Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2018/01168

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 28 өдөр Дугаар 142/ШШ2018/01168 Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүухийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Жаргалант сум, 1-р баг Улаантолгой төмөр зам ******* тоотод оршин суух, /Регистрийн дугаар: *******/, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Ш******* дугаар нээлттэй хорих анги,

Хариуцагч: Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангийн ******* тойргийн шийдвэр гүйцэтгэгч ******* нарт холбогдох,

 

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 437 дугаар нээлттэй хорих ангийн ******* тойргийн шийдвэр гүйцэтгэгч *******ын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18140197/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.******* нь М.Адилбиштэй 1991 онд гэр бүл болж, 27 жил хамт амьдарч байгаа бөгөөд бидний дундаас 1992 онд охин Э.Амарзаяа, 1996 онд хүү Э.Элбэгзаяа, 2000 онд хүү Э.Батбаяр, 2011 онд Э.Билгүүнбаяр нар тус тус төрсөн. Бид гэр бүл болсноос хойш хамтран ажиллаж 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замын 2 дугаар гудамжны 1 тоот 3000 метр кв газар /Г-2101002123 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар/ 5 хүний хамтын өмч, мөн Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замын 2 дугаар гудамжны 1 тоотод байрлах амины орон сууц, дэлгүүрийн зориулалттай 77 метр кв, 38,5 метр кв үл хөдлөх хөрөнгө /Ү-2101010278 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар/ 5 хүний хамтын өмч гэх мэт хөрөнгүүдийг бий болгосон. Дээрх хөрөнгүүд бидний буюу миний 4 хүүхэд, М.Адилбиш нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Уг хөрөнгүүдийг бий болоход М.Адилбиш болон миний оролцоо байснаас гадна бидний хүүхдүүдийн оролцоо хувь нэмэр, хамтын хөдөлмөр шингэсэн. Дээрх хөрөнгүүдийн үнэлгээ нь дараах байдлаар үнэлэгдэнэ.

1.Үл хөдлөх хөрөнгө /Ү-2101010278/, газрын /Г-2101002123/ хамт нийт /30,000,000/ орчим төгрөгийн үнэтэй. Дээрх хөрөнгүүд нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн ******* тойргийн шийдвэр гүйцэтгэгч ******* нь "Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18140197/01 дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн байна. М.Адилбишийн гэр бүлийн гишүүн хүний хувьд хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлаар бие даасан шаардлага гаргаж эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд тус эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хууль зөрчиж гэр бүлийн гишүүдийн эрхийг хөндсөн шийдвэр гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн ******* тойргийн шийдвэр гүйцэтгэгч *******ын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18140197/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байгаа. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн ******* тойргийн шийдвэр гүйцэтгэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 18140197/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. А.******* болон хамтран өмчлөгч, түүний хувьд төлбөр төлөгч биш. М.Адилбиш нь төлбөр төлөгчөөр оролцож байгаа. Гэтэл тухайн эд хөрөнгийг бүхэлд нь битүүмжилсэнд нь гомдолтой байгаа учраас нэхэмжлэл гаргасан. М.Адилбишид ногдох 6000000 төгрөгөнд битүүмжиллээ гэсэн бол А.******* нэхэмжлэл гаргахгүй. Акт нь 5 хүний өмчлөлийн эд хөрөнгийг бүхэлд нь битүүмжлээд хамтран өмчлөгч нарын захиран зарцуулах эрхийг нь хязгаарлаж байна. Дүйцүүлж битүүмжилсэн гэж яриад байгаа тайлбар нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн агуулга нь шүүхэд төлөх төлбөргүй байхад миний хөрөнгийг битүүмжлээд, өмчлөх эрхэнд халдаж байна гэсэн асуудал юм. Өмчлөх эрх гэдэг нь хэн нэгнээс асуухгүйгээр зарж, бэлэглэж, шилжүүлж болдог эрх юм. Монгол Улсын иргэн бол үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авч, эзэмших ашиглах эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байгаа. Энэ эрхийн агуулга нь хэнээс ч асуухгүйгээр захиран зарцуулах эрхтэй. Шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн байна. Битүүмжлэхдээ тухайн эд хөрөнгийг нэхэмжлэгчийн эхнэрийн хэлснээр 30000000 төгрөг гэж үнэлээд, 7690042 төгрөгний төлбөрт битүүмжилсэн. Битүүмжлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар явагдсан гэж тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зорилго болон түүнд хэрэглэх хуулийг харвал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж гэсэн байна. Энэ дотроо Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль гэж бичсэн байгаа. Энэ хууль тогтоомжийн ойлголт нь Үндсэн хуулиас эхлэх юм байна. Дараа нь Иргэний хуулийг уншаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явж байна уу? үгүй юу гэсэн асуудал ярихаас зөвхөн манай хууль гэж ярьж болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар төлбөргүй хүнээс мөнгө гаргуулах тухай асуудал яригдаагүй. Харин төлбөр авагч, төлбөр төлөгч гэсэн ойлголт байгаа. Төлбөр төлөгч гэж хэнийг хэлэх вэ гэхээр шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх хуудсанд нэр нь заагдсан төлбөл зохих этгээдийг хэлнэ. Төлбөл зохих хүн нь М.Адилбиш юм. М.Адилбишээс төлбөр гаргуулах үедээ тухайн хөрөнгийг хамтран эзэмшдэг А.*******ын хөрөнгийг битүүмжлэх ажиллагаа хийгдсэн. Эхнэр нь өртэй гээд нөхөр нь төлөх үүрэггүй. Ял зэмлэлийг нь тухайн буруутай этгээд хүлээнэ. Гэр бүлийн гишүүд хамаатан саданд нь халдаан хэрэглэж болохгүй. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийг тодорхойлоод ажиллагаа явуулах боломжтой байсан. Шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр гаргадаг. Эцэслэсэн учраас ямар ч хамаагүй аргаар авна гэж хандаж болохгүй. Тухайн төлбөр төлөгчийн эрхийн хязгаарлалт хийх нь зөв. Гэхдээ хуульд заасны дагуу хийгдэнэ. Хэтрүүлээд хамтран өмчилж байгаа бүх хүмүүст нь халдаагаад битүүмжилж байгаа нь буруу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гарч байгаа шийдвэр нь тогтоолын хэлбэрээр гардаг. Тогтоол эрх зүйн актын хувьд үнэн зөв байх ёстой. Гэтэл 7690042 төгрөг дээр зардлын 70.000 төгрөг нэмэгдсэн. Шүүхийн шийдвэрээр тэмдэгтийн хураамжийг нь нэмээд 7690042 төгрөг төлөхөөр болсон юм. Данснаас нь 1700000 төгрөг суутгаж авчхаад тэрийгээ огт бичээгүй. Миний харж байгаагаар энэ хүн их өртэй юм гэж зарлах гээд байх шиг байна. Хэрвээ 1700000 төгрөгийг нь авчихсан байсан юм бол нийт дүнгээсээ хасаад үлдэгдэл мөнгийг нь хэлэх хэрэгтэй. Энэ ажиллагаагаа хийчхээд бичдэггүй нь бодит байдалтай нийцэхгүй байна. Гэр бүлийн хамтран өмчилж байгаа дундын хөрөнгийг нэгнийх нь өр төлбөрт битүүмжлээд захиран зарцуулах эрхийг нь хязгаарлахаар бусад хүмүүс нь өөрсдийгөө төлбөр төлөх ёстой гэж ойлгоно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь М.Адилбишид оногдох хэсгийг нь авах ёстой. Оногдох хэсгийг нь хуваа гэсэн үг биш. Үүнийг нь шийддэг Иргэний хуулийн 129 дүгээр заалт байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гарын явуулаад байгаа ажиллагаа нь төлбөр авагчийн эрхийг хангахын тулд төлбөр төлөгч мөн хамт хөрөнгө эзэмшдэг хүмүүсийг энд татан оруулж ажиллагаа хийж байна. М.Адилбишид оногдох хэсгийг нь авчих юм бол хожим нь хөрөнгөөсөө оногдох хэсгээ шаардах эрхгүй болно. Тийм учраас хуульд заасан журмын дагуу ажиллагаагаа хийхгүйгээр бусад хүмүүсийн эрхэнд халдчихаар энэ ажиллагаанд чинь бусад хүмүүс нь гомдол гаргах үндэс болж байна. Битүүмжилсэн тогтоолын агуулга нь 7690042 төгрөг гаргуулна гэсэн байгаа. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байна. Буурсан дүнгээ ч хариуцагч ******* мэдэхгүй байна. М.Адилбишид мэдэгдэх хуудас өгсөн зүйл байхгүй. Мөн М.Адилбишийн хөрөнгийг биш бүгдийнх нь хөрөнгийг битүүжилж байна гэсэн сэтгэгдэл төрүүлсэн. А.******* би өргүй байхад яагаад миний хөрөнгийг битүүмжилдэг юм бэ? гэж хэлсэн. Тэгэхээр манай байгууллагууд хуульд заасан ажиллагаагаа явуулахдаа үндэслэл журмын дагуу явуулахгүй байхаар ийм зүйл болоод байна. Битүүмжилсэн шийдвэр нь төлбөр авах дүнгээрээ бодит үнэн байдалд нийцээгүй байна. Бусад гишүүдийн эрхийг хөндсөн тогтоол гаргаснаараа буруу. Зөвхөн М.Адилбишийнхийг битүүмжилж байна, таных хамаагүй гэж амаар хэлсэн гэх боловч тэмдэглэлдээ тусгаагүй байна. Тусгах шаардлагагүй гэж үздэг юм байна. Энэ битүүмжилсэн тогтоол нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй гэдгийг харуулж байна. Эрхийг нь тайлбарлаж өгөөд байгаа боловч тайлбарлаж өгч байгаагаа цаасан дээр бичихгүй нууц ажиллагаа байж болохгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ил тод байх ёстой. Шүүх баримтанд итгэдэг. Бодит байдалд нийцэхгүй тогтоол гаргасан нь буруу байна. Зөв болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна гэв.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч А.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/шш2016/00773 дугаар шийдвэр, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/Ш32017/05534 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжаар М.Адилбишээс 7620042 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8-д заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа ажиллагаа юм. Шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие болон бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх барьцаалах, хураан авах худалдан борлуулах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2, 86.4 86.5 заасны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч А.******* нь төлбөр төлөгч М.Адилбиштэй 1991 онд гэр бүлж хамт амьдарч, хамт ажиллаж Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой багийн Төмөр зам 2-р гудамж 01 тоот хашаа байшингийн хамтран өмчлөгч болохоо нэхэмжлэлдээ тодорхой дурьдсан байна. Төлбөр төлөгч М.Адилбишийн арилжааны банкуудад байрлах хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилж түүнд байсан 1700000 төгрөгийг татан авч төлбөрөөс хэсэгчлэн төлүүлсэн. Төлбөр төлөгч М.Адилбишид төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгсөн боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир хуульд заасан арга хэмжээг авч төлбөр төлөгчийн өмчлөлийн Орхон аймаг Жаргалант сум 1-р баг Улаан толгой Төмөр зам 2-р гудамж 01 тоот хашаа байшинг битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан ба эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нь ямар ч хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 773 дугаар шийдвэрээр М.Адилбишээс 7484000 төгрөгийг гаргуулан Төрийн банкинд олгохоор шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга хэмжээ авч төлбөр төлөгч М.Адилбишийг дуудаж уулзсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу зөв явагдсан. М.Адилбишийг дуудаж төлбөр төлөх талаар мэдэгдэл өгсөн боловч төлөөгүй учраас төлбөр төлөгчийн харилцах данс болон дансан дахь мөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд зааснаар дансан дахь мөнгийг нь татаж авч, дансыг нь битүүмжлэн барьцаалж, дансыг нь хаасан. Дансыг нь хаагаад төлбөр төлөгч, төлбөр авагчид мөнгийг нь шилжүүлсний дараа төлбөр төлөгчид дахин мэдэгдэл өгсөн. Төлбөр төлөх бололцоогоор нь хангаж, мэдэгдэл өгсөн боловч төлбөр төлөгч төлөөгүй. Тэгээд төлбөр төлөгчийн эд хөрөнгийн лавлагааг Улсын бүртгэлээс авахад төлбөр төлөгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө гарч ирсэн. Үүний дагуу эд хөрөнгийг нь битүүмжилсэн. Үл хөдлөх хөрөнгө нь 5 хүний өмчлөл байсан учраас нэг хүнд 6000000 төгрөг оногдохоор юм байна гэж тооцоолж үнийн дүнд нь дүйцүүлж эд хөрөнгийг битүүмжилсэн. Битүүжилсэн акт нь хуулийн дагуу мэдэгдэж, битүүмжилсэн. Хууль зөрчөөгүй. Үл хөдлөх эд хөрөнгийг салгаж битүүмжилнэ гэсэн ойлголт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлд зааснаар бүхэлд нь битүүмжилнэ. Манай хуулийн 86 дугаар зүйлд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийн хэмжээнд битүүмжилнэ гэсэн байна. Салгаж битүүмжилнэ гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч нар маань үйлчлүүлэгч нартаа төрийн байгууллагын үйл ажиллагааг зөв зүйтэй байдлаар тайлбарлах ёстой. Удаа дараа манай байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн нэр хүндэд халдаж байна. Энэ талаар эдгээр хүмүүстэй олон удаа нүүр тулах байх. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 18140197 дугаартай хувийн хэргийг эх хувиар нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.******* нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч ******* нарт холбогдуулан Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замын 2-р гудамжны 1 тоотод байрлах 77 м2, 38,5 м2, амины орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18140197/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболд, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ******* тойргийн шийдвэр гүйцэтгэгч ******* нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18140197/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол үйлдэж, төлбөр төлөгч М.Адилбишийн болон түүний нөхөр А.*******, хүүхдүүд болох Э.Амарзаяа, Э.Элбэгзаяа, Э.Батбаяр нарын 5 хүний өмчлөлийн Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замын 2-р гудамжны 1 тоотод байрлах 77 м2, 38,5 м2, амины орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгийг битүүмжилсэн байх ба уг битүүмжилсэн ажиллагааг төлбөр төлөгч болон нэхэмжлэгч А.Эрдэнбатад мэдэгдэж, гарын үсэг зуруулсан, үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх хугацааг 4 хоногоор тогтоож, энэхүү хугацаанд тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах, нэмэлт хөрөнгө оруулалт хийхийг хориглосон байна.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2016/00773 дугаартай шүүхийн шийдвэрээр төлбөр төлөгч М.Адилбишээс нэхэмжлэгч Төрийн банкны Сэлэнгэ салбарт 7845327,86 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэхүү шийдвэрийн дагуу гарсан Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/Ш32017/05534 дугаартай захирамж, 71 тоот гүйцэтгэх хуудсыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18140197 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг гаргаж, 2018 оны 02 сарын 05-нд төлбөр төлөгч М.Адилбишд шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг өгч, арилжааны банкуудад 2018 оны 03 сарын 29-ний өдрийн 03/408 дугаар албан бичгээр харилцах болон хадгаламжийн дансанд байгаа мөнгийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд шилжүүлэх талаар мэдэгдэж, 2018 оны 07 сарын 19-нд 1700000 төгрөгийг төлбөр авагчид төлбөр төлөгчийн данснаас шилжүүлж, 2018 оны 04 сарын 12-нд дахин шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгч, М.Адилбиш нь эрхэлсэн тодорхой ажилгүй, төлбөрийн чадваргүй болохыг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна 86.6-д ....шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг энэ хуульд заасан журмын дагуу битүүмжилнэ заалтыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулсан болох нь шийдвэр гүйцэтгэлийн 18140197 дугаартай хувийн хэрэг материалаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2-т зааснаар аливаа хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлахдаа битүүмжлэх ажиллагаа хийх ба тухайн ажиллагааг хэрэгжүүлэхдээ эрх хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтоохоор, мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна. гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.*******ын шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол хууль зөрчиж, гэр бүлийн гишүүдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан гэх гомдол үндэслэлгүй байх бөгөөд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих ангийн ******* тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн үйл ажиллагаа хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, битүүмжлэх тогтоолд эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тодорхой, ойлгомжтой тусгасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.2.8, 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих анги болон шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхагмягмар нарт холбогдох Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замын 2-р гудамжны 1 тоотод байрлах 77 м2, 38,5 м2, амины орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18140197/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1,57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ