Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/02313

 

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2018/02313

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч: САТҮГ т холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүх 2017 оны 09 сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эр, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.Знар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ц нь ААТҮГ анх Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт, зохицуулалтын алба нэртэй байх үеэс буюу 2011 оноос бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж, 2016 оны 2 дугаар сараас орон нутгаас шилжин ирж бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан юм.

АТҮГ ТӨААТҮГ-ын захирлын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/32 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Б/32 тоот тушаалд Б.Цийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийг бичээгүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг л гэж тусгасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуй нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж заасан байтал орон тоо хасагдсан, цөөрүүлсэн аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа нь тодорхойгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийсэн гэж байгаа боловч Б.Цийн ажиллаж байсан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар-ыг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс болгож нэрийг өөрчилсөн ба түүний чиг үүрэг, орон тоонд өөрчлөлт оруулаагүй, зөвхөн тухайн нэгжийг газар байсныг нь хэлтэс болгож өөрчилсөн боловч тухайн чиг үүргийн хариуцсан нэгжийн бүртгэлийн мэргэжилтний чиг үүрэг хэвээр үлдсэн. Гэтэл шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн гэсэн ажлын байр байхгүй болсон гэж үзэн гэрээг цуцалсаныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус тушаал бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрхийн ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь тухайн ажлын байранд хариуцагч байгууллага өөр хүнийг авч ажиллуулж байгаа бөгөөд дээрх тушаалыг надад албан ёсоор хүлээлгэж өгсөн зүйл байхгүй, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авах талаар тус газрын даргын өрөөнд орж уулзахад намайг эргүүлэн ажилд авна, түр хүлээж бай гээд явуулдаг байсан.

Дээрх тушаал гарснаас хойш 5 сар гаруй хугацаа өнгөрсний дараа эргүүлэн ажилд авах боломжгүй юм байна гэж үзээд ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авах талаар амаар шаардлага тавьснаар уг тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр байсан тул арга буюу шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Өмнө нь миний бие дээрх нэхэмжлэлийн шаардлагыг тухайн шүүхэд гаргасан боловч Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 09911 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Миний бие дээрх захирамжид заасан зөрчлийг арилгасан гэж үзэн дахин Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 181/ШЗ2017/10600 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч нь шүүхийн дээрх захирамжид заасан зөрчлийг арилган нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг бүрэн хангаж дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Б.Цийг АТҮГийн шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаа өнөөдрийг хүртэлх цалин олговорт 20 977 214 төгрөгийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилтан миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, В.Энхбат нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: АТҮГийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Үүний дагуу АТҮГийн захирал тухайн хэлтсийн ажилчдынхаа бүтэц зохион байгуулалтын жагсаалтыг гаргасан. Б.Ц гэдэг хүн нь 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдөр АТҮГийн захирлын тушаалаар Ховд аймгийн АТҮГийн бүртгэлийн мэргэжилтнээр анх ажилд орсон. 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр А/57 дугаар тушаалаар АТҮГ буюу Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бүртгэлийн мэргэжилтэн 30 хүний орон тоотой ажиллаж байсан. 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 27 болгож цөөрсөн. Өмнө Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар нь 41 хүний орон тоотой ажиллаж байсан. Дотор нь бүртгэлийн архив лавлагааны тасаг гээд 13 хүний орон тоотой. Бүртгэлийн лавлагааны тасаг нь бие даасан байдлаар салаад Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэсэг гэсэн нэр томьёотойгоор 36 орон тоотой ажиллаж байгаа. Нийт архивтайгаа нийлээд орон тоо 54 байсан. Бүртгэлийн шилжилт хөдөлгөөн импортын бүртгэлийн хэлтэс нь өөрөө 34 орон тоотой байж байгаад дарга, хэлтсүүд нэгтгэгдээд 36 орон тоо болж байгаа. Гэхдээ энд салсан байдлаар газрын дарга, бүртгэлийн ахлах мэргэжилтэн, бүртгэлийн хяналтын мэргэжилтэн, бүртгэлийн хяналт статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн гэдэг 7 хүний орон тоо бол бүртгэлийн хэлтэстэй нэгтгэгдэж орж ирсэн. Энэ нь өөрөө 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/77 тоот тушаалын хавсралтаар бүрэн харагдаж байгаа. Энэ үүднээс бүртгэлийн мэргэжилтэн гэдэг орон тоо нь 30 хүн байснаас 27 хүн болж 3 хүний орон тоогоор буурсан. Үүнтэй холбоотойгоор 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Цд бүтцийн өөрчлөлтөд ороод орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлж байна гэсэн мэдэгдлийг өгсөн байгаа. Үүнийхээ дагуу Б.Ц мэдэгдлээ хүлээж аваад 30 хоног байсан боловч шинэ жил тохиож байгаатай холбогдуулаад Б.Цийг шинэ жилд оролцуулж 30 дээш хоногийн хугацаатай буюу бүтцийн өөрчлөлтөөр 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/32 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн учраас ажлаас чөлөөлж байгааг Б.Ц өөрөө мэдэж байсан. Бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан нь үнэн. Дарга хүлээж бай гэсэн шалтгаан хэлээд байна. Хэн гэдэг дарга Б.Цтэй уулзсан талаарх баримтууд өнөөдөр хэрэгт авагдаагүй байна. Дарга үг хэлсэндээ биш, энд бид нар эрх зүйч болон Б.Ц нь хууль мэдэхгүй байгаа нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй. Үнэхээр ажлаас чөлөөлсөн дээр гомдолтой байсан бол 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр ажлаас чөлөөлөхөд ажил хүлээлцээд, тэтгэмжээ авахгүй байх байсан. Халсан тушаалыг эх хувиар нь гардуулсан. Энэ дээр манай хүний нөөцийн ажилтнуудын буруутай үйлдлээс болоод баримтжуулж авч чадаагүй байдаг юм. Сүүлд ажил олгогч дээр үлдсэн тушаалын эх хувиас хуулбарлаж, 2017 оны 6 сард авья гэсэн хүсэлтийх нь дагуу гардуулж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу тушаал гардаж авсан үеэс эхлээд гомдол гаргах эрхээ эдэлж нэхэмжлэлээ гаргаад явж байна. Тэгэхэээр АТҮГийн захирал бол мэдээж хуулийн этгээдийн хувьд бүрэн төлөөлнө. П.Дэлгэрнаран нь 2016 оны 9 сард томилогдсон. Энэ үйл явцыг 2017 оны 6 дугаар сард улсын бүртгэлд бүртгүүлсэн. П.Дэлгэрнаран нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үйл ажиллагаа нь хэрэгждэг биш Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдэгдсэн үеэс үйл ажиллагаа бүрэн эрх нь хэрэгжээд явдаг. Нэгэнт энэ ажлыг хийж, эрх үүргээ хэрэгжүүлж байгаагийн хувьд захирал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан эрхийнхээ дагуу хүнийг томилж чөлөөлөх эрхтэй. Мөн төрийн өмчит аж ахуйн үйлчилгээний газрын дүрмийн 6.10.7, 6.10.12-т заасны дагуу тушаал гаргаад тухайн хөдөлмөрийн гэрээтэй холбоотой халж чөлөөлөх асуудлын талаар захиралд бүрэн эрх нь олгогдсон байгаа.

Иймд Б.Цийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 20 977 214 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай гомдол гаргасан байна.

Шүүх, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Ажилтан Б.Ц нь анх Тээврийн оношлогоо, хяналт зохицуулалтын албаны захирлын 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 242 дугаар тушаалаар Ховд аймаг дахь салбарын тоо бүртгэлийн мэргэжилтнээр 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 6 сарын туршилтийн хугацаагаар түр томилогдон ажиллаж эхэлсэн ба Автотээврийн үндэсний төв ТӨҮГазрын захирлын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/64 дугаар тушаалаар Ховд аймгийн Автотээврийн төвийн тээвэр бүртгэлийн мэргэжилтний албан тушаалаас 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж мөн өдрөөс эхлэн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын Бүртгэлийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан тушаалуудаар тогтоогддог бөгөөд энэ талаар талууд маргаагүй./хх-35-36 дугаар тал/

Ажил олгогч Автотээврийн үндэсний төв ТӨҮГ нь ажилтан Б.Цтэй 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ХГ/16014 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус газрын бүртгэлийн мэргэжилтний албан тушаалд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хугацаагүй ажиллахаар тохиролцжээ. /хх-44-47 дугаар тал/

Ажил олгогч Автотээврийн үндэсний төв ТӨҮГазрын захирал нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн б/32 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн Б.Цтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 1 /нэг/ сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 900 000 төгрөг олгосон үйл баримт тогтоогдож байна./хх-ийн 22 дугаар тал/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1.4, 1.10-т зааснаар Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал нь Үлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/277 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтцийг өөрчлөхдөө тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 30 бүртгэлийн мэргэжилтэн байсныг 27 болгон цөөрүүлсэн гэж үзэхээр байна./хх-ийн 27-28 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах бөгөөд мөн зүйлийн 40.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй.

Ажил олгогч нь бүрэн эрхийнхээ хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах шийдвэр гаргаж, ажилтан Б.Цд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдэл гардуулан өгсөн ба энэ талаар талууд маргаагүй./хх-ийн 20 дугаар тал/

Харин ажилтан буюу нэхэмжлэгч нь орон тоог цөөрүүлсэн гэх боловч надтай хамт ажлаас нь халсан К.Эрдэнэсувд, Г.Эрдэнэбулаг нарыг буцаагаад ажилд нь авсан, одоо тэр хоёр ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлт /хх-ийн 203, 208, 211, 216, 219-220, 224, 234, 239, 249, 3, 8, 13, 18/-ийн тайлангаар нотлогдож байх бөгөөд ижил орон тоонд адил үүрэг гүйцэтгэж байсан ажилчдаас ямар шалгуураар намайг халсан нь тодорхойгүй гэж гомдож байна.

Ажил олгогч буюу хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/77 дугаар тушаалын хавсралтаас бүртгэлийн мэргэжилтний орон тоо 30 байсныг 27 болгож, 3 орон тоогоор буурсан. Үүнтэй холбоотойгоор 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Цд мэдэгдэл өгч, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн учраас ажлаас чөлөөлж байгааг Б.Ц өөрөө мэдэж байсан. Төрийн өмчит аж ахуйн үйлчилгээний газрын дүрэмд заасны дагуу захиралд ажилтны ажлаас халж, чөлөөлөх бүрэн эрх нь олгогдсон тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргадаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн 3 үндэслэл заасан бөгөөд орон тоог цөөрүүлэхэд Б.Цийг ямар шалгуур үзүүлэлтээр хамруулсан нь тодорхойгүй ба энэ талаар бичгийн нотлох баримт байхгүй, хариуцагчийн төлөөлөгч нь сонгон шалгаруулж, ажил мэргэжилээр нь уралдуулж халаагүй тул бичгийн баримт байхгүй гэсэн тайлбар өгсөн, мөн хариуцагчаас 2018.10.31-ний өдрийн 4/2194 дүгээртэй албан бичгээр ...захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Хөдөлмөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хөдөлмөрийн гэрээг байгуулан ажилласан болно гэж тус тус тайлбарлаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатэй эдэлнэ, тус зүйлийн 4-т ...хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, 13-т Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур ...эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно, Арван долдугаар зүйлийн 2-т Хөдөлмөрлөх ...нь иргэн бүрийн журамт үүрэг мөн гэж тус тус зааж, Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Автотээврийн үндэсний төв ТӨҮГазрын захирал нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай контрактын гэрээ байгуулан ажилладаг байх хэдий ч Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон түүнтэй холбоотой дүрэм журмыг баримтлан ажиллах үүрэгтэй.

Талуудын хоорондох хөдөлмөрийн гэрээний харилцаа ажил олгогчийн санаачилгаар цуцлагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг болон 40.1.1-д заасан зохицуулалт энэхүү маргаанд хамаарч байна.

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д ...эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэдгийг ажил, албан тушаалын нэг ижил орон тооноос тодорхой тоогоор багасгахыг ойлгох боловч ажил олгогч буюу өмчлөгч болох захирал П.Дэлгэрнаран нь ажилтан Б.Цтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэл, шалгуур үзүүлэлтэд хамруулан цуцалсан болох нь тодорхойгүй ба нотлогдон тогтоогдохгүй байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн гэж дүгнээд мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу шүүх нэхэмжлэгч буюу ажилтан Б.Цийг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

Шүүх, нэхэмжлэгчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох зохицуулалттай.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн өдрөөс хойш 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл ажлын нийт хоногийг 455 гэж, 2016 оны 10, 11, 12 дугаар саруудад авсан цалингаар тооцоход 20 977 214 төгрөг болж байх тул уг мөнгийг гаргуулна гэж тооцон нэхэмжилсэн ба, шүүх хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан баримтыг үндэслэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэсний дагуу 2016 оны 10, 11, 12 саруудад авсан цалин /985500+994500+994500/ нийт 2 974 500 төгрөг : 3 сар=991 500 төгрөг : 21.5 = 46 116 төгрөгийг нэг өдрийнхөөр, ажилгүй байсан бүх хугацаа гэж нэхэмжлэгчийн тодорхойлсон 455 хоногоор тооцоход /46 116 төгрөг х 455 хоног/ нийтдээ 20 982 780 төгрөг болж байх боловч тэдгээрийн тооцоолон нэхэмжилсэн 20 977 214 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иймд нэхэмжлэгч Б.Цийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГазрын Шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20 977 214 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гардан авч, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан байдал нь Монгол шуудан ТӨХК-ийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3149715 дугаартай мөнгө хураасан тасалбар /хх-ийн 59 дүгээр тал/, mongolpost.mn цахим мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 68 дугаар тал/, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2018/09911 дүгээртэй нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан тухай захирамж /хх-ийн 11 дүгээр тал/ зэрэг бичгийн баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж үзлээ.

Хариуцагчийн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг нь зөрчөөгүй, хуулийн дагуу халсан, түүнд ажлаас халсан тушаалыг ажил хүлээлцэх өдөр гардуулан өгсөн ба хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдлоо гаргасан гэж тус тус маргаж буй үндэслэлээ бичгийн баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд болон 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Цийг Автотээврийн үндэсний төв ТӨҮГазрын Шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20 977 214 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, тухайн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Автотээврийн үндэсний төв ТӨҮГазарт үүрэг болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид /70200+262836/ нийт 333 036 төгрөг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас нь хойш 14 хоногийн дотор шүүхэд өөрөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ