Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01158

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      С.М гийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/00681 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Мгийн хариуцагч “Кб” ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны хугацааны цалинтай тэнцэх олговор 29,368,328 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэцэглэн, Э.Болор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч С.М 2005 онд “Кб” ХХК-д теллерээр ажилд орсон. 2020 оноос удирдлагын зүгээс С.Мд хувийн дарамт үзүүлж албан тушаал бууруулж Аын захирлаар ажиллуулах болсон. Банкны олон салбаруудыг ангилж Ас муу ангилалд жагсааж байсан. С.Мгийн хувьд сүүлд шилжиж  ирсэн байхад өмнө байсан захирлын ажлын үр дүнг С.Мгийн үр дүн дээр үнэлээд муу ажиллаж байгаа юм шиг байдал үүсгэсэн. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Ас Баянгол салбартай нэгтгэх тушаал гаргасан. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар А  салбарыг Баянгол салбартай нэгтгэн зохион байгуулсан. С.М нь салбарын захирлаар ажиллана гэж хэлсэн учраас С.Мгийн хувьд албан тушаалтайгаа байна гэсэн ойлголттой болсон. 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс ажлын байргүй болсон. Энэ хугацаанд ажлаас халсан болон хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон баримтгүй учраас ажиллана гэсэн итгэл үнэмшилтэй байсан. 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлөх мэдэгдэл ирсэн. Салбар нэгж татан буугдсан нөхцөлд тушаалыг 2021 оны 03 дугаар сард гаргах ёстой байхад 2021 оны 5 дугаар сард гаргаж хууль зөрчсөн. Тушаалыг гаргах эрхгүй этгээд гаргасан. Гүйцэтгэх захирал тэргүүтэй Удирдлагын хороо байгуулж салбарыг татан буулгасан. Компанийн дүрэмд удирдлагын хорооны зохион байгуулалтын нэгж байдаггүй. С.Э нь гүйцэтгэх захирлын эрх бүхий этгээд биш, Монгол банкнаас зөвшөөрөл авч гүйцэтгэх захирлыг томилох ёстой байхад хамааралгүй этгээд ажилтныг ажлаас нь чөлөөлсөн. Компанийн тухай хуулийн 7.11 дэх хэсэгт салбарын захирал удирдлагыг дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл ажилд авах эсвэл хална гэж заасан. Компанийн дүрэмд энэ талаар заагаагүй. Гүйцэтгэх захиралд эрх хэмжээ олгогдоогүй, хуулиар Төлөөлөн удирдах зөвлөл салбарын захирлыг халах эрхтэй. Хууль зөрчиж, хувийн шинж чанартай С.Мг ажлаас нь халсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилох, хэрэв томилох боломжгүй бол дүйцэхүйц албан тушаалд томилж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалин хөлсийн дунджаар тооцоход 1 хоногийн цалин 120,362 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын 244 хоног, нийт 29,368,328 төгрөг гаргуулна гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “Кб” ХХК-ийн А ба Б салбарыг нэгтгэж, салбарын захирлын орон тоо цөөрсөн асуудал гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Салбар нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халсан тохиолдолд 45 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх ёстой. Бөөнөөр халсан үйл явдал болоогүй. “Кб” ХХК 500 орчим орон тоотой ба салбарын захирлын 1, хяналтын ажилтны 1 орон тоо хасагдсан. Салбар нэгж татан буугдаагүй, өөр салбартай нэгтгэгдсэн. Хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, хамтын хэлэлцээр, ажилтны төлөөлөл байхгүй. Зөвхөн С.Мтэй холбоотой маргаан учраас бөөнөөр халсан үндэслэлд хамаарахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн, С.М хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Нэхэмжлэгчид ажлын байр санал болгосон боловч татгалзсан. Хэрэв тухайн үед хүлээн зөвшөөрөөгүй салбарын захирлаар ажиллана гэсэн бол гарын үсэг зурахгүй байх эрх, өөрчлөлт, санал оруулах эрх нь байсан. Гэтэл мэдэгдлийг хүлээж аваад гарын үсэг зурж нэг сарын тэтгэмж олгох байсныг ажил олгогчтой тохиролцоод 2 сарын тэтгэмж болгож өөрчлүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цалин хөлсөө авч байсан нь дансны хуулгаар нотлогдоно. Салбарын байрыг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээлгэж өгсөн нь  ажлаа хүлээлгэж өгсөн гэсэн үг биш. Тушаал гарсны дагуу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгээгүй байсан бол цалин бодогдохгүй байх байсан.

2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 8721 тоот тогтоолоор С.Э гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Банкны гүйцэтгэх захирлыг Монгол банкнаас зөвшөөрсөн тохиолдолд томилдог. Өмнөх гүйцэтгэх захирал ажлаа хүлээлгээд өгсөн байсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор батлагдсан гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох журмын 3.1.6 дахь хэсэгт салбар нэгжийг татан буулгах, удирдлагын ажилтныг томилох, ажлаас чөлөөлөх бүрэн эрхийг гүйцэтгэх захиралд олгосон. Төлөөлөн удирдах зөвлөл ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Удирдлагын хороо нь шинээр байгуулагдсан хороо биш, С.М удирдлагын хорооны эрх хэмжээг мэдэж байсан. Иймд тушаал хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 29,368,328 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай С.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөгийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

 

4.1.  Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй талаар, нэхэмжпэгч нэхэмжлэл гаргаснаас хойш хэд хэдэн үндэслэлээр маргаж байсныг шүүгч буруу дүгнэсэн. Тодруулбал, Ас татан буулгаж Баянгол салбартай нэгтгэхдээ хэд хэдэн дүрэм, журмыг зөрчсөн тул салбарыг татан буулгасан нь буруу. Мөн С.Мг салбар нэгж татан буугдаж, орон тоо хасагдсан гэж халсан нь буруу гэж хэд хэдэн үндэслэл гаргаж маргадаг. Банкны нэгжийн журмын 3.1, “Кб” ХХК-ийн дүрмийн 3.1.6-д заасныг зөрчиж Монголбанкнаас зөвшөөрөл аваагүй, шийдвэрээ бүртгүүлэлгүй салбарыг татан буулгасан нь журам зөрчсөн үйлдэл байна.

 

Монголбанкнаас 2021 оны 07 сард С.Эг Банкны тухай хуулийн 34.2-т заасан шаардлага хангахгүй этгээд тул гүйцэтгэх удирдлагаар бүртгэх боломжгүй талаар “Кб” ХХК-д явуулсан албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс С.Э “Кб” ХХК-ийг итгэмжпэлгүйгээр төлөөлөн дурдсан үйл ажиллагааг явуулах эрх бүхий этгээд биш болох нь харагддаг.

 

... Банкны дүрмийн 11.7.7, 11.7.10-т гүйцэтгэх захиралд салбарыг татан буулгах эрх олгогдоогүй зөвхөн банкны нэгжийг байгуулах эрхийг олгосон. Хариуцагчийн зүгээс Кбны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоосон журмын 3.16-д салбарыг татан буулгах эрхтэй гэдэг ч тушаалд тухайн журмыг үндэслээгүй байдаг. Удирдлагын хороо гэх дүрэм болон журамд заагдаагүй хороо нь салбарыг татан буулгах эрхгүй атлаа шийдвэр гаргасан нь салбарыг татан буулгах ажиллагаа хууль, дүрэм, журмыг зөрчсөн.

 

Дүрмийн 9.14.1-т зааснаар Монголбанкны зөвшөөрснөөр бүртгэл хийлгэж салбарыг Төлөөлөн удирдах зөвлөл татан буулгах эрхтэй, мөн салбарын захирлыг Төлөөлөн удирдах зөвлөл чөлөөлөх эрхтэй байна гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүхээс орон тоо хасагдсан үйл баримттай маргаагүй гэж үзэж дүгнэсэн үндэслэлгүй.

 

Компанийн тухай хуульд зааснаар аливаа компанид гүйцэтгэх захирлыг томилох бүрэн эрх байгаа боловч Банкны тухай хуульд заасны дагуу Монголбанкнаас заавал зөвшөөрөл авч гүйцэтгэх захирал, түр орлон гүйцэтгэгчийг томилдог. Гэтэл С.Эг гүйцэтгэх захирлын бүрэн эрхтэй гэж тайлбарлаж байгаа нь хууль зөрчсөн.

 

Аж ахуйн нэгж, байгууллагын салбар нэгж татан буугдах гэх ойлголтыг бүрэн ойлгоогүй, нотлох баримтыг бүрэн шинжлэн судлалгүй дүгнэлт гаргасан. “А” салбар татан буугдаж үйл ажиллагааг нь Баянгол салбарт нэгтгэж байгаа. Салбарын үйл ажиллагааг бүрэн зогсоож, татан буулган, ажилтнуудын орон тоог хасч бөөнөөр халсныг “Кб” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/40 тушаал, “Кб” ХХК-ийн зээлийн хорооны 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №21/28/06 шийдвэр, 2021 оны салбарын байрыг хүлээлгэн өгсөн баримт, “Кб” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/71 дугаар тушаалаас харагддаг. Уг шийдвэрүүд 2021 оны 04 сард гарсан байхад 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгч байгаа нь хууль зөрчсөн байхад салбар нэгж татан буугдаагүй гэж дүгнэсэн буруу. “Кб” ХХК нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүгч нэхэмжлэгчийг нотлох баримт гаргаж өгөхийг хэлж хэт нэг талыг барьж шүүх хуралдааныг хойшлуулж, хариуцагчийн тайлбар татгалзлыг нотлох үүргийг хэрэгжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой гэж тайлбарлаж мэтгэлцсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: .... Монгол банкны нэгжийн журмын 2.1-д зааснаар салбар нэгж нэгтгэн зохион байгуулах, татан буулгах тухай бүрт зөвшөөрөл авдаггүй, 6 сард нэг удаа ерөнхий зөвшөөрөл авдаг. Ас татан буулгах, нэгтгэн зохион байгуулахад тухайн бүрт Монгол банкнаас нэг бүрчлэн зөвшөөрөл авдаггүй. Монгол банк нэг бүрчлэн тухайн салбарыг нэгтгэх, татан буулгах байдлаар зөвшөөрөл өгдөггүй. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн хувьд Банкны дүрмийн 18.6-д заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулсан. Монгол банкнаас зөвшөөрөл ирэх хүртэл хугацаатай үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Гүйцэтгэх захирлын чиг үүргийг “Монгол банк” ХХК-ийн зөвшөөрөл гаргах хугацаанд хэрэгжүүлсэн. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн ганцаарчилсан маргаан тул 45 хоногийн өмнө мэдэгдэх үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч С.Мгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Кб” ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

4. Нэхэмжлэгч С.М нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хариуцагч “Кб” ХХК-ийн Асын захирлаар ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/207 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. /1хх8-11, 63/

 

4.а. Ажил олгогчийн дээрх тушаал нь “Кбны Удирдлагын хорооны 2021 оны 06 тоот шийдвэр, гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/40 тоот тушаал, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, нэхэмжлэгчид өгсөн мэдэгдэл” зэрэгт үндэслэгдсэн байна. Тэрээр тушаалын хууль зүйн үндэслэлээ тус банкны А, Баянгол салбар нэгтгэгдэж, салбарын захирал болон хяналтын ажилтны тус бүр 1 орон тоо хасагдсан тул нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн, ажлаас чөлөөлөх мэдэгдлийг хүлээн авч гарын үсэг зурсан гэж тайлбарласан.

 

            5. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Ажил олгогчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/207 дугаар тушаал үндэслэлтэй гарчээ.

 

5.а. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэх үндэслэлээр цуцлагдсан тохиолдолд ажил олгогч байгууллагын бүтцээс тухайн ажилтны ажиллаж байсан албан тушаал, ажлын байр байхгүй болсон нь тогтоогдсон байх шаардлагатай.

 

5.б. Хэргийн 1 дүгээр хавтасны 40-42, 60-61, 89-91 дүгээр талд авагдсан “Кб” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 177/21 дугаар тогтоол, удирдлагын хорооны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хурлын шийдвэр, гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/40, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/71 дугаар тушаалаар Ас Баянгол салбартай нэгтгэн зохион байгуулахаар шийдвэрлэж, Асын хяналтын ажилтаны 1 орон тоо, нэхэмжлэгчийн эрхэлж байсан салбарын захирлын 1 орон тоо тус тус хасагдсан болох нь тогтоогджээ.

 

Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчид Ард салбарт түр ажлын байр, 7 буудал тооцооны төвийн эрхлэгчийн байнгын ажлын байрыг санал болгосон гэж тайлбарласан.

 

Хариуцагч “Кб” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид “... Ас Баянгол салбартай нэгтгэн зохион байгуулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Ас татан буугдаж тус салбарын захирлын ажил, албан тушаал хасагдах үндэслэл болсон. Ижил төстэй ажлын байр санал болгосон боловч татгалзсан хариу өгсөн тул тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг энэхүү мэдэгдлийг гардуулан өгснөөс хойш 1 сарын дараа дуусгавар болгож, ажил олгогчийн санаачлагаар цуцлах болсныг мэдэгдэж байна ...” гэх мэдэгдэл хүргүүлж, нэхэмжлэгч уг мэдэгдлийг хүлээн авч, гарын үсэг зурсан байна. /1хх12/

 

2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Асын байрыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь ажил олгогчийн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл хугацаанд цалин хөлсөө хэвийн авч байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулгаар нотлогдож байна. /1хх13, 77-83/

 

6. Гүйцэтгэх захиралд банкны салбарыг татан буулгах эрх олгогдоогүй, гүйцэтгэх захирлыг томилохдоо Монголбанкнаас зөвшөөрөл аваагүй, гүйцэтгэх захирлын эрхгүй этгээд тушаал гаргасан гэх үндэслэлүүдийн тухайд,

 

6.а. Банкны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д зааснаар гүйцэтгэх захирал нь хууль тогтоомж, банкны дүрэмд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах ба “Кб” ХХК-ийн дүрмийн 11.7.6, 11.7.7-д гүйцэтгэх захирал нь ажилтнуудын ажил үүргийн хуваарийг тогтоох, ажилтныг ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажлаас чөлөөлөх, Монгол Улсын нутаг дэвсгэрт банкны нэгж байгуулах асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй гэж заасан.

 

Тус банкны гүйцэтгэх захирлаар ахлуулсан 11 гишүүнтэй удирдлагын хорооны хурлын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №06 дугаар шийдвэрээр Ас Баянгол салбартай нэгтгэх ажлыг зохион байгуулахыг эрх бүхий этгээдүүдэд үүрэг болгож, гүйцэтгэх захирлын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/40 дугаар тушаалаар Ас Баянгол салбартай нэгтгэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь байгууллагын дүрэм болон хуульд нийцсэн байна. Иймд хариуцагчийн “гүйцэтгэх захирал удирдлагын хорооны шийдвэрийг дэмжиж тушаал гаргасан, салбарыг татан буулгах, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх эцсийн шийдвэрийг гүйцэтгэх захирал гаргасан” гэх тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн, Кбны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 177/21 дугаартай банкны удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоо, чиг үүргийг шинэчлэн баталж нийт салбарын тоог 20 болгож, банкны нэгжүүдийг шинээр зохион байгуулах, батлагдсан орон тоонд албан тушаалтнуудыг томилон ажиллуулах, чиг үүргийг холбогдох нэгжүүдэд хүргэж мөрдүүлэхийг гүйцэтгэх удирдлагад даалгасан тогтоол гарчээ. /1хх89/

 

7. Гүйцэтгэх захирлыг томилохдоо Монголбанкнаас зөвшөөрөл аваагүй, гүйцэтгэх захирлын эрхгүй этгээд тушаал гаргасан тухайд,

 

7.а. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2-т банкны төлөөлөн удирдах зөвлөл нь Монголбанкны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилно гэж заасан. Мөн “Кб” ХХК-ийн дүрмийн 9.14.2, 9.14.3-т зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь банкны гүйцэтгэх захирлыг Монголбанкны Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр томилно, банкны гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, бүрэн эрхийг нь тогтоох, үйл ажиллагаанд нь хяналт тавих эрхтэй гэжээ. “Кб” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 84/21 дүгээр тогтоолоор Л.Аг тус банкны гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, С.Эг Монголбанкнаас зөвшөөрөл авах хүртэл хугацаанд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилон ажиллуулахаар шийдвэрлэж, Монголбанкнаас зөвшөөрөл авахтай холбоотой баримт материалыг бүрдүүлж хүсэлт гаргахыг Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад даалгажээ. Мөн хариуцагч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өмнөх гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан н.А ажлаасаа яаралтай чөлөөлөгдөх нөхцөл байдал үүссэн талаар тайлбарласан. С.Э нь Монголбанкнаас зөвшөөрөл авах хүртэл хугацаанд Төлөөлөн удирдах зөвлөл болон өмнөх гүйцэтгэх удирдлагын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлсэн байх бөгөөд уг ажиллагааг холбогдох хуульд заасан эрх бүхий этгээдүүд нь үгүйсгээгүй байна. /1хх51, 130/

 

8. Кбны гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоосон журмын 3.1.5, 3.1.6-д зааснаар гүйцэтгэх захирал нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсадтай банкийг төлөөлөн хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх, өөрчлөх, Монгол банкны зөвшөөрлийг үндэслэн банкны газар, нэгж, салбар, тооцооны төв, касс, төлөөлөгчийн газар байгуулах, татан буулгах, тэдгээрийн удирдлага, ажилтнуудыг томилох, ажлаас чөлөөлөх эрхтэй, С.Э нь уг эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргасныг буруутгах үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй. /1хх131-134/

 

9. Асын үйл ажиллагааг бүрэн зогсоож, татан буулган, ажилтнуудын орон тоог хасч бөөнөөр халсан, шийдвэрийг 2021 оны 04 сард гарсан атлаа 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгсөн нь хууль зөрчсөн гэх гомдлын тухайд,

 

Ас Баянгол салбартай нэгтгэн, Асын хяналтын ажилтаны 1 орон тоо, салбарын захирлын 1 орон тоог хассан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан .., аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гэх үндэслэлд хамаарахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/00681 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.БЯМБАСҮРЭН

               ШҮҮГЧИД                                  Г.ДАВААДОРЖ

                                                              А.МӨНХЗУЛ