Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 1705

 

 

 

 

 

 

 

 

 

 “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.И даргалж, шүүгч А.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01564 дүгээр шийдвэртэй, “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт 18 630 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нэг бүр нь 3 800 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг цахилгаан люлк тус тус гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч Н.Нарандорж, хариуцагчийн өмгөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Ч” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК нь өөрийн 2 ширхэг 6 м-тэй барилгын хүн өргөгч цахилгаан люлкээ “Ш” ХХК-д 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээ байгуулан 1 ширхэгийг нь өдрийн 45 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Гэтэл “Ш” ХХК нь одоог хүртэл 2 ш цахилгаан люлк эргүүлэн өгөхгүй, түрээсээ төлөхгүй, утсаа авахгүй зугтааж байгаа. Ашиглаж байгаа, ажил саатаад мөнгө орж ирхээр удахгүй буцааж өгнө гэх зэргээр хэлж саатуулсаар сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Түрээсийн гэрээнд түрээсийн төлбөрийг Люлкийг буцаан өгөх хүртэл тооцохоор тохиролцсон. Шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 207 хоногийн түрээсийн төлбөрийг өгөхгүй, утсаа ч авахгүй чирэгдүүлсээр байна. “Ш” ХХК нь миний люлкийг П ХХК-ийн барилга дээр ашиглаж байгаа бөгөөд люлкээ авъя гээд очихоор П ХХК нь энэ люлк “Ш” ХХК-ийнх тул чамд өгөхгүй гээд өгдөггүй. П ХХК-тай гэрээ байгуулаад засварын ажлыг нь гүйцэтгэж байгаа гэж хүнээс сонссон гэв. Иймд манай компанийн авах ёстой түрээсийн үлдэгдэл төлбөр 18 630 000 төгрөг, хугацаа хэтэрсний алданги 9 000 000 төгрөг, нийт 27 630 000 төгрөгийг, нэг бүр нь 3 800 000 төгрөгийн үнэ бүхий 7 600 000 төгрөгийн 2 ш цахилгаан люлкийг “Ш” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ш” ХХК-ийн захирал Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Н нь 2015 онд Ш ХХК-г цахилгааны материал худалдаа, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулсан. Иргэн С.Э, Д.Б нар нь манай компанийн тамга тэмдэгийг намайг хууран мэхлэн авч өөрсдийгөө “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий менежер гэж танилцуулан тус компанитай хуурамч гэрээ байгуулсан байна. Тус 2 хүн нь манай компанитай ямарч хамааралгүй болохыг мэдэгдэж энэ гэрээ нь манай компанид хамааралгүй болно. Н.Н миний бие компаний нэр хүнд унагасан болон бусдыг хуурч мэхэлсэн хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаж өгсөн байгаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэслэгч Саруул гэх хүн хэргийг шалгаж иргэн С.Э, Д.Б нарт хэрэг бүртгэлийн хэрэг нээж ажиллаж байгаа. С.Э  Д.Б нар нь шинээр компани байгуулах гэсийн компанийнхаа тамга, тэмдэг бичиг баримтыг түр өгч байгаач гэхээр нь би итгээд компанийнхаа тамга тэмдгийг тэдэнд 2018 оны 06 сард өгөөд 8 сард буцааж авсан. “Ч” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсныг би мэдээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан байхаар нь мэдсэн. С.Э, Д.Б нар бас өөр 4-5 компанитай манай компанийн нэрээр гэрээ, хэлцэл хийсэн байгаа тул би цагдаагаар шалгуулж байгаа. Иймээс би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ хүн гэрээ хийсэн хүмүүсээсээ төлбөрөө нэхэмжлэх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан “Ш” ХХК-иас 18 630 000 /арван найман сая зургаан зуун гучин мянга/ төгрөг, 6 м-тэй барилгын хүн өргөгч цахилгаан люлк 2 ширхэгийг тус тус гаргуулж “Ч” ХХК-д олгож, нэхэмжлэлээс алданги 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Чингисийн отог” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-иас 289 100 /хоёр зуун наян есөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Н.Н миний бие “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг маргаанд хариуцагчаар оролцож байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01564 дугаар бүхий шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах агуулга бүхий давж заалдах гомдол гаргаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл дараах хэд хэдэн эргэлзээ бүхий нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд, миний бие нэхэмжлэгч тал болох “Ч” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн №4 дугаар бүхий гэрээг байгуулаагүй бөгөөд уг “Ш” ХХК-ийг би өөрийн нэр дээр 2015 онд цахилгааны материал, гадаад худалдааны чиглэлээр үүсгэн байгуулж байсан. Миний бие С.Э, Д.Б нарыг 100 айлд барилгын материалын худалдаа эрхэлж байх үедээ мэддэг болсон. Д.Б нь би шинэ компани байгуулах гэж байгаа компанийхаа бичиг баримтыг түр өгч байгаач гэж хэлээд манай компаний /”Ш” ХХК-ийн/ тамга тэмдэг, бичиг баримтыг 2018 оны 6 дугаар сард авч яваад 8 сард эргүүлэн өгсөн. Би ийм гэрээг байгуулсаныг огт мэдээгүй. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс миний нэр дээр байдаг “Ш” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл ирсэн. Уг нэхэмжлэлийг харахад миний компаний тамга, тэмдгийг ашиглаж, С.Э өөрөө захирал мэтээр, Д.Б нь менежер гэж хууль бусаар “Ч” ХХК-тай Түрээсийн №4 гэрээг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан байсан. Гэтэл дээрхи “Ш” ХХК-нь Н.Н миний нэр дээр байдаг компани юм. Ингээд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс намайг хариуцагчаар татсан. С.Э, Д.Б нар нь дээрхи үйлдэлээс гадна 4-5 компанийг мөн адил залилсан байсныг мэдээд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст "Компаний тамга, тэмдэгийг ашиглаж хуурамч баримт бичиг үйлдсэн хэмээн гомдол гаргасан. Уг гомдлыг минь хүлээн аваад 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн 1906030330 дугаар бүхий хэргийг нээх шалгалтын ажлыг одоог хүртэл явуулж байгаа болно. Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй /Баянзүрх дүүргийн иагдаагийн хоёрдугаар хэлтэсээс ирүүлсэн баримтууд/бөгөөд “Ч” ХХК-тай байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №5 дугаар бүхий түрээсийн гэрээнд захирал хэмээн гарын үзэг зурсан хүн нь С.Э, инженер Д.Б нар гэсэн байхад хариуцагчаар намайг татан уг ажиллагаанд оруулсан. Ингээд шүүхээс “Шинэ мишээл” ХХК-ийн захирал Н.Н нь “Шинэ мишээл” ХХК-г төлөөлж гэрээ байгуулах эрхийг С.Э, Д.Б нарт олгосон гэж үзсэн. Гэтэл Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу Итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.” гэж заасан байхад шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д "Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" нь өөрөө хүчин төгөлдөр бус байна” гэж заасан. Мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.8-д "Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол" нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байхад нэхэмжлэлийг хүлээн авч Иргэний хэрэг үүсгэсэн шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчиж байна. Гэтэл шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэлгүй Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.1,232, дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан миний компани болох “Ш” ХХК-иас 18 630 000 төгрөг гаргуулан өгөхөөр шийдэрлэсэн үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-65.1.8-заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлиэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно ". гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч “Ч” ХХК нь “Ш” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 18 630 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нэг бүр нь 3 800 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг цахилгаан люлк тус тус гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулсан тул нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ./хэргийн 1, 25 дугаар тал/

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-иас эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу 2 ширхэг цахилгаан люлк гаргуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

 

            Учир нь хариуцагч “Ш” ХХК-д түрээслүүлсэн 2 ширхэг цахилгаан люлкийн үнийн дүн хэд болохыг тодорхойлсон баримтгүй, уг эд зүйл нь хэний эзэмшилд байгаа эсэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч түрээсийн гэрээ байгуулаагүй, эд зүйлийг аваагүй гэж маргаж буй тохиолдолд дээрх үйл баримтыг шүүх тодруулж, энэ талаар мэтгэлцүүлээгүй нь буруу болжээ. Эд хөрөнгийг гаргуулах шаардлага гаргаж буй тохиолдолд шүүх тодорхой баримтын хүрээнд дүгнэлт хийж түүний үнэлгээг тогтоох нь шийдвэр биелэгдэхэд ач холбогдолтой.

 

            Өөрөөр хэлбэл, цахилгаан люлк биет байдлаар байхгүй, эсхүл эвдрэлтэй буюу биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсэгт зааснаар мөнгөөр нөхөн төлөх хуулийн зохицуулалттай.

Иймд давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар анхан шатны шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй. Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/01564 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн төлөөлөгчийн 251 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                      С.ЭНХТӨР