Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2019/00002

 

А.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй, хариуцагч

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар

нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01168 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.Эрдэнэбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих анги, шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нарт холбоонд холбогдох,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 58 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмарын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18140197/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхамягмар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэболд, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц Миний бие А.Эрдэнэбат нь М.Адилбиштэй 1991 онд гэр бүл болж, 27 жил хамт амьдарч байгаа бөгөөд бидний дундаас 1992 онд охин Э.Амарзаяа, 1996 онд хүү Э.Элбэгзаяа, 2000 онд хүү Э.Батбаяр, 2011 онд Э.Билгүүнбаяр нар тус тус төрсөн. Бид гэр бүл болсноос хойш хамтран ажиллаж 2005 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замын 2 дугаар гудамжны 1 тоот 3000 метр кв газар /Г-2101002123 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар/ 5 хүний хамтын өмч, мөн Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замын 2 дугаар гудамжны 1 тоотод байрлах амины орон сууц, дэлгүүрийн зориулалттай 77 метр кв, 38,5 метр кв үл хөдлөх хөрөнгө /Ү-2101010278 улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар/ 5 хүний хамтын өмч гэх мэт хөрөнгүүдийг бий болгосон. Дээрх хөрөнгүүд бидний буюу миний 4 хүүхэд, М.Адилбиш нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Уг хөрөнгүүдийг бий болоход М.Адилбиш болон миний оролцоо байснаас гадна бидний хүүхдүүдийн оролцоо хувь нэмэр, хамтын хөдөлмөр шингэсэн. Дээрх хөрөнгүүдийн үнэлгээ нь дараах байдлаар үнэлэгдэнэ. Үл хөдлөх хөрөнгө /Ү-2101010278/, газрын /Г-2101002123/ хамт нийт /30,000,000/ орчим төгрөгийн үнэтэй. Дээрх хөрөнгүүд нь манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Гэтэл Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 58 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь "Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18140197/01 дугаартай тогтоолоор дээрх эд хөрөнгүүдийг битүүмжилсэн байна. М.Адилбишийн гэр бүлийн гишүүн хүний хувьд хамтран өмчлөх дундын хөрөнгийн асуудлаар бие даасан шаардлага гаргаж эрхээ хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа бөгөөд тус эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хууль зөрчиж гэр бүлийн гишүүдийн эрхийг хөндсөн шийдвэр гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангийн 58 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмарын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18140197/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхамягмар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч А.Эрдэнэбатын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 142/шш2016/00773 дугаар шийдвэр, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 142/Ш32017/05534 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжаар М.Адилбишээс 7620042 төгрөг гаргуулж Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2.8-д заасан үндэслэл журмын дагуу явуулж байгаа ажиллагаа юм. Шийдвэр гүйцэтгэгч нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие болон бэлэн мөнгө, бусад хөрөнгөнд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх барьцаалах, хураан авах худалдан борлуулах ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2, 86.4 86.5 заасны дагуу төлбөр төлөгчийн хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч А.Эрдэнэбат нь төлбөр төлөгч М.Адилбиштэй 1991 онд гэр бүлж хамт амьдарч, хамт ажиллаж Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой багийн Төмөр зам 2-р гудамж 01 тоот хашаа байшингийн хамтран өмчлөгч болохоо нэхэмжлэлдээ тодорхой дурьдсан байна. Төлбөр төлөгч М.Адилбишийн арилжааны банкуудад байрлах хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжилж түүнд байсан 1700000 төгрөгийг татан авч төлбөрөөс хэсэгчлэн төлүүлсэн. Төлбөр төлөгч М.Адилбишид төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэл өгсөн боловч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир хуульд заасан арга хэмжээг авч төлбөр төлөгчийн өмчлөлийн Орхон аймаг Жаргалант сум 1-р баг Улаан толгой Төмөр зам 2-р гудамж 01 тоот хашаа байшинг битүүмжилсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан ба эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол нь ямар ч хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01168 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.2.8, 49 дүгээр зүйлийн 49.4.1-д заасныг баримтлан хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих анги болон шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхагмягмар нарт холбогдох Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замын 2-р гудамжны 1 тоотод байрлах 77м2, 38,5м2, амины орон сууц, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн 2018 оны 09 дүгээр сарын 13- ны өдрийн 18140197/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч А.Эрдэнэбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1,57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Эрдэнэбатын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч нь шүүхэд Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 58 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмарын 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 18140197/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Ийнхүү нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд заасан гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг битүүмжилж төлбөр төлөгч М.Адилбишээс гадна хамтран өмчлөгч А.Эрдэнбатын өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж үзсэн. Учир нь Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Орхон аймаг Жаргалант сум 1-р баг Улаан толгой Төмөр зам 2-р гудамж 01 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг бүхэлд нь битүүмжилсэн. Тодруулбал тухайн үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмарын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилснээр нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулах эрх давхар хязгаарлагдсан. Хариуцагч хариу тайлбартаа төлбөр төлөгчийн эд хөрөнгийн лавлагааг Улсын бүртгэлээс авахад төлбөр төлөгчийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө гарч ирсэн. Үүний дагуу эд хөрөнгийг нь битүүмжилсэн. Үл хөдлөх хөрөнгө нь 5 хүний өмчлөлд байсан учраас нэг хүнд 6 000 000 төгрөг оногдохоор юм байна гэж тооцоолж үнийн дүнд нь дүйцүүлж эд хөрөнгийг битүүмжилсэн ... гэж тайлбарласан. Гэвч дээрх тайлбар нь Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн маргаан бүхий эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд тусгагдаагүй тул үндэслэлгүй байна. Маргаан бүхий эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолд шийдвэрээр тогтоогдсон төлбөрөөс төлөгдсөн үнийн дүнг хасч тооцолгүй бичсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гэж заасан ба захиран зарцуулах эрхийг хязгаарлах гэдэг ойлголт нь төлбөр төлөгчид хамааралтай, Тодруулбал төлбөр төлөгч М.Адилбишт хамаатуулан битүүмжлэх ажиллагаа хийх ёстой байтал хамтран өмчлөгч нарт хамаатуулан битүүмжилсэн нь буруу болсон. Гэтэл шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн, 1168 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.Эрдэнэбат хариуцагч тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нарт холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн № 18140197/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд эд хөрөнгө битүүмжлэх эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн тус аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замын 2 дугаар гудамжны 1 тоотод байрлах 77 м/кв талбай бүхий амины орон сууц, 38,5 м/кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгч А.Эрдэнэбат болон түүний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө мөн болох нь тогтоогдсон, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.Адилбишид шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх 7.845.327 төгрөг төлөхийн удаа дараа мэдэгдсэн боловч тэрээр төлбөрийг төлөөгүй байна.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар хуульд заасан журмын дагуу эд хөрөнгийг битүүмжлэх үед төлбөр төлөгч М.Адилбиш, нэхэмжлэгч А.Эрдэнэбат нар үл хөдлөх эд хөрөнгийг 30.000.000 төгрөгөөр үнэлсэн тул гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс төлбөр төлөгч М.Адилбиш ногдох хэсгээс төлбөрийг гаргуулах боломжтой байх ба эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч А.Эрдэнэбатын гаргасан ... шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/01168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

 

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

 

Б.ОЮУНЦЭЦЭГ