Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00065

 

Б.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/02313 дугаар шийдвэртэй, Б.Ц-ийн нэхэмжлэлтэй АТҮТ ТӨААТҮГ-т холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Н.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: АТҮТ ТӨААТҮГ-т анх Тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт, зохицуулалтын алба нэртэй байх үеэс буюу 2011 оноос бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж, 2016 оны 2 дугаар сараас орон нутгаас шилжин ирж бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. АТҮТ ТӨААТҮГ-ын захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/32 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Дээрх тушаалд ажлаас чөлөөлөх болсон үндэслэлийг бичээгүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тусгасан. Тус хуулийн заалтад “аж ахуй нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж заасан атал орон тоо хасагдсан, цөөрүүлсэн аль үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тодорхойгүй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийсэн гэж байгаа боловч Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрыг Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс болгож нэрийг өөрчилсөн ба түүний чиг үүрэг, орон тоонд өөрчлөлт оруулаагүй, зөвхөн тухайн нэгжийг газар байсныг нь хэлтэс болгож өөрчилсөн боловч тухайн чиг үүргийн хариуцсан нэгжийн бүртгэлийн мэргэжилтний чиг үүрэг хэвээр үлдсэн. Гэтэл шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн гэсэн ажлын байр байхгүй болсон гэж үзэн гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд уг тушаал нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус тушаал бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрхийн ноцтой зөрчсөн. Тухайн ажлын байранд хариуцагч байгууллага өөр хүнийг авч ажиллуулж байгаа бөгөөд дээрх тушаалыг надад албан ёсоор хүлээлгэж өгсөн зүйл байхгүй, ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авах талаар тус газрын даргын өрөөнд орж уулзахад “ажилд эгүүлэн авна, түр хүлээж бай” гэж хэлдэг байсан. Дээрх тушаал гарснаас хойш 5 сар гаруй хугацаа өнгөрсний дараа эргүүлэн ажилд авах боломжгүй юм байна гэж үзээд ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж авах талаар амаар шаардлага тавьснаар уг тушаалыг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөөр байсан тул арга буюу шүүхээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Иймд АТҮТ ТӨААТҮГ-ын шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан бүх хугацаа өнөөдрийг хүртэлх цалин олговорт 20 977 214 төгрөгийг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилтан миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэчулуун, Д.Энхбат нар шүүхэд гаргасан тайлбартаа: АТҮТ ТӨААТҮГ-ын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Үүний дагуу АТҮТ ТӨААТҮГ-ын захирал тухайн хэлтсийн ажилчдынхаа бүтэц зохион байгуулалтын жагсаалтыг гаргасан. Б.Ц  нь 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр АТҮТ ТӨААТҮГ-ын захирлын тушаалаар Ховд аймгийн АТҮТ-ийн бүртгэлийн мэргэжилтнээр анх ажилд орсон. 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр А/57 дугаар тушаалаар АТҮТ ТӨААТҮГ-ын буюу Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 55 дугаар тогтоолоор бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор бүртгэлийн мэргэжилтэн 30 хүний орон тоотой ажилласан. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/277 дугаар тушаалаар 27 болгож цөөрсөн. Өмнө Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газар нь 41 хүний орон тоотой ажиллаж байсан ба дотор нь бүртгэлийн архив лавлагааны тасаг гээд 13 хүний орон тоотой. Бүртгэлийн лавлагааны тасаг нь бие даасан байдлаар салаад Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэсэг гэсэн нэр томьёотойгоор 36 орон тоотой ажиллаж байгаа. Нийт архивтайгаа нийлээд орон тоо 54 байсан. Бүртгэлийн шилжилт хөдөлгөөн импортын бүртгэлийн хэлтэс нь өөрөө 34 орон тоотой байж байгаад дарга, хэлтсүүд нэгтгэгдээд 36 орон тоо болсон. Гэхдээ энд салсан байдлаар газрын дарга, бүртгэлийн ахлах мэргэжилтэн, бүртгэлийн хяналтын мэргэжилтэн, бүртгэлийн хяналт статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн гэдэг 7 хүний орон тоо бол бүртгэлийн хэлтэстэй нэгтгэгдэж орж ирсэн. Энэ нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/77 тоот тушаалын хавсралтаар бүрэн харагдана. Бүртгэлийн мэргэжилтний орон тоо нь 30 хүн байснаас 27 хүн болж 3 орон тоогоор буурсан. Үүнтэй холбоотойгоор 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Ц- д бүтцийн өөрчлөлтөд ороод орон тоо цөөрсөнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлж байна гэсэн мэдэгдлийг өгсөн байгаа. Үүний дагуу Б.Ц мэдэгдлээ хүлээж аваад 30 хоног байсан боловч шинэ жил тохиож байгаатай холбогдуулаад Б.Ц-ийг шинэ жилд оролцуулж 30 дээш хоногийн хугацаатай буюу бүтцийн өөрчлөлтөөр 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/32 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн учраас ажлаас чөлөөлж байгаа талаар нэхэмжлэгч мэдэж байсан. Бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан нь үнэн. Хэн гэдэг дарга Б.Ц-тэй уулзсан талаарх баримтууд өнөөдөр хэрэгт авагдаагүй. Дарга үг хэлсэндээ биш, энд бид нар эрх зүйч болон Б.Ц нь хууль мэдэхгүй байгаа нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болохгүй. Ажлаас чөлөөлсөнд гомдолтой байсан бол 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөхөд ажил хүлээлцээд, тэтгэмжээ авахгүй байсан ба түүнд халсан тушаалыг эх хувиар нь гардуулсан бөгөөд хүний нөөцийн ажилтнуудын буруутай үйлдлээс болоод баримтжуулж авч чадаагүй. Ажил олгогч дээр үлдсэн тушаалын эх хувиас хуулбарлаж, 2017 оны 6 сард авъя гэх хүсэлтийнх нь дагуу өгсөн. АТҮТ-ийн захирал бол мэдээж хуулийн этгээдийн хувьд бүрэн төлөөлнө. П.Дэлгэрнаран нь 2016 оны 9 сард томилогдсон. Энэ үйл явцыг 2017 оны 6 дугаар сард улсын бүртгэлд бүртгүүлсэн. П.Дэлгэрнаран нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үйл ажиллагаа нь хэрэгждэг биш Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас мэдэгдсэн үеэс үйл ажиллагаа бүрэн эрх нь хэрэгждэг. Нэгэнт энэ ажлыг хийж, эрх үүргээ хэрэгжүүлж байгаагийн хувьд захирал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу томилж, чөлөөлөх эрхтэй. Мөн төрийн өмчит аж ахуйн үйлчилгээний газрын дүрмийн 6.10.7, 6.10.12-т заасны дагуу тушаал гаргаж, тухайн хөдөлмөрийн гэрээтэй холбоотой халж чөлөөлөх асуудлын талаар захиралд бүрэн эрх нь олгогдсон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Ц-ийг АТҮТ ТӨАҮГ-ын Шилжилт хөдөлгөөн, импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20 977 214 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, тухайн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч АТҮТ ТӨҮГ-т үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ц улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат давж заалдах гомдолдоо: Автотээврийн үндэсний төвийн дарга нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай байгуулсан контрактын гэрээний 3.2-т зааснаар тухайн аж ахуйн нэгжийг өөрийн менежментээр ашигтай ажиллуулах үүргийг гэрээгээр хүлээдэг. Үйлдвэрийн газрын захирал нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан ажилчдын орон тооны дээд хязгаарт багтаан хэдэн орон тоотой ажиллах талаар 2016 оны 11 дүгээр сарын 03 тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж орон тоогоо баталсан. Үүний хүрээнд АТҮТ-ийн шилжилт хөдөлгөөн импортын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтний орон тоо 30 байсныг цөөрүүлж 27 мэргэжилтэн ажиллахаар орон тоо нь батлагдсан. Үйлдвэрийн газарт ажилд ороход төрийн албаны шалгалт өгдөг шиг сонгон шалгаруулалтаар ажилтныг сонгон шалгаруулж авдаггүй бөгөөд хөдөлмөрийн хуулинд зааснаар хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Хөдөлмөрийн гэрээ нь талууд харилцан тохиролцож байгуулдаг. Үйлдвэрийн газар нь өөрийн үйл ажиллагаагаар өөрийгөө санхүүжүүлдэг компани юм. Тийм учраас нэхэмжлэгч Б.Ц-д хөдөлмөрийн тухай хуульд зааснаар бүтцийн өөрчлөлтөд орж буй талаар ажлаас халагдахаас 1 сараас өмнө мэдэгдлийг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг зөрчиж ажлаас халсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь ажлаас орон тоо цөөрсөн учраас ажлаас чөлөөлөгдөж байгаа талаар мэдэж мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч мэдсэн. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажил хүлээлцэх үед ажлаас халсан тушаалыг гардуулсан боловч баримт нь алга болсон. Үүнээс хойш 2017 оны 6 дугаар cap хүртэл АТҮТ-өөр 7 хоног болгон ирж байсан боловч тушаалаа авах талаар огт хандаж байгаагүй. Энэ бүгдээс харвал нэхэмжлэгч нь ажлаас бүтцийн өөрчлөлтөөр халагдсанаа хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаа хэтрүүлсэн байж нэхэмжлэл гаргаж буй Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр 129.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч АТҮТ ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон тоо цөөрсөн, ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Б.Ц  нь АТҮТ ТӨААТҮГ-ын захирлын 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/64 дугаар тушаалаар Тээврийн хэрэгслийн бүртгэлийн газрын Бүртгэлийн мэргэжилтнээр томилогдон ажилласан, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/32 тоот тушаалаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа зэрэг баримтаар тогтоогдсон. /1хх-ийн 5-8, 29, 36 дугаар тал/

Ажил олгогчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар тогтоолоор батглагдсан “Автотааврийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12 дахь заалтыг тус тус үндэслэж ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо цөөрсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачлагаар цуцлах бөгөөд мөн зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу ажилтанд хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гардуулан өгсөн ба энэ талаар зохигчид маргаагүй байна.

Ажил олгогч буюу хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/77 дугаар тушаалаар бүртгэлийн мэргэжилтний орон тоо 30 байсныг 27 болгож, 3 орон тоогоор буурсан гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч Б.Ц  нь “надтай хамт ажлаас халагдсан К.Эрдэнэсувд, Г.Эрдэнэбулаг нарыг ажил олгогч эгүүлэн ажилд нь авсан, тус ажилчид одоо ажиллаж байгаа бөгөөд ижил орон тоонд адил үүрэг гүйцэтгэж байсан ажилчдаас ямар шалгуураар намайг халсан нь тодорхойгүй” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх бөгөөд хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар дээрх нэр бүхий ажилчид хариуцагч байгууллагад ажиллаж байгаа болох нь нотлогдсон. Үүнээс үзвэл ажил олгогчийн “орон тоо цөөрсөн” гэх үндэслэл эргэлзээтэй болжээ. /1хх-ийн 203, 208, 211, 216, 219-220, 224, 234, 239, 249, 2хх-ийн 3, 8, 13, 18 дугаар тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн 3 үндэслэл заасан бөгөөд орон тоог цөөрүүлэхэд Б.Ц-ийг ямар шалгуур үзүүлэлтээр хамруулсан нь тодорхойгүй ба энэ талаар бичгийн нотлох баримт байхгүй, хариуцагчийн төлөөлөгч нь сонгон шалгаруулж, ажил мэргэжилээр нь уралдуулж халаагүй тул бичгийн баримт байхгүй гэх хариуцагч өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан бүх хугацааны цалин олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2018/02313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч АТҮТ ТӨААТҮГ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                          Б.НАРМАНДАХ