Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/03

 

М.Д д холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдарх шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар,

Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолтой М.Д д холбогдох 2015000000172 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцэлийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Н.Доржсүрэн, шүүгдэгч М.Д , нарийн бичгийн дарга Б.Энхзул  нар оролцов.

Шүүгдэгч: Б овогт М.Д, Увс аймгийн Баруун туруун суманд 1984 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, Сэлэнгэ аймгийн ... т оршин суух, малчин, мэргэжилгүй, 36 настай, эрэгтэй ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, ял шийтгэлгүй,

 Шүүгдэгч М.Д нь 2020 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутагт хохирогч Х.Б ын хээр зүсмийн баруун гуян дээрээ зөв эргүүлгэтэй хас тамгатай бүдүүн морь,

Булган аймгийн ... ийн нутагт У.Б ий хээр зүсмийн, ширээтэй дөл тамгатай бүдүүн морь, улаан хээр зүсмийн ширээтэй дөл тамгатай 9 настай морийг хулгайлж 1750000 төгрөгийн,

 Булган аймгийн ... ийн иргэн Ш.Д гийн цавьдар зүсмийн, буруу эргүүлгэтэй хас тамгатай, бүдүүн морь хулгайлж 1750000 төгрөгийн хохирол учруулж нийт 4 тооны морь буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

   Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолоор:

  1. Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт М.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож хөнгөрүүлж зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Б овогт М.Д г “алдуул малыг бусдын өмчлөл,эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч М.Д г 1500 /мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.
  2. Шүүгдэгч М.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутга, 4 ширхэг адууны ширний тамгатай хэсгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн М.Д гийн эзэмшлийн **-** ОРО улсын дугаартай цагаан өнгийн Хюундай Портер маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаардавж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Булган аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Н.Мөнхнаран би, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгдэгч Б овгийн М.Д нь 2020 оны 07 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Булган аймгийн ...  гэх газраас Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн иргэн Х.Б ын 1 тооны хээр зүсмийн, баруун гуян дээрээ зөв эргүүлэгтэй хас тамгатай бүдүүн морь хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Булган аймгийн ... ийн иргэн У.Б ийн хээр зүсмийн, ширээтэй дөл тамгатай бүдүүн морь, улаан хээр зүсмийн, ширээтэй дөл тамгатай 9 настай морь хулгайлж 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

Булган аймгийн ... ийн иргэн Ш.Д гийн цавьдар зүсмийн, буруу эргүүлэгтэй хас тамгатай, бүдүүн морь хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулж нийт 4 тооны морь буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон.

Аймгийн прокурорын газраас яллагдагч М.Д гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлсэн.

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2020/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолд: ... Аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилөн зүйлчилэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч М.Д  нь 2020 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын "Х" багийн нутагт хохирогч Х.Б ын хээр зүсмийн баруун гуян дээрээ зөв эргүүлгэтэй хас тамгатай бүдүүн морь, Булган аймгийн ... ийн нутагт У.Б ий хээр зүсмийн, ширээтэй дөл тамгатай бүдүүн морь, улаан хээр зүсмийн ширээтэй дөл тамгатай 9 настай морийг хулгайлж 1750000 төгрөгийн, Булган аймгийн ... ийн иргэн Ш.Д гийн цавьдар зүсмийн, буруу эргүүлгэтэй хас тамгатай, бүдүүн морийг завшсан болох нь хохирогч У.Б ийн... нэг хар халтар морь мөн ширээтэй дөл тамгатай нийт гурав адуу дутсан байсан.. надад хоёр адууны 1.750,000 төгрөг өгсөн гэх, хохирогч Х.Б ын... Булган сумын 6-р баг өвөлжөөн булаг гэх газраас өөрийн хээр морио алдсан. Олоортой хээр зүсмийн адуу байсан. Буруу талын гуян дээрээ зөв эргүүлэгтэй хас тамгатай, бүдүүн морь байсан гэх, хохирогч Ш.Д гийн... цавьдар зүсмийн бүдүүн 8-9 настай морио гэрээсээ 300400 метр зайд аргамжаад хоносон. Маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн орчимд босоод харахад морь маань байхгүй, аргамжаатайгаа алга болсон байсан гэх, гэрч М.Р гийн... намайг гэрт нь очиход 3 хээр, нэг цавьдар зүсмийн 4 адуу хашаанд нь уяатай байсан. Би найзтайгаа болон дүү Д тэй З  4 адууг махалж янзалсан гэх,

гэрч Т.Б ийн...Д  нь 4 адууны махаа Б  буюу Б  гэх ченж залууд 14 цагийн орчимд цагаан өнгийн портер маркийн автомашинаар ачиж ирсэн гэх,

гэрч Б.Б ын... Д  нь 4 тооны адууны мах буюу нэг адууг 6 хэсэг хуваасан 24 хэсэг мах авч ирсэн байсан. 4 адууны гарал үүслийн бичигтэй байсан. Махыг адуу адуугаар нь хиллээд 2 нь 333 кг, нөгөө 2 нь 293 кг нийт 626 кг болж байсан... надад гэрээсээ авч ирсэн гэж хэлсэн. Ахиад гүү авч ирж өгнө гэж байсан гэх, гэрч А.Т гийн... 11 цагийн орчим над руу залгаж 4 адууны гэдэс гаргасан та ирээд аваач гэж ярьсан би чи өөрөө аваад ирээч гэхэд ажилтай завгүй байна гэсэн. Би такси аваад 12 цагийн орчимд гэрт нь очиход 4 адууны гэдэс өгсөн... хоёр хээр адууны толгой байсан гэх,

хавтас хэргийн 23 дугаар хуудас мэдүүгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл...БаянӨндөр сумын Бийн овооны баруун хойд талд 1.5 км зайд машин замын хажууд заав..., түүнээс урагш овоог чиглэн зугтсан гэв.

Тэгээд харж байгаад барьж аваад хөтөлж явган яваад Бийн овооны баруун талд хээр морийг нь тушаад нөгөө 3-н морийг нь холбоод орхисон гэж мэдүүлсэн тэр газраа заана уу гэхэд "Бийн овооны баруун энгэрт очиж намаг руу заав" уг газар нь торон хашаагаар хашсан намгарсан газар байв. Овооны баруун урагш 500 м зайд байв гэх тэмдэглэл...,

яллагдагч М.Д гийн...намайг машинтайгаа ахынх руу явж байхад буюу 22-23 цагийн хооронд Дэнжийн эцэс шинээр баригдаж байгаа цогцолбор газрын ертөнцийн зүгээр баруун талд Бийн овооны хойно гудамжны захад хоёр морьтой хүн дөрвөн тооны морь холбож хөтлөөд явж байгаа харагдсан. Миний машины гэрэлд хоёр морьтой хүн орж ирэнгүүтээ зугтаагаад тууж явсан дөрвөн морио орхисон. Тэгээд би машинаасаа бууж морийг үзэхэд гурван морь нь хөлстэй байсан, нэг морь нь унаагүй бололтой хөлс гараагүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тоггоол /хх-ийн 114-116 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 96-99, 110 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 124 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар бусдын алдуул малыг завшсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завших гэмт хэрэг нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан, гээгдсэн эд хөрөнгийг олж авч ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдэлээр илэрнэ.

Иймд шүүгдэгч М.Д гийн дээрх үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг "алдуул мал завших" гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэжээ.

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг судалж үзэхэд:

Нэгдүгээрт: Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт М.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож үндэслэлгүйгээр зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн ...”, 3.1 шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэл, ... 3.3. урьд сонсгосон ялыг шүүхээс хөнгөрүүлж өөрчилсөн бол түүний үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга: ...”г тодорхой заах байтал ямар нотлох баримтыг үндэслэж байгаа нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан дараахи нотлох баримтыг ямар байдлаар тодорхойлж, зүйлчлэлийг өөрчилсэн тодорхойгүй байна.Тухайлбал:

Гэрч С.З гийн өгсөн: "...манай нөхөр 2020 оны 7 сарын 20-ны өдөр үдээс хойш өөрийн **-** ОРО улсын дугаартай Портер маркийн ачааны машинаа унаад гэрээсээ явсан. Надад хаашаа явах гэж байгаа талаар юм яриагүй. Тэгээд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өглөө үүрээр 5-6 цагийн орчимд гэртээ ирсэн. Би унтаж байгаад 8 цагийн орчимд боссон. Босоод гарч харахад 2-3 хүн урд манай саравчны цаана адуу гаргаж байсан би яг хичнээн адуу байсныг хараагүй. 11-13 цагийн орчимд махаа ачаад аваад явсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ гэх мөн гэрч Гэрч М.Р гийн өгсөн: "...2020 оны 7 сарын 22-ны өглөө 7 цагийн орчимд адуу гаргалцаад өгөөч гэж дуудсан. Би өөрийн найз болох Бямбажавыг дагуулаад гэрт нь очсон. Намайг гэрт нь очиход 3 хээр, нэг цавьдар зүсмийн 4 адуу хашаанд нь уяатай байсан. Би найзтайгаа болон дүү Д тэй 3-уулаа 4 адууг махалж янзалсан. ..." гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/, гэх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ямар байдлаар үгүйсгэсэн нь тодорхой бус “Алдуул мал” гэдгийг Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйл. Алдуул мал 117.1.Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. 117.2.Алдуул малын талаар нийтэд мэдээлснээс хойш нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ” гэжээ.

Мөн түүнчлэн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл. “Алдуул малыг бүртгэх, мэдээлэх” 11.1.Нутгийн захиргааны байгууллага алдуул малыг бүртгэж, алдуул малын талаар цагдаагийн байгууллага болон олон нийтэд тогтмол мэдээлж байна.11.2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага алдуул малын талаар нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй. 11.З.Алдуул малыг өөрийн эзэмшилд байлган маллаж байсан этгээдэд Иргэний хуулийн 116, 117 дугаар зүйлд заасан урамшуулал олгоно.” гэж алдуул мал гэж юу байх талаар дээрх хуулиудад заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэс хэсэгт “ ... алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан ...” гэдэг байдлаар диспозид /нөхцөл байдал/ заасан байх бөгөөд шүүгдэгч М.Д г “Алдуул мал завшсан" гэдэг нотлох баримтууд хэрэгт огт авагдаагүй, хохирогч нар нь “гэрийн гаднаасаа, адуунаасаа морьдоо алдсан” гэдгийг тодорхой мэдүүлсэн нотлох баримтуудыг ямар нотлох баримтаар үгүйсгэсэн нь тодорхойгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 хэсэгт “ ... Мэдүүлэг өгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. ...” гэсэн мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ...” гэж заасан байхад дээрх хуулийн заалтыг зөрчиж, шүүгдэгч М.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт хөтлөгдөж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад илтэд буруу дүгнэлт хийж зүйлчлэлийг өөрчилсөн байна.

Шүүгдэгч М.Д  нь 2020 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын "Х" багийн нутагт хохирогч Х.Б ын хээр зүсмийн баруун гуян дээрээ зөв эргүүлгэтэй хас тамгатай бүдүүн морь, Булган аймгийн ... ийн нутагт У.Б ий хээр зүсмийн, ширээтэй дөл тамгатай бүдүүн морь, улаан хээр зүсмийн ширээтэй дөл тамгатай 9 настай морийг хулгайлж 1750000 төгрөгийн, Булган аймгийн ... ийн иргэн Ш.Д гийн цавьдар зүсмийн, буруу эргүүлгэтэй хас тамгатай, бүдүүн морийг завшсан болох нь ... нотлогдож тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн нь ойлгомжгүй мал хулгайлах, болон алдуул мал завших гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх утга агуулгыг илэрхийлж ойлгогдохоор бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой...бичигдэх” шаардлагыг хангаагүй, 39.5 дугаар зүйлийн 1.1 “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2 “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/216 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй бопгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Хавтаст хэрэгт хохирогч Х.Б  “Булган аймгийн Булган сумын 6-р баг “өвөлжөөн булаг гэх газраас 2020 оны 05 сарын эхээр ... өөрийн хээр морио алдсан.” гэх,

хохирогч У.Б э “Булган аймгийн Баян-Агт сум, ... гэх газраас 2020 оны 07 дугаар сарын 19-ны өдөр адуугаа бүртгэхэд нэг хар халтар морь мөн ширээтэй дөл тамгатай нийт гурав адуу дутсан байсан. ...2020 оны 08 дугаар сарын дундуур ширээтэй дөл тамгатай нэг тооны морио өөрийнхөө аргамжааны ойролцоогоос айлын адуунуудтай нийлээд явж байхад нь олж авсан.” гэх, хохирогч Ш.Д гийн “Булган аймгийн ...  “Ж” гэх газраас ...маргааш нь буюу 2020 оны 7 дугаар сарын 18-ны өглөө 06 цагийн орчимд босоод харахад морь маань байхгүй, аргамжаатайгаа алга болсон байсан.” гэх мэдүүлгүүдээр гэмт хэрэг гарсан байдлын талаар прокурорын яллах дүгнэлт болон хохирогч нарын мэдүүлгүүд нь цаг, хугацааны хувьд хоорондоо зөрүүтэй байна.

Дээрх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Д гийн гэмт үйлдлийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэж үзлээ. Учир нь,

 “2020 оны 07 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө” Булган аймгийн ...ийн нутгаас “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь, Булган аймгийн Баян-Агт сумаас хохирогч нар адуугаа алдсан гэх, Булган аймгийн Орхон сумын Х баг хүртэл 240 гаруй километрийн зайтай бөгөөд 2020 оны 05 сараас мөн оны 07-р сарын 18-ны өдрүүдэд шүүгдэгч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, гэмт хэрэг болоод өнгөрсний дараах нөхцөл байдлыг гэрчлэх тул шүүгдэгч М.Д  2020 оны 05 сарын эхээр хохирогч Х.Б ын нэг морь, 2020 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хохирогч У.Б ий 2 морь, 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ш.Д гийн нэг морийг тус тус хулгайлсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Шүүгдэгч М.Д  нь анхнаасаа тууштай, удаа дараагийн тогтвортой мэдүүлэг өгсөн, хоорондын уялдаа холбоотой байдал нь шүүгдэгчийг тодорхой гэмт хэрэг үйлдсэн талаарх түүний мэдүүлэг анхдагч нотлох баримт болдог онцлогтой бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, харин бусдын алдуул малыг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “Булган аймгийн Орхон сумын 2-р багаас “Б“ гэх газрын баруун” талаас 4 тооны адуу хулгайлан авч худалдан борлуулсан” гэж, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоолоор “Булган аймгийн Орхон сум Х баг 2-р багаас Б гэх газрын баруун талаас” гэж тус тус мэдээлэл хүлээн авсан, мэдүүлгийг газар дээр нь шалгах үйл ажиллагааг Орхон аймгийн Баян-Өндөр сум Б-ийн овооны ард талд гэх газар явуулсан байдал болон хэрэгт авадгдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч М.Д г “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэгт нотлох баримт цуглуулж, баримтжуулжээ.

Гэрч С.З , Н.А , М.А  нарын мэдүүлгээр шүүгдэгч М.Д  нь “2020 оны 7 дугаар сарын 18, 19-ний өдөр мөн гэрийнхээ ойр зуурын ажил хийж гэртээ өнжсөн.”, “2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөө Д гийн гэрийг барьж дуусгасан..., Д  гэртээ өөрөө байсан.”,  “2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр би Д гийн гэрт өглөө очиж ... Намайг гэрт өдөржин байхад Д , З  хоёр гэртээ гэр орноо янзлаж өнжсөн.” гэснээр “гэртээ” байсан нь тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасан ба улсын яллагч “мал хулгайлах” гэмт хэрэгт ялласан нь үндэслэлгүй, мал хулгайлах гэмт хэрэг гарсан эсэх, гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тогтоож чадаагүй буюу шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэх нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүх аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилөн зүйлчсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан хэдий боловч үнэлгээний тайланд “2 тооны нас гүйцсэн бүдүүн адуу, 2 тооны соёолон үрээ морьдын үнэлгээ 2020 оны 07 дугаар сарын байдлаар 3.500.000 төгрөг болж байна” гэж хөрөнгийн үнэлгээг гаргасан нь учир дутагдалтай бөгөөд төрлийн бус нэг бүрийн шинжээр үнэ нь тодорхойлогдох адууны үнэлгээг тооцож гаргаагүй байдал, шийтгэх тогтоолын удирдлага болгож байгаа заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 гэж, зарим хүний нэрний, үгний доогуур нарийн зураас байгаа байдал, зүйлчлэлийг хөнгөрүүлж байгаа тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгож байх нь зүйтэй бөгөөд цаашид алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ё.БЯМБАЦЭРЭН

                 ШҮҮГЧИД               М.ХҮРЭЛБААТАР

                                     Д.МӨНХӨӨ