хүртэл гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч ЧО ХХК нь түрээсийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 207 хоногоор тооцож нийт 18 630 000 төгрөгийг ШМ ХХК-иас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Түрээсийн гэрээнд төлбөр төлөх хугацааг талууд тохиролцоогүй байх тул хариуцагч ШМ ХХК-ийг түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгч ЧО ХХК-д алданги шаардах эрх үүсээгүй тул алдангид нэхэмжилсэн 9 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийн ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгнө гэж заасны дагуу ШМ ХХК-иас 6 м-тэй барилгын хүн өргөгч цахилгаан люлк 2 ширхэгийг гаргуулж ЧО ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан ШМ ХХК-иас 18 630 000 /арван найман сая зургаан зуун гучин мянга/ төгрөг, 6 м-тэй барилгын хүн өргөгч цахилгаан люлк 2 ширхэгийг тус тус гаргуулж ЧО ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ЧО ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШМ ХХК-иас 289 100 /хоёр зуун наян есөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЧО ХХК-д олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА