Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2022/00681

 

 

2022 03 30

181/ШШ2022/00681

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хугацааны цалинтай тэнцэх олговор 29,368,328 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнхцацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.М нь хариуцагч К ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 29,368,328 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч С.М нь 2005 онд К ХХК-д теллерээр ажилд орсон. С.М энэ байгууллагад ажиллаж байхдаа шилдэг ажилтан, Санхүү банкны тэргүүний ажилтан, Монголбанкны хүндэт жуух зэрэг авч болох бүхий л шагналыг авсан. 2020 оноос Удирдлагын зүгээс нэхэмжлэгчид хувийн дарамт үзүүлж албан тушаал бууруулсан байсан. Энэ талаар хүсэлт, гомдол гаргахад өөр албан тушаалд томилчихсон, удирдлагатай асуудал үүсгээд яах вэ гээд хүлээн зөвшөөрөөд Андууд салбарын захирлаар ажиллах болсон. Өмнө Цахим хэлтсийн даргын захирлаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн байдлаар хувийн таарамжгүй харилцааны улмаас буруутгах ажиллагаа эхэлсэн байдаг. Банкны олон салбаруудыг ангилаад үзүүлэлтийг нь харахаар Андууд салбарыг муу ангилалд жагсааж байсан. С.М-ийн хувьд сүүлд ажилдаа шилжиж  ирсэн байхад өмнө байсан захирлын ажлын үр дүнг С.М-ийн үр дүн дээр үнэлээд муу ажиллаж байгаа юм шиг байдал үүсгэсэн. С.М холбогдох бүх хэлтсүүдэд хандаад, аудитын хэлтэс хүлээн зөвшөөрөөд чанаргүй зээлийн асуудал тантай хамааралгүй юм байна, таны үйл ажиллагаа буруугүй гээд явж байсан.

2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Андууд салбарыг Баянгол салбартай нэгтгэнэ гээд гүйцэтгэх захирал тэргүүтэй удирдлагын хорооны хүмүүстэй нийлээд тушаал гаргасан. 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирал тушаал гаргаад Андууд  салбарыг Баянгол салбартай нэгтгэн зохион байгуулсан. С.М нь Б.Үүрцайхбаатар гэх хүнтэй холбогдоод очиж уулзахад та салбарын захирлаар ажиллана гэж хэлсэн байсан учраас С.М-ийн хувьд албан тушаалтайгаа явж байна гэсэн ойлголттой болсон. 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс салбарын байрыг хүлээлгэж өгөөд ажлын байргүй болсон. Энэ хугацаанд ажлаас халсан болон хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон бичиг баримт байхгүй байсан учраас ажиллана гэсэн итгэл үнэмшилтэй байсан.

Гэтэл 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл ирсэн. Гүйцэтгэх захирлын тушаал, мэдэгдлийг харахаар Хөдөлмөрийн хуульд заасан салбар нэгж татан буугдаж байгаа тохиолдолд хугацаа тоолох журмыг зөрчөөд 30 хоногоор тооцсон. Салбар нэгж татан буугдсан бол тушаал 2021 оны 3 дугаар сард гаргах ёстой тушаалыг 2021 оны 5 дугаар сард гаргаад хууль зөрчсөн байдаг.

Уг тушаалыг гаргах эрхгүй этгээд гаргасан. Гүйцэтгэх захирал тэргүүтэй Удирдлагын хороо гэж байгуулаад салбарыг татан буулгасан. Компанийн дүрмээр удирдлагын хорооны зохион байгуулалтын нэгж байдаггүй. Эрх бүхий этгээд хандаагүй байгаа талаар нотлох баримтаар харагдана. С.Э нь гүйцэтгэх захирлын эрх бүхий этгээд биш. Банк тусгай нэгж учраас Монгол банкнаас зөвшөөрөл авч байж гүйцэтгэх захирлыг томилох ёстой байхад хамаагүй этгээд орж ирээд ажилтныг халаад байдаг.

Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх хэсэгт салбарын захирал удирдлагыг дүрэмд өөрөөр заагаагүй бол Төлөөлөн удирдах зөвлөл ажилд авах эсвэл хална гээд заасан байдаг. Дүрмээс харахаар энэ талаар ямар ч заалт байдаггүй. Гүйцэтгэх захиралд эрх хэмжээ олгогдоогүй, хуулиараа Төлөөлөн удирдах зөвлөл салбарын захирлыг халах эрхтэй байна.

Маш их хууль зөрчсөн үйл ажиллагаа, хувийн шинж чанартайгаар С.Мг ажлаас халсан гэж үзэж байна. Мөн хүнийг хуурч та ажлаасаа халагдаагүй, өөр албан тушаал дээр байгаа, санаа зовох хэрэггүй гэж хэлчихээд сарын дараа ажлаас халсан гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байдаг. К ХХК нь хууль дүрэм зөрчөөд өөрийнхөө дүрэмд байхгүй байдлаар ажлаас халсан байна. Тиймээс ажил олгогч хууль зөрчиж хөдөлмөрийн гэрээг цуцалсан учраас урьд эрхэлж байсан албан тушаалд томилж, хэрвээ урьд эрхэлж байсан албан тушаалд томилох боломжгүй бол дүйцэхүйц албан тушаалд томилж өгнө үү. 

Нэхэмжлэлийн шаардлага нь урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага гаргасан. Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах шаардлагын хувьд шүүгч өмнө тодруулж байсан. Шүүх урьд эрхэлж байсан ажил байвал эгүүлэн томилох, байхгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар адил албан тушаалд эгүүлэн томилох үүрэг хариуцагчид байгаа гэж үзэж байна.

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2015 оны Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тооцсон. Сүүлийн 3 сарын цалин хөлсийн дунджийг гаргаад 1 хоногийн цалин 120,362 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын 244 хоног, бүх нийтээр амрах өдрийг хасаад 29,368,328 төгрөгийг гаргуулах шаардлага гаргаж байна гэв. 

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл байсан буюу К ХХК-ийн Андууд салбар болон Баянгол салбар нэгтгэгдсэн улмаас салбарын захирлын орон тоо цөөрсөн асуудал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халахад 30 хоногийн өмнө, 45 хоногийн өмнө мэдэгдэх үү гэдэг нь ялгаатай. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй гээд заасан. Салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халсан тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх ёстой байдаг. Тиймээс бөөнөөр халсан үйл явдал болоогүй. К ХХК нь 500 орчим орон тоотой, салбарын захирлын 1 орон тоо, хяналтын ажилтны 1 орон тоо хасагдсан. Салбар нэгж татан буугдаагүй, өөр салбартай нэгтгэгдсэн. Энэ нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, хамтын хэлэлцээр байхгүй, ажилтны төлөөлөл байхгүй. Зөвхөн С.Мтэй холбоотой маргаан учраас бөөнөөр халсан үндэслэлд орохгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар шаардлагаа хангаад 1 сарын өмнө мэдэгдлээ хүргүүлсэн. С.М хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байдаг. Мэдэгдэлдээ нэхэмжлэгчид ажлын байр санал болгосон ч гэсэн С.М татгалзсан талаар дурдсан байдаг. Хэрэв тухайн үед хүлээн зөвшөөрөөгүй салбарын захирлаар ажиллана гэсэн мэдээллийн зөрүүтэй байсан бол гарын үсэг зурахгүй байх эрх, өөрчлөлт, санал оруулах эрх нь байсан. Гэтэл тухайн мэдэгдлийг хүлээж аваад гарын үсэг зураад нэг сарын тэтгэмж олгох байсныг ажил олгогчтой тохиролцоод 2 сарын тэтгэмж болгож өөрчлүүлсэн байдаг.

С.М 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цалингаа авч байсан нь дансны хуулгаар харагдана. Салбарын байрыг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн ч гэсэн ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн үг биш юм. Тушаал гарсны дагуу 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр С.М ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Салбарын байрыг хурааж аваад зээл олгох эрх хэмжээг хаасан байсан. Хоёр салбарыг нэгтгэн зохион байгуулахдаа тайлан мэдээ гаргах, зээл хадгаламжийг шилжүүлэх зэргээр С.М өөрийн биеэр зээлийн хорооны хуралд оролцож байсан. К ХХК-ийн цалинг бодохдоо цаг бүртгэл, хүний нөөцийн программыг үндэслэж боддог. Энэ талаар Хөдөлмөрийн дотоод журмын 16 дугаар зүйлд заасан байдаг. Хэрэв нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүй байсан бол цалин бодогдохгүй байх байсан.

Тухайн үед 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 8721 тоот Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор С.Э гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Яагаад гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч гэж яваад байгаа вэ гэхээр банкны гүйцэтгэх захирлыг Монгол банкнаас зөвшөөрсөн тохиолдолд томилдог. Өмнөх гүйцэтгэх захирал ажлаа хүлээлгээд өгсөн байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор батлагдсан Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох журмыг гаргаж өгсөн. Журмын 3.1.6 дахь хэсэгт салбар нэгжийг татан буулгах, удирдлагын ажилтныг томилох, ажлаас чөлөөлөх бүрэн эрхийг гүйцэтгэх захиралд олгосон. Төлөөлөн удирдах зөвлөл ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Удирдлагын хороо нь шинээр байгуулагдсан хороо биш, С.М удирдлагын хорооны эрх хэмжээг мэдэж байсан. Тухайн үед Удирдлагын хорооны ажиллах журам гэж байсан. Тэр журмын дагуу банкны салбарыг татан буулгах, нэгтгэн зохион байгуулахтай холбоотой шийдвэр гаргах зорилготой хороо байсан. Иймд тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Д.Даваанямд олгосон итгэмжлэл, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 18-090-1 тоот Хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18-090-1 дугаар хөдөлмөрийн гэрээ, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Кны Андууд салбарын ажлын байр хүлээлцсэн акт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/40 дугаар гүйцэтгэх захирлын Зарим салбарт зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай тушаал, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/44 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/60 дугаар гүйцэтгэх захирлын С.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, шинээр байгуулах тухай тушаал, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 21/28/06 дугаар Зээлийн хорооны шийдвэр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тодорхойлолт зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас шүүхэд Э.Цэцэглэнд олгосон итгэмжлэл, К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 18-090-1 дугаар Хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/60 дугаар гүйцэтгэх захирлын С.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, шинээр байгуулах тухай тушаал, 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 21/28/06 дугаар Зээлийн хорооны хурлын шийдвэр, 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/71 дугаар гүйцэтгэх захирлын Батлагдсан орон тоонд зарим зохион байгуулалт хийх тухай тушаал, 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/40 дугаар гүйцэтгэх захирлын Зарим салбарт зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай тушаал, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/44 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал, Кны дүрэм, Хувьцаа эзэмшигчдийн бүртгэл, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар Удирдлагын хорооны хурлын шийдвэр, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Мэдэгдэл, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/207 дугаар С.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Э.Цэцэглэн, Э.Болор нарт олгосон итгэмжлэл, С.М-ийн депозит дансны хуулга, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 48/19 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Банкны салбар, тооцооны төвийн ажлын байрны орон тоо, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 177/21 тоот Төлөөлөн удирдах зөвлөлийн Банкны удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, чиг үүргийг шинэчлэн батлах тухай тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 43/20 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн Кны 2019 оны Үйл ажиллагааны тайланг дүгнэх, 2020 оны бизнес төлөвлөгөө, санхүүгийн төсвийг батлах тухай тогтоол, банкны салбар, тооцооны төвийн ажлын байрны орон тоо, Кны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 87/21 дугаар Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/225 дугаар Б.Бямбажавыг жинхлэн томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, 21-591-1 дугаар Хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

Шүүхийн журмаар Кны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоосон журам, Кны Хөдөлмөрийн дотоод журам, Салбарын үйл ажиллагааны журам, Салбарын дотоод хяналтын хөтөлбөр-2018 он, Салбарын дотоод хяналтын улирлын тайлан зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ К ХХК Андууд салбарыг татан буулгахдаа хууль зөрчсөн, 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажил хөдөлмөр эрхлүүлээгүй, мэдэгдлийг хуульд заасан хугацааны дотор өгөөгүй, орон тоо нь цомхтгогдсон ажилтанд өөр ажлын байр санал болгоогүй. Иймд хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаал хууль зүйн үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 29,368,328 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Салбарыг татан буулгахдаа хууль тогтоомж зөрчсөн эсэх нь өөр эрх зүйн маргаан, нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан орон цөөрсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй, Андууд салбарыг татан буулгасан бус Баянгол салбартай нэгтгэн зохион байгуулснаар Андууд салбарын захирал болон хяналтын ажилтны 2 орон тоо хасагдсан учраас бөөнөөр бөөнөөр халах үндэслэлд хамаарахгүй. Иймд тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргав.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч С.М нь К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/60 дугаар С.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, шинэчлэн байгуулах тухай тушаалаар Андууд салбарын захирлын албан тушаалд томилогдож, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №18-090-1 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх36-39/

4.2. К ХХК-ийн Удирдлагын хорооны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр ...Ард салбарын 1-р тооцооны кассыг татан буулгах, Андууд салбарыг Баянгол салбартай нэгтгэх ажлыг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор зохион байгуулахыг Бизнес хариуцсан дэд захирал Б.Үүрцайхбаатар, Иргэдийн банкны газрын захирал Ч.Баярмаа нарт үүрэг болгожээ. /хх60-61/

4.3. К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/40 дугаар Зарим салбарт зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай тушаалаар ...Андууд салбарыг Баянгол салбартай нэгтгэн зохион байгуулж, Андууд салбарын ажилтнуудын ажлын байрны харъяалалд зохих өөрчлөлт оруулахыг Үйл ажиллагааны газарт үүрэг болгож, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/44 дугаар тушаалаар Андууд салбарыг Баянгол салбартай нэгтгэн зохион байгуулах ажлын хэсгийг томилжээ. /хх41-42/

4.4. К ХХК-ийн Зээлийн хорооны хурлын 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн №21/28/06 дугаар шийдвэрээр ...Андууд салбар болон Баянгол салбарыг нэгтгэх ажил зохион байгуулж байгаатай холбоотойгоор 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Андууд салбарын ЗСХХ-ын эрхийг хаахаар шийдвэрлэжээ. /хх39/

4.5. Кны Андууд салбарын захирал С.М нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус салбарын түрээсэлж байсан байрыг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн байна. /хх13/

4.6. К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/71 дугаар Батлагдсан орон тоонд зарим зохион байгуулалт хийх тухай тушаалаар Андууд салбарын хяналтын ажилтан-ны 1 орон тоо, салбарын захирал-ын 1 орон тоог тус тус хасахаар шийдвэрлэсний дагуу 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Андууд салбарын захирал С.М-д мэдэгдэл хүргүүлж, 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/207 дугаар тушаалаар С.Мтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. /хх40, 62-63/

К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/207 дугаар С.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалд Кны Удирдлагын хорооны 2021 оны 06 тоот шийдвэр, Гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/40 тоот Зарим салбарт зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай тушаалаар Андууд салбар татан буугдаж, тус салбарын захирлын ажил, албан тушаал хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, С.М-д өгсөн мэдэгдлийг тус тус үндэслэн Андууд салбарын захирал албан тушаалтай С.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгожээ. /хх,63/

4.7. Нэхэмжлэгч С.М нь дээрх тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.

4.8. Кны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тогтоолоор тус банкны гүйцэтгэх захирал Л.Ариунааг 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбарт болгон үүрэгт ажлаас чөлөөлж, С.Эг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс Монголбанкнаас зөвшөөрөл авах хүртэл хугацаанд тус банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилон ажиллуулахаар шийдвэрлэжээ. /хх130/

5. Зохигчид К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/40 дугаар тушаалаар Андууд салбарыг Баянгол салбартай нэгтгэсэн, Андууд салбарын орон тоо хасагдсан үйл баримтын талаар маргаагүй байна.

Харин К ХХК нь Андууд салбарыг татан буулгасан эсэх, нэхэмжлэгч С.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал үндэслэлтэй эсэх, мэдэгдлийг хуульд заасан хугацаанд өгсөн эсэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан зохицуулалтыг хэрэглэх үндэслэл байсан эсэх нь зохигчдын маргааны зүйл байна.

6. Хариуцагч К ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан үндэслэлээр нэхэмжлэгч С.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан орон тоо хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд энэ зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлсэн эсэх нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

К ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр Андууд салбарыг Баянгол салбартай нэгтгэхээр шийдвэрлэсний дагуу тус банкны гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/40 дугаар Зарим салбарт зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай тушаалаар ...Андууд салбарыг Баянгол салбартай нэгтгэн зохион байгуулж, Андууд салбарын ажилтнуудын ажлын байрны харъяалалд зохих өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагджээ.

Улмаар дээрх хоёр салбарыг нэгтгэн зохион байгуулах ажил хийгдэж, Андууд салбарын захирал С.М нь 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус салбарын түрээсэлж байсан байрыг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан байр хүлээлцсэн акт болон зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/71 дугаар Батлагдсан орон тоонд зарим зохион байгуулалт хийх тухай тушаалаар Андууд салбарын хяналтын ажилтан-ны 1 орон тоо, салбарын захирал-ын 1 орон тоог тус тус хассан үйл баримтад талууд маргаагүй.

Ажил олгогч нь өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасан нь хууль зөрчихгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Андууд салбарын захирлын орон тоо К ХХК-ийн Нэгдсэн бүтцээс хасагдсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан К ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 177/21 дугаартай Банкны удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, чиг үүргийг шинэчлэн батлах тухай тогтоолоор тогтоогдож байна.

К ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны дүрмийн 9.14.2-т зааснаар Банкны гүйцэтгэх захирлыг Монголбанкны ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр томилох, 9.14.3-т зааснаар Банкны гүйцэтгэх захирлын чөлөөлөх, бүрэн эрхийг тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрхтэй байх бөгөөд маргаан бүхий тушаал гаргах үед К ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 87/21 дугаар Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тогтоолоор С.Эг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс Монголбанкнаас зөвшөөрөл авах хүртэлх хугацаанд тус банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилон түр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн тул С.Эг мэдэгдэл, тушаал гаргах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Төлөөлөн Удирдах зөвлөлөөс эрх олгосон болох нь тогтоогдож байна.

 

Гүйцэтгэх захирал нь банкны дүрмийн 11.7.6-д зааснаар Ажилтнуудын ажил, үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажилд томилох, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх, ажлын байрны харъяалал өөрчлөх, хуульд заасан үндэслэлээр өөр ажилд шилжүүлэх, 11.7.10-т зааснаар Банкны өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдох асуудлаар тушаал гаргаж, биелэлтийг хангуулах эрх, үүрэгтэй бөгөөд Гүйцэтгэх захирлын эрх хэмжээ тогтоосон журмын 3.1.1-т Энэхүү дүрэм болон холбогдох хууль тогтоомж, Банкны хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, тухайн жилийн бизнес төлөвлөгөө, Монголбанкнаас өгсөн үүрэг даалгавар болон ТУЗ-ийн шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг хангуулах, 3.1.6-д Монголбанкны зөвшөөрлийг үндэсэлн банкны газар, нэгж, салбар, тооцооы төв, касс, төлөөлөгчийн газар байгуулах, татан буулгах, тэдгээрийн удирдлага, ажилтнуудыг томилох, ажлаас чөлөөлөх гэж заасан байх тул тушаал гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заасан бөгөөд уг заалтыг хэрэгжүүлэхдээ хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд уг хугацааны өмнө бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулж, баталгаажуулахыг ойлгоно.

Хариуцагч К ХХК нь 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч С.М-д хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан орон тоо хасагдсан үндэслэлээр цуцлах болсон тухай мэдэгдлийг өгч, нэхэмжлэгч С.М хүлээн авч, гарын үсэг зурж, баталгаажуулсан байх тул хариуцагч К ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтад заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс мэдэгдлийг 45 хоногийн өмнө өгөх ёстой байсан гэж маргадаг боловч дээрх тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдаагүй, бүтцийн өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдсан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул мэдэгдлийг 30 хоногийн өмнө мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд ажилтнуудын төлөөлөлтэй ямар нэгэн хэлэлцээр хийгээгүй, дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.

Иймд К ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/207 дугаар С.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч С.М-ийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 29,368,328 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар өгсөн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн А/40 дугаар гүйцэтгэх захирлын Зарим салбарт зохион байгуулалтын өөрчлөлт хийх тухай тушаал, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А/44 дугаар Ажлын хэсэг байгуулах тухай тушаал, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/60 дугаар гүйцэтгэх захирлын С.Мтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, шинээр байгуулах тухай тушаал,

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар өгсөн 33 дугаар талд авагдсан баримт, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Б/225 дугаар Б.Бямбажавыг жинхлэн томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, 21-591-1 дугаар Хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 29,368,328 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай С.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ